Энэ мэдээ хуучирсан буюу 2021/01/28-нд нийтлэгдсэн мэдээ болно.

Б.Итгэл: Яг миний аав ирээд ярилцаж байгаа юм шиг л санагдсан

Ангилал
Нийгэм
Огноо
Унших
12 минут 46 секунд

Амаржаад хэдхэн цаг болсон эмэгтэйгээс коронавирусийн халдвар илэрсэн тул “Өргөө” амаржих газраас ХӨСҮТ рүү зөөвөрлөх явцдаа идэр есийн хүйтэнд углааш, халаадтай нь авч явсан. Үүнийг эсэргүүцсэн иргэд маргааш нь буюу энэ сарын 20-ны өдөр Сүхбаатарын талбайд цугларч, эрх баригчдыг эсэргүүцэж буйгаа илэрхийлсэн. Энэхүү жагсаалд залуус сайн дураараа нэгдэж, тэмцсэн хэлбэр нь сонирхол татаж байв. Тэдний дунд нэг залуу нүцэглэн, эсэргүүцлээ илэрхийлснийг уншигчид маань санаж байгаа байх. Түүнтэй холбогдож, ярилцлаа...

Б.Итгэл 25 настай бөгөөд үндэсний үйлдвэрт ажилладаг аж. Тухайн эмэгтэйн талаар жагсаал болсон өглөө мэдсэн бөгөөд өөртөө тусгаж, хүндээр хүлээн авчээ. Ингээд өдөржин хэрхэн тэмцлээ илэрхийлэх талаар бодож байгаад ажлынхаа сүүлийн хоёр цагт чөлөө аваад талбайг зорьсон байна. Түүнийг нүцгэн сууж байхад нэгэн цагдаагийн алба хаагч “Миний хүү шиг хүү байна. Эхлээд хувцсаа өмсчих, эрүүл мэнд чухал шүү дээ” гэх зэргээр аргадаж, хувцсыг нь өмсүүлсэн. Тэрхүү цагдаагийн албан хаагч нэгэн хэвлэлд өгсөн ярилцлагадаа “Тэр хүү хүний үг авдаг, мундаг залуу шиг санагдсан” хэмээсэн юм.

ТАЛБАЙРУУ ОЧИХ ЭСЭХЭЭ ӨДӨРЖИНГӨӨ БОДСОН. АЖЛЫН ЦАГ ДУУСАХААС ХОЁР ЦАГИЙН ӨМНӨ ЧӨЛӨӨ АВААД ОЧСОН

-Энэ сарын 20-ны өдөр ард иргэд сэтгэлийн дуудлагаараа, сайн дураараа нэгдэж дөнгөж төрсөн эх, хүү хоёрын эрх зөрчигдсөнд эсэргүүцлээ илэрхийлж жагсаал хийсэн. Чиний хувьд энэ жагсаалд яагаад оролцох болсон бэ?

-Би яг жагсаалд нэгдээгүй л дээ. Өөрийн үзэл бодлоо л илэрхийлсэн. Хүмүүс Сүхбаатарын хөшөөний хойд талд Төрийн ордон руу харж эсэргүүцлээ илэрхийлж байсан бол би Сүхбаатарын хөшөөний урд урагшаа харж суугаад үзэл бодлоо илэрхийлсэн.

Яагаад ингэж үзэл бодлоо илэрхийлэх болсон бэ гэвэл би өөрөө эрх чөлөөний үзэлтэй. Өмнөх өдөр нь болсон үйл явдлыг тэр өдөр ажил дээрээ ирээд мэдсэн. Хүн аливаа зүйлийг өөртөө тусгаж авахаар илүү хүндээр хүлээж авдаг шүү дээ. Талбай руу очих эсэхээ өдөржингөө бодсон. Тэгээд орой очсон л доо. Ажлынхаа цагийг дуусахаас хоёр цагийн өмнө чөлөө аваад явсан.

Яагаад хувцсаа тайлж суух болсон бэ гэхээр хүүхэд ээжээсээ төрөнгүүтээ л Монгол Улсын иргэн болж ирж байгаа. Гэтэл үг ч хэлж чадахгүй иргэний эрх ингэж зөрчигдөж байгаа нь надад үнэхээр хүнд санагдсан. Ээжийнх нь хувьд ч гэсэн төрсний дараах гам барих чинь чухал зүйл. Гам барьж чадаагүйгээсээ дараагийн хүүхдээ төрүүлж чадах уу, үгүй юу, өвчин хууч тусахаас эхлээд олон үр дагавартай. Үүн дээр маш их эмзэглэсэн. Тиймээс хувцсаа тайлж эсэргүүцлээ илэрхийлсэн.

-Чамайг хувцсаа тайлаад сууж байхад ирж ярилцсан цагдаагийн алба хаагч ярилцлага өгсөн байна лээ...

-Тийм байна лээ.

-Тэр цагдаагийн алба хаагч “Тэр хүү хүний үг авдаг, мундаг залуу шиг санагдсан” гэсэн байсан. Чамайг сууснаас хойш хэр удаж ирсэн бэ. Та хоёр юу ярилцсан бэ?

-Удаагүй, 6-7 минут л өнгөрсөн байх. Эхлээд папараци.мн ирсэн. Тэгээд л цагдаа нар хүрээд ирсэн. Намайг үзэл бодлоо илэрхийлж байхад цагдаагаас гадна бусад хүмүүс ч гэсэн “Миний дүү хувцсаа өмс” гэж хэлж байсан. Би “Энэ миний үзэл бодлоо илэрхийлж буй хэлбэр. Үүнийг минь хүндэтгээч ээ” гэж хэлж байсан.

Үүний дараа дэд хурандаа Нямсайхан над дээр ирсэн. Би яг эхлээд цолыг нь харсан л даа. Миний аав цэргийн хүн, дэд хурандаа цолтой. Ингээд ярилцаж байтал “Чи хэдэн настай вэ” гэсэн. 25 гээд хэлтэл “Яг миний хүүхэд шиг хүү байна” гэж хэлсэн нь миний сэтгэлд хүрсэн. Чихэн дээр хэчнээн хашхираад, цохиж зодоод үг хэлсэн ч хүлээж авахгүй үе бий. Гэтэл энэ үг нь үнэхээр сэтгэлд хүрсэн. Яг миний аав ирээд надтай ярьж байгаа юм шиг л санагдсан. Тухайн үед надтай албан үүрэг гэхээсээ илүү хүн гэдэг талаас ярилцсанд маш их талархсан. Хүндэлмээр хүн байсан.

-Яг ингээд ярилцаж байхад чинь цагдаа нар өргөөд явчихсан шүү дээ...

-Тэгсэн. Энэ бол үндсэн хуулиар олгогдсон халдашгүй дархан байх, үзэл бодлоо илэрхийлэх эрхэнд минь халдсан үйлдэл л дээ. Цагдаа нар намайг өргөөд аваад явахад эргэн тойронд байсан хүмүүс орилж, эсэргүүцэж эхэлсэн. Хүчгүй хүнээ хамгаалах сэдэл энэ үед хэнд ч төрнө. Буруутгах аргагүй.

Тэр үед надад “Энэ олон мянган хүний тэмцэл ингээд буруу тийшээ чиглэж, зорилго нь өөрчлөгдвөл яах вэ” гэсэн бодол төрсөн. Хэрэв ийм зүйл болвол харамсалтай. Тиймээс цагдаагийн шаардлагыг хүлээж авсан. Би анхнаасаа хүмүүсээр хамгаалуулж, өөртөө анхаарлыг татах гэж очоогүй.

ӨДИЙГ ХҮРТЭЛ ХҮМҮҮС ӨӨРИЙНХӨӨ ҮЗЭЛ БОДЛООР НЭГДЭЖ, ЖАГСАЖ БАЙГААГ ХАРЖ БАЙГААГҮЙ

-Жагсаалын маргааш нь Ерөнхий сайд өөрийн хүсэлтээр огцорч буйгаа мэдэгдсэн. Ингэхдээ жагсаалд оролцсон хүмүүс мөнгө төгрөг авсан гэсэн юм ярьсан. Чиний хувьд үүнийг хэрхэн хүлээж авсан бэ?

-Би 1996 онд төрсөн. Миний мэдэхээр өдийг хүртэл хүмүүс өөрийнхөө үзэл бодлоор ирж нэгдэж, жагссан жагсаалыг харж байгаагүй. Дандаа л зохион байгуулалттай жагсаал болдог байсан. Миний хувьд энэ жагсаалыг эхлэхэд, дуусахад байгаагүй. Хүмүүс жагсаал эхлэхэд эрүүл байсан хүмүүс орой согтуу байсан гэж яриад байна. Тэрийг нь би мэдэхгүй. Би дунд хэсэгт нь байсан учраас энэ асуудлыг сайн мэдэхгүй байна.

-Жагсаалын дараа Засгийн газар огцорчихлоо. Гэтэл Засгийн газарт буруу байхгүй, дунд шатны бугшсан байдал энэ бүхний буруутан гэх юм... Чи үзэл бодлоо илэрхийлсэн хүний хувьд үүнийг хэрхэн харж байна вэ?

-Мэдээж энэ бол эрх баригчид, УОК, НОК-ын буруу. Гаргаж байгаа тушаал, шийдвэр, захирамж нь шат шатандаа буруу “орчуулагдаад” ард иргэдэд 360 градус өөрчлөгдөж үйлчилдэг. Энэ байдлыг ард иргэд шүүмжлээгүй. Хөл хорионы үед гарсан шийдвэр бүрийг нь ард иргэд биелүүлж, хүлцэнгүй байсан. Хууль тогтоомж гаргаж байгаа хүмүүс нь өөрсдөө “амьдралтай” шийдвэр гаргах шаардлагатай. Алдаа гаргасан хүмүүс шат шатандаа алдаагаа ухамсарлаж, хариуцлагаа хүлээж, шалгадаг газар нь шалгуурах хэрэгтэй. Тэгж байж энэ бугшсан байдал дээрээсээ доошоо, дороосоо дээшээ цэгцэрнэ гэж бодож байна. Хүн ер нь сэтгэлтэй байх хэрэгтэй гэж боддог.

-Чиний хувьд энэ жил 25 настай юм байна. Одоогийн залуусыг гэрээсээ сошиалаар “орилоод” байхаас бодитоор үзэл бодлоо илэрхийлэх нь ховор гээд шүүмжлэх юм. Чи үүнтэй хэр санал нэгддэг вэ?

-Би өмнө нь ингэж бодож, шүүмжлэлтэй ханддаг байсан. Тэгсэн чинь яг жагсаал дээр очоод л миний нүд аньчихсан байсныг ойлгосон. Тэнд очоод миний нүд нээгдсэн. Маш олон залуу нэгдсэн байсан. Сүүлийн үед хэрсүү байх гэдэг үг трэнд болоод байна. Юмыг наанатай, цаанатай нь ойлгож хүлээж авах, бодож тунгаах хэрэгтэй. Энэ жагсаалаас харахад хэрсүү залуусын шинэ давлагаа ирж байгаа нь мэдрэгдсэн. Залуучууд үүнийг үйлдлээрээ үзүүлчихлээ.

-Талбай дээр суулт хийхдээ масктай байсан ч гэсэн танилууд чинь чамайг гэдгийг таньсан байх. Чам руу холбогдож, энэ талаар ярьж байна уу?

-Зөндөө мессэж ирж байгаа. Бүгд л эерэгээр хүлээж авснаа илэрхийлж байгаа. Ганц л хүн “Хэдэн төгрөгөөр тайчсан бэ” гэсэн байсан. Хүмүүс ер нь бусдын үзэл бодлыг хүндэтгэж хүлээж авдаг болсон нь мэдрэгдэж байгаа. Хамгийн баярламаар зүйл нь 70 настай эмээ телевизээр намайг хараад “Энэ хүүгээр бахархаж байна” гэж хэлсэн байсан. Намайг ойлгож байгаа нь үнэхээр гоё санагдаж байгаа.

-Гэр бүлийнхэн нь хэрхэн хүлээж авсан бэ?

-Аав, ээж, ойр дотнынхон бол “Итгэл бол угаасаа ийм хүн дээ” гэдгийг мэдэх учраас гайхаж хүлээж аваагүй. Үзэл бодлоо илэрхийлснийг минь гоёор хүлээн авсан.

ХҮНДЭТ ХАРУУЛЫН АНГИД АЛБА ХААСНААРАА БАХАРХДАГ

-Чиний фэйсбүүк хуудсаар зочилсон. Цэргийн албаа Хүндэт харуулын ангид хаасан юм байна лээ. Дээр аав минь цэргийн хүн гээд ярьсан. Цэргийн алба хэрхэн хаасан ?

-Би Дорноговь аймгийн Зүүнбаянд төрсөн. Аав анх офицер болоод, тэнд жагсаалын дарга хийж байхад нь би төрсөн.

Үүний дараа аав минь Хүндэт харуулын 44 дүгээр салааны захирагч, Харуул үйлчилгээний тусгай ротын даргаар ажиллаж байсан. Би ухаан орсон цагаасаа л 032 дугаар ангийн хашаанд тоглож өссөн.

Гэхдээ цэргийн хүн болох бодолгүй ч цэрэгт явахыг маш их хүсч байсан. Гэхдээ эрүүл мэндээрээ тэнцдэггүй байсан. Амин үзүүлэлтүүд хэвийн мөртлөө баруун хөлний судасны бүдүүрэлтэй, хагардаг. Үүнээсээ болоод 3, 4 удаа цэргийн комссоор ороод тэнцээгүй. Мэс заслын эмч дээр очоод ч уначихдаг байсан. Сүүлийн удаа аз таарч цэргийн комисст тэнцсэн ч дамжин өнгөрүүлэх анги болох 013 дээр дахиж комиссоор орох болсон. Судас хагарсан хэсгээ дотуур өмдөөрөө нуугаад тэнцсэн.

032 дугаар ангид хүссэн залуусыг татдаггүй. 180 см-ээс дээш өндөр, царайны зөв төрх, алхаа гишгээ, боловсрол зэргийг харж сонгодог. Би яг 180 см өндөртэй. Хүндэт харуулын ангид алба хааснаараа бахархдаг.

-Цэргийн алба хаах насанд хүрсэн залууст хандаж юу хэлэх вэ?

-Монгол Улсын иргэн бүр Үндсэн хуулиар хүлээсэн иргэний цэргийн үүргээ биелүүлэх үүрэгтэй. Тиймээс дүйцүүлэх ч бай, Оюутан цэрэг ч бай, жинхэнэ алба ч бай аль нэгийг нь заавал хаах хэрэгтэй. Цэргийн алба аав, ээжийн заадаггүй маш олон зүйлийг заадаг.

Миний хувьд цэргийн алба хаагаад хувь хүн болж төлөвшсөн. Илүү хүлээцтэй болсон. Ядахдаа л оймс, хувцсаа угааж өмсөөд сурсан.

-Одоо ямар ажил хийж байгаа вэ?

-Үндэсний үйлдвэрт туслах ажил хийдэг. Баялаг бүтээгээд явж байгаа залуу байна даа.

Цагаан ордны ажилтнууд вакцин хийлгэжээ
Цагаан ордны ажилтнууд вакцин хийлгэжээ
 
Маргааш нийслэлд 5 хэм дулаан, үүлэрхэг
Маргааш нийслэлд 5 хэм дулаан, үүлэрхэг
Энэ мэдээ хуучирсан буюу 2021/01/28-нд нийтлэгдсэн мэдээ болно.