Энэ мэдээ хуучирсан буюу 2021/03/01-нд нийтлэгдсэн мэдээ болно.

СУРВАЛЖИЛГА: Ид шидийн орон автобустай боллоо

Ангилал
Нийгэм
Огноо
Унших
4 минут 54 секунд

ШӨХТГ-аас санаачлан Мобиком, Моннис, Шунхлай, Ард санхүүгийн нэгдэл хамтран 24 хүүхдийн суудалтай автобусыг Ид шидийн орон төвд бэлэглэлээ. Япон улсад 2011 онд үйлдвэрлэгдсэн бензин хөдөлгүүртэй энэхүү автобус нь "Magic tour" аялалыг зохион байгуулах, тус төвийн хамгаалах байран дахь хүүхдүүдэд эрүүл мэндийн үйлчилгээ үзүүлэх зэрэгт хамгийн чухал хэрэгцээтэй гэдгийг тус төвийнхэн хэлж байв. 
Ид шидийн орон төвийн үүсгэн байгуулагч Ч.Ганжавхлан "Манайх Ид шидийн орон 1, 2 төвөөрөө дамжуулан хамгаалах байр, 14 дугуйлан, номын сангаар 2000 гаруй хүүхэд үйлчилдэг. Хүүхдүүдээ сургалт дугуйланд хамруулах, эмнэлэгийн үйлчилгээ үзүүлэх үед нэг нэгээр нь таксигаар зөөх, нийтийн унаагаар авч явах гээд аюулгүй байдлаас эхлээд асуудал их. Өөрийн гэсэн автобустай болох мөрөөдөл бидэнд байсан. Өнөөдөр мөрөөдөл маань биеллээ. Энэ автобус маань Ид шидийн орон 1, 2 төвийн хэрэглээнд ашиглагдахаас гадна Magic tour аялалын хөтөлбөрт хэрэглэгдэнэ. Бид 7 хоног бүр хотын төвөөр аялуулах хөтөлбөр боловсруулаад автобусны хэрэгцээ байгаагаа хэлж ШӨХТГ-т хандсан. Энэхүү асуудлыг минь дөрвөн компани нэгдээд шийдэж өглөө. Захын гэр хорооллын хүүхдүүд дунд хотын төвд байгаа галарей, музей, амьтны хүрээлэнг үзэж чадахгүй олон хүүхэд бий. Тэр бүгдийг өртөөчилж үзээд, гоё хоол идээд ирдэг аяллыг брэнд болгох хийх төлөвлөгөө бидэнд бий. Мөн дээр хэлсэн 14 төрлийн дугуйлангаас усан сэлэлтийн дугуйлан л гэхэд хотын төв рүү орж, усан санд хичээллэх шаардлагатай. Тэр бүрд хүүхдүүдээ зөөх шаардлага гардаг. 24 хүүхдийн суудалтай автобус бидний хэрэгцээнд яг таарна. Өдөртөө олон удаагийн рес хийгээд хэрэгцээгээ хангаж чадна гэж бодож байна" гэсэн юм.  

Ид шидийн орон төвийн Хүүхэд хамгаалах төв хөл хорионы дэглэмээс хамаарахгүй байнга үйл ажиллагаа явуулж буй. Одоогоор тогтмол 20 гаруй хүүхэд байгааг хэлсэн. Хөл хорионы үеэр ахуйн хүрээнд хүүхдийн хүчирхийлэл эрс өссөн гэдгийг тус төвийнхөн хэлж байлаа. Мөн тус төв Улаан загалмайн нийгэмлэгтэй хамтран сүүлийн хоёр сарын хугацаанд хүүхүүдэд хүнсний тусламж үзүүлэх тал дээр илүү анхаарч ажиллажээ. Одоогоор халдвар хамгааллын дэглэмээ чанд мөрдөж, халдваргүйжүүлэлтийг хийсэн, дугуйлангийн багш нар ч бэлэн ажиллах өдрөө хүлээж байгааг бяцхан үйлчлүүлэгчиддээ хэлсэн юм. 
ШӨХТГ-ын дарга Бат-Эрдэнэ олон хүүхдийн хүслийг биелүүлсэн энэхүү ажлыг санаачилж, хэрэгжүүлсэн талаараа "Хүүхэд хэрэглэгч гээд бодлогын судалгааны ажлууд манай дээр хийгдэж байгаа. Хүүхэдтэй холбоотой олон асуудал бий. Аюулгүй зорчих асуудал нэг номерт яригдана. Үүнтэй холбогдуулаад Ид шидийн ороноос ирсэн хүсэлтийг үндэслээд ШӨХТГ-аас санаачлаад аж ахуйн нэгж бизнесийн байгууллагуудад санал тавьсан. Энэхүү санаачилгыг минь дэмжсэн үндэсний хэмжээний томоохон дөрвөн компанидаа баярлалаа. Хүүхдүүдийн төлөө хийж байгаа бүхэнд нь талархаж байгаагаа хэлмээр байна" гэсэн юм. 

Нийгмийн сайн сайхны төлөө хариуцлагаа ухамсарлан олон ажлыг хийдэг Мобиком компанийн Сурталчилгаа, олон нийттэй харилцах алба, Маркетингийн газрын захирал Э.Чинзориг "Мобиком корпораци нийгмийн хамгааллын чиглэлээ хүүхэд гэж тодорхойлсон байдаг. Хүүхэд бүрийн аюулгүй амьдрах, сурах чиглэлд сүүлийн 7 жил ажиллаж олон төслүүдийг хэрэгжүүлсэн. Сумын сургуулиудын ариун цэврийн байгууламжийг барьж, ашиглалтад оруулах төслийн хүрээнд 108 ариун цэврийн шаардлага хангассан ОО-ийг барьсан. Лантуун дохио санаачилгатай бид нар олон жил хамтран ажиллаж байгаа. Компанийнхаа зүгээс хандив өгөх, Монпэй цахим мөнгөний платформоороо дамжуулан хэрэглэгчдээсээ хандив цуглуулах ажлыг зохион байгуулж байсан. Одоо Magic Tour хөтөлбөрийг хэрэгжүүлэх автобустай болгох санаачилгыг дэмжээд хамтарч оролцож байгаадаа баяртай байгаа. Энэхүү автобусыг түшиглээд олон санаачилгыг хэрэгжүүлэх, илүү хүртээмжтэй байх ажлыг дэмжиж оролцсондоо баяртай байгаа" гэсэн юм. 

PCR шинжилгээний цэгүүдийн байршил
PCR шинжилгээний цэгүүдийн байршил
 
Х.Нямбаатар: Хүүхэд, залуучуудын театр орчимд спортын цогцолбор, тусгай сургууль байгуулна
Х.Нямбаатар: Хүүхэд, залуучуудын театр орчимд спортын цогцолбор, тусгай сургууль байгуулна
Энэ мэдээ хуучирсан буюу 2021/03/01-нд нийтлэгдсэн мэдээ болно.