Энэ мэдээ хуучирсан буюу 2021/03/08-нд нийтлэгдсэн мэдээ болно.

Бидний нэг: Гучин жил зураг авч буй талбайн зурагчин эмэгтэй

Ангилал
Нийгэм
Огноо
Унших
6 минут 28 секунд

Сүхбаатарын талбайд зургаа авахуулж үзээгүй хүн ховорхон биз. Харин талбайн гэрэл зурагчин хийдэг хүмүүсийн амьдралын тухай мэдэх хүн цөөн. Энэ удаагийн ярилцлагаар бид 1980 оноос хойш буюу Нийтийн ахуй үйлчилгээ, техник мэргэжлийн сургууль төгссөн цагаасаа эхлээд гэрэл зурагчин хийж буй эмэгтэйг онцоллоо. Тэрбээр 18 настайгаасаа гэрэл зурагчин мэргэжлээр ажиллаж эхэлсэн байна.

-Та фото зургийг юу гэж боддог вэ?

-Хүнд дурсамж үлдээх нь сайхан зүйл юм даа. Хамаг бүхэн бороо мэт арилж, харин гэрэл зураг шороо мэт үлдэнэ гэдэг шиг. Би анх энэ мэргэжлээ зорьж очиж ороогүй юм. Эмэгтэй хүүхэд учраас орлоо гэхэд оёдолчин болох юм байх л гэж бодсон доо. Намайг очсон жил зурагчин, үсчин гэдэг хоёр анги шинээр нэмэгдчихсэн байсан. Тэгээд л шинэ зүйл туршиж үзэхээр шийдээд орж байсан.

-Мэргэжилдээ хайртай юу?

-Хайртай байлгүй яахав. Бүхэл бүтэн 30 жил гэрэл зураг авлаа шүүдээ.

-Энэ бүх хугацаанд таны авч байсан хамгийн мартагдашгүй зураг юу байв?

-Намайг дөнгөж төгсөөд ажилд ордог жил Ж.Гүррагчаа сансарт нисэж байсан юм. Тэр түүхэн үйл явдлын гэрч болж зургийг нь авч байлаа. Би 1980 онд төгссөн гэхээр 1981 онд тэр зургаа авч байсан. Дорнод аймгийн хүн юм болохоор тухайн үед аймгийнхаа нийтийн ахуй үйлчилгээнд зурагчин хийхээр очиж байв.

-Хүний зургийг авч байхдаа юу боддог вэ?

-Аль болох сайхан гаргах юмсан даа л гэж боддог. Улсын баяр, хүүхдийн баяр, мартын 8 гэх мэт баяруудаар хүмүүс талбай дээр ирж зургаа даруулах нь элбэг. Миний хувьд улсын баяруудад хамгийн дуртай. Сайхан зураг их авдаг.

-Таны амьдралын хамгийн сайхан мөч?

-Хань ижилтэй болох л сайхан үе минь байсан даа. Би таван хүүхэдтэй. Том хүү маань миний мэргэжлийг эзэмшсэн. Фото зурагчин, зураглаач хийдэг хүү бий.

-Эсэргээрээ амьдралын тань хамгийн хүнд хэцүү үе хэзээ байв?

-Хүүхдүүд оюутан болоход л хамгийн хэцүү байсан даа. Миний таван хүүхдийн гурав нь зэрэг оюутан болж байсан юм. Нас нь ойрхон юм болохоор сургахад санхүүгийн хувьд хэцүүхэн давааг давж байсан.

-Зурагчин хүнд камер хамгийн чухал шүүдээ. Анх ямар камертай байсан бэ?

-Анх ахуй үйлчилгээнд байхдаа Зоркий Зенит гэдэг аппараттай байлаа. Тухайн үед хар цагаан зураг авдаг байсан. Хожим хотод орж ирэхэд дижитал аппарат гарчихсан. Шинэ гарсан камер болгоныг авч үзсэн гэхэд жаахан хэтрүүлсэн болж магадгүй /инээв/. Гэхдээ хүнд сайн зураг авч өгөх юм сан гэсэн хүслээс үүдэн камераа сайжруулах хэрэгцээ байдаг.

-Та ямар зураг хамгийн сайн авдаг вэ?

-Хөрөг зураг, судалбар зургийг сайн авдаг. Судалбар зургийн уралдаанд өөрийн зургуудаар оролцож явсан үе байгаа.

-Зураг авахад хамгийн чухал зүйл нь юу вэ?

-Тохиргоо маш чухал. Бид чинь механик хурдаар л зургаа авна шүүдээ. Энэ хүний нүүрэн дээр ямар гэрэл тусаж байна, аль өнцөг гоё байна гэх мэт зүйлсийг сайн тохируулах хэрэгтэй. Зургаа авсан даруй өнгөт принтерээр машиндаа угаагаад өгдөг. Анх бол авсан зургаа улаан гэрэл угаадаг байлаа. Тэгэхэд хүнд байсан, одоо бүх зүйл хөнгөн амар болж дээ. Орчин үед шинэ сайн утаснууд гарч ирсэн болохоор талбай дээр зургаа авахуулах хүмүүс багасаад л байгаа.

-Мартын 8-ны баяраа яаж тэмдэглэх гэж байна?

-Бид нар Дурсамж холбоонд байдаг. Хөл хориогүй байвал холбооноос маань баярлуулж магадгүй. Саяны хөл хорионд бид ч яахав, залуус маань хүндхэн байсан даа. Гэхдээ Дурсамж холбооноос маань харж үзэж, хоёр ч удаа тэтгэмж өгсөн.

-Дурсамж холбооныхоо тухай дэлгэрүүлж яриач?

-Зөвхөн талбай дээр үйлчлэх зөвшөөрөлтэй хүмүүсийн холбоо юм даа. Нийт 100 гаруй хүний бүрэлдэхүүнтэй. Холбооны маань хамгийн ахмад гишүүн буюу үүсгэн байгуулагч н.Нямжав гэж 80 орчим настай хүн бий. Манай энэ талбайд зураг авдаг мундаг хүмүүс олон. Би чинь анх ахуй үйлчилгээнд камерний тохиргоо энэ тэр гэж мэддэггүй байлаа. Энд ирээд олон хүмүүстэй ажиллаж суралцсан зүйлс зөндөө. Манайхан чинь бас л агуу хүмүүс шүү.

-Бага насандаа та ямар мэргэжилтэй хүн болно гэж боддог байсан бэ?

-Багш болно гэж боддог байсан. Бага сургуулийн маань багш н.Сумьяа намайг Хүнсний техник мэргэжлийн сургууль, Нийтийн ахуй үйлчилгээний хоёр сургууль байна энийг л ав гэж хэлсэн. Яахавдээ миний дүнд л тааруулж хэлсэн байх. Тэр үеийн миний зорилго есдүгээр ангид орох л байлаа шүүдээ. Гэхдээ багшдаа гомдож явдаггүй ээ. Тухайн үед зөгнөсөн байх. Одоо энэ мэргэжлээрээ л хоолоо олж идэж байна даа.

-Ярилцлагын төгсгөлд хэлэх зүйл бий юу?

-Бүх эмэгтэйчүүддээ баярын мэнд гэж хэлье даа. Баярлалаа.

-Бидэнтэй ярилцсанд баярлалаа.

НОК: Олон нийтийг хамарсан тоглолтуудыг хойшлуулах саналаа УОК-т хүргүүлнэ
НОК: Олон нийтийг хамарсан тоглолтуудыг хойшлуулах саналаа УОК-т хүргүүлнэ
 
СЭРЭМЖЛҮҮЛЭГ: Хайлаастад авто ослын улмаас 16 настай охин нас барж, 8-40 насны 6 хүн хүнд гэмтжээ
СЭРЭМЖЛҮҮЛЭГ: Хайлаастад авто ослын улмаас 16 настай охин нас барж, 8-40 насны 6 хүн хүнд гэмтжээ
Энэ мэдээ хуучирсан буюу 2021/03/08-нд нийтлэгдсэн мэдээ болно.