Энэ мэдээ хуучирсан буюу 2021/05/10-нд нийтлэгдсэн мэдээ болно.

Цайны их замын умард өртөөгөөр аялсан тэмдэглэл (2): Улаанбаатар-Алтанбулаг

Ангилал
Бусад
Огноо
Унших
29 минут 53 секунд

Д. Гэрэлтөв, О. Сүхбаатар, Л. Тэмүүлин, Э.Цасчихэр

ЦАЙНЫ ИХ ЗАМЫН УМАРД ӨРТӨӨГӨӨР АЯЛСАН ТЭМДЭГЛЭЛ (2):

УЛААНБААТАР - АЛТАНБУЛАГ

2020.07.30 – 08.01

Нар хур тэгширсэн 7 дугаар сар дуусахын өмнөх нэгэн өглөө бид нийслэл хотын баруун хойд дахь Орбитоор өгсөж, Найрамдал зуслангын баруунтайгаар Шижирийн хэмээх өндөр давааг давлаа. Даваан дээр гарахад өөдөөс мод, цэцэгсийн үнэр ханхлуулсан хөдөөгийн сэвшээ салхи угтав. Саяхан их хотын түгжирээнд бухимдуухан явсан аялагчдын бухимдал дорхоноо тайлагдаж, аяллаа цааш үргэлжлүүлэх чин сэтгэлд автацгаав. Давааны доор хуучнаар Партизаны сангийн аж ахуй харагдна. Эдүгээ Сонгинохайрхан дүүргийн 21-р хорооны нутаг, Жаргалант тосгон болсон энэ суурин анх Аюушийн аманд 1956 онд суурь тавигдаж, 1976 онд Партизан хороо, сангийн аж ахуй нэртэйгээр байгуулагдаж байжээ. Энд 1,870 гаруй өрх айл үхрийн хагас эрчимжсэн аж ахуй, сүү хүлээн авч сүү хөргөх болон цагаан идээ боловсруулах цех, газар тариалан эрхэлж байгаа гэнэ.

Цайны Их зам Жаргалант тосгоны зүүн хаяагаар гарч хойш чиглэн явж байсан боловч өдгөө тариалангийн талбай болжээ. Бид арай зүүнтэйгээр нь тойрч, Гүнтийн даваанаас уруудан орж ирсэн засмалтай нийлж авлаа. Энэ зам хөтөлсөөр Батсүмбэрийн зам руу оруулна. Батсүмбэрийн зам хөтөлсөөр Хүйн өртөөн дэргэд авч ирнэ. Хүйн өртөө нь Улаанбаатарын Сонсголонгоос хойш тааралдах Цайны Их замын хамгийн эхний өртөө юм. Хүйн өртөөний өвөлжөө байсан газар өдгөө нэгэн хайрганы карьер ажиллаж, арын уулынх нь талыг нь ухчихжээ. Өвөлжөөнөөс 2-3 км-т нийслэл хот энэ нутагт тодорхой хугацаанд суурьшиж байсанд зориулан босгосон дурсгалын гэрэлт хөшөө байна.
Төмөр замын зангилгааны гол байр нь жижиг дуганы буурин дээр баригдсан гэнэ. Төмөр замын зүүн хажууд дундаа бяцхан аралтай Хүйн нуур байдаг. 150-аад жилийн өмнө нуурыг Агваанжалба гэж нэрлэн тахидаг болжээ.

Монголд 200 гаруй жилийн турш өрнөд, дорнодыг холбож байсан худалдааны их замыг эдүгээ Цайны Их зам гэж нэрлэдэг. Энэ замаар худалдааны элдэв бараа таваараас гадна хунз цайг тэмээ, үхэр тэргээр зөөвөрлөдөг байжээ. Нутаг орны байдлаас шалтгаалж Цайны зам, жингийн зам, шар зам гэхчилэн нэрлэнэ. Энэ замаар үе үеийн малчин ард тэмээ хөсгөө ашиглан жин тээж, амьжиргаагаа хангаж, Орос, Хятадын олон пүүс, наймаачид хөлжиж, хоёр хөршийн зам дагуух дэд бүтэц сайжирч, суурин тосгод нь хөгжиж байв. 20-р зууны эхэнд энэ зам хөгжил, дэвшил, дайн самууны аль алины үүрэг гүйцэтгэсэн. Тухайлбал анхны машин тээвэр, утсан холбоо, олон улсын судалгаа, шинжилгээний ангиуд Цайны Их замаар орж ирсэн бол Дундад иргэн улсын Сью Шү Жаны арми ч энэ замд түшиглэн Монголын гүнд нэвтэрч орсоныг газарзүй судлаач, профессор О.Сүхбаатар 1970-аад онд судлан тогтоожээ. Энэ судалгааны ачаар өдгөө Цайны Их замын нийт 20 өртөөг бид олж тогтоогоод байгаа бөгөөд энэ удаагийн аялал нь нийслэл хотоос хойд зүгт орших өртөөнүүдийн байршлыг бататгах зорилготой юм. Өртөө гэдэг нь нэгээс нөгөөд өртөөлөн хүрч, тэмээ, малаа амраан идүүлж, жинчид өөрсдөө хооллож, тэнхэрч хонодог газрын нэр юм. Дандаа худаг, эсвэл гол, горхитой, тэгш талбайтай газрууд байна. Эрдэмтэн О.Сүхбаатар тухайн үеэдээ амьд сэрүүн байсан жинчид, ахмад настнуудын аман яриа, бас хараахан балартаж, арилаагүй байсан замын ул мөр зэргийг шинжиж тогтоож байжээ.

Худалдааны энэ зам хэсэгтээ л Монголыг стратеги, геолополитик, тээвэр ложистикийн чухал зангилаа бүс болгож байснаараа чухал ач холбогдолтой байжээ хэмээн тооцогддог. Мөн дипломат, элч төлөөлөгч нар энэ л замаар явж байж.

Бид Батсүмбэр сумын наах нь талд 12 км орчимд орших Бургалтай голын амыг даган баруун хойш өгслөө. Энэ хөндийгээр өгсмөгц хоёр талаар ой мод, хадан цохио ургасан уулс хүрээлж ирнэ. Гол даган зусах олон айл өрхийн сувдан цагаан хонь малыг хараад “тал дээр асгасан сувд” гэдэг нь санаанд орно. Дорны их яруу найрагч Б.Явуухулангийн “зүүрмэглэгч цагаан хун” монгол гэрүүд ногоон байгалийг чимэглэнэ.

Зураг 1- Хойд нутгийн нуга хөндий

Нийслэл хотоос хойд зүгт аялах аялагчдын ой санаад Дархан, Сэлэнгийн төв зам төсөөлөгдөх нь дамжиггүй. Харин энэ хөндийгээр аялахад Монголын нутаг дэвсгэр уудам цэлгэр нь үнэн болох нь харагдна. Олны хөлд талхилагдаагүй нутаг орон байсаар л байна даа. Газрын төрх 50, 60-аад оны хөдөөг санагдуулам. Уулсын энгэрээр түмэн зүйлийн мал бэлчисэн нуга хөндийнүүд байна. О.Сүхбаатар багш он цагийн хууч дурсамжуудаа хөглөн явж байгаа нь ч нөлөөлсөн байж мэднэ.

Энэ хавьд Бургалтайн хэмээх дараагийн өртөө оршино. Машины заалтаа харахад хотоос 60 гаруй км явжээ. Энэ өртөө хүртэл морин, уулын дугуйн, явган аяллууд хийхэд нэн тохиромжтой санагдлаа. Дараа нь дахин ирж судалсугай хэмээн баг дотроо ярилцаад цааш хөдлөв. Их жанжин Дамдины Сүхбаатар 17-18 насандаа Бургалтайн өртөөнд улаачаар ажиллаж, урагшаа Хүйн өртөө, хойшоо Хунцал нуурын өртөө хүртэл нэг өдөрт 2-3 удаа улаа нэхэж, өртөө мориор 120-180 км давхидаг байдаг байснаас өндөр чийрэг залуу болж өсчээ.

Зураг 2 - Бургалтайн Өртөөний дэргэд

Умард зүгт модтой уулсын тоо улам нэмэгдэнэ. Моддын байдлыг харахад хус, нарс давамгайлах бололтой. Давааны өмнөхөн нэгэн жижиг цөөрөм, намгархаг газартай таарч саатав. Энд хэд, хэдэн төрлийн усны шувууд, мөн 40 орчим тооны Өвөгт тогоруун дунд манай оронд ховор тааралдах нэг хос Цэн тогоруу байна. Хүзүүгээрээ хавь илүү урт Цэн тогоруу Өвөгт тогорууны сүрэг дотор содон, сонин харагдна. Энэ цэг нь Төв аймгийн Баяндэлгэр сумын нутагт орших Гүн Галуутайг эс тооцвол Улаанбаатар хоттой хамгийн ойр Цэн тогоруу үзэж болох цэг байж магад.

Зураг 3 - Цэн, Өвөгт тогоруу нар

Цөөрмөөс дээш 5 хүрэхгүй км зайнд Хунцалын өртөө оршино. Дээрхи гурван өртөөний нэг нийтлэг зүйл бол гурвуулаа нийслэл хүрээ нэг хэсэг суурьшиж байсан газруудтай байрлал нэг юм. 2003-2004 онуудад Нийслэл хот байрлаж байсан 15 газрыг тэмдэгжүүлэх төсөлд хамрагдаж, гэрэлт хөшөөнүүд сүндэрлэжээ. Тэр үеийн нийслэл хүрээ ямагт ус ундтай, байрлал сайтай газруудыг түшиглэж байсныг илтгэнэ. “Хүрээ нүүдэл” төслийн хүрээнд гэрэлт хөшөөнүүдийг босгох санал санаачилгыг Миеэгомбын Энхболд биечилэн дэмжин ажиллаж, дээрхи бичээсүүд нь алдаа мадаггүй байхад гойд анхаарч, биечилэн ирж танилцаж байсан талаар О.Сүхбаатар багш дурссан юм. Энэ хөшөөнүүд их чухал санал санаачилга байсан гэж хувьдаа боддог. “Төслийг санаачилж, төсөл бичсэн нь би боловч Д. Болдсайхан, Д. Нямсамбуу, Ц. Энхбат нар удирдлагын хүрээнд сайн дэмжиж, Ш. Шагдар, О.Пүрэв, С. Ичинноров гуай нар судалгаанд оролцсон юм” гэж тэрбээр дурсаж байлаа.

Цааш гоёмсог Ноён уулын баруунтайг чиглэн давхив. Төв, Сэлэнгэ хоёр аймгийн заагт орших Ноён уул нь хэмжээгээрээ Богд уулаас арай багавтар ч 30 гаруй салаа амтай. Хус, нарсан ой бүрхэн харагдах сүрлэг нуруу. Энд эртний Хүннүчүүдийн олон сонирхолтой булш олдсоноороо онцлог. Богд Хан, Бурхан халдун уулсаас өмнө Монголчууд Ноён уулыг тахин шүтэж байсан аж. Үе, үеийн Монголчуулын шүтэн тахиж ирсэн хайрхануудын нэг Ноён уулын энгэрт Хүннүгийн эхэс дээдсүүд тэнгэрт хальсан нэгнээ нутаглуулж байсан нь учиртай юм. “1928-1930 онд Оросын эрдэмтэн генерал П. Козлов Ноён уулын булшнуудыг малтаж, эртний үнэт олдвор гаргах үед Францийн хэвлэлд “Энэ бол Чингис хааны онгон олдсон хэрэг” гэж бичиж байсан боловч, Орос судлаачид энэ бол Чингим хаанаас 1,400 жилийн өмнөх үеийн дурсгал гэж няцаасан мэдээллийг 1969 онд Москвад номын санд сууж байхдаа үзсэн гэж Сүхээ багш ярьж байлаа.

Зураг 4-Ноён уул

Нэг мэдсэн хоёр талаасаа нарийсан ирэх ам өөдөө өгсөж эхэлжээ. Төдөлгүй нарсан их ойг захалж давхив. Ой руу хатган орсон бүдэг мөрийг сониучирхан дагаж хэсэг үзэхэд самарчдын, магад хулгайн анчдынх бололтой. Бид замаасаа төөрч, Ноён уулын зүүн өмнөд хэсгээр ороод, 5-6 км явсан нь энэ байжээ. Дээх нь хоёр хүн газар суугаад юм түүж байгаа харагдана. Өөр мал хуй, айл амьтан ойр хавьд алга. Зам асууъя хэмээн хүрээд очиход олны нэрэлдгээр “нинжа нар” байжээ. Уулаас урсах горхины хаялга шороог угааж суусан нь тэр аж. Биднийг буруу замд орсоныг мэдээлж, зөв зүг чигийг зааж өгөв.

Ноён уулсыг тойрон алт ухсан “нинжа” нарын талаархи дуулиант асуудлууд дэгдээд удаагүй байгаа. Эрт эдүгээгийн нүүдэлчдийн бишрэл, хүндлэлийг хүлээж, амьдралыг нь тэтгэж ирсэн Ноён ууланд 1970-аад оноос эхлэн алтны судалгаа хийж тогтоосон нь эдүгээ их маргаан дэгдээсэн алт олборлолтын эхлэл болжээ. Аль ч талаас нь харсан сүрлэг сайхан Ноён уул цаашид ч монгол түмний нүдийг баясгаж, байгаль, соёлын өвөөрөө ач холбогдолтой байх байгаль, соёлын өвийн нэг гарцаагүй мөн юм. Энэ ууланд О.Сүхбаатарын ярьсанаар Балж, Боданчар зэрэг МНТ-нд гардаг нэрээр нэрлэгдсэн жижиг голууд урсана. Гэхдээ энэ нь МНТ-д гардаг Балж гол биш, ижил нэртэй гэнэ. Их эртний түүхтэй уул болохын илрэл. Ноён нь хэмжээгээрээ Богд уулаас арай намхан, өргөнөөрөө багавтар боловч Хараа голын сав болох энэ хавьдаа хамгийн үзэсгэлэнтэй, сүрлэг уулсын нэг юм.
“Нинжа” нарын заасан чигээр баримжаалан зөв замдаа орж, уулынхаа баруун талаар давхисаар Арангат Баянгол (Баян Бяруухай) өртөөн дээрээ ирэв. Энэ өртөө эдүгээ их талбайг хамарсан тариан талбайн дунд оршино. Борнуур сумын баг орших тариаланчдын суурин дээр таван үг солих санаатай байсан ч нэг ч хүний бараа харсангүй. Цааш давхив. Замын голд тэр бүр таараад байдаггүй Хар өрөвтас гарч ирсэнээ, бидний бараагаар өндрөө аван нисэв. Баруун тийш жолоогоо залж, Хараа голын хөндийд орж ирэв.

Хараа булааж, харц амраасан Хараа голын хөндий. Хоноглох цаг болсон тул голоо уруудаж, хэсэг бургастай газрыг сонгон буулаа. Тогтуун сайхан орой. Гол мурилзан тохойрсон сайхан газар таарчээ. Отоглох газрын ойрхон хонь мал нь хотлож налайсан айл бүрийн гэрийн яндангаас утаа суунаглан хөврөх нь уран зураг шиг. Майхнуудаа барьж, галаа түлж, тухлан сууцгаав. Уургаа угсраад голын зүг явсан багийн гишүүн Э.Цасчихэр ганзага хоосонгүй иржээ. Дан сонгинотой загасны шинэ махтай хар шөл амтлан оочив. Өмнө талд шинийн 9-нийх бололтой мэлтийсэн сар мандаж, эргэн тойрныг саруулхан гэрэлтүүлнэ. Энэ газар бол Бороогийн амны хойд адаг ажээ. Урд этгээдэд уул, толгодыг нүхэлсэн их алтны уурхай ажиллаж буй гэж бодоход итгэмээргүй.

Зураг 5 - Хараа голын үдэш

Өглөөний нарнаар эртлэн сэрэв. Буусан газар ойр хавийнхан ирж дэгээ шиддэг газар байж. Нутгийн дугаартай машинаар хэсэг залуус ирж дэгээ шидэх нь харагдана. Одоо ч загас хаа сайгүй барьдаг болжээ. Хоноц хоноцдоо дургүй, хонуулсан нь хоёуланд нь дургүй гэгч болох шахаж, бид ундлаад майхнаа буулган ачаалав.

Энэ өглөө Шанд дов өртөө рүү хөтлөх Зүүнхараагийн Манхдай давааг давах зорилготой. Гэвч давааны зам хоёр жилийн өмнөөс ихээхэн эвдэрч, машин явдаггүй болсон талаар дуулсан байсан юм. Зам зуур хэд, хэдэн хүн, айлаар орж асуухад бататгав. Адал явдалд дуртай багийн зарим гишүүд явсан ч яахав гэсэн байдалтай. Ганц машинтай явсан тул баталгаатай замаар явах дээр санал нийлж, Баруунхарааг зорив. Сумын төвийг гэтэлж, хойш арваад км явсны эцэст Баянголын амыг өгсөж, өртөөний төв замдаа буцаж орцгоов. Тариалангийн лут, лут талбайнуудыг сүлжин явсаар өглөө нь Манхдайн давааг даваад орж ирэх байсан голынхоо аманд орж ирэв. Харамсалтай нь ундарганы ойр байх алтны уурхайнаас болж голын ус булингартан бохирджээ. Энэ голыг Баянголын цутгал Бага мухар гэнэ. Шанд довын өртөө энд байрлана. Буурин дээр нь өдгөө тариалан эрхлэн суугаа хэдэн айлын сууц баригджээ. Түр саатаж зам асууж, хариуд нь хуучин өртөөний талаар танин мэдэхүйн мэдээлэл өгөөд цааш хөдөллөө. Суугаа ч бай, явуулын ч бай нутаг орныхоо нэр, үүх түүхийг мэдээд авах нь сайхан. Бид Шанд довын өртөөнөөс Өрмөгтэйн өртөө рүү хөдлөв. Өртөөний зам борооноос болж зам муудсаныг нутгийн хүмүүсээс сонссон тул Шарынголоор дайрч даялав. Шарынгол уурхай эндээс 20-д км.

Үүх түүхийг нь сөхвөл Шарынгол нь 1965 оноос ажиллаж эхэлжээ. Эндээс олборлосон нүүрс шатахдаа амархан гэдгээрээ онцлог. Гэм нь хурдан асаад унтардаг тул өвлийн цагт гэрийн зууханд түлэхэд шөнө эрт унтарч, өглөө гэр хүйтэн болсон байдаг. Иймд Улаанбаатар руу зөөж түлшинд хэрэглэхээс илүү эндээс төмөр замаар зөөж, Дарханы цахилгаан станцад хүргэдэг ажээ. Шарынголын суурингийн чанх хойд талд эртний тахилгат Дархан уул дүнхийнэ. Сэлэнгэ аймгийн Дархан сумыг 1931 он энэхүү уулын нэрээр нэрлэж байжээ. 1931-1959 онд Хүйтэний голын Дэрст Буланд нүүж очоод, 1959 оноос Давхарын энгэр буюу одоогийн Дархан хот байгаа газарт нүүж очжээ. Ингэж Дархан хотын нэрийг дархалсан уул энд оршино. Хотын төвд нэгэн жижигхэн хайсан дотор хоёр буган хөшөө байна.

Дархан уруу чиглэсэн шинэ замаар хэсэг давхиад дунд хирээс нь орхиж, Шарын голоо даган давхив. Дараагийн өртөөг Өрмөгтэй гэх бөгөөд уул нэр нь замын зүүн талд байрлах хадан цохио бүхий багавтар уулын нэр аж. Түүхтэй газар бололтой. Энд ардын хувьсгалын үеэр Сүх жанжиний цэрэг гамингуудтай тулалдаж, хоноглож байсан тул дурсгалын хөшөөг нь саяхан барьжээ. Дээх нь талд нь Монгол улсын төрийн талбайг залсан байна. Өрмөгтэйн өртөө байсан гол байрлал дээр одоо төмөр замын 42-р тоочиг байрлаж байна. Гадна нь өмнө нь харж байгаагүй хус модны том, том бүдүүн голчтой гуалингууд хураасан байна. Энэ хавьд хусан ой элбэг гэнэ. Сайхан ургадаг юм байна. 1927 онд энэ өртөөн дээр анчин “жаал” Дэндэв гэдэг хүний гэрийг гамин цэрэг шатааж, эхнэрийг нь алсан тул Дэндэв гамингуудтай тулалдаж, Өрмөгтэй уулын үзүүрийн хадан хошуунд бүслэгдэн, баатарлаг тэмцэлдсээр 68 гаминг алаад, эцэстээ баригдаж, тамлуулан нас баржээ.

Зураг 6 - Өрмөгтэйн уулын баруун энгэр

Өрмөгтэйгээс Шарын голоо үргэлжлүүлэн уруудсаар, хойд зүгт давхив. Төдөлгүй газрын байдал өрчлөгдөж, хэсэг бусаг нарсан төглүүдтэй нам уулсууд голын хоёр талаар цуварч харагдана. Бид Дархан хотоос зүүхэнтэй байдаг алдарт Зулзагын амралтын ам руу орж ирж байгаа нь энэ аж. 1960-аад оны сүүлчээс энд амралтын газар байгуулж, Дарханы үйлдвэрийн ажилчид, гадаадын мэргэжилтнүүд амардаг байжээ. 7-8 амралтын газар, хүүхдийн зуслан байгуулагдаж, Дарханы үйлдвэрт ажиллаж байсан гадаадын мэргэжилтнүүд, хүүхэд, пионерууд амардаг, амралт, аялал жуулчлалын бүс болон хөгжиж байжээ. Зулзагын голд хиймэл нуур байгуулж, амрагчдыг завиар аялуулан, зарим жил загасчдын улсын аварга шалгаруулах тэмцээнийг зохиож байжээ. Харамсалтай нь 1990-ээд оны дундуур нэгэн иргэн осолдсоны улмаас цогцосыг хайж, хиймэл нуурыг сэтэлж, юүлсэнээс хойш өдгөө зүлэгжсэн ногоон талбай болсон байна.

Зураг 7 - Зулзагын гол

Нарсан ойтой уулс нь Монголын хаа нэгтээ байдаг боловч эндхийн төрх нь арай л сонин, содон. Дундуур нь гол урсаж хоёр талаар нь хад асгатай уулс оршино. Түм түчигнэж, үйлдвэр, бүтээн байгуулалт өрнөж байсан 1960, 70-аад оны дунд буцаад ч очих шиг. Мөн л Сүхбаатар багшийн хууч ярианы нөлөө бололтой.

Зулзагын амралтын зүүхэнтэйгүүр давж уруудахад хуучин Дархан сум байрлаж байсан Нарийн голын хөндий рүү орж ирнэ. Энд бидний зорьсон дараагийн өртөө болох Хүйтэний голын Дэрс булан байна. Дархан сум 1931-1959 онд энд байжээ. Хоёр жилийн өмнө сүрлэг Соёмбот хөшөө байрлуулжээ. Хөшөөний зүүнтэйгүүр зусах Кадырбек хэмээх найрсаг казах айлынд орж цай, боорцог, тосоор дайлуулаад Ерөө сумыг зорин хөдлөв.

Зураг 8 - Хүйтний голын Дэрс булан өртөө

Ерөө орох зам дагуух байгаль манайхныг гайхшруулсан юм. Уулын ар, өвөр, оройгоор өндөр, нарийн, хөгшин залуу хус модод, эгнээ эгнээ улиангарууд нь хүмүүс замын хоёр талаар жагсаад замд үдэж гаргаж өгч байгаа аятай. Хоёр айл зусаж байсныг эс тооцвол машин тэрэг нэг таарсангүй. Хүн бага явдаг бололтой. Завтай бол буугаад ойр хавиар нь нэгжиж үзмээр. Төдөлгүй Ерөө сум алсад гарч ирэв. Уулын араар тахиралдан уруудсаар бетонон гүүрэнд хүрч, сумын төв дундуур гарав. Сумын төвөөс баруухан талд, Ерөөгийн дунд гүүр хэмээх хуучин модон гүүрийн ул мөр байна. 90-ээд оны дундуур загасчид гүүрний доор загас барьж байхдаа бамбар асааж байхдаа түймэрдэж орхижээ.

Зураг 9 - Бэр цэцэгсийн дунд хоноод явмаар л байв. Ерөө орох замд.

Ерөөгийн хажууд хэсэг найрсаг залуустай таарч замаа асуув. Тэдэн дунд Дархан-Уул аймгийн Орхоны жимс ногооны суурингийн зөгийчин Цэнд-аюуш гэж бүсгүй байх агаад шинэхэн хураасан зөгийн балаа Ерөө рүү хүргэж яваа нь тэр аж. Дээжээс нь худалдаж авав. Сумын төвөөс баруун хойно Дааган дэл хэмээх багавтар уулын зүүн хажууд жижиг нуурын барууханд нийслэл Хүрээ нэгэн үед суурьшиж байсан газарт босгосон цагаа хөшөө харагдна.

Бид чанх хойд зүгт, Өвөр эвцэг буюу Арангатын амыг өгсөж, Ерөөгийн нам цагаан даваагаар даваад, Эвцэгийн голын эх рүү орлоо. Энэ давааны ар битүү модтой боловч, намхан, тэмээн жин, үхэр тэрэг явахад бэрхшээлгүй давахаар юм. Давааг давмагц л их нарсан ой бүчин авав. Энэ бол Сэлэнгэ аймгийн хойд хэсэгт орших Тужийн Нарсны БЦГ-ын зүүн хэсэг байв. Орхон, Сэлэнгэ голын бэлчир дагуу оршдог нам уулс, гүвээ толгод дээр орших экосистем билээ. Тужийн нарс нь далайн түвшнээс дээш 600-800 метр орших эртний томоохон голын татмын элсэн хөрс дээр ургасан хэмээдэг. Монгол оронд нарсан ой тун бага талбайг хамардаг тул 2002 онд энэ хавийг улсын хамгаалалтанд авжээ. Монголын их түүхийн үе, үеийн үйл явдалтай холбогддог, ховор сонин тогтоцтой газар юм.

Нарсан ойг уруудаж хойд хөндийд орших Ивцэг Могойн өртөө байсан газарт ирэв. Олон айл зусаж байна. Энэ хавьд хуучин Цайны Их замыг бэхжүүлэн тохьжуулж байсны ул мөр болох, замыг хоёр талаас нь хашиж байсны ул мөр харагдана. 1921 оны 5-р сард Ивцэгт байсан Монгол ардын журамт цэргийн харуул уруу Баяр гүний цэрэг шөнө гэнэдүүлэн дайрч, цэргүүдийг олзолсон боловч тамлалгүй орхижээ. Хариугүй харанхуй болох болсон тул нарсан ойн толгодын нэгийг сонгож майхнаа барив. Нарсны давирхайн онцгой сэнгэнэсэн үнэр ханхилна. Сумаас авсан хонины шинэ хаагаа чанаж идээд, сэнгэнэсэн агаарт нам цохуиулан хоножээ. Өглөө эрт, хувингаар асгах мэт жинхэнэ аадар бороо, тэнгэр ниргэсэн аянганы нүргээнд сэрцгээв. Бороо зогсох шинжгүй. Борооны ус харин сонин бүлээвтэр гэмээр тул тэгтэл тавгүйтэж, зутрахаар биш юм. Бараг хуурай үлдээгүй үлдсэн зүйлсээ эмхэлж, хураан ачив. Өмнөх орой нь танилцсан, ойрхон харагдах Батзул малчиных руу бууж очиход гэр доторхи нь нэлээд норжээ. Гэвч зочломтгой сайхан Монгол ёсоор шинэ цай сүлж, тогоондоо шөл үйв. Эднийх Увс аймгийн Өндөрхангай сумаас 21 жилийн өмнө шилжин ирээд суурьшиж байгаа, мал сүрэг нь арвин өссөн айл байлаа. Хоолны даруулганд шимийн архи халааж өгөв. Үхрийн сүүний сайхан архи байна. Жолоо бариагүй нөгөө хэд маань хэд сайн хүртэн, дулаацацгаав.

Бороо орсоор. Чагнаж орох шинжтэй. Хоол идэж, амарсан бид баярлаж талархсанаа илэрхийлээд аяллынхаа сүүлийн цэг болох Алтанбулагийг чиглэн хөдлөв. Шөнөжин орсон бороо зүсэрч, ойр хавьд нилэнхүйд нь их усан шалбааг, нуур тогтоожээ. Голын эвдэрч хэмхэрсэн модон гүүрээр амжилттай гарч, их нарсан ой уруу нэвтлэн оров. Ойн хөрс элсэрхэг боловч борооны усанд хатуужиж тогтворжсон тул машин суух аюул харин байсангүй. Харин замын ховилд нь тогтсон их ус зарим газартаа бүрэн бүрхэж, жижиг нуур, цөөрөм аятай болсон тул туулхад бэрхдүү. Хоёр талаас нарс хаших тул тойрч явах боломжгүй. Зоогдохоос эмээж дайрч, давшиж л гишгэхээс өөрцгүй. Хэсэгтээ аядуу зөөлөн явсанаа сүүлдээ машиныхаа хүчээр ус үсчүүлэн давхив. Зарим тогтоол ус их тул жижиг машин бол хамар давхаар болжээ. Хорин минут орчим тасралтгүй зүтгэсээр ямартаа ч нарсан ойн нөгөө талдаа дажгүй гарлаа. Ойролцоогоор 10-аад км туулсан болов уу. Тужийн нарсанд 1921 оны 2, 3 сарын заагаар 7-8 мянган гамин цэрэг бөөгнөрч, нарсыг маш их сүйтгэсэн гэнэ. 3 сарын 18, 19-нд Жанжин Сүхбаатарын цэрэгт хөөгдөж, өмнө зүгт зугтаажээ. Цаад талд бидний зорин ирсэн сүүлчийн өртөөний цэг болох Гялаан нуур борооны усан хөшигний цаана сүүмийж харагдана. Гялаан нуурын өртөөг Босго өртөө гэдэг байжээ. Дөхөн очоод солбилцолыг нь авсан төдий их уснаас зугатааж, эрхгүй Алтанбулагийг шууд чиглэв.

Алтанбулагийн төв орсон бид машинаа сумлаж, Улаанбаатар хот руу буцах уртхан бөгөөд амаргүй замдаа орцгоов. Тужийн нарсын онгон бүсийг өглөө нь туулж явсан бид үдээс хойно нь Дарханы алдарт “засагдаагүй” замыг туучин давхисаар хүн, машингүй халтар болж, манай нэгэн сайн жолоочийн хэлдэг байснаар “үс нь боссон” нөхөд яг шөнө дундад их хотод орж ирцгээсэн билээ. Үүгээр газарзүй судлаач, профессор О.Сүхбаатар багшийн 1970-аад онд тогтоож байсан, Өргөө хотоос хойд чигт орших Цайны Их замын бүх өртөөний байршлыг сэргээн бататгах аялал өндөрлөлөө. Хуучны ахмад судлаач нартаа талархаад баршгүй. Бид бас 2016 онд Сүхээ багштайгаа хамт нийслэлээс хуучин Замын үд хүртэлх Цайны Их замын өртөө байсан газруудаар аялаж, судалгааны мэдээлэл бүрдүүлсэн билээ.

Зураг 10 - Багийн гишүүд. Зүүн гар талаас Д.Гэрэлтөв, Э. Цасчихэр, Л. Тэмүүлэн, профессор О.Сүхбаатар нар.

Улаанбаатар хот. 2021.5.5

Нийтлэлч: Д.Гэрэлтөв

Ерөнхий сайд: Ц.Анандбазар буруугүй бол УИХ-ын гишүүнээсээ түдгэлзээд шалгуулах хэрэгтэй
Ерөнхий сайд: Ц.Анандбазар буруугүй бол УИХ-ын гишүүнээсээ түдгэлзээд шалгуулах хэрэгтэй
 
П.Анужин: Намайг сонгуульд нэр дэвших эсэхийг МАН шийднэ
П.Анужин: Намайг сонгуульд нэр дэвших эсэхийг МАН шийднэ
Энэ мэдээ хуучирсан буюу 2021/05/10-нд нийтлэгдсэн мэдээ болно.