Энэ мэдээ хуучирсан буюу 2021/03/18-нд нийтлэгдсэн мэдээ болно.

Д.Энхтайван: Цэрэг хүн болно гэдэг нь эх орны төлөө өөрийгөө зориулж буй үйлдэл юм

Ангилал
Нийгэм
Огноо
Унших
9 минут 19 секунд

Орчин цагийн зэвсэгт хүчин үүсэн байгуулагдсаны 100 жилийн ойн баяраар Хил хамгаалах ерөнхий газрын олон нийттэй харилцах албаны дарга, хурандаа Д.Энхтайвантай хилийн цэргийн алба хаагчид болон тэдний онцлогийн талаар ярилцлаа.

-Танд зэвсэгт хүчин үүсэн байгуулагдсаны 100 жилийн ойн баярыг хүргэе. Танай байгууллага энэ өдрийг тохиолдуулан ямар арга хэмжээ зохион байгуулж байна вэ?
-Баярлалаа. Орчин цагийн зэвсэгт хүчин үүсгэн байгуулагдсаны 100 жилийн ой энэ жил тохиож байна. 1921 онд тусгаар тогтносон Монгол улсын албан ёсны ардын журамт цэрэг үүсгэн байгуулагдаад 100 жил болсон байна шүү дээ. Засгийн газраас тогтоосон тогтоолын дагуу энэ өдрийг Монгол цэргийн өдөр болгон тэмдэглэлт өдөр болгосон. Үүний дагуу цэргийн байгууллагууд маань төрөл бүрийн арга хэмжээ зохион байгуулж байна. Манай байгууллага ч бас алба хаагчдаа шагнаж урамшуулах, ажлын үр дүнг нь үнэлэх зэрэг арга хэмжээг явуулж байна.

-Таны хувьд хичнээн жил зэвсэгт хүчний тэр тусмаа хилийн цэргийн албанд хүчин зүтгэж байна вэ? 
-Манай хил хамгаалах байгууллага бол хилийн тухай хуулийн дагуу Монгол улсын нутаг дэвсгэрт улсын хил хамгаалалтыг зохион байгуулах, хилийн аюулгүй, халдашгүй дархан байдлыг хангах гол үүрэг гүйцэтгэдэг. Миний хувьд 1997 онд Хилийн цэргийн дээд сургуульд элсэж ороод 2001 онд төгсөж байсан. Түүнээс хойш яг 20 дахь жилдээ хилчний үүрэг гүйцэтгэж байна. Улсын хил дээр 13 жил алба хаасан. Нэг жилийн хугацаат цэргийн түвшинд манай байгууллагын хувьд онцлогтой. Учир нь нэг байрандаа байнга байдаггүй. Өөрөөр хэлбэл уйдна гэсэн ойлголт байхгүй. Хязгаар нутагт байгаа учраас. Цөөхөн ам бүлтэй ах, эгч, дүү нар шиг болчихдог. Яагаад вэ гэхлээр, тэнд дэлгүүр хоршоо гэж байхгүй, автобус унаа, машин тэрэг гээд байнга яваад байх хөл хөдөлгөөн байхгүй. Тийм учраас стресс үгүй. Хязгаар нутагт алба хааж буй нь өөрөө том онцлог юм.

Цэргүүд, офицер, ахлагчид болох байнгын бие бүрэлдэхүүн маань ч тэр улсын хил хамгаална гэдэг бол нэр төрийн хэрэг гэж үздэг. Улсын хилийн шугамыг даган хилийн манаанд явж байхад өвлийн хүйтэн, цасан шуурга, бороо хур гээд хэдийгээр хүнд ч гэлээ хил дээр нар мандахыг хараад ёслоод зогсож байх өол маш гайхамшигтай сайхан мэдрэмж байдаг. Энэ албыг хаасан цэргийн албан хаагчид бүгд бахархдаг. Үүнээс цааш бусдын нутаг дэвсгэр, үүнээс нааш бидний нутаг дэвсгэр учраас гэж бодохоор өөрийн эрхгүй бахархал төрдөг.


-Та энэ албын онцлогуудын талаар ярьж байна шүү дээ. Магадгүй үүний улмаас цэрэгт явах хүсэлтэй залуус хилийн цэргийн албыг илүү ихээр сонирхож байх шиг байна.
-Тийм. Яагаад энэ албанд илүү их тэмүүлж байгаа вэ гэхлээр тусгаар улс гэдэг хилийн заагтай байдаг. Тэр хилийг хамгаалахын тулд заавал хүн байх ёстой. Хэдий техник, тоног төхөөрөмж сайн байсан ч нэг камер тавиад орхиж болохгүй. Түүнийг харах хүн хэрэгтэй. Асуудал гарсан үед шуурхай очих маш сайн бэлтгэгдсэн мэргэжлийн хүмүүс байх хэрэгтэй. Хүний тоо их, бага байхдаа биш гол хүн л байх ёстой. 

-Хилийн цэргийн хувьд бусад цэргийн ангиудаас илүү Монгол ахуйтайгаа ойр байдаг гэж дуулсан. Энэ талаар?

-Хил хамгаалах нэгжүүд буюу салбарууд хилийн дагуу байрладаг. Тэнд тусгай үйлчилгээний газрууд буюу оёдлын цех зэрэг үйлвэрийн газрууд гэж байхгүй. Тэрийг хэн хийдэг вэ гэхээр манай хил дээр ажиллаж байгаа офицер, ахлагчдын ар гэр, эмэгтэйчүүд хийдэг. Бүгдийг өөрсдөө хийдэг. Оёж шидэх, хоол унд гээд бүгдийг. Түүний яг адилаар манай хугацаат цэргийн алба хаагч нар ч мөн адил тэр бүгдийг сурахаас өөр аргагүй. Тусгай малчин тэнд байхгүй. Өөрсдөө морь малаа арчилж тордоно. Тоног хэрэгслээ засаж янзална. Хөдөөнөөс ирсэн цэргүүд нь хотоос ирсэн цэргүүддээ мэддэг чаддаг зүйлээ зааж сургаад өгдөг. Цэргүүд өөр хоорондоо нэгэндээ тусалж мэдэхгүй зүйлээ олж мэдэхэд их тус нэмэр болдог. Монгол уламжлалын талаар залуус харьцангуй тааруу ойлголттой болсон. Харин хил дээр очсон цэргүүд мал ахуйтай холбоотой тоног хэрэгсэл, цагаан идээ боловсруулах зэрэг бүх зүйлийг яг л Монгол ахуйн зүйлүүдийг зааж сургадаг. 

-Хил дээр алба хаасан цэргүүд гэрээт хилчин болох тохиолдол их байдаг. Үүний учир нь юунд байна вэ?

-Гэрээт хилчний алба 2007 оноос байгуулагдаад одоогоор 14 дэх жилийн нүүрийг үзэж байна. Өөрөөр хэлбэл хил хамгаалах байгууллага нь мэргэжлийн хил хамгаалагчдаар улсын хил хамгааллыг зохион байгуулна гэж хуулинд заасан байдаг. Мэргэших гэдэг маань нэг жил цэргийн алба хаагаад хоёр жил гэрээт хилчний алба хаахыг хэлж байгаа юм. Тэгэхээр үндсэндээ гурван жил буюу бараг л дээд сургуулийн хэмжээний боловсролтой хүн улсын хил хамгаалах ажлыг зохион байгуулдаг. Гэрээт хилчин маань тэнд бүх төрлийн сургалтуудад хамрагдана. Ахлагчийн хэмжээний цалин хөлс авна. Хувцас, хэрэглэлээ бүрэн авна. Хүнс хоол, байр бүх зүйлийг улсаас хангаж байгаа учир гэрээт хилчид зөвхөн хил хамгаалалтад шаардлагатай мэдлэгээ олж авах, өөрийгөө хөгжүүлэх бүх боломж нь нээлттэй. Манай байгууллагын хувьд энэ жил хилчдийн хөгжлийн орчинг дээшлүүлэх зорилт тавьсан. Тэгэхээр хөгжих нөхцөл боломж тэргээр хилийн анги, салбар нэгжүүдэд бүрэн бий. Энэ ч утгаараа залуус ихээр хамрагддаг.

-Таны хувьд 13 жил хил дээр биеэр ажилласан гэлээ. Хил дээр алба хаасан энэ урт хугацаанд өнгөрүүлсэн дурсамжаасаа хуваалцаач?

-Цэрэг хүн болно гэдэг нь эх орны төлөө өөрийгөө зориулж буй үйлдэл юм. Миний хувьд мөн ялгаагүй хот суурин газар өссөн учраас морь, мал мэддэггүй хүүхэд анх очиж байсан. Монгол ахуйтайгаа ойрхон Монгол цэрэг болохын цагт тэндээ дасан зохицдог. Харин дасан зохицох хугацаа нь хүн хүнд харьцангуй өөр өөр байдаг. Миний хувьд хилийн застав дээр анх 2001 онд халагдаад очсон. Тэнд ямар нэгэн залхах эсвэл уйдах асуудал байгаагүй. Үнэхээр уйтгарлах завгүй өнгөрсөн. Хил рүү явна, буцаж ирээд амарна. Амарч босож ирээд бие бялдраа хөгжүүлнэ, хичээл сургалтаа явуулна, бичиг цаасны ажилтай хутгалдана. Гэхдээ энэ цаг хугацааг зөв ашиглаж чадвал хилийн салбар дээр маш өргөн боломж байгаа. Танай сайт дээр энэ ярилцлагыг уншиж байгаа нийт залуусдаа цэргийн алба гэдэг бол тэсвэр тэвчээрийн алба. Үүнээс гадна үнэхээр өөрийнхөө боломж зөв нээж чадвал амжилтад хүрэх өргөн боломжтой ийм сайхан алба. Хүнйиг эрүүл чийрэг болгоно, хүнтэй зөв харьцдаг болгоно. Бүх зүйлийг дүрэм журмын дагуу зааж сургадаг. 

-Ярилцлагын төгсгөлд албан хаагчиддаа мэндчилгээ дэвшүүлнэ үү?

-Энэ сайхан баярын өдөр нийт Монгол улсад зэвсэгт хүчин, хилийн цэрэг болон цэрэгжсэн байгууллагуудад алба хааж байгаа хугацаат болон гэрээт цэргийн алба хаагч нар, генерал, офицер, ахлагч, зэрэг мөрдөс нэгт бүх алба хаагч нартаа Монгол цэргийн баярын мэндийг өргөн дэвшүүлье.

 

Хөвсгөлд батлагдсан долоон тохиолдлыг аймгийн нэгдсэн эмнэлэгт эмчилнэ
Хөвсгөлд батлагдсан долоон тохиолдлыг аймгийн нэгдсэн эмнэлэгт эмчилнэ
 
Маргааш нийслэлд 5 хэм дулаан, үүлэрхэг
Маргааш нийслэлд 5 хэм дулаан, үүлэрхэг
Энэ мэдээ хуучирсан буюу 2021/03/18-нд нийтлэгдсэн мэдээ болно.