Энэ мэдээ хуучирсан буюу 2021/01/24-нд нийтлэгдсэн мэдээ болно.

З.Мэндсайхан: Амаржсан эхийн арьсны нүх сүв хүртэл нээгддэг учраас гам барьдаг

Ангилал
Нийгэм
Огноо
Унших
5 минут 21 секунд

Анагаах ухааны доктор, профессор, Хүний гавьяат эмч, "Монг-Эм" уламжлалт анагаах ухааны эмнэлэгийн Зөвлөх эмч З.Мэндсайхантай төрсөн эх яагаад гам барих ёстой талаар болон төрөхийн өмнө юуг анхаарах зэрэг талаар ярилцлаа. 

-Амаржсан эх яагаад гам барих ёстой байдаг вэ. Үүнийг уламжлалт анагаах ухаанд хэрхэн тайлбарладаг вэ? 

-Амаржсан эхчүүд адаглаад хүйтэн газар даарч болдоггүй. Төрөх үйл явц хэдийгээр биологийн нөхөн төлжих үйл явц хэдий ч эхийн биед асар их өөрчлөлт явагдсан байдаг. Адаглаад л төрсний дараа даарвал хүйтний өвчин тусна. Эмэгтэйчүүдийн савны өвчтэй болно. Төрсний дараа арьсны бүх л нүх сүв онгойдог учраас салхины өвчинд өртөхөөс сэргийлж дулаан хувцаслаж, малгай өмсөх, чихээ бөглөх зэргийг сануулдаг. Төрсний дараа хонины шөл уулгаж, дулаан байлгаад байгаа нь нөгөө эмзэг болчихсон байхдаа өвчин авч, өвдөхөөс сэргийлж байгаа л хэлбэр шүү дээ. 

Бидний залууд эмнэлэг рүү шөл ус ч оруулдаггүй. Нөгөө амаржсан эх маань хөл гар нь хайрагдаад хүйтэн төмөр орон дээр л хэвтээд байдаг. Тийм үе байсан. Одоо бол юм өөр болжээ. 

-Төрсний дараа гам бариагүйгээс ямар өвчин хууч тусдаг вэ? 

-Одооны улсууд чинь адгийн наад зах нь төрсөн эмэгтэй чихээ бөглөх ёстойг л мэддэггүй болчихсон юм байна. Төрсний дараа авсан өвчнүүд ихэвчлэн хий, хүйтний өвчин байдаг. Зарим хөнгөн туссан өвчин дулаан тавтай газар, сэтгэл санаагаа тайван байлгаад байвал арилчихдаг. Хий, хүйтний өвчин бол ужиграад байдаг. 

-Эхний хүүхэд дээрээ гам алдсан бол дараагийн хүүхэд дээрээ гамаа сайн барьж, өвчин хуучаа арилгадаг гэсэн яриа байдаг. Энэ хэр үнэний ортой яриа вэ?

-Ийм яриа бий. Гэхдээ шинжлэх ухаанаар тогтоосон зүйл байдаг эсэхийг мэдэхгүй байна. Ийм яриа ялангуяа ардын эмнэлэгийн эмчилгээнд бий. Ардын эмнэлэг бол гэдэс өвдөхөд сөд өвс буцалгаад өгдөг, таван салааг ходоод өвдөхөд өгдөг ч гэдэг юм уу. Дөнгөж эхэлж байгаа, энгийн өвчнүүдэд тустай эмчилгээ. Түүнээс 20 жил өвдсөн өвчинг дан ганц таван салаагаар эмчилж болохгүй шүү дээ. Харин бидний хийгээд байгаа нь уламжлалт анагаах ухаан. ялгаж салгаж ойлгох хэрэгтэй. 

-Төрснөөс үүдэлтэй өвчтэй болсон бүсгүйчүүд танд хандаж ирдэг үү?

-Бий. Зүрхний хий, савны хийтэй болчихсон гээд улс ирдэг. Савны цус хуралдсан өвчтэй болчихсон эмэгтэйчүүд ирдэг. Төрөхөөс шалтгаална. Гэхдээ зонхилох шалтгаан нь аборт байдаг. Аборт бол хүний амь таслаж буй л үйл явц шүү дээ. Тэр хүн алахыг зөвшөөрсөн эхээс авхуулаад нүгэл хилэнц нь ирнэ. Эх тухайн ургийг тээж чадахгүй хүнд өвчтэй, ургийн хөгжил зогссон зэрэг шалтгаанаар аборт хийгдэж болно. Түүнээс замбараагүй явдлаасаа жирэмсэн болчихоод аборт хийлгэдэг, хэдхэн сарын хугацаатай давтан давтан аборт хийлгэдэг явдал байна. Тийм хүмүүс ч ирдэг. Хор уршиг нь хүний биед насан туршдаа хадгалагдана. Эмэгтэйн голдуу өвчнөөс эхлээд дотор эрхтэнд хүртэл нөлөө үзүүлдэг. 

-Хүн хүний онцлогоос хамаарч төрөх үйл явц удаан, хурдан үргэлжилдэг. Төрөхийн өвдөлт хамгийн хэцүү гэж үздэг учраас бүсгүйчүүд айдастай байдаг шүү дээ. Төрөх явцыг хурдатгах, эхийг хүчтэй болгох арга чарга уламжлалт анагаах ухаанд байдаг байх? 

-Төрөх гээд явж байгаа хүн шөл хийж уугаад явдаг. Шар тос уудаг, ардын ном сударт бол өндөгний шарыг түүхийгээр нь уучихаж болно гэсэн байдаг. Энэ бүгд нь нөгөө төрөх гэж байгаа эхэд хүч чадал өгч, төрөх үйл явцыг хэвийн явагдахад л нөлөө үзүүлэх зүйлс шүү дээ. Зарим үед жирэмсэн болсон эхэн үеэс эхлээд эм тан уух тохиолдол бий. Тэр нь ургийн хөгжил зөв явагдахад нөлөөлдөг. 

-Жирэмсэн эмэгтэйчүүдэд хандаж анхааруулж юу хэлэх вэ? 

-Жирэмсэн үедээ аль болох цэвэр, тайван орчинд, сэтгэлээ зовоохгүй байх ёстой. Хэрүүл, зодоон хийж, сэтгэл санаагаа тогтворгүй байлгах зэрэг нь урагийн хөгжилд нөлөөлдөг. Уламжлалт ном сударт бичсэнээр бол жирэмсэн үедээ шувуу, адууны мах идэхийг хорьсон байдаг. 

 

А.Навальныйг дэмжигчид Москвад эсэргүүцлийн жагсаал зохиов
А.Навальныйг дэмжигчид Москвад эсэргүүцлийн жагсаал зохиов
 
Л.Оюун-Эрдэнэ: Э.Бат-Үүл бол ардчилсан хувьсгалын үзэл санаандаа үнэнч үлдсэн цөөхөн хүмүүсийн нэг
Л.Оюун-Эрдэнэ: Э.Бат-Үүл бол ардчилсан хувьсгалын үзэл санаандаа үнэнч үлдсэн цөөхөн хүмүүсийн нэг
Энэ мэдээ хуучирсан буюу 2021/01/24-нд нийтлэгдсэн мэдээ болно.