Энэ мэдээ хуучирсан буюу 2021/05/04-нд нийтлэгдсэн мэдээ болно.

Гурван зуун хувийн “явдал“

Ангилал
Улс төр
Огноо
Унших
5 минут 9 секунд

Цагийг эзэлсэн дэвшигчдээс анзаарч магтууштай нэг нам, нэг нэр дэвшигч яалтчгүй байна. Тэр нам нь Ардын нам, хүн нь У.Хүрэлсүх. Өнгөрсөн хугацаанд МАН шиг чимээгүй, У.Хүрэлсүх шиг баталгаатай нэр дэвшигч халхын хавтгайд байсангүй. Угаасаа тэд аль нэгдүгээр сард засгаа огцруулж нэр дэвшигчээ тунхагласан. Тэр тунхагтаа эцсийн мөчид ч үнэнчээр үлдлээ. Үлдэх үлдэхдээ гайхамшигтай сайхнаар үлдэв. Ардын намын генсек Д.Амарбаясгалангийн хэлснээр намын доод, дээд шатны байгууллагууд болон ард түмнээсээ асуухад нөгөөдүүл нь У.Хүрэлсүх, Г.Занданшатар, Ч.Хүрэлбаатар, Сү.Батболд, Д.Сарангэрэл гээд таван "сум" гаргаад ирж. Ингээд МАН аймаг, дүүргийн намын хороо болон Удирдах зөвлөл, намын Бага хурал дээрээ энэ таван "сум"-ныхаа аль хугарч бяцрахгүй, хол нисэн одохыг нь шалгахаар сунгаа маягийн юм зохион байгуулжээ. Гэтэл хамгийн хачирхалтай нь У.Хүрэлсүхээс бусад "сум"-нууд нь бүгд өөрөө өөрийгөө "хугалаад", эсвэл нумнаасаа нуугдсан хачин жигтэй явдал болоод өнгөрчээ. Ер нь бол У.Хүрэлсүх дэвших болсон нь сонин биш.

Харин У.Хүрэлсүхийг дэвшүүлсэн процесс л сонирхол татаад байгаа юм. Сунгаанд орсон таван хүн нам дотроо туршлагатай бол туршлагатай, зангарагтай бол зангарагтай хүмүүс шд. Гэвч Ардын намын шат шатны бүх гишүүд болон нэр дэвшихээр өрсөлдсөн 4 нөхөр хүртэл санал нэгтэйгээр өөрсдөөсөө татгалзав. Намын анхан шатанд дээр У.Хүрэлсүх 100 хувийн саналаар, Удирдах зөвлөл дээр бас 100 хувийн саналаар, Бага хуралд оролцсон 250 гишүүд нь хүртэл 100 хувь гээд нийтдээ 300 хувийн саналыг У.Хүрэлсүхэд өглөө. Би бүр нэг "тэнэг" нь өөртөө санал өгчихсөн байгаа юм биз гэж бодоод генсекийнх нь мэдэгдлийг аймаар нарийн ухаж, хэд дахиж үзлээ. Азаар тийм дүүрчихсэн товарш мань 4 дунд алга.

Г.Занданшатар, Сү.Батболд, Ч.Хүрэлбаатар, Д.Сарангэрэл дөрөв бүгд Удирдах зөвлөл, Бага хуралд байдаг. Улс төрч хүний хувьд ямарваа нэгэн сонгууль, сунгаанд өрсөлдөөд нэг ч хүний санал авахгүй бол жинхэнээсээ онигоо. Дараа нь ямар нэгэн сайд. даргад нэр нь яригдахад 220 мянган гишүүнээсээ ганц ч санал аваагүй та хэдийг дэмжихгүй гээд нөгөө хэдэн эсэргүүнүүд нь арзалзуул яана. Тийм атал мань дөрвөн өөрсдийгөө "шившиглээд" ч хамаагүй даргыгаа дэмжиж байна. Үүнийг мөн ч их "хайр", бас зориг юм даа гэж хөхүүлэн дэмжих хэрэгтэй. Сүүлийн үед манайхан аливаа юмыг хэтэрхий хар бараан талаас нь хардаг боллоо. Нээх муухай. Би бол саяын МАН-ын хурлыг "дотоод ойлголцол, У.Хүрэлсүхийн бяр, зангараг, Ардын намын "хайрцаг"-ийг барах нэг ч "хайрцаг" бусад намуудад байхгүй" гэх зэргээр болох зөв өнцгөөс нь харж байгаа. Тэд ингэж лидерийнхээ төлөө амь хайргүй зүтгэдэг болохоор нөгөөх нь тэднийгээ "чирээд" парламентын сонгуульд дараалан ялуулж, Засгийн эрхийг хүчтэйгээр "баздаг" биз.

Зарим хүмүүс сошиалд энэ үзэгдлийг коммунист, хэтэрхий баригдмал юм боллоо гээд андуурч шүүмжлээд байна лээ шүү. Ер нь яагаад заавал тэдэн шиг ер зууны тэд гэсэн бутархай тоо гаргаж ирээд худлаа жүжих ёстой юм. Минийхээр бол тийм биш. Магадгүй Г.Занданшатар, Сү.Батболд, Ч.Хүрэлбаатар, Д.Сарангэрэл дөрөвт өөрсдийг нь дэвшиж байгааг огт хэлэхгүй нуучихсан ч юм бил үү, та нар яаж мэдэж байгаа юм. Эсвэл Х.Баттулга Ерөнхийлөгч дээр өрнөж байгаа улс төрийн хэрүүлийг хараад бүгд хар цагаан хэл амнаас айгаа биз.

Аа нээрээ, байгаль дээр ямарваа зүйл 100 хувь нэг элементээс бүрэлддэггүй юм гэнэ лээ. 100 хувь руу хамгийн ойрхон дөхөж очдог зүйл нь 96 хувийн цэвэр спирт гэсэн. Тэгэхээр МАН-ынхан байгалийн хуулийг хүний нийгэм дээр тас цохиж, цэвэр спиртээс хүчтэй цэвэр сонголт хийсэн юмдаг уу даа.

Г.Лхагвадорж

СПУТНИК ВАКЦИНААС “АДЕНОВИРУС” ИЛЭРСЭН ТУЛ БРАЗИЛ УЛС ХЭРЭГЛЭХЭЭ ЗОГСООЖЭЭ
СПУТНИК ВАКЦИНААС “АДЕНОВИРУС” ИЛЭРСЭН ТУЛ БРАЗИЛ УЛС ХЭРЭГЛЭХЭЭ ЗОГСООЖЭЭ
 
Д.Амарбаясгалан: Малчдыг малжуулах ажилд 22 тэрбум төгрөг зарцуулахаар төлөвлөсөн байгаа
Д.Амарбаясгалан: Малчдыг малжуулах ажилд 22 тэрбум төгрөг зарцуулахаар төлөвлөсөн байгаа
Энэ мэдээ хуучирсан буюу 2021/05/04-нд нийтлэгдсэн мэдээ болно.