Энэ мэдээ хуучирсан буюу 2021/03/09-нд нийтлэгдсэн мэдээ болно.

Цэргийн төв эмнэлэгт халдвартай иргэдийг “тан“ эдгээж байна

Ангилал
COVID-19
Огноо
Унших
6 минут 46 секунд

Манай улсад бүртгэгдсэн коронавирусийн анхны тохиолдол нь 2020 онд Франц улсын 57 настай иргэнээс зөөвөрлөгдсөн орж ирсэн билээ. Тус иргэнийг ХӨСҮТ-д тусгаарлан эмчилж байх үед уламжлалт анагаах ухааны мэргэжилтнүүд эмчилгээнд оролцоход бэлэн байгаагаа илэрхийлж байсан юм.

Тэгвэл 2021 оны нэгдүгээр сарын 17-ны өдөр ЭМЯ-ны Уламжлалт анагаах ухааны мэргэжлийн салбар зөвлөлийн гишүүн, зөвлөх МУ-ын Хүний Гавьяат эмч, Хамба лам Д.Нацагдоржийн удирдлаганд Манба Дацан Нэгдсэн эмнэлгийн тасгийн эрхлэгч Г.Пүрэвжаргал, тасгийн их эмч Ж.Гончигдорж тэргүүтэй дөрвөн хүний бүрэлдэхүүнтэй эмч нар Цэргийн төв эмнэлэгт баг болон анх албан ёсоор ажиллаж эхэлжээ.

Иймд манай сайтын зүгээс уламжлалт эмчилгээгээр коронавирусийн халдварыг эдгээж буй Цэргийн төв эмнэлэгт хэвтэн эмчлүүлсэн нэрээ нууцалсан эх сурвалжаас авсан мэдээллээ хүргэж байна.

МУ-ын Хүний Гавьяат эмч, Хамба лам Д.Нацагдорж 2020 оны гуравдугаар сарын 11-нд
ЭМЯ-ны 11:00 цагийн хурлын үеэр уламжлалт анагаах эмчилгээг коронавирусийн эмчилгээнд нэвтрүүлэх тухай ярив.

Нэрээ нууцалсан эх сурвалж:

Анх гэр бүлийн маань хүнээс халдвар илэрсэн учраас намайг бусад гишүүдийн хамтаар тусгаарласан. Зочид буудалд нийт 13 хоног тусгаарлагдсан бөгөөд энэ үед шинжилгээний хариу эерэг гарч, Цэргийн төв эмнэлэгт хүргэгдсэн. Бага насны хүүхдээс маань бас илэрсэн тул хамт ирсэн. Эмнэлэгт очсон эхний өдөр нөхцөл байдлыг ойлгох гэж удсан. Маргааш нь надаас цусны шинжилгээ авсан. Үүгээр эсрэг биет, цусны бүлэгнэлтийг нь тодорхойлно гэж эмч хэлсэн.

Нийт 18 хоног эмнэлэгт хэвтэж эмчлүүлсэн. Энэ хугацаанд надаас гурван удаа цусны шинжилгээ, хоёр удаа PCR шинжилгээ, дөрвөн удаа томографийн шинжилгээ авсан. Яагаад ингэж олон томографийн шинжилгээ өгүүлж байгааг асуухад намайг хатгаатай байна гэж гарсан тул шимэгдсэн эсэхийг шалгаж байна гэсэн. Шинжилгээ хоорондын зай 3-5 хоног. Эмчилгээний эхний өдөр надаас Та уламжлалтаар эмчлүүлэх үү, Европоор эмчлүүлэх үү гэж асуусан. Уламжлалт эмчилгээ нь хууч өвчнийг хүртэл эдгээдэг гэдгээрээ онцлог байсан тул сонгож эмчлүүлэхээр болсон. Манба Дацан эмнэлэгтэй хамтарч байгаа болохоор эмчилгээндээ тан ашиглана, эм тариа хийхгүй гэж хэлсэн.

"Манба Дацан" эмийн уламжлалт үйлдвэрээс гаргадаг тан, үрэл​​​​​

Өдөрт таван удаа тан өгч байсан. Эхэндээ нэлээд гашуун амтагдаж байсан нь аажимдаа багассан. Өөр өөр өнгө үнэртэй тангууд өгдөг. Ямар учиртайг нь асуухаар эмчилгээний нэг хэсэг гэдэг тул сайн тайлбарлуулж чадаагүй. Надад ургамлын харшил байхгүй болохоор тан уухад харшлах зүйл тохиолдоогүй. Эмнэлэгт очсон эхний долоон хоног халуурч, даралт ихсэж байсан ч эм уух хориотой болохоор яаж ийгээд гүрийсэн. Эмч сувилагчид өдөрт гурван удаа орж ирж биеийн байдлыг асууж, чээж чагнах, даралт, халуун хэмжих зэрэг арга хэмжээнүүд байнга авна.

Хоолны хувьд ямар ч асуудал гараагүй. Маш сайн хоолтой. Хүүхдэд маань тусад нь бантан хийж өгдөг байсан тул аз болж хоолны дуршил нь буураагүй. Минийх хатгаатай гэж гарсан болохоор олон удаа тан өгдөг байсан байх. Хүүхдэд маань шинж тэмдэг илрээгүй болохоор өдөрт хоёр тан л уулгадаг байсан. Ариун цэврийн хувьд хоёр хоногт нэг удаа бүх өрөөг цэвэрлэж ариутгадаг байсан. Хатуу хөл хорионы үеэр эмнэлэгт хэвтсэн тул эргэлт авч чадаагүй ээ. Хэрвээ аз таарч гэрээсээ тусгаарлагдвал ариун цэврийн хэрэгсэл, ойр зуурын хэрэгслээ базаах хэрэгтэй юм билээ. Уламжлалт эмчилгээ үр дүнгээ өгсөн ч эм уугаад сурчихсан хүнд бол дассан юмаа хэрэглэх нь зүгээр санагдсан. Мэдээж бие өвдөөд байхад өвчин намдаах эм уух боломжгүй хэд хоног явсан нь хэцүү байсан.

Халдварын батлагдсан тохиолдлуудыг тусгаарлан эмчилж буй Цэргийн төв эмнэлгийн эмчилгээний өрөө

Эмнэлгээс 14 хоноод гарах ёстой байсан ч гаргаагүй болохоор эмчээсээ асуухад танд эсрэг биет илрээгүй байна гэсэн хариу авсан. Яагаад ийм олон хоног болоод байхад илрэхгүй байгааг шавдуулсаар байгаад зөв хариулт авч чадсан. Ингэхдээ Таны хатгаа шимэгдэж бүрэн дуусаагүй болохоор та эмчилгээгээ үргэлжлүүлэх хэрэгтэй. Хэрэв таны халдвар эдгэсэн гэж хэлбэл эмнэлгээсээ гарна гэж хэлэх байх гээд хэлээгүй юм. Танд эсрэг биет хэдийн үүссэн, бид хатгааг эмчилнэ гэсэн. Үүний хариуд биеийн байдлаа үнэн зөвөөр мэдмээр байгаагаа хэлээд дахиад дөрөв хоног хэвсэн. Эмнэлгээс гарахын өмнөх өдрүүдэд PCR шинжилгээ авсан. Хариу нь сөрөг гарсан болохоор эмнэлгээс гаргасан байх. Энэ тухай бидэнд сайн тайлбарлаагүй. Гэрийн ажиглалтад шилжихэд 14 хоног гэртээ байхыг анхааруулаад, нэг багц тан үргэлжүүлж уухыг зөвлөж өгсөнхэмээсэн юм.

Түүнээс авсан мэдээллийг өөр бусад эх сурвалжаас авсан мэдээлэлтэй харьцуулахад Цэргийн төв эмнэлэг хангамж, ариутгал сайн байгааг мэдэж болно. Одоогоор уламжлалт эмчилгээгээр коронавирусийг эдгээхэд сөрөг нөлөө илрээгүй байна. Түүнчлэн эмнэлэгт хэвтэж буй хүмүүсээс тус эмчилгээг сонирхон хийлгэсэн хүн олон байсныг эх сурвалж дурдаж байлаа.

Уншигч та ХӨСҮТ болон Яармаг дахь 300 ортой эмнэлэгт ковид-19 эмчилгээ хэрхэн хийгдэж байгааг сурвалжилсан өмнөх мэдээллүүдийг унших бол ЭНД, ЭНД дарна уу.

Аргентинаас
Аргентинаас "хамгийн эртний" титанозаврын үлдэгдэл олджээ
 
Л.Оюун-Эрдэнэ: Э.Бат-Үүл бол ардчилсан хувьсгалын үзэл санаандаа үнэнч үлдсэн цөөхөн хүмүүсийн нэг
Л.Оюун-Эрдэнэ: Э.Бат-Үүл бол ардчилсан хувьсгалын үзэл санаандаа үнэнч үлдсэн цөөхөн хүмүүсийн нэг
Энэ мэдээ хуучирсан буюу 2021/03/09-нд нийтлэгдсэн мэдээ болно.