Энэ мэдээ хуучирсан буюу 2021/02/23-нд нийтлэгдсэн мэдээ болно.

П.Наранбаяр: Улс төрийн намуудын үүрэг бол сонголттой сонгууль явуулах

Ангилал
Улс төр
Огноо
Унших
21 минут 39 секунд

УИХ-д суудалтай улс төрийн намууд Ерөнхийлөгчийн сонгуульд оролцох эрхтэй болдог. Тэгвэл эрх баригч нам болох МАН, сөрөг хүчин АН, ХҮН, МАХН Ерөнхийлөгчийн сонгуульд хүч үзнэ. "Зөв ХҮН" электорат эвслээс “Ерөнхийлөгчөө захиалъя” аяныг өрнүүлээд буй. Уг аянаас олон нийтийн итгэлийг хүлээсэн эрхмийг сонгуульд өрсөлдүүлэхээр болоод байгаа. Энэ талаар болон өөр олон цаг үеийн асуудлаар НИТХ-ын төлөөлөгч, ХҮН-ын Нийслэлийн намын хорооны дарга П.Наранбаяртай ярилцлаа.

Манай намд лидер байхгүй болоод ийм зүйл хийж байгаа юм биш

-“Ерөнхийлөгчөө захиалъя” аян онлайнаар явагдаж байгаа. Өнөөдрийн байдлаар иргэд 150 орчим хүнийг санал болгоод, захиалаад байгаа юм байна. Гэвч сонгуулийн хуультай холбоотойгоор эдгээр хүний нэрийг ил зарлавал сурталчилгаа хийсэнд тооцох учраас хаалттай явагдаж байгаа юм байна. Ямар хүмүүс, хэдэн санал аваад байгааг хэзээ зарлах вэ?

-Сонгуулийн хуулиар чансаа тогтоох янз бүрийн судалгаа хийхийг хориглодог. Тиймээс ийм хүн өндөр саналтай байна гэж ярьж болохгүй болчхоод байгаа юм. Ерөнхийлөгчийн сонгуульд дууссаны дараа, эсвэл нэр дэвшигчид тодорсны дараа ийм хүмүүсийг ард иргэд дэмжиж, итгэл хүлээлгэж, нэрлэж байсан гэдгийг хэлэх боломж гарах байх. Одоо бол хамаагүй ярьж болохгүй.

-Өмнө нь манайд ийм зүйл байгаагүй учраас бусад намын гишүүд “ХҮН-д лидер байхгүй” гэх яриа гараад байна. Ер нь яагаад анх ийм санал асуулгыг санаачлах болсон юм бэ?

-Манай намд лидер байхгүй болоод ийм зүйл хийж байгаа юм биш. “Зөв ХҮН” электорат эвсэл гээд гурван намын эвсэл байна. Монголын социал демократ нам, Хөдөлмөрийн үндэсний нам, Зүй ёс нам гээд. Энэ гурван намын эвслээс энэхүү санал асуулгыг зарласан. ХҮН зохион байгуулалтын асуудлыг хариуцаад, гол цөм нь болоод явж байгаа. Лидерүүд бол байна. Социал демократ нам гэхэд анх байгуулагдахдаа Монголын бүх сэхээтнүүдийг нэгтгэж байсан гэдэг ч юм уу.

Ард түмний дунд ийм хүн Ерөнхийлөгч болчхоосой гэсэн хүсэл байдаг. Үүнийг л тодруулахыг зориод байгаа. Хоёрдугаарт, Авраам Линкольн “Ардчилал бол ард түмнээсээ ургаж гарсан эрх мэдэл дээр тулгуурладаг. Эргээд ард түмнийхээ төлөө үйлчилдэг байх ёстой” гэж хэлсэн байдаг. Энэ зарчмыг л барьж байгаа. Манай нам УИХ-д суудалтай. Доржханд гишүүн ХҮН-аас сонгогдсон. Чиг шугамаараа УИХ-д суудалтай намаас Ерөнхийлөгчийн сонгуульд нэр дэвшигчээ өрсөлдүүлэх эрхтэй. Тиймээс ард түмэн хэнийг Ерөнхийлөгчийн сонгуульд өрсөлдүүлэх хүсэлтэй байгааг асууж мэдэх хүсэл байна. Энэ асуултад хариулах эрх нь ард түмэнд байгаа. Түүнээс манай намд лидер байна уу, үгүй юу гэдэг тухай асуудал биш. Тэгвэл олон лидертэй нам ард түмний хүсэн хүлээж байгаа нэр дэвшигчийг гаргаж ирэх үү. Ерөнхийлөгчийн анхны сонгуулиар Очирбат гуайг Ардчилсан хүчин тухайн үедээ өөрийнхөө лидер болгож ажиллуулж байсан. Ийм маягаар ажиллаж байсан түүх бий гэдгийг хэлэх гээд байгаа юм.

-Одоогийн байдлаар 150 орчим хүнийг ард иргэд нэрлэж, саналаа өгсөн байна. Энэ тоо Ерөнхийлөгчийн сонгууль болох хүртэл өснө. Тэдгээр хүнээс хамгийн олон санал авсан хүнийг шууд сонгох юм уу?

-“Ерөнхийлөгчөө захиалъя” санал асуулгын зорилго ийм л байгаа. Гэхдээ Ерөнхийлөгчийн сонгуулийн хуулиар заасан 50 наснаас дээш, сүүлийн таван жил эх орондоо оршин суусан гэх зэрэг хуулийн хязгаарлалт, заагууд бий. Хэрэгтэй ч юм уу, хэрэггүй ч юм уу ийм заалтууд бий. Тэдгээр хуулийн заалтаа бариад, эвслийн хэмжээнд ярилцаад нэр дэвшигчээ тодруулна.

-Ерөнхийлөгчийн хуулийн заалтуудад тохирсон, хамгийн их санал авсан хүнийг сонголоо гэхэд тухайн хүн нь өөрөө сонгуульд өрсөлдөх сонирхолгүй байвал яах вэ?

-Дараагийн хүнд санал тавина гэх зэргээр явна.

Ерөнхийлөгчийг бэлгэдлийн шинж чанартай гэж үздэг ч бүх ард түмнээсээ сонгогддог гэдгийг тоохгүй өнгөрч болохгүй

-Ерөнхийлөгч сонгуульт хугацаандаа намынхаа харьяаллаас татгалздаг, бэлгэдлийн чанартай. Тэгэхээр улс төрийн намын хувьд Ерөнхийлөгчийн сонгуульд нэр дэвшигчээ өрсөлдүүлэх нь нөгөө талаар зардал мөнгөнөөс эхлээд гарлага гарч байгаатай ялгаагүй ч юм шиг...

-Ерөнхийлөгчийг бэлгэдлийн шинж чанартай гэж үздэг. Гэхдээ бүх ард түмнээсээ сонгогддог гэдгийг тоохгүй өнгөрч болохгүй. Монгол Улс тэр чигээрээ нэг тойрог болоод, яг л АНУ-ын Ерөнхийлөгчийн сонгуультай ижил хэмжээнд явагддаг учраас ард түмнийхээ итгэлийг дааж гарч ирснээрээ УИХ-ын гишүүдтэй харьцуулшгүй хүчтэй гэсэн үг. 40-50 мянган хүн амтай тойргоос сонгогдоод гараад ирсэн УИХ-ын гишүүн ч бий. Зүй ёс чанараараа өндөр байна гэсэн үг.

Гэвч Ерөнхийлөгчөө бүх ард түмэн сонгодог мөртлөө парламентын засаглалтай улс. Ерөнхийлөгч Үндсэн хуулиар л олгогдсон хүрээнд эрх мэдэлтэй байх ёстой гэдгийг Үндсэн хуулийн шинэчилсэн найруулгад тусгасан. Үүнээс өмнө бол Ерөнхийлөгчийн институт Засгийн газрын эрх мэдэлд нөлөөлөх, Засгийн газрыг байгуулахад тээг тавих, Шүүх эрх мэдлээр далайлгаж, ард түмнээ орон шоронгоор айлгах, дарамтлах гэх мэтийн муу зүйлийг бий болгоод байсан.

ҮАБЗ тэргүүлэх, цэрэг армийн ерөнхий командлагч, гадаад орчинд эх орноо төлөөлөх зэрэг онцгой үүргүүд Ерөнхийлөгчид бий. Гэхдээ гадаад бодлогын хувьд УИХ-аас өгсөн чиг үүргийг Засгийн газар Гадаад хэргийн яамаараа дамжуулан хэрэгжүүлдэг. Гэтэл өмнөх Ерөнхийлөгчийн үед Гадаад хэргийн яам байсаар байтал Ерөнхийлөгч өөрөө гадаад бодлогод хэт оролцох, шууд шийдвэрүүд гаргаж байсан зэрэг нь хоёр Гадаад хэргийн яамтай болчихсон мэт зохисгүй харагддаг байсан. Ерөнхийлөгч Хойд Солонгост гэнэт айлчилсан явдлыг санаж байгаа байх. Ким Жон Ун өөрийг нь хүлээж авч уулзана хэмээн зарласан ч очиход нь хүлээж аваагүй. Энэ асуудлыг Гадаад хэргийн яам дипломат харилцааны шугамаараа ярилцах ёстой байтал мэргэшсэн байгууллагынхаа чиг үүргийг үл тоомсорлосноос үүдсэн эвгүй явдал болж байсан.

Ерөнхийлөгчөөр сонгогдох хүн нийгэмд зөв хэм хэмжээ, ёс суртахуун, зөв үзэл хандлагыг бүрдүүлэхэд үүрэг гүйцэтгэх нь чухал. Хуулиар олгогдсон хэм хэмжээгээ баримталж, бусад институтийн үйл ажиллагаа руу ордоггүй, Шүүх, хууль тогтоох, гүйцэтгэх засаглалын хэм хэмжээг тэнцүүлж, сонгодог утгаар нь хөгжүүлэхэд хувь нэмрээ оруулж, өөрийгөө дайчилдаг хүн байх ёстой. Түүнээс өөрөө орж үймүүлдэг байх ёсгүй.

Хүрэлсүхийн Засгийн газар огцроход Ерөнхий сайд ард иргэдийг бослогод уруу татаж, санхүүжүүлж, өдөөн хатгасан хүн бол Ерөнхийлөгч хэмээн УИХ-ын танхимаас нэр цохож буруутгасан. Сэтгүүлчид үүнийг сайн ухаж, нягтлах ёстой гэж бодож байна. Хэрэв үнэн бол энэ бол маш ноцтой асуудал. Засгийн газрыг огцруулах шалтгаан болсон жагсаал яг органик байсан уу, хэн нэгэн санхүүжүүлээд өдөөн хатгасан уу гэдгийг одоогоор шалгаж тогтоогоогүй байна.

-Ерөнхий сайдын тэр мэдэгдлийн дараа Хөдөлмөрийн үндэсний нам гэсэн пэйжээр дамжуулан жагсаалыг Ерөнхийлөгч санхүүжүүлсэн нь үнэн гэх баримтуудыг дэлгэсэн. Тэр пэйж хуурамч байсан уу?

-Тэр бол хуурамч пэйж байсан ч нэгэнт эрчээ авсан байсан учраас албан ёсны намын хуудсаараа дамжуулан тайлбар мэдэгдэл тавьсан.

-Одоогийн Ерөнхийлөгчийг хэр сайн ажиллаж чадсан гэж боддог вэ?

-Ард түмэн дүнгээ тавих байх. Ер нь бол Ерөнхийлөгчийн хувьд ард түмнийхээ эв нэгдлийг хангах, намаасаа ангид байх зэрэг дээр хангалтгүй байсан гэж бодож байна. Ерөнхийлөгч хүн Засгийн газрын хийх ажлыг урдуур нь орж болохгүй л дээ. Жишээлбэл, Төмөр зам барих ч юм уу. Асар их хэмжээний төсвийг Ерөнхийлөгч захиран зарцуулаад байгаа юм уу. Би сайн ойлгохгүй байгаа. Бүтээн байгуулалтын ажлыг Засгийн газар тэр дундаа Зам тээврийн хөгжлийн яам, Барилга хот байгуулалтын яам хариуцах ёстой. Ерөнхийлөгч хүн ийм зүйлийг хийхгүй. Тэгэхээр зэрэг Үндсэн хуулиар олгосон эрх, үүргээ буруу ухамсарлачихсан уу. Ойлгомжгүй асуудал гарсан.

-2017 оны Ерөнхийлөгчийн сонгуульд гурван нам өрсөлдсөн ч дөрөв дэх сонголтыг цөөнгүй иргэд хийсэн. Тэр бол цагаан сонголт байсан. ХҮН-аас ч гэсэн энэ талаар байр сууриа илэрхийлж байсан. Цагаан сонголтыг та юу гэж бодож, дүгнэдэг вэ?

-Манай нам тухайн үед цагаан сонголт хийхийг уриалж байсан эсэхийг сайн мэдэхгүй байна. Ийм сонголт хийхийг уриалж байсан улс  төрийн хүчин бол байсан. 100 гаруй мянган хүн цагаан сонголт хийсэн байсан нь нэр дэвшигчид таалагдахгүй байна аа л гэсэн үг шүү дээ. Монгол ялна гэх уриа нь таалагдахгүй. Хэт их улс төрийн популизм хийдэг хүн ч юм уу, зөвхөн Оюутолгойн асуудлаар улс төр хийдэг хүн Ерөнхийлөгч болохыг хүсэхгүй байсан учраас л сонголттой сонгууль байж чадсангүй ээ гээд хуудсаа бөглөхгүй өгч байна гэсэн үг. Гэхдээ сонгуулийн ирцээ бүрдүүлж байгаа учраас улс төрийн ухамсартай сонголт бол цагаан хуудас. Улс төрийн намуудын үүрэг бол сонголттой сонгууль явуулах. Өөрөөр хэлбэл сонгууль гэдэг чинь сонгох гэдэг үгнээс гаралтай. Гэтэл сонгохын аргагүй хүмүүс тавьчхаад сонго гэж болохгүй.

Төрийн ой санамж муу байна

-Тантай холбогдсоных цаг үеийн асуудлаар асууя. Оюутолгойн гэрээг сайжруулах цаг ирчихсэн. Гэтэл энэ асуудалдаа анхаарахгүй урд урдын Засгийн газраа муулдаг байдал даамжирлаа. ХҮН-аас Оюутолгойн санхүүгийн загвар боловсруулаад Шинэ засгийн газарт хүргүүлнэ гэсэн. Энэ асуудал ямар шатандаа явж байгаа вэ?

-Оюутолгойн хэлэлцээрт манайхан орохдоо санхүүгийн тооцоогоо хийсэн байх ёстой. Макро эдийн засгийн тооцоогоо бол хийгээд байдаг. Тэр чинь дэндүү том тооцоо. Хэдэн мянган хувьсагчтай. Ямарч компанид хувьсагчуудаа тооцохын тулд санхүүгийн загвар хэрэгтэй. Рио Тинто бол өөрийнхөө загварыг боловсруулчихаад хэлэлцээрт орж байгаа. Манайд тийм загвар байхгүйгээс тэдний боловсруулсан загвар дээр нэг ч үг дуугарч, шүүмжилж байгаагүй. Тиймээс монголчууд өөрсдөө ашиг алдагдлыг тооцох загварыг бий болгох ёстой юм байна аа гэж үзсэн. Энэ дээр манай намын мэргэжилтнүүд сууж байгаа. Энэ бол асар их том төсөл учраас өндөр үнэтэй ажил. Манай мэргэжилтнүүд суугаад одоо УИХ-д байгуулагдсан ажлын хэсэгт хүлээлгэн өгөхөөр ажиллаж байна.

-Оюутолгойн асуудал аль ч Засгийн газрын үед эмзэг байсаар ирсэн. Гэрээнд нь холбогдсон Ерөнхий сайдууд буруутгагддаг гэх зэргээр. Та бүхний боловсруулсан загварыг ажлын хэсэг хүлээж авах болов уу?

-Ийм үнэтэй ажлыг үнэгүй хийж байхад яахаараа хүлээж авахгүй гэж. Хэлэлцээ хийх процесст нь өөрсдөд нь давуу байдал бий болгох ажлыг үнэтэй ажлыг үнэгүй хийгээд өгч байна. Энэ бол цэвэр эх орноо бодсон ажил. Ажлын хэсэгт орж ажиллаж байгаа хүмүүс мэдээж эх орноо бодож л тэнд ажиллаж байгаа учраас бидний загварыг авах байх. Мэдээж алдаа байвал шалгаж, засаад авна биз. Эсвэл өөрсдөө илүү сайн загвар хийсэн байвал харьцуулж харна биз.

-Оюутолгойн гэрээ Монгол Улсад ашиггүй байдлаар хийгдсэн байна аа гээд одоогийн Засгийн газар үзэж байгаа. Гэрээ хийсэн хүмүүс нь ашигтай, буруу ойлгоод байна аа гээд байгаа. ХҮН-аас санхүүгийн загвар боловсруулах ажил эхэлсэн гэж байна. Та бүхний хувьд одоо хийгдсэн байгаа гэрээг хэрхэн дүгнэж байгаа вэ?

-Бид нарын боловсруулж байгаа санхүүгийн загварт хувьсагчуудаа оруулаад бодоод үзэхээр ашиг, алдагдлын муруй нь гарна. Хэдэн жилийн дараа ямар үр дүнд хүрэх вэ гэсэн зүйл нь ил гарч ирнэ ээ л гэсэн үг. Баярцогт сайд Оюутолгойн гэрээг хийсэн талаараа нилээн зузаан ном гаргасан байна лээ. Тэр номыг уншсан хүн Монголд хэд байгаа билээ. Тийм болохоор би энэ асуултад шууд хариулж чадахгүй. Гэхдээ миний ойлгож байгаагаар тухайн үед тооцож байсан уурхайн зардал нь тооцож байснаас өссөн. Тиймээс л монгол талд ирэх ашиг хойшилж эхэлсэн гэсэн зүйл л ойлгогдоод байгаа. Рио Тинто ийм зүйл яриад эхэлснийг гайхах зүйлгүй. Монгол тал санхүүгийн тооцооллын загвартай байсан бол тэд нарын яриад байгаа хувьсагчуудыг тавьж үзээд шалгаад, хэлэлцээний сувгаа эрүүл байлгаад, шаардлагаа цаг тухайд нь тавиад явсан бол одоогийн асуудал үүсэхгүй байх байсан. Тэгээгүйгээс одоо аманд нь ороод яваад байна.

Уурхайн ажил бол асар их эрсдэл дагуулна. Ашиггүй хөрөнгө оруулалт хийсэн зүйлүүд ч байгаа. Хамгийн гол нь манай төрийн бодлого тогтвортой байх ёстой. Гэтэл өнгөрсөн хугацаанд Ерөнхий сайд нь хэдэн ч удаа солигдов. Тэрийгээ дагаад холбогдох салбарын сайд, сайдаа дагаа мэргэжилтнүүд гээд мөн ч олон хүн солигдсон байгаа даа. Анх Оюутолгойн гэрээг хийхэд оролцсон хүмүүс хаана явна гээд судлаад үзвэл ихэнх нь төрийн албандаа байхгүй байгаа. Төрийн ой санамж муу байна.

Хуулийн төсөлд өөрийн саналаа өгсөн

-Манай улсад ажиллахаар ирсэн гадаад багш нарын ажлын байрны төлбөрийг өмнө нь улсаас бүрэн чөлөөлдөг байсан ч одоо хувийн сургуулийн багш нараас төлбөр авахаар болсон хуулийн зохицуулалт хийгдэж байгаа. Энэ салбарт ажиллаж байсан учраас үүнийг хэр зөв зүйтэй ажил вэ гэдгийг асуумаар байна?

-Гадаадаас ажиллах хүч авч ажиллуулахад Гадаадын иргэн харьяатын газарт төлбөр төлдөг. Гэхдээ боловсрол тэргүүлэх салбар учраас БШУЯ-наас зөвшөөрөл аваад ГИХГ өгөөд төлбөрөөс чөлөөлөгддөг байсан. Хувь, хувьсгал хамаагүй. Гэтэл одоо хувийн сургуулиудын ажиллуулж байгаа гадаад багш нарынхаа төлбөр болгож сард 1 сая төгрөг, жилдээ 12 сая төгрөгөө төлөө гэж байгаа юм.

-Гадаад багшийг урьж ажиллууллаа гээд жилдээ 12 сая төгрөгийн ашиг олдоггүй сургууль ч бий байх...

-Гадаад багшийн цалин өндөр. Эх орондоо ажилласан бол илүү өндөр цалин авах байсан гэх зэрэг алдагдсан боломжуудынх нь төлбөрийг төлж байгаа учраас үүн дээр ажлын байрны төлбөр нэмэгдэхээр гадаад багш ажиллуулахад асар их саад бэрхшээл үүснэ. Би ч гэсэн УИХ-ын Хөдөлмөр нийгмийн хамгааллын байнгын хороо руу албан бичгээр хандсан. Гадаад багш нар манай боловсролын салбарт зайлшгүй хэрэгтэй. Гадаад багш нар өөрийнхөө эх хэлээ л заах гэж ирж байгаа. Япон, Хятад, Англи зэрэг хэлийг л заалгах гэж унаган хэлтэй хүмүүсийг урьж ажиллуулж байгаа. Тиймээс хуулийн төсөлд өөрийн саналаа өгсөн.

-Хувийн хэвшлийн зарим сургууль төрөөс өгдөг хувьсах зардлын мөнгийг авахгүй гэдгээ зарласан. Энэ нь эргээд төлбөр дээр нэмэгдэж, эцэг эхчүүдэд дарамт болно гэх хүн олон байна. Энийг та хэрхэн харж байна вэ? 

-Хувьсах зардлыг хувийн сургууль байна уу, төрийн сургууль байна уу хамаагүй монгол хүүхэд сурч байгаа л бол төрөөс дэмжлэг болгож өгдөг. Тэр хэрээрээ боловсролд хөрөнгө оруулалт хийж байгаа гэсэн үг. Өөрөөр хэлбэл улсын сургуульд сурч буй хүүхдэд зориулж жилдээ 800-900 мянга төгрөг, лаборатори сургуульд 1.5 сая, Кембрижийн хөтөлбөртэй сургуульд 3 сая төгрөгөөр тооцож хувьсах зардлыг олгодог. Гэтэл хувийн сургуульд 400 мянган төгрөгөөр тооцдог. Төр энэ дээр ялгаварлал гаргаж байгаа юм л даа. 2016 онд Сангийн яамнаас санаачилсан журмаар 5 сая төгрөг хүртэлх төлбөртэй, 10 сая төгрөг хүртэлх, 10 саяас дээш төгрөгийн төлбөртэй гэсэн ангилал гаргаад 400 мянган төгрөгөөсөө доошлоод явчихдаг. 10 сая төгрөгөөс дээш төлбөртэй сургуульд жилдээ хувьсах зардалд нэг хүүхдийн 80 мянган төгрөг өгдөг. Төрийн хувьд энэ бол маш хямд худалдан авалт. Хэрэв хувийн сургуулиудыг хаагаад тэнд сурч байгаа 48 мянган хүүхдийг төрийн өмчийн сургууль руу шилжүүлнэ гэж үзвэл 1000 хүүхдийн багтаамжтай 50 сургууль барих шаардлагатай. 50 сургууль барих зардал, авч явах зардал асар их тоо гарна. Салбарын сайд твиттер хуудсаараа дамжуулан зарласнаар 10 сая төгрөгөөс дээш төлбөртэй хувийн сургуулиудыг хувьсах зардлаас чөлөөлнө гэсэн. Ийм өндөр төлбөртэй найман сургууль л бий. Тэр найман сургууль нь "Таны шийдвэрийг дэмжиж байна аа" гээд хүлээгээд авчихсан. 

-Тэр найман сургуулийн сурагчдад боловсрол олж авахад төрөөс ямар нэг дэмжлэг өгөхгүй болчихож байгаа юм байна... 

-Өндөр төлбөртэй сургуулийн хувьд төрөөс хувьсах зардал гэж олгож байгаа 80 мянган төгрөг бол сургуулийн зардлын өчүүхэн хувь л даа. Гэтэл таван сая төгрөг хүртэлх төлбөртэй, эцэг эхээс өгч буй төлбөр болон хувьсах зардал дээр нилээн их ачааг үүрч авч яваа 140 гаруй сургууль бий. Тэдний хувьд хувьсах зардал зогсвол шууд дампуурна гэсэн үг л дээ. Эсвэл хувьсах зардалд олгож буй 400 гаруй мянган төгрөгийг төлбөр дээр нэмж авна гэсэн үг. Хувийн сургуулиудад хувьсах зардлаас гадна төрөөс өөр ямар нэг дэмжлэг байдаггүй. 

Танилц: Нийслэлд хөл хорио үргэлжлэх найман байршил
Танилц: Нийслэлд хөл хорио үргэлжлэх найман байршил
 
П.Анужин: Намайг сонгуульд нэр дэвших эсэхийг МАН шийднэ
П.Анужин: Намайг сонгуульд нэр дэвших эсэхийг МАН шийднэ
Энэ мэдээ хуучирсан буюу 2021/02/23-нд нийтлэгдсэн мэдээ болно.