Энэ мэдээ хуучирсан буюу 2021/05/02-нд нийтлэгдсэн мэдээ болно.

Ардын намын “ЗУРСАН“ зураг АРДЧИЛЛЫН самбарт өлгөгдөх нь

Ангилал
Улс төр Social pop
Огноо
Унших
6 минут 6 секунд

Нэг нам, 2 нэр дэвшигч гэсэн утгагүй байдал рүү Ардчилсан нам албан ёсоор орлоо. Өнөөдрийг хүртэл тус тусдаа салаад байсан хоёрыг намыг нийлээд нэг хүнийг Ерөнхийлөгчид "сойчихгүй" юм байх даа гэх хүлээлт эцсийн мөч хүртэл байлаа. Даан ч хоёр тусдаа дотоод сунгаа зохион байгуулж, С.Эрдэнэ болон Н.Алтанхуяг гэсэн хоёр дүрийг гаргаж ирээд салам "нүдэлцэх" боллоо. Цаашид яах бол. Хэн нь сонгуулийн визээ даруулах бол.

С.Эрдэнэ шийдсэн бололтой

Улс төрд санаадгүй зүйл огт байдаггүй. Бүгд бэлдсэн хувилбар, тооцсон үр дүн байх нь олонтаа. Тэр бэлдсэн зургийнхаа дагуу С.Эрдэнэ өөрийнхөө АН-аас гараад ирлээ. Инээдтэй нь АН-ын гишүүд нь ч хүртэл С.Эрдэнийг ингэж "ширлээд" гараад ирнэ гэж бодоогүй. Зарим нь бүр шок. Гэхдээ болж буй үйл явдалд итгэхээс өөр яалтай билээ. Бид С.Эрдэнэ өөрийнхөө АН-аас бүр цаашлаад Ерөнхийлөгчийн сонгуульд АН гэх том нэрийг төлөөлж ганцаараа "зодоглох" тухай бичиж байсан. Яг тэр тохирооны дагуу үйл явдал өрнөчихлөө. Угаасаа У.Хүрэлсүхэд ил цагаанаар хайр зарлаж байгаа С.Эрдэнэ өөрийгөө "өгөөш" болгохоор эргэж буцалтгүй шийдчихэж. Миний хувьд чухам яагаад гэдгийг мэдэхгүй ч, өөрийнхөө төлөө бус намынхаа төлөө л байгаасай. Яагаад ч юм ардчиллын төлөө, ардчилсан намынхаа эргэн сэргэлтийн төлөө юм шиг мэдрэмж төрж, түүнийгээ зөв таамаг гэж өөртөө итгүүлэхийг л хүсч байна.

Н.Алтанхуягийн "аялал" энд хүрээд дуусах уу

Нөгөө талд нь Н.Алтанхуяг гараад ирлээ. Тэгэхдээ бүр хол тасархай гэсэн. Н.Алтанхуяг ялаад Ц.Тувааны намаас гараад ирж байгаа нь Ерөнхийлөгчид бол сайхан зүйл. Сүүлийн үед үзэл санаа, хонгилийн тухай яриагаараа нэг талд байгаа хоёр хүн бол Н.Алтанхуяг, Х.Баттулга нар. Улс төрийн бодлогын зөвлөх байсан, олон зүйлээс нь өнгөрсөн 4 жилд "арьс"-ийг нь хамгаалж ирсэн гэдэг утгаараа Н.Алтанхуяг Ерөнхийлөгчдөө их "хайртай". Цаашдаа улс төрд санал бодлоо нийлүүлэх л байх. Гэнэтхэн хоёр хоногийн өмнө "Босоог" намдаа авч, нэр дэвшүүлэх гэсэн нь цэвэр Н.Алтанхуягийг дэмжих гэсэн технологи. Үүнд нь дургүйцсэн Х.Тэмүүжин тэргүүтэй нөхдүүд "үргэж" байх жишээний. Хэрвээ Х.Тэмүүжин нэр дэвшсэн бол Ерөнхийлөгчийн талын хүн Ц.Тувааны сунгаанд ялахгүй байх ч магадлалтай. Ямар ч байсан Ерөнхийлөгчийн бат арааны хүн дотоод сунгаандаа өнгөлчихлөө.

"У.Хүрэлсүх дарга нэгийг нь таална"

С.Эрдэнээ У.Хүрэлсүхийн эсрэг "гардан тулаанд" орох нь байтугай нам удирдаж байсан шууд бус тулаандаа хүртэл айгаад Р.Амаржаргалаар "бамбай" хийх гэж оролдсон. Яагаад эрх баригчид АН-ыг хоёр хуваав. Үүнийгээ яагаад дээд шүүх дээр улам баталгаажуулав гэдэгт эхлээд хариулъя. Нийт сонгогчдын тал нь Улаанбаатарт оршин суугаа. Өнгөрсөн хугацаанд ковидын өөдөөс вакцингүй, зохион байгуулалтгүй онц муу ажилласан эрх баригчдад монголчууд бүхэлдээ дургүйцэж буйгаа сошиалд илэрхийлж байгаа. Ялангуяа нийслэлчүүдийн олон дараалсан хөл хорио, халдварын өсөлт, нас баралт гээд бүр таагүй хандаж байна. Тиймээс тэд МАХН-д "амлалт" өгч, С.Эрдэнэд бас бусаар нөлөөлж байгаа гэнэ. Н.Энхбаярыг урвуулж, С.Ганбаатарыг "хэвтүүлсэн". Одоо С.Эрдэнийг захиалж, СЕХ дээрээ бүртгэж авснаар тэд бартаагүй замаар гүйх нь. Н.Алтануяг бол С.Эрдэнийг бодвол эвгүй нөхөр. Нэг намын хэт хүч түрсэн, дэндүү "бяртай" байгааг хараад сонгогчид Н.Алтанхуягийг, АН-тай нь хамт налчихаж магадгүй. Ерөнхийдөө Н.Алтанхуягийг бүртгүүлж, өөрийнхөө өөдөөс халзагнуулах зориг У.Хүрэлсүхээс гарна гэдэг эргэлзээтэй. Ядархад яр гэгчээр АН-ынхан өөрсдөө бүтэлгүй тоглолт хийгээд хуулийн гарцгүй болсон.

Ингээд хуучин бүртгэлээр С.Эрдэнэд хүч ирнэ. Уг хүчийг МАН-ын дэмжлэгтэй олж байгаа. МАН бүр солиормоор санагдвал Н.Алтанхуяг, С.Эрдэнэ хоёрын хэнийг нь ч бүртгэхгүй байх хувилбарыг сэтгэж чадна. Тийм боломжийг С.Эрдэнэ, Ц.Туваан хоёр өөрсдөө л бий болгосон. Гэхдээ бяртай байлаа, байлаа гэхэд тэгж дураарай загнаж бүхний дургүйг арай ч хүргэхгүй байх.

АН-ынхан бүгд нийлээд Н.Алтанхуягийг Сонгуулийн ерөнхий хороонд нэр дэвшигчээр бүртгүүлэхээр өгсөн ч С.Эрдэнийг МАН-ынхан хүчээр нэр дэвшүүлэх магадлалтай. УИХ-ын гишүүн Б.Пүрэвдорж “Манай АН ойлголцож чадахгүй хоёр хүн нэр дэвшүүлнэ. Тэр хоёр нэрийг У.Хүрэлсүхийн багын найз СЕХ-ны дарга П.Дэлгэрнаран бариад орно. Ингээд У.Хүрэлсүх дарга нэгийг нь таална. Түүний таалсан хүнийг СЕХ бүртгэж У.Хүрэлсүхтэй өрсөлдүүлнэ” гэж хэлснээр бүх зохиол өрнөж МАН-ын захиалгаар С.Эрдэнэ нэр дэвших нь бараг ойлгомжтой болох шиг боллоо.

Г.Лхагвадорж

О.Цогтгэрэлийн АН-ын сунгаанд урьдчилсан байдлаар Н.Алтанхуяг ялжээ
О.Цогтгэрэлийн АН-ын сунгаанд урьдчилсан байдлаар Н.Алтанхуяг ялжээ
 
Д.Амарбаясгалан: Иргэд хямд гурил хэрэглэх боломж бүрдлээ. Гурилыг импортын татвараас чөлөөлөх хууль ирэх сарын 1-нээс хэрэгжинэ
Д.Амарбаясгалан: Иргэд хямд гурил хэрэглэх боломж бүрдлээ. Гурилыг импортын татвараас чөлөөлөх хууль ирэх сарын 1-нээс хэрэгжинэ
Энэ мэдээ хуучирсан буюу 2021/05/02-нд нийтлэгдсэн мэдээ болно.