Энэ мэдээ хуучирсан буюу 2021/04/09-нд нийтлэгдсэн мэдээ болно.

Сурвалжилга: Хүүхэд бэртэж, эндсэн газруудад өөрчлөлт хийдэг үү

Ангилал
Фото сурвалжилга
Хэзээ
2021/04/09
Унших
9 минут 4 секунд
QR кодыг уншуулж мэдээг утсаараа унших боломжтой.

Үндсэн хуульд зааснаар Монгол Улсын иргэн бүр эрүүл, аюулгүй орчинд амьдрах, орчны бохирдол, байгалийн тэнцэл алдагдахаас хамгаалуулах эрхтэй гэсэн байдаг. Гэтэл сүүлийн гурван жилийн хугацаанд орчны аюулгүй байдлаас болж тоглохоор ирсэн хүүхдүүд харамсалтайгаар бэртэж, нас барах тохиолдлууд шил даран гарсаар байна. Иймд манай сайтын зүгээс тэдгээр эмгэнэлт явдал өрнөж, олны анхаарлыг татсан газрууд өдгөө ямар байдалтай байгааг сурвалжиллаа.

-ХИЙМЭЛ ЗҮЛЭГ ШИНЭЭР ДЭВСЭЖ, ХӨЛБӨМБӨГИЙН ХААЛГАНЫ ТӨМРИЙГ ХАНА БОЛОН ГАЗАРТАЙ САЙТАР БЭХЭЛЖ ЦЕМЕНТЭЭР БҮРЖЭЭ-

БЗД-ийн 79-р сургуулийн хөлбөмбөгийн талбайд тоглохоор очсон 13 настай хүү хөлбөмбөгийн талбайн төмөр хаалганд даруулж амиа алдсан. /2018.6.18/

Тус сургуулийн тавдугаар ангид сурдаг хүү эмээгээсээ “Хөлбөмбөг тоглочихоод, удахгүй ороод ирье” гэж гуйж гараад цаг ч бололгүй ийнхүү эмгэнэлт явдал тохиолджээ.

Тухайн үед сургуулийн зүгээс биеийн тамирын багш нь “Сургууль амарчихсан байсан. Бид нар 14 хоногийн өмнө гагнасан. Бид зохих журмынхан дагуу шийдвэрлэнэ” гэсэн бол Боловсрол, соёл, шинжлэх ухаан спортын яамнаас “Урьдчилсан дүгнэлтээр хүмүүсийн буруутай үйл ажиллагаанаас болж хүүхэд эндсэн. Тэр хавийн хүмүүс хөлбөмбөгийн талбайн төмрийн нэг талыг нь хулгайлсан, тэр нь догонцсон байхад нь хүүхдүүд тоглосон нь осол гарах шалтгаан болжээ” хэмээн тайлбарласан байдаг.

Бид 79-р сургуулийн хөлбөмбөгийн талбайг зорин очиход сургууль амарсан тул хөлбөмбөгийн талбайныхаа хашааг түгжсэн байдалтай угтав. 2018 онд байсан үеэ бодоход хиймэл зүлэг шинээр дэвсэж, хөлбөмбөгийн хаалганы төмрийг хана болон газартай сайтар бэхэлж цементээр бүрсэн байлаа. Ногоон талбайд цөөн харагдах хогийг эс тооцвол хүүхдүүд аюулгүй тоглох орчин жаахан ч гэсэн бий болсон нь олзуурхууштай явдал байлаа.

-АНХААРУУЛСАН БИЧИГ ТОГТООЖ, НУУР ТОЙРУУЛАН ХАШАА ТАТЖЭЭ-

Үндэсний цэцэрлэгт хүрээлэнгийн ойролцоох тогтоол усанд дөрвөн хүүхэд тоглож байгаад усанд живж амиа алдсан. /2020.5.27/

Баянзүрх дүүргийн 11 дүгээр хорооны нутаг дэвсгэрт Үндэсний цэцэрлэгт хүрээлэнгийн баруун урд хэсэгт байрлах “Хан талст” компанийн эзэмшил талбайд 11-15 насны хүүхдүүд Дэнжийн 1000-аас тоглохоор ирээд амь насаа алджээ. Тухайн үед 10 хүүхэд тоглож байсан бөгөөд гурван хүүхэд живэхэд нэг хүүхдийн ах ус руу орж дүүгээ аврах гэж байгаад эндсэн байна.

Үндэсний цэцэрлэгт хүрээлэнгээс холгүйхэн барилгын ажил явагдах бөгөөд түүний цаана эл хуль шороо, бургас дунд томоос том АНХААР нуурын усанд орохыг хориглоно гэсэн бичиг харагдаж байв. Ойртож үзвэл цас дарсан хөлдсөн нуурыг тойруулан өндөр төмөр хашаа босгожээ. Азаар дахиж хүүхдүүд дэггүйтэн тоглох гэж орж чадахгүй болсон байв.

Эх сурвалжийн мэдээлснээр тогтсон усыг хавь ойрынхон нуур гэж нэрлэн заншсан байна. Өвөлдөө хөлдөөд ус нь багасчихдаг боловч урин ороход хайлж, доороосоо бургилах нь ч бий гэнэ. Үер болж усны түвшин нэмэгдэх үед халиад туул голтой нийлдэг аж. Төвдөө нэлээд гүнзгий бөгөөд жирийн үед 1 метр орчим өндөртэй байдаг гэлээ. Хүмүүс мэдэлгүй усанд орчихож магадгүй тул сэргийлэн тэмдэг тавьж, хашаа барьсан гэх мэдээллийг бидэнд өгсөн юм.

Дөрвөн хүүхэд усанд живж эндэх үед “Хан талст” компанийн эзэмшил талбайд НЗДТГ-аас удаа дараа хяналт шалгалт хийж, албан шаардлагуудыг хүргүүлэн, зөрчил арилгах хугацаатай мэдэгдэл өгч ажилласан боловч  ийнхүү эмгэнэлт явдал болсон тухай албаныхан мэдээлж байсан. Харин биднийг очих үед тус компани газрыг эзэмшиж буй хэвээр байлаа.

-ЭМИЙН САН НҮҮЖ, БҮХ ТӨРЛИЙН БАРААНЫ ТӨВ АЖИЛЛАЖ БАЙЛАА. ХҮҮХЭД ТӨДИЙГҮЙ НАСАНД ХҮРСЭН ХҮН ХҮРЭХГҮЙ ӨНДӨРТ ТОГНЫ УТСАА ТАТЖЭЭ-

СБД-ийн 8-р хорооны нутаг дэвсгэрт байрныхаа гадаа тоглож байсан хүү эмийн сангийн гадаах тогтой төмөр утсанд хүрсний улмаас амиа алдсан. /2018.6.26/

Тодруулбал, тус хорооны нутаг дэвсгэрт байрлах “Дэлгэр төв’-ийн хажууд тоглож явсан есөн настай хүү найзуудтайгаа матар барина хэмээн тоглож байх үедээ “Эко шинэс” эмийн сангийн хаалганы төмрөөс барьснаас, тогонд цохиулан амиа алджээ. 

Биднийг хэргийн газарт очиход эмийн сан байхаа больж, бүх төрлийн барааны төв ажиллаж байлаа. Харин хүүхдийн өндөртэй чацуу тогны утас олж харсангүй. Насанд хүрсэн хүн ч хүрч чадхааргүй өндөрт тогны утсаа тогтоожээ. Барилгын эргэн тойронд амьтны хэлбэртэй хэдэн хөшөө байдаг тул хүүхдүүд их тоглодог бололтой. Тус хөшөөнүүд машин зам болон явган хүний замын дунд байрласан байх тул ихээхэн оновчгүй шийдэл шиг санагдав. Оронд нь сандал, хогийн сав байрлуулж хүүхдийн тоглоомын талбайг тусад нь шийдэж өгвөл багачууд минь арай аюул багатай, таатай орчинд тоглох байжээ.

-ЦАР ТАХЛЫН УЛМААС ХҮҮХДИЙН ТОГЛООМЫН ТАЛБАЙГАА ТҮГЖИХ АРГА ХЭМЖЭЭ АВСАН БАЙВ-

Баянзүрх дүүргийн 14 дүгээр хороонд байрлах “Цагаан хуаран” хотхоны 86 дугаар байрны гадна талбайд байрлах гулсуур унаж, зургаан настай охин бэртсэн. /2020.9.26/

Хүүхдийн зориулалтын тоглоомын талбай боловч гулсуурыг газартай сайтар бэхэлж өгөөгүйн улмаас унаж буй хүүхдүүдийн дүрс бичлэг цахим орчинд тарж олон хүнийг бухимдуулж, санааг нь чилээсэн билээ. Хүүхэд эндэх бүрт эцэг эхийн хараа хяналтын тухай нэн тэргүүнд ярьж эхэлдэг бол энэ тохиолдолд хүүхдээ хараад сууж байсан эцэг эхчүүд гүйж очсон ч амжихгүй нөхцөлд байсан нь илэрхий. Арай ч тоглоомын талбайдаа тоглож байхдаа гэмтчихнэ гэж төсөөлөөгүй биз. /Тус үйл явдлын бичлэгийг үзэх бол ЭНД дарна уу/.

Тэгвэл “Цагаан хуаран” хотхонд байрлах тус тоглоомын талбайд биднийг очиход хаалга нь гаднаасаа цоожлогдсон байлаа. Оршин суугчдаас энэ тухай асуухад Корона гарсан болохоор хаасан гэсэн хэмээн хариулав. Хүүхдүүд халдвар авах эрсдэлтэй гэж үзээд хаасан болохыг ойлгож байгаа ч хөл хорионд орж буй мянга мянган хүүхдүүд цар тахал гарснаас хойш юу хийж өдрийг өнгөрүүлж байгаа тухай бодогдлоо. Хүүхдүүд бусадтайгаа тоглосноор нийгмийн харилцааны тухай мэдлэг олж авдаг бол тус хотхоны хүүхдүүдийн хувьд боломжгүй болжээ. Гулсуурыг хашааны гаднаас ажиглахад урьдынхаараа газартай бэхэлж тогтоолгүй босгож тавьсан нь харагдаж байв. Үүнээс үзэхэд нэг хүүхэд гэмтэх нь тус газрыг алдаа дутагдлаа засаж, хүүхдэд аюулгүй орчныг бүрдүүлэхэд хангалтгүй мессэж бололтой.
 

Хүүхэд эндэж, бэртсэн хэргийн газруудаар явж үзэхэд хэвлэл мэдээллээр шуугиж, олны анхааралд удаан байсан газрууд бүгд ямар нэг байдлаар засвар хийж, дахин алдаа гаргахгүй байх тал дээр их бага хэмжээгээр анхаарчээ. Гэтэл нийслэлд шаардлага хангаагүй тоглоомын талбай, машин замтай бараг нийлчихсэн гулсуур, тогны утастай ойрхон дүүжин савлуур зэрэг дараачийн хохирогчоо хүлээж буй олон газрууд нүдэнд тусаж байлаа. Жаахан л сэтгэл гаргаад тогны утсаа янзлуулчихсан бол, жаахан эртхэн нуураа тойруулаад хашаа татчихсан бол, хөлбөмбөгийн хаалгаа унаад байхад нь барьж аваад гагначихсан бол бяцхан зүрхнүүд цохилсоор байх байжээ.

Энэ мэдээ хуучирсан буюу 2021/04/09-нд нийтлэгдсэн мэдээ болно.