З.Гантогоо: "Ковид 19 Эрсдэл" систем нийтийн хэрэглээнд ормогц QR код уншуулах шаардлагагүй болно

Ангилал
Нийгэм
Хэзээ
2021/04/19
Унших
3 минут 47 секунд
QR кодыг уншуулж мэдээг утсаараа унших боломжтой.

"Ковид 19 Эрсдэл" систем өнөөдрөөс ашиглалтад орж байгаатай холбогдуулан иргэд ухаалаг гар утсандаа хэрхэн суулгаж, ашиглах талаар Харилцаа холбоо, мэдээллийн технологийн газрын Стратегийн бодлого, төлөвлөлтийн газрын дарга З.Гантогоогоос тодрууллаа.

-"Ковид 19 Эрсдэл" систем өнөөдрөөс ашиглалтад орж байна. Энэхүү системийн талаар товчхон танилцуулна уу?

Ковид-19 Эрсдэл  нь корона вируст халдварын өртөлтийн эрсдэлийг эрт мэдээлэх УОК-ийн систем юм. Тус системийг Apple болон Google  компани корона вируст халдварын тархалтыг бууруулах зорилгоор нийгмийн хариуцлагынхаа хүрээнд хөгжүүлсэн. Өнөөдрийн байдлаар дэлхийн 60 гаруй улсын 130 сая хүн идэвхтэй ашиглаж байгаа. Өнөөдрөөс эхлээд монголчууд бид уг системийг ашиглах боломж бүрдлээ гэж ойлгож болно.

-Иргэд энэ системийг утсан дээрээ татаж авах, эсэх талаар эргэлзэж байна. iOS, Android үйлдлийн системийн утастай хүмүүс хэрхэн ашиглах вэ? 

Юуны түрүүнд, энэ системийг иргэд татан авч, ухаалаг гар утсаа ашиглан өөрийгөө болон хайртай хүмүүсээ хамгаалаасай гэж хүсэж байна. Аль болох олон хүн гар утсандаа суулгаж байж энэхүү системийг ашигласны үр дүн гарна.  iOS буюу Apple -ийн утастай иргэд гар утасныхаа тохиргоо хэсэг үү ороод Exposure Notification -г зөвшөөрөөд болно. Харин android үйлдлийн системтэй гар утастай хэрэглэгчдийн хувд “Ковид 19 Эрсдэл” нэртэй аппликэйшнийг татаж суулгаад хоёрхон тохиргоог зөвшөөрснөөр ашиглах боломжтой болно.

Энд тодруулж хэлэхэд тус систем нь иргэний хувийн мэдээллийг цуглуулахгүй, байршлын мэдээллийг хянахгүй учраас иргэд үүн дээр санаа зовохгүй байж болно. Өөрөөр хэлбэл, таны хэн болох, хэнтэй уулзсан, хаагуур явсан гэх мэт хувийн мэдээллийг цуглуулахгүй. Энэ юу гэсэн үг вэ гэхээр таны утасны Bluetooth тохиргоо асаалттай байх үед  таны эргэн тойронд хоёр метрийн зайд байгаа утаснууд өөр хоорондоо нууцлал бүхий үсэг, тооноос бүрдсэн тусгай код өөр хоорондоо солилцдог. Энэхүү код нь таны хувийн мэдээллийг агуулдаггүй. Тийм болохоор таны хувийн мэдээлэл Apple болон Google компаниудад ч гэсэн  хадгалагддаггүй. Ингээд хэн нэгэн эерэг гэсэн хариу авсан тохиолдолд түүнтэй ойр байсан хүмүүст хавьтал болсон тухай мэдэгдэл ирдэг. Систем бол ерөнхийдөө ингэж ажилладаг. Ингэснээр иргэд өөрийгөө болон бусдыг хамгаалах боломж бүрдэх юм.

-Системийн хэрэглэгч болсны дараагаар утасныхаа bluetooth-ийг гадагш гарахдаа асаалттай байлгах зааварчилгаа байсан. Датагаа асаах шаардлагагүй юу?

Тийм датагаа асаах шаардлагагүй. Иргэд зөвхөн гар утасныхаа Bluetooth-ийг асаахад хангалттай. Энэ үед гар утаснууд хоорондоо мэдээлэл солилцоно. Ер нь бол Bluetooth -ээ байнга асаалттай байлгаснаар илүү үр дүнтэй.

-"Ковид 19 Эрсдэл" систем нийтийн хэрэглээнд орвол цаашдаа ААН, байгууллагуудын үүдэнд уншуулж буй QR кодыг ашиглах уу?

Энэ систем нийтийн хэрэглээнд ормогц QR код уншуулах шаардлагагүй болно. Харин үүний тулд иргэн бүр энэхүү системийг ухаалаг гар утсандаа нэвтрүүлэх хэрэгтэй.

 

Сэтгэгдэл (1)
Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд хариуцлага хүлээхгүй. !!!
  1. zochin

    wadadada