Энэ мэдээ хуучирсан буюу 2021/04/07-нд нийтлэгдсэн мэдээ болно.

Н.Түвшинбаяраас Ерөнхийлөгч, Ерөнхий сайд хоёр “зай“-гаа авсан уу

Ангилал
Улс төр
Огноо
Унших
3 минут 49 секунд

     Н.Түвшинбаярын зодооныг бүгд мэдэж байгаа тул хэргийг нуршилгүй гол асуудалдаа оръё. Гаргасан үйлдэлтэй нь холбоотойгоор улс төрийн хүрээний нөлөө бүхий хүмүүс Н.Түвшинбаяраас "зай"-гаа аваад эхэлсэн бололтой. Тодруулбал, Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнийн хэвлэлийн албанаас өнөөдөр news.mn сайтад өгсөн мэдээлэлдээ "Н.Түвшинбаяр Ерөнхий сайдын зөвлөх биш. Тэрээр орон тооны бус зөвлөхөөр ажиллахаар болсон ч уг шийдвэрийг өнөөдрийг хүртэл бичгээр албажуулаагүй байсан" хэмээн "жийжээ".

    Уншигчиддаа эргэн сануулахад 2021.02.25-ны өдөр Засгийн газрын албан ёсны цахим хуудсанд "Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ Засгийн газар эртэч, эрүүл, идэвхтэй, жингийн илүүдэлгүй монгол болохыг иргэддээ уриалж дээрх уриалга, зорилтоо хэрэгжүүлэхийн тулд МҮОХ-ны Ерөнхийлөгч Н.Түвшинбаярыг зөвлөхөөрөө ажиллуулах боллоо..." гэж Засгийн газрын Хэвлэл мэдээлэл олон нийттэй харилцах газраас мэдээлсэн байдаг.

     Гэвч өнөөдөр түүнийг албажаагүй байсан гэдэг үндэслэлээр Ерөнхий сайд "тойрог"-ийнхоо гадна үлдээж байна. Энэ нь товчхондоо Ерөнхий сайд Н.Түвшинбаяраас дөлсөн, хүнлэг бус үйлдлийнх нь "гал" өөр рүү нь эргэхээс сэргийлсэн явдал. Нөгөө талаасаа гэмт хэрэг, зүй бус үйлдэл хийсэн хүнтэй Ерөнхий сайд хамтарч ажиллаж, зөвлөхөөрөө байлгахгүй гэсэн санаа. Тэр нь ч зөв.

     Албан бус эх сурвалжуудын мэдээлж буйгаар Н.Түвшинбаярыг Н.Энхбат начныг зодчихоод өөрөө эмнэлэгт "ухаан" алдчихсан байхад нь, мөн цагдаад мэдүүлэг өгчихөөд буцаад эмнэлэг рүүгээ явчихсан байхад нь Ерөнхий сайд "Хүн зодож танхайрч, гэмт хэрэг нь шалгагдаж байгаа нөхөр яахаараа эмнэлэгт хэвтээд байдаг юм. Жирийн иргэдийг баривчлаад явдаг шигээ хуулиа бүх хүнд тэгш үйлчлүүл" гэсэн үүрэг чиглэлийг хууль хяналтынханд өгсөн гэсэн мэдээлэл байгаа.

    Нээрээ ч Н.Түвшинбаярыг эмнэлэгт хэвтэх шаардлагатай гээд арын хаалгаараа сэтгүүлчдээс "бултуулж" байсан цагдаагийнхан маргааш нь гэнэтхэн хойшлуулшгүй гэж ирээд л 20 хоног цагдан хорьчихсон. Үйл явдлыг эргүүлээд бодохоор Ерөнхий сайддаа загнуулчихсан ч юм шиг.

"Ерөнхийлөгч хуруугаа ч хөдөлгөхгүй"

   За, ингээд Ерөнхий сайд өөрийн зөвлөх, ойрын хүмүүсийн нэг Н.Түвшинбаяраас "зайгаа" авчээ. Тэгвэл Н.Түвшинбаяртай Ерөнхий сайдаас илүү ойр нэг хүн байдаг нь Ерөнхийлөгч Х.Баттулга. Ерөнхийлөгч бол түүнийг өнөөдрийн зэрэгт хүрч, амжилт болон алдаа онооны эзэн болоход хамгийн том тус хүргэсэн. Жинхэнэ дотны хүн нь. Гэсэн хэдий ч Ерөнхийлөгч ямар ч реакц, болон нөлөөлөл гаргасангүй.

     Албан бус эх сурвалжийн хэлж буйгаар хэрэг гарсны маргааш Н.Түвшинбаярын ойрын хүмүүс Ерөнхийлөгчтэй уулзах гэсэн боловч мань эр уулзахаас татгалзаж ойрын албан тушаалтнаараа "Би наад хүнд ч боль гэж зөндөө хэлсэн. Одоо би хуруугаа ч хөдөлгөхгүй" гэж хэлээд хаалгаа тас савсан сурагтай. Хэрэв үнэн бол Н.Түвшинбаяраас ах нь бүгд л нүүр буруулж эхэлсэн бололтой. Үнэндээ бол зөв шдээ. Уурлаж, маргаж зодолдож зүйл гаралгүй л яах вэ. Гэвч нэг нөхрөө тийм хэрцгий, балмадаар зодож гэмтээсэн үйлдэл маш олон хүний дургүйг хүргэж байгаа шүү дээ. Булганы бөхчүүд нь хүртэл түүнээс зайгаа авчихсан гэдэг яриа сүүлийн жилүүдэд чих дэлсэх болсон.

Г.Зай

Засгийн газрын нуугдмал “Саалийн үнээ”
Засгийн газрын нуугдмал “Саалийн үнээ”
 
СУДАЛГАА: Үе тэнгийн дээрэлхэлт, ялгаварлан гадуурхалт төрийн өмчийн сургуулиудын орчинд илүү үйлдэгдэж байна
СУДАЛГАА: Үе тэнгийн дээрэлхэлт, ялгаварлан гадуурхалт төрийн өмчийн сургуулиудын орчинд илүү үйлдэгдэж байна
Энэ мэдээ хуучирсан буюу 2021/04/07-нд нийтлэгдсэн мэдээ болно.