Энэ мэдээ хуучирсан буюу 2021/04/14-нд нийтлэгдсэн мэдээ болно.

Н.Цэдэнбал:Генсек их мөнгө зарж яваад олигтой ч тоглож чадахгүй, арчаагүй, худлаа үнэн баяр хүргэсэн болоод орхиё гэсэн

Ангилал
Нийгэм
Огноо
Унших
7 минут 31 секунд

Хэдхэн хоногийн өмнө буюу өнгөрөгч гуравдугаар сарын 30-нд Монголын хөлбөмбөгийн шигшээ багийн тамирчид ДАШТ-нд Японы багтай тоглон харамсалтай ялагдал хүлээсэн билээ. Баг тамирчид маань эх орондоо ирээд тусгаарлагдаж байгаа бөгөөд энэхүү тоглолтын дараагаар шигшээ багийн ахлагч Н.Цэдэнбал өөрийн цахим хаягаараа дамжуулан Монголын хөлбөмбөгийн холбооны Ерөнхий нарийн бичгийн дарга Д.Тэрбаатарыг ёс зүйгүй үйлдэл гаргаж баг тамирчдаа доромжилж байна хэмээн шүүмжилж байгаа билээ. Энэ талаар тодруулахаар шигшээ багийн ахлагч Н.Цэдэнбалтай ярилцлаа.

-Та өөрийн сошиал хаяг дээрээ тусгаарлалтад байгаа ба танай багийнхны тусгаарлагдаж байгаа газарт өөр хоёр хүн нэмж оруулан нэгнийх нь шинжилгээнээс коронавирус илэрсэн талаар мэдээлсэн байсан. Нөхцөл байдал ямар байна вэ?

-Шигшээ баг Японоос ирснээс хойш Төв аймгийн бэлтгэлийн бааз руу зөвхөн өөрсдийн багийн бүрэлдэхүүнээр явж тусгаарлагдах байсан. Гэтэл Хөлбөмбөгийн холбооны Ерөнхий нарийн бичгийн дарга Д.Тэрбаатар өөрийн албаны хүмүүстэйгээ хотод өөр газар байрлахаар болсон. Оронд нь хоёр хүнийг шигшээ багийн тамирчидтай цуг бэлтгэлийн талбай руу явуулсан. Тэр хоёр хүний нэгнээс нь коронавирус илэрсэн. Ингээд тамирчид маань Төв аймгийн бэлтгэлийн бааз дээр дахин долоо хоноод дээрээс гэртээ ирсэн хойноо ч дахин долоо хоног эмчийн хяналтад байхаар болж байна.

-ИХ МӨНГӨ ЗАРЖ ЯВААД ОЛИГТОЙ Ч ТОГЛОЖ ЧАДАХГҮЙ, ХУДЛАА ҮНЭН БАЯР ХҮРГЭСЭН БОЛООД ОРХИЁ-

-Японы багтай тоглосон тоглолтын талаар болон түүний өмнөх бэлтгэл хангалт ямар байсан бэ?

-Мэдээж тоглолтын талаар ярихаасаа өмнө бэлтгэлийн талаар ярих нь зүйтэй. Монголд коронавирусээс шалтгаалан тамирчид бэлтгэл хийх боломжгүй байсан учраас гэрээсээ бэлтгэл хийж байгаад 21 хоногийн хугацаанд багаараа бэлтгэл хийгээд Японы шигшээ багтай тоглосон. Японы шигшээ багтай өмнөх удаагийн тоглолт дээр тактикийн хувьд хамгаалж тоглосон бол энэ удаа гоал хийх зорилготой довтолж тоглох зааврыг дасгалжуулагчийн зүгээс өгч тоглосон. Харамсалтай нь үр дүнд хүрч чадаагүй. Тоглолтыг үзэж байхдаа Д.Тэрбаатар дарга маань “Их мөнгө зарж яваад олигтой ч тоглож чадахгүй, арчаагүй, худлаа үнэн баяр хүргэсэн болоод орхиё” гэж болчимгүй үгс хэлсэн юм байна. Манай тамирчин хажууд нь зогсож байсан ба гэрчүүд тэрийг нотолж байгаа.

-Хөлбөмбөгийн холбооны өнөөгийн нөхцөл байдал ямар түвшинд байгаа вэ?

-Өмнө буюу 2015 оныг хүртэл хүндхэн байсан. 2015 оноос А.Ганбаатар тэргүүтэй  шинэ зөвлөл, шинэ ерөнхийлөгч, шинэ ЕНБД зэрэг хүмүүс гарч ирээд бодлогын хувьд үйл ажиллагаа нь харьцангуй сайжирч тамирчдыг ихээр дэмжиж, арай өөр түвшинд ажиллаж эхэлсэн. Түүний ачинд ч мөн бид анх удаа Зүүн Азийн аварга шалгаруулах болон Дэлхийн аварга шалгаруулах тэмцээний эхнийг шатуудыг давж одоо хоёрдугаар шатандаа тоглоод явж байна. Маш маш сэтгэл хангалуун байсан. Гэвч саяхан шинэ ЕНБД Д.Тэрбаатар гарч ирээд болж бүтэж байсан тэр бүх бодлого, бүх зүйлийг эргээд хуучны нөхцөл байдалд оруулан дордуулсан. Энэ талаар тамирчид бид үзэл бодлоо хэлсэн байгаа.

-БИД АНХ УДАА ДЭЛХИЙН АВАРГА ШАЛГАРУУЛАХ ТЭМЦЭЭНИЙ ЭХНИЙ ШАТЫГ ДАВСАН-

-Таны зүгээс холбооны ЕНБД Д.Тэрбаатарын хэлсэн үг, үйлдлийг шүүмжилж байгаа. Тэдгээрийн хариуд тантай холбогдсон уу?

-Анх пост бичсэн орой надруу залгасан. Би утсаа аваагүй. Бид Д.Тэрбаатар дарга гэхээс илүү албан ёсоор зөвлөлийн гишүүд болон А.Ганбаатар ерөнхийлөгчдөө албан бичиг хүргүүлнэ гэж бодож байна.

-Тамирчдын хувцас хэрэглэлийг хурааж авах талаар дурдсан байсан. Үүн дээр ямар байр суурьтай байгаа вэ?

-Болж байгаа бүх зүйлийг би өөрийнхөө фэйсбүүк дээр бичиж байгаа. Энэ бол зүгээр нэг хувцас хунарын асуудал биш шүү. Хүмүүс маань тэгж ойлгоод байх шиг байна. Хамгийн гол зүйл нь тамирчдаа дэмждэг, ойлгодог, зүрх сэтгэлтэй, чадвар, ёс суртахуунтай Ерөнхий нарийн бичгийн дарга хэрэгтэй байна. Тэгэхээр энэ хүн энэ шаардлагыг хангаж чадахгүй байна. Тийм учраас тамирчид зөв удирдлагатай болмоор байна гэсэн бодолтой байгаа шүү.

-Монгол, Японы тоглолтын эрхийг 1 сая ам.доллараар худалдсан тухай мэдээлэл байсан.  Энэ талаар дэлгэрүүлбэл?

-Гадны компани Япон, Монголын тоглолтыг цааш телевизээр дамжуулах эрхийг Монголын хөлбөмбөгийн холбоо 1 сая доллароор зарсан. Хэрэв тэр тоглолт цуцлагдсан тохиолдол Монголын талаас тэр мөнгийг авах эрхгүй болно. Торгууль ч төлөх нөхцөл бүрдэнэ. Тэгэхээр энэ сая долларыг авахын тулд тоглолтыг заавал зохион байгуулж тоглох шаардлагатай болсон. Ингээд энэ тоглолтыг Японд зохион байгуулж  шууд дамжуулснаар тэр мөнгийг авах нөхцөл бүрдсэн. Тэр мөнгө Монголын хөлбөмбөгийн холбооны дансанд орсон гэж би бодож байгаа.

-МОНГОЛ ТАМИРЧДЫН ИХЭНХ НЬ ДАВХАР АЖИЛ ХИЙДЭГ-

-Мэргэжлийн тамирчны хувьд зөвхөн хөлбөмбөг тоглоод амьдрах боломж байдаг уу?

-Хуучны үеэ бодвол дээдсэн. Гэхдээ олон улсын түвшинтэй харьцуулахад Монголд хөлбөмбөг тоглоод амьдрах боломж одоогийн байдлаар алга байна. Бүгд л хагас мэргэжлийн тамирчид байдаг. Ихэнх нь давхар ажил хийдэг. Тэгэхээр яг энэ зүйл дээр ЕНБД-ын зүгээс үүн дээр ямар бодлого гаргаж тамирчдаа мэргэжлийн тамирчид болгох талаар ажиллахын оронд эсрэгээрээ тамирчдаа муулж, доромжилж байгаад сэтгэл дундуур байна.

-“Улаанбаатар сити” клубээс таван жилийн гэрээгээ гэнэт цуцалж цалин болох нэг өрөө байраа буцааж авсан. Энэ талаар олон улсын хөлбөмбөгийн холбоонд хандана гэж байсан энэ асуудал нь хэрхэн шийдэгдсэн бэ?

-Тэр тухай Азийн хөлбөмбөгийн холбоонд захидал бичсэн. Ирсэн хариу нь энэ асуудлыг Монголын хөлбөмбөгийн холбоо болон дотоодын шүүхээр шийдвэрлэх асуудал байна гэж хариу ирсэн. Тэгэхээр миний бие хөлбөмбөгийн холбоондоо хүсэлт гаргасан. Одоогийн байдлаар шүүх нь гурав дахь шатандаа явж байгаа. Тов нь зарлагдаагүй байгаа. 

УИХ-ын гишүүн Н.Учрал эдгэрч, эх орондоо иржээ
УИХ-ын гишүүн Н.Учрал эдгэрч, эх орондоо иржээ
 
Л.Оюун-Эрдэнэ: Э.Бат-Үүл бол ардчилсан хувьсгалын үзэл санаандаа үнэнч үлдсэн цөөхөн хүмүүсийн нэг
Л.Оюун-Эрдэнэ: Э.Бат-Үүл бол ардчилсан хувьсгалын үзэл санаандаа үнэнч үлдсэн цөөхөн хүмүүсийн нэг
Энэ мэдээ хуучирсан буюу 2021/04/14-нд нийтлэгдсэн мэдээ болно.