Энэ мэдээ хуучирсан буюу 2021/03/07-нд нийтлэгдсэн мэдээ болно.

COVID 19: Хөнгөн туссан иргэнийг “витамин“-аар эмчилж байна

Ангилал
COVID-19
Огноо
Унших
7 минут 24 секунд

Сүүлийн өдрүүдэд халдвар авсан хүний тоо тогтмол нэмэгдсээр өдөрт шинээр 40-50 хүнд илрэх болжээ. Энэ тухай 11:00 цагийн хурал дээр ХӨСҮТ-ийн албаны дарга Ж.Байгалмаа “Тохиолдлын тоо буурахгүй, халдварын нөхцөл байдлыг илэрхийлэх үзүүлэлтүүд сайжрахгүй байна" хэмээн мэдэгдээд амжсан.

Иймд халдвар авсан иргэдийг ХӨСҮТ, Цэргийн төв эмнэлэг зэрэг ажиллан тусгаарлах болжээ. Харин эмчлэгдээд биеийн байдал нь сайжирсан өвчтөнийг хэвтүүлдэг байсан Яармагийн 300 ортой эмнэлэгт биеийн байдал нь хөнгөн буюу шинж тэмдэггүй батлагдсан тохиолдлуудыг тусгаарлах зохицуулалт шинээр хийсэн байна. Гэвч тус эмнэлэгт хэвтэж байгаа иргэд 14 хоногийн эмчилгээ хангалтгүй, өдөрт хоёр төрлийн витамин өгч, биеийн байдлыг нь шалгахгүй байгаад бухимдах болжээ. Энэ тухай бид нэрээ нууцалсан эх сурвалжаас дараах мэдээллийг авсан юм.

-Анх халдвар авсан гэдгээ яаж мэдсэн бэ? Эмнэлгийн зүгээс хэр шуурхай ажилласан бэ?

-Халдвартай хүний ойрын хавьтал болсон тул бид цагийн дараа таныг тусгаарлах байр луу /зочид буудал/ авч явнагэж ХӨСҮТ-ээс залгаж хэлсэн. Тухайн үеийн нөхцөл байдлыг ойлгоход хүндрэлтэй байсан ч эхлээд хувцас болон ойр зуурын хэрэглээний зүйлсээ бэлдэж эхэлсэн. Удалгүй НОК, дүүргийн цагдаагийн хэлтэс гэх мэт олон газраас залгаж, явсан маршрут болон ойрын хавьтлуудын талаар асуусан. Эхэндээ дуудлага бүрт үнэн зөв, дэлгэрэнгүй хариулахыг хичээж мэдээллээ өгч байсан ч сүүлдээ ямар ч уялдаа холбоогүй байдалд нь бухимдсан. ХӨСҮТ-ээс тухайн өдөртөө ямар ч машин ирж аваагүй. Харин маргааш өглөө нь 11:00 цагийн үед залгаад очиж байгаагаа дуулгасан.

“Toyoko Inn” гэдэг буудалд нийт 17 хоног тусгаарлагдах үедээ дөрвөн удаа шинжилгээ өгсөн. Уг нь 14 хоноод гарах байсан ч хамт тусгаарлагдсан эхнэрээс маань 13 дахь хоног дээрээ халдвартай нь батлагдаад ХӨСҮТ-д тусгаарлагдсан. Би өөр өрөөнд орсон боловч маш бохир, цэвэрлээгүй байсан болохоор нэг ч хонож чадалгүй дахиад өөр өрөө рүү шилжсэн. Нам гүм байсан давхарт шинжилгээ авах бүрт илэрч байгаа хүмүүс нь нэмэгдэж байсан. Би тусгаарлагдаад 17 дох хоногтоо батлагдсан тохиолдол болсон нь их сэжигтэй санагдаж байгаа. Эерэг гарахаас хэдхэн хоногийн өмнө PCR өгөхөд сөрөг гэсэн хариу ирсэн.  Сүүлд сонсоход миний тусгаарлагдаж байсан буудал голомт болсон учир доторх бүх хүмүүсийн өөр буудалд аваачиж, халдваргүйжүүлэлт хийсэн байсан.

Яармаг дахь эмнэлэг 300 хүний ортой эмнэлэгийн өрөөний харагдах байдал.

-Ямар эмнэлэгт хэд хоног тусгаарлагдсан бэ? Эмчлэгдэж байх үед хүндрэлтэй зүйлс тохиолдсон уу?

-Надад халдвар шинж тэмдэггүй, хөнгөн илэрсэн болохоор Хан-Уул дүүрэгт шинээр баригдсан 300 ортой эмнэлэгт хэвтсэн. Намайг таван хүний хамт зочид буудлаас авч явсан. Үүнээс гурван хүнтэй нь нэг өрөөнд орсон. Нийт 14 хоног эмнэлэгт хэвтсэн. Хүндрэлтэй зүйлс гэвэл гэрээсээ буудалд олон хоног тусгаарлагдсан болохоор ариун цэврийн хэрэгсэл хомс, наад захын хэрэглээ байгаагүй. Өмнө тусгаарлагдаж байхдаа нэг удаа л эргэлт авсан. Харин эмнэлэгт хатуу хөл хорионы үеэр хэвтсэн учир гэрээсээ юм захиж чадаагүй. Хоолны тал дээр маш хүндрэлтэй байсан. Хатуу хөл хорионы үед эмнэлгийн нөөц дууссан байсан байх. Дан хөц будаа, ногоотой шөл гурав хоног өглөө оройгүй идсэн.

Яармаг дахь эмнэлэг 300 хүний ортой, хөнгөн туссан хүмүүсийг голлон илгээдэг. Энд бол 14 хоногийн хугацаанд D, C витамин уулгахаас бусдаар эмчилгээ хийгээгүй гэж өөр нэгэн эх сурвалж бидэнд хэлж байв.

-Өөрийгөө хөнгөн өвдсөн гэдгээ яаж мэдсэн бэ? Тухайн эмнэлэгт ямар эмчилгээ хийж байв?

-Эмнэлэгт очсон өдрийн маргааш эмч цусны шинжилгээ авах үедээ шинж тэмдэггүй байгаа тул хөнгөн илэрсэн байна гэж хэлсэн. Хэрвээ хүндэрвэл дуудаарай, ХӨСҮТ рүү явна гэсэн. Үүнээс хойш D витамин болон С витамин өдрийн гурваар уугаарай гээд өгсөн. Өөр эмчилгээ хийхгүй юу гэж асуухад хөнгөн туссан учир зүгээр гэж хариулсан. Гурав хоног өнгөрсний дараа эмч хүн нэг бүртэй уулзаж, ургамал болон эмний харшилтай эсэхийг асуугаад тан өгч байхаар боллоо. Өдөрт нэг аяга тан уусан. Юунд сайн юм гэж асуухаар ковидын тан гэдэг. Нэг удаа уушгины зураг авахуулсан. Нэг өрөөнд байсан хүн элэгний хууч өвчтэй байсан болохоор ХӨСҮТ-д тусгаарлагдах гээд явчихсан. Эхэндээ өдөр бүр даралт үздэг байсан бол сүүлийн долоо хоногт биеийн байдал үзэж, асуухаа бүр больсон. Амт үнэр мэдрэх чадвар бага зэрэг сулрахаас өөр зүйл биед ажиглагдаагүй болохоор гомдол гаргаагүй. Гэхдээ шинж тэмдэггүй хөнгөн туссан гэдэг шалтгаанаар маш анхаарал хариуцлага муутай эмчилсэн гэж бодож байна. Сүүлдээ тусгаарлагдах хоногоо гүйцээхийн туйл болсон. Биеийн байдлынхаа тухай мэдээллийг бүрэн авч чадаагүй.

-Эмнэлэгээс гарахад чинь шинжилгээ авсан уу? Эдгэрсэн гэдгээ яаж мэдсэн бэ? Гэрийн ажиглалтад шилжих үед хэрэгжүүлэх зөвлөмж өгсөн үү?

-Эмнэлэгт хэвтэх үед л цус болон шээсний шинжилгээ авсан. Түүнээс хойш ямар ч шинжилгээ аваагүй. Эсрэг биет таны биед үүсэн, тархалтын хугацаа дууссан болохоор айх зүйлгүй гэсэн. Эмчийн магадлагаа бичиж өгөөд гэртээ 14 хоног тусгаарлагдах хэрэгтэйг сануулсан. Өөр зүйл хэлээгүй.

-Бидэнтэй ярилцсанд баярлалаа.

Үүнээс дүгнэхэд хөнгөн туссан гэх нэршлийн дор халдвартай хүмүүст анхаарал хариуцлагагүй хандаж байгаа нь харагдаж байна. Халдвар авсан хүн ханиаднаас ямар ялгаатай өвчин туссан, биеийн байдал нь ямар байгааг мэдэх эрхтэй. Түүнчлэн эмчилгээнд хэрэглэгдэж буй тан ямар үйлчилгээтэй, хүлээн зөвшөөрөгдсөн эсэх нь ч эргэлзээ төрүүлж байгаа юм.

Эртний Ромын Помпей хотоос ёслолын морин тэрэг илрүүлжээ
Эртний Ромын Помпей хотоос ёслолын морин тэрэг илрүүлжээ
 
Маргаашаас эхлэн Булган руу 32 мянга, Хөвсгөл рүү 59 мянгаар зорчино
Маргаашаас эхлэн Булган руу 32 мянга, Хөвсгөл рүү 59 мянгаар зорчино
Энэ мэдээ хуучирсан буюу 2021/03/07-нд нийтлэгдсэн мэдээ болно.