Энэ мэдээ хуучирсан буюу 2021/03/14-нд нийтлэгдсэн мэдээ болно.

Э.Болорцолмон: Маскнуудаа мөнгөний төлөө бус уран бүтээл талаас нь хийдэг

Ангилал
Нийгэм
Хэзээ
2021/03/14
Унших
6 минут 3 секунд

Маск урлаач залуу дизайнер Э.Болорцолмонтой ярилцлаа. Хүн бүр амны хаалт зүүж буй өнөө цаг үед өөрийн гэсэн өвөрмөц хэв шинжийг агуулсан гоёмсог маск урлаж буй түүний хувьд энэ төрлийн маск урлах санаагаа анх 2017 онд бодож олсон аж. 

-Сайн байна уу? Юун түрүүнд өөрийгөө танилцуулна уу?

-Намайг Э.Болорцолмон гэдэг. Дизайнер мэргэжилтэй. Сонирхлоороо арьсан маск урладаг. 2017 онд анх маск хийж эхэлсэн.

-Яагаад ийм төрлийн маск хийх болсон бэ?

-Анх өөртөө зориулж ийм маск хийсэн юм. Эхний маскаа хийчихээд сошиал хаяг дээрээ зургийг нь оруултал ойр дотны найз нөхөд маань сонирхож асууж байсан. 2018 оноос идэвхтэй хийж эхэлсэн.

-Хүмүүс их сонирхож байна уу?

- Сонирхож л байна. Их биш, бага биш. Хувь хүний бизнес гэхэд боломжийн захиалга авч байгаа гэж бодож байна.

-ОЛНЫ ТАНИЛ УРАН БҮТЭЭЛЧ ХҮМҮҮСТЭЙ ХАМТАРЧ ЭХЭЛСЭН-

-Бизнес гэж ярилаа, энэхүү маскнуудаа өөрийн үндсэн ажлаа болгоод хийж байна уу? Эсвэл сонирхлынхоо дагуу чөлөөт цагаараа хийж байна уу?

-Эхэндээ бол үндсэн ажлынхаа хажуугаар сонирхож үзэж хараад ийм юм хийх юмсан гэж боддог байсан. Ер нь ажил хийж байх үеэрээ өөрийн уран бүтээл, хоббигоо дагнаж хийнэ гэвэл худлаа болдог. Амждаггүй байсан болохоор хийж байсан ажлаа зогсоогоод маскаа уран бүтээл болгон хийж эхэлсэн. Одоо маскаа дагнан хийж байна. Цаашдаа зөвхөн маск гэлтгүй ийм төрлийн олон зүйл хийх бодол байна. Хувцас хэрэглэл гэх мэт. Гэхдээ би маскнуудаа мөнгөний төлөө хийдэггүй. Уран бүтээл талаас нь хийдэг.

-Бүх зүйлээ ганцаараа хийж байна уу?

-Тийм, ганцаараа хийж байгаа.

-Тэгэхээр цаашдаа захиалга их болохоор хүн хүч хэрэгтэй болох байх. Хүмүүстэй хамтрах талаар?

-Нэг, хоёр хүнтэй хамтарч болно. Тэр хүнтэйгээ хамтарч хийхээс биш нэг нэгнийхээ ажилтан болно гэж бодохгүй байна.

-Маркетингаа хэрхэн хийж байгаа вэ? Олны танил хүмүүс болоод сошиал орчинд олон дагагчтай хүмүүстэй хамтрах бодол бий юу?

-Тийм. Олны танил хүмүүс, урлагийн хүмүүст хамтарч ажиллах санал тавьсан. Бүгдэнтэй нь хамтарч ажиллана. Зарим нэгэнтэй нь хамтарч ажиллаад эхэлсэн байгаа. Маркетингийн хувьд цэвэр өөрийн мэдрэмжээрээ сошиал дээр явуулж байгаа.

-ГОЁЛЫН МАСК ГОЁЛООРОО Л БАЙХ ХЭРЭГТЭЙ-

-Хэрэглээний талаар ярилцацгаая. Сонирхож байгаа хүмүүс халдварт өвчнөөс урьдчилан сэргийлэх талаар өөрөөс тань асуудаг уу?

-Асуудаг. Хамгаалах талаас нь шүүлтүүртэй хийх үү? Гэсэн асуулт их ирдэг. Миний хийж байгаа маскнууд ямар нэгэн халдварт өвчнөөс хамгаалж чадахгүй. Хийж байгаа маскандаа эрүүл мэндийн баталгаа өгөхгүй. Учир нь би үүнийг өөрийнхөөрөө л хийж байгаа шүү дээ. Бусдаар бол эрүүл мэндийн байгууллагын батламж, зөвшөөрөл байхгүй. Зарим тохиолдолд хүмүүсийн захиалгын дагуу утаа шүүгч шүүлтүүртэй маск хийх шийдлүүдийг хийж байгаа. Гэхдээ эрүүл мэндийн баталгаа өгөхгүй. Энэ бол цэвэр гоёлын маск. Гоёлын маск гоёлоороо л байх хэрэгтэй.

Гэхдээ арьсаар хийж байгаа маск учраас гадны жижиг гэмтлүүдээс хамгаалах тохиолдол байдаг. Жишээ нь дугуй, мотоцикл унадаг хүмүүсийн хувьд салхинаас хамгаална. Урд явж байгаа машины дугуйнаас жижиг чулуу үсрэхэд нүүрийг хамгаална. Техникийн аваар ослоос бол хамгаалахгүй, хуяг дуулга биш шүү дээ.

-Бүх маскаа арьсаар хийж байна уу?

-Үндсэн материал нь арьс. Ер нь гар дор ямар материал байна тэр бүхний эвийг олоод хийж болдог. Хуванцар, төмөр, компьютерийн хаягдал сэлбэг гээд юу ч байлаа гэсэн зохиж л байвал хийж болдог.

-Хийж байгаа маскууд нь бүгд цор ганц гэж ойлгож болох уу?

-Нэг ижил маскаа олон тоогоор хийхийг зорьж байгаа. Тэр олон хүнд цор ганц маск хийгээд яваад байж чадахгүй шүү дээ.

-ХИЙХ ДУРТАЙ ЗҮЙЛЭЭ ОЛООД ТҮҮНИЙХЭЭ ТӨЛӨӨ ТУУШТАЙ ЗҮТГЭ-

-Захиалагч өөрийн хүсэл сонирхлын дагуу захиалга өгөх тохиолдол их байдаг уу?

-Байдаг. Олон загваруудыг харьцуулж байгаад хооронд нь нийлүүлж холих маягаар хийлгэдэг хүмүүс бий. Тэгж хийлгэсэн маскыг нь өөр нэг хүн хараад хийлгэхийг хүсвэл хийж өгнө. Өөрөөр хэлбэл давтагдаж болно. Дахиж хэзээ ч хийлгэхгүй гэж тохиролцоод цор ганц маск хийлгэж ч болно. Тэр тохиолдолд мэдээж үнэ нь өснө. Жишээ нь саяхан нэг дархан залуутай хамтарч нэг маск хийсэн. Тэр бол дахин давтагдашгүй цор ганц дархан тоногтой маск юм.

-Ярилцлага маань ингээд өндөрлөж байна. Үеийн залуус болон дүү нартаа хандаж хэлэх зүйл байна уу?

-Залуустаа хийх дуртай зүйлээ олоод түүнийхээ төлөө тууштай зүтгээрэй гэж уриалъя.

-Ярилцсанд баярлалаа.

Энэ мэдээ хуучирсан буюу 2021/03/14-нд нийтлэгдсэн мэдээ болно.

Төстэй мэдээллүүд: