Энэ мэдээ хуучирсан буюу 2021/01/27-нд нийтлэгдсэн мэдээ болно.

Эрх мэдэл гуйж нэгдсэн эмэгтэй гишүүд ичиг ичиг

Ангилал
Улс төр
Хэзээ
2021/01/27
Унших
7 минут 16 секунд

УИХ-д эмэгтэй гишүүд хамгийн олуулаа буюу 13 уулаа сууж буй анхны тохиолдол одоогийн сонгуулийн дөрвөн жилд тохиож байгаа билээ. Эмэгтэй гишүүд олуулаа сонгогдсон явдалд иргэд төрийн бодлогыг зөөллөж, нийгмийн асуудалд бодитоор харж дуу хоолой болох нь хэмээн горьдлого тавьсаар.

Хүний эрхийг жинхэнэ ёсоор нь хэрэгжүүлэхэд, хамгаалахад эмэгтэй улс төрчдийн дуу хоолой хамгаас чухал. Эмэгтэй гишүүд олонтой орны парламентад авилга, хээл хахууль багасан, нийгмийн асуудал сайжирч, үр дүнд нь улс орон хөгждөг. Эмэгтэй гишүүд орхигдож гээгдсэн нийгмийн асуудлуудад анхаардаг. Хүн амын тэн хагасаас илүү хувийг эмэгтэйчүүд эзэлдэг тул тэдний оролцоо шийдвэр гаргах түвшинд ч мөн ийм хэмжээтэй байх ёстой. Эмэгтэйчүүдийн оролцоогүйгээр эмэгтэйчүүдийн асуудал шийдэгдэхгүй. Эмэгтэйчүүд шийдвэр гаргах, бодлого тодорхойлох түвшинд ажилласнаар хүнээ хайрлаж хамгаалах, хүний үнэ цэнийг өсгөх, хувь хүнийг хөгжүүлэх бодлого нэмэгдэх учиртай...

Гэвч бүлэг байгуулах хэмжээний олуулаа сонгогдчихоод нийгмийн олон асуудал дээр дуугүй өнгөрснийг иргэд шүүгээгүй... Өөрийгөө хамгаалах чадваргүй балчирхан үрс зэрлэгээр алуулж байхад “Хоёр настай хүүхдүүдийг хүүхэд харах үйлчилгээнд л харуулна, улсын төсөвт 2.5 тэрбумыг суулгаадах” хэмээн попорч, хөл хорионы улмаас Улаанбаатар руу орж чадаагүй иргэн товчоон дээр нас барахад, гадаадад гацсан иргэд орох орон, идэх хоолгүй эх орон руугаа ирэх гэж тэмцэж байхад дуу хоолой нь болж, нэгдэж чадаагүй ээ тэд. Тэмцэж суулт зарласан нэгнийгээ дэмжиж, түлхэх хүч даанч тэдэнд байсангүй дээ...  

Дөнгөж төрсөн эмэгтэйгээс халдвар илэрлээ гэхэд нүцгэн шахуу хөхөө өвлийн хүйтэнд эмнэлгээс эмнэлгийн хооронд зөөсөн дүр зураг тэднийг анх удаа дуртай дургүй нэгтгэх шалтгаан болсон. Анх удаа “Нээрээ эмэгтэй гишүүдийн бүлэг байдаг шүү дээ” хэмээн бодоход хүргэсэн. Тэд энэхүү анхны шаардлагаа УОК-ын даргад хаягласан байв...

Хоёрдахь удаа тэд нэгдэж, хүчтэй дуугарлаа. Ингэхдээ эрх мэдлийн төлөө дуугарсанд харамсч байна. Засгийн газрыг толгойлохоор нэгэнт тодорсон Л.Оюун-Эрдэнээс таван сайдын суудал тэд хүсчээ... Алтан загасны эмгэн лугаа. Ингээд бичихээр жендэрийн асуудлыг зөрчсөн хэрэгт унах л байх. Гэвч эрх мэдэлд шунасан шигээ хүүхэд, эмэгтэйчүүдийн эрхийг хангах асуудалд “шунаж” оролцохыг л шаардаад байгаа юм.

Уг таван сайдын суудал нэхсэн бичигт бүгдийнх нь гарын үсэг бүрэн. Өнөөх гадаадаас ирсэн, ирээгүй байгаа нь тодорхойгүй гишүүн Өнөрболорынх хүртэл дурайх аж...

Нэгдэж чадаагүй тэднийг дуурайх хэрэггүй

1992 онд ардчилсан Үндсэн хуультай болсны дараах анхны парламентын сонгуулиар УИХ-д  дөрвөн эмэгтэй сонгогдож байжээ. Харин 1996 оны сонгуулиар долоо, 2000 онд ес болсон ч, 2004 онд тав, 2008 онд гурав болон буурсан. Харин 2012 оны сонгуулиар 11 эмэгтэй УИХ-ын сонгуульд сонгогдсон бол сүүлийн хоёр удаагийн УИХ-ын сонгуульд 13 эмэгтэй сонгогдлоо.

Үүнээс өмнөх дөрвөн жилд суусан 13 гишүүдэд ард түмэн муу дүн тавьдаг. Тэд нэгдэж чадаагүй юм. УИХ-ын гишүүнээр сонгогдоод анх удаа БНСУ-д айлчлахдаа өмссөн, зүүснээрээ шуугиулж, түүнээс хойш хурал дээр унтсан, бохь зажилсан, боов идсэн, согтуу явсан гэх мэтийн олиггүй мэдээллээр чих дэлдийлгэж эхэлсэн энэ парламентын эмэгтэй гишүүд бүрэн эрхийнхээ хугацааг дуусгасан. Бүхэл бүтэн дөрвөн жилд нийтийн эрх ашиг руу хандсан ганц дорвитой төсөл санаачлаагүй хэр нь амин хувийн ажлаа чамгүй сайн хөөцөлдсөн. ЖДҮ авсан, зээлээ чөлөөлүүлсэн, өрөө хаалгасан. Тэднээс “аавын хаалга” татсан нэгэн ч бий. Хийсэн хэрэгтээ тохирсон ял шийтгэлээ эдлэхгүй торгуулиар аргацаасан хэмээн одоо ч зүхүүлсээр байгаа...

Санаачилсан хууль нь “Итгэлийн зээл”, “Бурхан багшийн дүйчин өдрийг тэмдэглэх тухай хууль” гэх мэтийн элэг авмаар зүйл байх.

Энэ парламентын эмэгтэй гишүүдийг дурсах “Оюунхорол гох гох Амарзаяа ангар ангар Оюунчимэг бувар бувар Ундармаа гүд гүд” хэмээсэн дөрвөн мөрт л одоо үлдэж.

Сайнаар дурсагдаж буй тэднээс суралц

Харин 2012 онд сонгогдон ажилласан 11 эмэгтэй гишүүний ажилд онц дүн тавьдаг. Тэднийг сайнаар дурсах зүйл ганц энэ биш. 2012-2016 онд эмэгтэй гишүүд Гэр бүлийн хүчирхийлэлтэй тэмцэх тухай, Хүүхэд харах үйлчилгээний тухай, Тамхины хяналтын тухай, Эмнэлгийн тусламж, үйлчилгээний тухай, Эрүүл мэндийн даатгалын тухай, Соёлын тухай, Хог хаягдлын тухай, Хөгжлийн бэрхшээлтэй иргэний эрхийн тухай, Хүүхдийн эрхийн тухай, Хүүхэд хамгааллын тухай, Монгол хэлний тухай, Түрээсийн тухай, Замын хөдөлгөөний аюулгүй байдлын тухай, Тосон бумбын нурууг тусгай хамгаалалтад авах тухай, Органик хүнсний тухай зэрэг хууль, тогтоолын төсөлд хамтран ажилласан.

Бүх хүүхдийг цэцэрлэгт хамруулахын тулд шинээр барих шаардлагатай 800 цэцэрлэгийн хөрөнгийг нэг дор шийдэх боломжгүй учраас асуудлыг шийдвэрлэх өөр арга зам хайж, Хүүхэд харах үйлчилгээний тухай хуулийг санаачлан боловсруулж, УИХ-ын чуулганаар батлуулсан нь олон ч хүүхэд, гэр бүлд буян болсон. Мөн ахмадын тэтгэвэр нэмэх, одонтой эхчүүдийн мөнгө, малчдын тэтгэврийн нас зэрэг ахмад настны нийгмийн хамгааллын чиглэлээр шийдвэр гаргах түвшинд эмэгтэй гишүүд ахмадын нэрийн өмнөөс байнга дуу хоолой болж, Хамтын тэтгэврийн тухай хуулийн гол санаачлагчаар ажиллаж, батлуулсан. Хөгжлийн бэрхшээлтэй иргэний эрхийн тухай, Хүүхдийн эрхийн тухай хуулийг батлуулсан.

Санаачлан батлуулсан хуулиуд нь элдэв шалтгааны улмаас алдаг оног хэрэгжиж буй ч тэдний хийсэн ажил үлгэр жишээ болж үлдсэн юм. Тэд сайн ажилласан нь өнөөгийн парламентад 13 бүсгүй сонгогдоход нөлөөлсөн байхыг ч үгүйсгэхгүй билээ. Тиймээс тэднээс суралцах үе ирээд байгааг сануулан хэлье.

Энэ мэдээ хуучирсан буюу 2021/01/27-нд нийтлэгдсэн мэдээ болно.

Төстэй мэдээллүүд: