Энэ мэдээ хуучирсан буюу 2021/04/15-нд нийтлэгдсэн мэдээ болно.

Х.Баттулга Ерөнхийлөгчид нэр дэвших сонирхолгүй байгаа гэв

Ангилал
Улс төр
Огноо
Унших
7 минут 24 секунд

Үндсэн хуулийн цэцийн дунд суудлын хуралдаан маргааш \2021.04.16\ болж Х.Баттулга энэ удаагийн Ерөнхийлөгчийн сонгуульд нэр дэвших үү? үгүй юу? гэдгийг шийднэ. Тэгвэл эх сурвалжийн мэдээлж байгаагаар эртнээс сайтар дэглэсэн жүжгийн дагуу түүнийг дахин нэр дэвшихгүй гэдэг шийдвэр гарах бололтой. Хачирхалтай нь энэ жүжгийн дэглээч нь МАН биш Х.Баттулга өөрөө гэж эх сурвалж баталж байна. Чухам яагаад ийм зүйл болж Х.Баттулга өөрөө өөрийгөө нэр дэвшүүлэхгүй болсныг баримт, логик дээр тулгуурлан тайлбарлая.

Х.Баттулгын дахин дэвшихгүй байх сонирхол 2019 оноос тодруулбал үндсэн хуулийн нэмэлт өөрчлөлтийг хэлэлцэж байх үеэс эхтэй гэв. 2020 оны УИХ-ын сонгуульд АН ялагдах нь тухайн үеэс л ойлгомжтой болж угсраад 2021 онд улиран сонгогдох зам нь бүдгэрч эхэлснийг тэр сайн харжээ. Тийм болохоор л дараагийн сонгогдох Ерөнхийлөгчийнхөө эрх мэдлийг тайрах, шүдгүй арслан болгох ажлыг МАН-тай гардан гүйцэтгэж Үндсэн хуулийн шинэчлэлийг хийсэн. Харин энэ өөрчлөлтийг МАН хийсэн мэт харагдах уран сайхны өнцгөө алдаагүй. Шинэ үндсэн хуулиар Ерөнхийлөгчид хамаарах заалтыг 2025 оноос хэрэгжүүлэх саналыг МАН-аас гаргасан. Харин тухайн үеийн ЕТГ-ын дарга З.Энхболд 2020 оноос хэрэгжих ёстой гэж шахсаар байгаад батлуулсан байдаг. З.Энхболд нь Ерөнхийлөгч Х.Баттулгын эрх мэдэл, цаашдын улс төртэй холбоотой ийм чухал хуулийг өөрийнх нь зөвшөөрөлгүйгээр батлуулна гэж байхгүй. Ерөнхийлөгч хуучин үндсэн хуулиар 2 удаа дээд тал нь 8 жил, харин шинэ үндсэн хуулиар 1 удаа 6 жилээр сонгогдох боломжтой. Хэрвээ Х.Баттулга энэ удаад улиран сонгогдвол 10 жил буюу аль ч үндсэн хуулийг давсан хэм хэмжээ бий болно. Тийм учраас нэр дэвших боломжгүй гэдгээ хамгийн сайн мэдэж байгаа хүн бол Х.Баттулга, З.Энхболд нар мөнөөс мөн.

Гэтэл Х.Баттулга өөрөө Ерөнхийлөгчид нэр дэвшихгүй гэдгээ зарлавал айсан, ялагдсан хэрэгт орохоос гадна АН түүний эсрэг чангарч бууж ирэх өдрийг нь өрийнх нь хэлдэгээр "заналтайгаар" хүлээх нь гарцаагүй. Тиймээс л тэр нэр дэвшихгүй биш, түүнийг нэр дэвшүүлэхгүй байгаа гэж харагдах ёстой. Дарлуулж байгаа хүнийг өмөөрдөг өрөвч Монголчуудын сэтгэлгээнд энэ кино маш их таалагдана.

Х.Баттулга хоосон амбиц, сэтгэл хөдлөлөөр улс төрд ханддаггүй түүний алхам бүр стратеги, тооцоо, уран гүйцэтгэлтэй байдаг. Энэ удаагийн Ерөнхийлөгчийн сонгуульд У.Хүрэлсүхтэй өрсөлдөөд ялах магадлал маш бага, яллаа ч цаашдын улс төр нь бэлгэдлийн 6 жилээр дуусна гэдгийг тэр сайн тооцоолж байна. Тэр цаашаа улс төрөө үргэлжлүүлье гэвэл АН-ын дэмжлэгийг авч МАН-тай тохироо хийхгүйгээр явахгүй. Тийм болохоор Ерөнхийлөгчийн сонгуульд дахин нэр дэвшихгүй гэдгээ МАН-д шифи өгөх байдлаар илэрхийлсэн ажээ. Наанаа МАН-ыг "дарангуйлж байна, олноороо хүч түрлээ" гэж байгаа ч хөшигний ард түүний өөрийнх нь дэглэсэн жүжиг өрнөж байна. Ойрноос Х.Баттулга МАН-ын дарга У.Хүрэлсүхтэй уулзаж, ойлголцож эхэлсэн гэдгийг ч эх сурвалж баталж байгаа юм.

Сайнаар тооцож тэр У.Хүрэлсүхтэй өрсөлдөөд яллаа гэхэд МАН-ын 62 гишүүн түүнийг тааллаар нь байлгахгүй. Хугацаанаас нь өмнө аваад хаях улс төрийн хөзөр гараад ирэхийг ч үгүйсгэхгүй. Харин ялагдсан тохиолдолд МАН, АН хоёр нийлж байгаад түүнийг дэвсэлнэ. Ерөнхийлөгчөөр сонгогдоод 2027 он хүртэл суугаад тэтгэвэрт гарах уу? эсвэл АН-аа базаж 2024 оны сонгуульд ялуулаад наанадаж 2028 он, түүнээс цаашаа улс төрийн насаа сунгах уу? гэсэн сонголт түүний өмнө гарч иржээ. Тиймээс л тэр нэр дэвшихгүй байх нь ашигтай хувилбар болж байгаа юм.

Нөгөө талдаа хоёр хуваагдсан АН-ын хувьд хоёулаа л Х.Баттулгыг нэр дэвшүүлэх сонирхолтой байгаа. Учир нь тэр Ерөнхийлөгчөөр дахин сонгогдвол 2024 онд АН-ыг ялуулж байж дараагийн улс төр нь үргэлжилнэ. Үүний төлөө АН-ыг хагалж хэн нэгнийг нэмж хонгилдох эрхгүй харин тултал дэмжихээс өөр замгүй болно. Хэрвээ Х.Баттулга ялагдвал түүнийг АН-ынхан унасан дээр нь дэвсээд авна. Аль ч тохиолдолд Х.Баттулга нэр дэвших нь АН-ын хувьд хамгийн зөв хувилбар учраас хоёр тал хоёулаа Х.Баттулгыг нэр дэвшүүлэхэд татгалзахгүй гэж байгаа. Энэ тухай Э.Бат-Үүл “Х.Баттулга намын дарга С.Эрдэнэтэй ойлголцох ёстой” гэж ил цагаан тохиролцох сонирхлоо илэрхийлсэн билээ. Х.Баттулгын хувьд АН-ыг цэгцлээд нэг болгох шиг амархан ажил байхгүй. Аргаа барахад С.Эрдэнийг өчүүхэн шалтгаар саатуулахад л хуулийн дагуу тамга нь Ц.Туваанд шилжиж тэр нэр дэвших визээ төвөггүй авч дөнгөнө. Гэвч энэ алхмыг тэр хийхгүй МАН-ынхан АН-ыг хоёр хувааж зориуд Х.Баттулгыг нэр дэвшүүлэхгүй байгаа мэт харагдах өнцгийг гарамгай зурж байна.

Товчхондоо У.Хүрэлсүхийн хамгийн бяртай үед түүний дайсан болж карьерээ эрсдэлд оруулахыг тэр хүсэхгүй байна. Тийм болохоор хэрэггүй зодоон хийлгүй У.Хүрэлсүхтэй тохиролцож түүнтэй зөрж 2024 оноос эрчимжих 2027 онд түүнийг буусны дараа улам барьцаа ахиулж урт удаан явах замыг тэр харж байна.

Ийнхүү маргааш үндсэн хуулийн цэц ямар шийдвэр гаргах нь бараг ойлгомжтой боллоо. Харин цэцийн шийдвэр гарсны дараа Х.Баттулга АН-ыг нэг болгож Ерөнхийлөгчид нэр дэвшүүлэх ажлаа шуурхайлна гэдгийг эх сурвалж онцолж байна. АН-аас Ерөнхийлөгчийн сонгуульд нэр дэвших хүн харин түүнд хадгаа барих ёстой. Өөрийнх нь үгээр явах хүнийг нэр дэвшүүлж азаа үзнэ. Хэрвээ тэр нь ялагдвал АН-аа бүтэн эрхшээж хоёр парламент дамжин сөрөг хүчний үүргээ олигтой гүйцэтгэж чадаагүй байдалд нь цэг тавьсан, 2024 онд ялалтыг авчирсан лидерийн дүрээр эргэн ирэх нь ээ.

ТАНИЛЦ: Шүүхийн сахилгын хороо болон ШЕЗ-ийн шүүгч бус гишүүд нэр дэвшигчдийн мэдээлэл
ТАНИЛЦ: Шүүхийн сахилгын хороо болон ШЕЗ-ийн шүүгч бус гишүүд нэр дэвшигчдийн мэдээлэл
 
Л.Оюун-Эрдэнэ: С.Зоригийн хэргийн зургаан ажлын хэсэг тарсан. Яагаад тарав. Энэ Ц.Элбэгдоржийн ЗГ-ын сэдэл байсан
Л.Оюун-Эрдэнэ: С.Зоригийн хэргийн зургаан ажлын хэсэг тарсан. Яагаад тарав. Энэ Ц.Элбэгдоржийн ЗГ-ын сэдэл байсан
Энэ мэдээ хуучирсан буюу 2021/04/15-нд нийтлэгдсэн мэдээ болно.