Энэ мэдээ хуучирсан буюу 2021/05/04-нд нийтлэгдсэн мэдээ болно.

Б.Түвшинтөр: Дархлаажсан иргэдэд эсрэг биетийн шинжилгээг улсын хэмжээнд анх удаа хийнэ

Ангилал
Нийгэм
Огноо
Унших
7 минут 40 секунд

Коронавирусний цар тахлын үед ачааны хүндийг үүрч яваа эмнэлгийн байгууллагуудын томоохон төлөөлөл болох Улсын Нэгдүгээр төв эмнэлгийн төлөвлөлт, үйл ажиллагаа эрхэлсэн дэд захирал Б.Түвшинтөртэй цаг үеийн байдлын талаар болоод эмнэлгийн үйл ажиллагаа хэрхэн явж байгаа талаар ярилцлаа.
Улсын нэгдүгээр эмнэлэг цар тахлын үеэр хэрхэн ажиллаж байна вэ?
- Улсын нэгдүгээр төв эмнэлэг ковидийн үед нийт дөрвөн хэсэгт хуваагдаж ажиллаж байна. Нэгдүгээр хэсэг болох амбулатори буюу урьдчилсан үзлэгийн хэсэг маань 11 цонхтойгоор хэвийн үйл ажиллагаатайгаар ажиллаж байна. Хоёрдугаар хэсэг нь эрхтэн шилжүүлсэ, цусны хавдартай хүмүүс болон Сүхбаатар дүүргийн дархлаажуулалтын төв цэг болон дархлаажуулалтын үйлчилгээ үзүүлж байгаа. Гуравдугаар хэсэг буюу Төв байр маань энгийн эмчилгээ, үйлчилгээ, хагалгааг төлөвлөгөөт болон яаралтай горимоор авч байна. Дөрөвдүгээр хэсэг нь коронавирусний эмчилгээний байр болсон байгаа. Тэр хэсэгт коронавирусний халдвартай нэн хүнд өвчтөнүүдийг эмчлэх 16 ортой, 32 эмч ажилчдын баг ажиллаж байна. 

Ковидийн үеэр хэрэгжүүлж буй арга хэмжээний хүрээнд "Титэм баг" буюу коронавирусний эсрэг хариу арга хэмжээ авах баг байгуулсан. Энэ маань ковидын үеийн төлөвлөгөө болон бүхий л холбогдох арга хэмжээг төвлөрүүлж ажилладаг баг юм. Одоогоор манай зүүн байранд "Титэм-1" баг маань ажиллаад өчигдөр дууссан байгаа. Зөрөөд "Титэм-2" баг маань орж байгаа. Мөн эдийн засгийн хүндрэлтэй байгаа энэ цаг үед менежментийн баг байгуулан энэ хүндрэлээс хэрхэн гарах тал дээр ажиллаж байна. Энэ менежментийн багийг миний бие ахлаж байгаад бөгөөд эмнэлгийн эмч, ажилчдын цалин хөлс болоод эдийн засгийн асуудлууд дээр тулж ажиллаж байна.
-Нэгдүгээр эмнэлэг сүүлийн жилүүдэд эмнэлгийн дотор болон гадна тохижилт дээр анхаарч ажилласан нь анзаарагдаж байна. Гол хийсэн өөрчлөлтүүдээс дурдана уу.
- Улсын нэгдүгээр төв эмнэлэг маань 96 жилийн түүхтэй эмнэлгийн байгууллага. Өнгөрсөн жил буюу 95 жилийн ойгоороо бидний хийсэн гол өөрчлөлт бол улсын хэмжээнд зүрхний шигдээсийн төв байгуулсан. Мөн мэдрэлийн мэс заслын төв байгуулсан. Энэ төв нь хамгийн сүүлийн үеийн тоног төхөөрөмж, багаж хэрэгслээр хангагдсан улсын хэмжээний мэргэжлийн хоёр төв байгуулсан. Мөн эмнэлгийн өөрийн эмийн сан байгуулсан. Энэ маань мэдээж үнийн хувьд хямд нөгөөтэйгүүр баталгаатай, ард иргэдэд илүү таатай нөхцөл бүрдүүлсэн.

Дотоод тохижилтын тал дээр амбулаторийн хэсгээ бүрэн засаж дуусгасан. Тухайлбал нян тогтож үрждэггүй олон улсын стандартад нийцсэн ханын хавтангуудаар материалаа бүрдүүлж дотоод тохижилтыг хийсэн. Гадаад тохижилтын хувьд урд машины зогсоол дээрээ Монгол улсад анх удаа гурван машин байрлах зогсоол дээр 16 машин зогсох боломжтой автомат лифтэн машины зогсоол хийсэн. Энэ нь эмнэлгийн ачааллыг тодорхой хэмжээнд бууруулах үүрэгтэй ажил болсон. Мөн манай эмнэлгээс үлгэр жишээ аван дараа дараагийн бусад төрийн болон хувийн хэвшлийн байгууллагууд хийх байх гэж найдаж байна. 
-Цаашдаа ямар ажил хийхээр төлөвлөн ажиллаж байна вэ?
-Энэ жил орчин цагийн анагаах ухаан хөгжсөний 100 жилийн ой тохиож байна. Мөн манай эмнэлгийн 96 жилийн ой болж байгаа гэж түрүүн дурдсан. Үүнтэй уялдуулан бид улсын хэмжээнд ердөө ганц байдаг эрүү нүүрний мэс заслын тасгийнхаа багаж, тоног төхөөрөмжийг шинэчлэх төлөвлөгөөтэй байгаа. Хоёрдугаарт, нөхөн сэргээх физик эмчилгээний тасгаа мөн дэлхийн стандартад нийцсэн тоног төхөөрөмжөөр хангахаар бэлтгэл ажлаа хангасан байгаа. Т.Мөнхсайхан сайдын үед энэхүү тоног төхөөрөмжүүдээ оруулж ирсэн бөгөөд хөл хорионы дараагаар тасгуудаа шинэчлэх, засах ажлаа эхлүүлэх төлөвлөгөөтэй байна. 

Мөн вакцины хоёрдахь тунгаа хийлгэсэн иргэдэд эсрэг биетийн шинжилгээг улсын хэмжээнд анх удаа хийх гэж байна. Өмнө коронавирус тусаад эдгэрсэн иргэдийн эсрэг биетийн шинжилгээг хийдэг байсан бол одоо бид хоёрдахь тунгаа хийлгээд эсрэг биет тогтсон эсэхийг илрүүлдэг шилжилгээг хийх гэж байна. Үүн дээр нэмж хэлэхэд ковид тусаад эдгэсэн хүмүүст зориулан амбулаторын хэсэгтээ нэмэлт цонх гаргаад ковидын дараах эмчилгээ, үйлчилгээ, оношилгоо гэсэн шинэ цонх нээж ажиллуулах гэж байгаа. 
-Улсын томоохон эмнэлгүүдэд эмч ажилчдын ёс зүйн тал дээр иргэдээс санал гомдол их гардаг. Энэ тал дээр хэрхэн анхаарч байгаа вэ?
-Манайх 2020 оны зургаадугаар сард Т.Мөнхсайхан сайдыг эмнэлгийн удирдлага байх үед "Эерэг хандлага эмчилгээний эхлэл" аяныг зохион байгуулж эхэлсэн. Энэ аяны маань үр дүнд манайд ирдэг иргэдийн гомдол эрс багассан. Мөн эмч ажилчдын маань хувьд эерэг хандлага нэмэгдэж байгаа нь ажиглагдсан. Энэ аяны хүрээнд нийт эмч, ажилчиддаа эерэг байсны урамшуулал болгон 10 хувийн нэмэгдэл цалин олгодог. Энэ ажил маань үргэлжлэн хэрэгжээд явж байна. 

-Хүний нөөцийн хувьд залуу боловсон хүчин болох эмч ажилчдынхаа талаар дурдана уу?
-Сүүлийн жилүүдэд манай эмнэлгийн хувьд ур чадвар сайтай залуу эмч нар их болсон. Манайхаас зүрхний шигдээсийн төв байгуулаад үүнийхээ дагуу н.Ананд гэдэг эмчийг БНСУ руу мэргэжил дээшлүүлэх сургалтад суулгахаар өнгөрсөн хоёрдугаар сард явуулсан. Одоо найман сард буцаж ирнэ. Энэ мэтчилэн залуу эмч нарын сургалтад байнгын анхаарч гадны сургуулиудтай байнгын хамтын ажиллагаатай байдаг. Манай эмнэлгийн боловсон хүчний хувьд 50-иас дээш хувийн залуу эмч нараар бүрдүүлж ажиллаж байгаа. 

-Ярилцлагын төгсгөлд орчин цагийн анагаах ухаан хөгжсөний 100 жилийн ойг тохиолдуулан хамт олондоо болон нийт салбарын нөхөддөө мэндчилгээ дэвшүүлнэ үү?
-Мэдээж Монгол улсын эмнэлгийн салбарт хүчин зүтгэж буй нийт эмч, эмнэлгийн ажилчиддаа орчин цагийн анагаах ухаан хөгжсөний 100 жилийн түүхэн ойн баярын мэндийг хүргэж аз жаргал, эрүүл энхийг хүсье. Мөн улсын нэгдүгээр төв эмнэлгийн нийт эмч ажилчиддаа 96 жилийн ойн баярыг хүргэхийн зэрэгцээ та бүхэн минь хамгийн шилдэг хамт олон шүү гэж хэлье.

 

 

УОК: 5-р сарын 8-наас хөл хориог сулруулахаар боллоо
УОК: 5-р сарын 8-наас хөл хориог сулруулахаар боллоо
 
Х.БОЛОРЧУЛУУН: Гурил өндөр ашигтай юм бол Л.Цандэлэг гурилаа хий
Х.БОЛОРЧУЛУУН: Гурил өндөр ашигтай юм бол Л.Цандэлэг гурилаа хий
Энэ мэдээ хуучирсан буюу 2021/05/04-нд нийтлэгдсэн мэдээ болно.