"QR-ын яам" байгуулаад, сайдаар нь Х.Нямбаатарыг томилъё

Ангилал
Улс төр Social pop COVID-19
Хэзээ
2021/04/27
Унших
6 минут 0 секунд
QR кодыг уншуулж мэдээг утсаараа унших боломжтой.

Дарга нар тэнэг байна гэж бараг байхгүй, тиймээс бид л тэнэг байх

   Коронаг яая гэж байхад QR гээд газрын гай хаанаас ч юм гараад ирсэн. Халдвараа алдсан 11 сараас хойш QR гэгчийг МАНай дарга нар зохион бүтээчихээд түүнийхээ учрыг олох гэж үнэндээ шамирч байна. Дагаад бид ч бас шамираад байна. Сүүлийн үед би лав "хөл хорио тогтооно" гэдэг үгнээс илүүтэй "QR кодоор явуулна" гэдэг үгнээс нь айдаг боллоо. Хөл хорио тогтоох тоолонд яг энэ үгний араас иргэд нь зам дээр цагдаатайгаа "гардан тулаанд" орно. Хөөрхий хэдэн цагдаа нарт ямар буруу байх вэ. Дарга QR-д гэсэн л бол QR-дахаас өөр яадын.

  Сонгуулийн бөөн ажлынхаа дундуур хөл хорио сунгасанг чинь ойлгож байгаа. Гэхдээ бүтэн сайны орой гэнэт хаанаас ч юм гарч ирээд QR-дах чинь иргэд бидэнд арай л хүнд тусаад байх юм. Дарга нар МАНГАР ухаантай юм чинь ийм жижиг юман дээр яагаад ч алдаа гаргахгүй. Өчигдөр өглөө эмч нар өөрсдөө дуугүй ажилдаа алхаад очих юман дээр хэрүүл хийж, хэдэн бор өмгөөлөгчидтэйгөө барьцлаа. Лифтэнд суувал бичүүлчих гээд байгаа хүмүүс машиндаа өдрийг өнгөрөөхгүй өөр хаана юугаа хийх юм. Ажил мэргэжлийн зовлонг нь ойлго. Хаанаас нь ч бодсон гарцаагүй бид нарын л буруу. Ямар сайндаа 45 мянган иргэн тэнэглэж энэ QR-ыг чинь ойлгохгүй байна гэж УОК руу захиа бичиж гомдлож байх вэ дээ. 

Доошоо газар хатуу, дээшээ принтер хол байсан шүү Х.Нямбаатар сайд аа

   Гэхдээ дарга нар бас онцгүй байна аа. Ядаж тэр Оюутолгойгоос "шаасан" мөнгөө бидэнд өгөхдөө "гэртээ принтер аваарай" гээд хэлчихгүй. Маниус нөгөө 300-г чинь аваад эхний өдрөө л шөнө дөл болтол түгжирч байгаад архи, талх аваад дуусгачихсан. Эсвэл шууд 300 тарааж байснаас принтер тараачихгүй. Үнэндээ ямар ч бэлтгэлгүй байсан бид бүтэн сайны орой 21 цагаас хойш ёстой доошоо газар хатуу, дээшээ принтер хол байсан шүү Х.Нямбаатар сайд аа. Хүн гэдэг бас сонин амьтан. Принтергүй байж Кю Ар-аа хэвлэх тухай бодож шанална, QR ч үгүй юм байж принтер хайж бас шанална. Хоёр хөл дээрээ явдаг хөхтөн амьтанд оюун ухаан заяасны хар гай л юм даа.

МАН-ын хамгийн ажилсаг дарга ч "QR"-ыг дийлсэнгүй

   Энэ QR гэгч аймаар зүйлийг хоёр Шадар сайд, нэг хотын дарга болон сүүлийн үед үнэхээр ажилсагаан барьж дийлэхгүй яваа Хууль зүйн сайд Х.Нямбаатар хүртэл хүчээ нэгтгээд барсангүй. Хөл хорио хэрэгжиж эхэлсэн өглөө  уламжлалын дагуу "би явна, чи явахгүй", "QR-г хараал идэг" гэсэн хэрүүл зам дээр өрнөлөө. Сүүлдээ QR нь чухал юм уу, ковид нь чухал юм уу гэдгээ ойлгохоо байлаа. Сая эрх баригчид бүр ярилцаж байгаад хамгийн ажилсаг даргаа оруулсан ч бас л фэйлдчихлээ. Уг нь мань эр архийг хундаглаж уух хууль зохиогоод гайгүй формтой байсан. Бидний ирэх өдрүүдэд бодох эрхэм зорилго бол QR-г хэрхэн хэрүүлгүй нэг нэгэндээ олгож, ашиглах вэ болох нь. 

"QR-ын яам" байгуулж, азийг цаашлаад дэлхийг байлдан дагуулъя

  Эдийн засгаа сайжруулж, хууль тогтоож, хууль батлах матлах нтр бол зүгээр зайл тэх үү. Улсаараа QR-ыг бараг 5 дахь удаагаа хөл хорионы үеэр олгох гээд бүтэлгүйтчихлээ. Үүнээс өөр онигоо гэж энэ зүүн хойд азид лав алга. Аягүй бол биднийг өмнөхөөсөө суралцаж чаддаггүй мангарууд гэж эргэн тойрныхон битүүхэн шоолж байгаа биз. Эхлээд энэ QR-аа шийдчихвэл бусад нь аяндаа болно. Ингэх цорын ганц гарц бол хаалт нээгээд QR-ын яам хаалтаа хаагаад байгуулчихад л болоо. Хэрвээ нийгмийн захиалга гэж байдаг юм бол үүнээс өөр ямар захиалга байдаг юм бэ. Дарга нар 11 сараас хойш бодож тунгаагаад учрын олж чадахгүй том асуудал юм чинь яам байгуулж байгаад илүү шинжлэх ухаанчаар хандах боломж олгоод үзье. Мэдээж яам болсон хойно сайдтай, төрийн нарийнтай байх нь тодорхой. МАНайхан болсон хойно аягүй бол дэд сайдыг хаа нэгтэйгээс гаргаад л ирнэ. Гэхдээ туршлагатайг нь бодоод маш их хэрүүл, алдаа завхралтай нүүр тулсан Х.Нямбаатарыг "QR"-ын сайдаар,  Төрийн нарийнаар нь хотын дарга Д.Сумъяабазарыг, дэд сайдаар нь С.Амарсайханг томилох горимын саналтай байна. Японы "Ганцаардлын яам" зэрэг сонин содон яамдыг бодоход манай яам ажлаа сайн хийж чадвал ажил нь шууд хэл, сэтгэл, чих гурвыг амрааж үр дүнгээ өгнө.

   Нэгэнт нэвтэрсэн QR гэж гайхамшгийг дарга нар наадам, цагаан сар, найр хурим гээд ирээдүйд сав л хийвэл ашиглах нь ойлгомжтой. Вакцинаараа чадахгүй байсан ч,QR-аараа азийг, цаашлаад дэлхийг байлдан дагуулъя. Төр нь яамаа байгуулвал, иргэд нь принтерээ авна.  Ингээд хамтраад явчихад QR ашиглах болгонд бид хэрүүл уруул, стресс, дипресст орохгүй Х.Нямбаатар сайд ч ажил ихтэй байвал заавал 21 гэж яарахгүйгээр 00 цагт ч хамаагүй журмаа танилцуулж болно шдээ.

Г.Лхагваа

Сэтгэгдэл (1)
Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд хариуцлага хүлээхгүй. !!!
  1. zochin

    Хууль зүйн яамны сайд нь QR код яриад зогсож байх гэж инээдтэй юмаа