Энэ мэдээ хуучирсан буюу 2021/04/06-нд нийтлэгдсэн мэдээ болно.

Л.Болд, Г.Уянга, Я.Санжмятав, С.Ламбаа нарыг ЭЛЧИНД “зүтгүүлсэн“ Ерөнхийлөгчийн саналыг МАН дэмжихгүй асуудал БҮХЭЛДЭЭ ГАЦЖЭЭ

Ангилал
Улс төр
Огноо
Унших
6 минут 59 секунд
Ерөнхийлөгч "хүмүүсээ" элчингээр явуулахаар хоёр парламент дамнуулж
МАН-ыг "шахаж" байна

Шинэ Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ танхимаа бүрдүүлж, сайдуудаа Ерөнхийлөгчид бараалхуулахад Гадаад харилцааны сайд Б.Батцэцэгт хандаж Ерөнхийлөгч "...10 гаруй элчин сайдууд томилогдоогүй байгаа. Энэ асуудлыг яаралтай оруулж ирэх хэрэгтэй байна..." гэж шуудхан шахалт үзүүлсэн. Энэ нь миний хүмүүсийг Элчин сайдууддаа шингээ, би танайхантай нийлүүлээд сонгуулиас өмнө маш хурдтай ёсчлоод өгье л гэсэн үг байв.

Гэвч Ерөнхийлөгч яаж ч шахаад МАН хөдлөхгүй гүрийсээр байна. МАН дотроо арай гэж тохироогоо хийгээд оруулаад ирсэн Ц.Цэнгэл тэргүүтэй 11 хүнийг нь Ерөнхийлөгч чагтлаад даший шог болгочихсон. Товчхондоо, МАН болон Ерөнхийлөгч хоёр Элчин сайдуудын томилгоон дээр огт тохирч чадахгүй байсаар хоёр ч парламентыг дамнуулан өдийг хүрлээ. Тийм ч учраас Засгийн газраас оруулсан нэрийг нь Ерөнхийлөгч гацааж, Ё.Отгонбаяр зэрэг МАН-ын эмзэг цэгүүдийг эгүүлэн татна гэж "хатгасаар" хоёр сарыг үдлээ. Ерөнхийлөгч бүрэн эрхийн хугацаа нь дуусах цаг тулчихаад сандрахдаа өнгөрсөн долоо хоногт С.Батболд гишүүний асуудалтай "уяж" АНУ-д суугаа Онц бөгөөд бүрэн эрхэт Элчин сайд Ё.Отгонбаярыг эргүүлэн татах тухай зарлиг гаргав. Үүнийгээ Гадаад харилцааны яаманд хүргүүлж, ойрын хугацаанд арга хэмжээ авахыг сануулсан ч МАН дахиад л таг. За, эсвэл үгүй ч гэхгүйгээр дипломат аргаар луу унжиж байна. Магадгүй МАН энэ хэвээрээ гүрийсээр 2 сар тэвчиж чадвал Х.Баттулгын эрх ашгийг шингээхгүйгээр хэрүүл, зодоонтой ч нам дотроо хуваах болно. Хаашдаа хугацаа нь хэтрээд утгаа алдчихсан хойно МАН одоо юунд нь яарах билээ.

Л.Болд, Г. Уянга, Я.Санжмятав, С.Ламбаа нарыг АНУ тэргүүтэй улсуудад элчингээр томилуулахаар Ерөнхийлөгч зүтгүүлжээ

Эх сурвалжуудын мэдээлж буйгаар Ерөнхийлөгч Х.Баттулгын зүгээс хамгийн ойрын гурван хүнээ нэр бүхий улсуудад Элчин сайдаар суулгахаар шахалт үзүүлж байгаа аж. Тодруулбал, тэрбээр өөрийн зөвлөх Л.Болд, С.Ламбаа, Я.Санжмятав болон иргэний нийгэм, хүний эрхийн бодлогын зөвлөх асан Г.Уянга нарын ДӨРВӨН эрхмийг шинээр томилогдох Элчин сайдуудад багтаах саналаа МАН-д тавьжээ. Зарим эх сурвалжуудын өгүүлснээр Г.Уянгааг эгүүлэн татах зарлиг гаргаад буй АНУ-д суугаа Онц бөгөөд бүрэн эрхт Элчин сайд Ё.Отгонбаярын оронд, нөгөө гурвыг нь Европын улсууд болох Болгар, Польш, Герман зэрэг улсуудад элчингээр томилуулах хүсэлтэй байгаа гэнэ.

Мэдээж 65 суудал авсан МАН-ынхан сул орон тоо гарсан 10 гаруй элчингийн ормыг нүүр нүдгүй булаацалдаж байгаа. Хэрвээ Ерөнхий сайд, намын дарга хоёр нь "том ах"-даа найр тавиад стратегийн ач холбогдол бүхий 4 чухал улсын элчингээ өгчихвөл хоосон хоцорч буй МАН-ын гомдогсод тэр хэрээрээ дарга нартаа гомдож, "галав юүлэхээр" өс санах нь гарцаагүй. Гишүүд олон байх тусмаа хүн бүрийн эрх ашгийг хангах гэж үйлээ үздэг нь хэт олонх болсны үйлийн үр. Өмнөх намын дарга М.Энхболд ч энэ шалтгаанаар л хамаг залуусынхаа дургүйг хүргэж, эцэст нь өөрөө хөнтрүүлсэн шүү дээ. Одоо МАН-ын дарга У.Хүрэлсүх, Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ нар ацан шалаанд орчихоод аргаа барахдаа намаа түшиж, ахдаа муухай зан гаргаж, элчингийн саналын хүлээж авахгүй шүд зууж сууна. Өөр яалтай ч билээ. Ахдаа өвөрчлөн хандаж, улс төрийн замналаа сүйрүүлэлтэй нь биш.

Элчин сайдуудаа томилж чадахгүй ОНИГОО болж байх хооронд чинь
дипломат алба утгаа алдлаа

Үндсэн хууль болон Засгийн газрын тухай хуулиараа Монгол Улсаас гадаад улс, НҮБ-ын дэргэд суух бүрэн эрхт төлөөлөгчийн газрын тэргүүнийг томилох, эгүүлэн бүх асуудал Ерөнхийлөгчөөр эцэслэгдэн шийдэгдэхээр заагдсан. Эрх баригчид олуулаа хүч түрж асуудлаа шийдсэн ч, Ерөнхийлөгч итгэмжлэх жуух бичгийн өгөхгүй бол асуудал тэгээд л гацаанд орно. Хэдийгээр Засгийн газар Элчин сайдуудын нэрсийг оруулдаг ч хууль тогтоох, гүйцэтгэх, эв нэгдлийг хангах 3 субъект эрх ашгийг эхийн эцээж, тугалын тураахгүй байдлаар шингээж чадвал сая нэг юм Монгол Улс Элчин сайдуудаа томилдог. Хэрэв эдгээр гурван субъект ойлголцож эс чадваас өнөөдрийнх шиг манай улс бүрэн эрхийн хугацаа нь дуусчихаад байгаа элчингүүдээ сольж, хольж чадахгүй аюулд хүрдэг уршигтай.

Дотооддоо "бялуугаа" хуваах чинь яах вэ. Гадаад улсуудад "элчингээ ч томилж чаддаггүй Монгол" гэсэн муу нэр шошго хадуулсаар байх уу. Эрх ашиг нийцэж л байвал ах дүү, хамаатан садан, хэнийг ч хамаагүй дипломат албанд чихдэг өлөн зан чинь 100 гаруй жилийн түүхтэй дипломатын албыг утгаар нь сүйрүүлж гүйцлээ. Гадаадад очихоороо халаасны хулгайчдаасаа ичиж бөгс улайдаг байсан бол одоо хууль бус тамхины хулгайч, наймаачдаас чинь ичиж нүүр хийх газаргүй боллоо.

Энэ алдаа завхралын чинь үр дүнд дипломат албаны үнэ цэнэ алдагдаж гэмт хэргийн үүр уурхай эсвэл үеэ өнгөрөөж буй улс төрчдийн СҮҮЛЧИЙН ЗОГСООЛ болчихлоо. Ах нараа одоо эрх ашгийн эрэмбээ сэргээж, улсаа жаахан бодвол яасын бэ...

Г.Лхагвадорж

Сурвалжилга: 40-өөс дээш насныхан дараалал булааж байна
Сурвалжилга: 40-өөс дээш насныхан дараалал булааж байна
 
УЕПГ: Вьетнам улс руу визгүй зорчих болсонтой холбоотойгоор эрүүгийн хэрэгт эрх зүйн туслалцаа үзүүлэх чиглэлээр хамтран ажиллахаар болов
УЕПГ: Вьетнам улс руу визгүй зорчих болсонтой холбоотойгоор эрүүгийн хэрэгт эрх зүйн туслалцаа үзүүлэх чиглэлээр хамтран ажиллахаар болов
Энэ мэдээ хуучирсан буюу 2021/04/06-нд нийтлэгдсэн мэдээ болно.