Энэ мэдээ хуучирсан буюу 2021/05/11-нд нийтлэгдсэн мэдээ болно.

НДШ-ийг бууруулах тухай хуулийн төслийг хэлэлцэхийг дэмжлээ

Ангилал
Улс төр
Огноо
Унших
3 минут 27 секунд

  УИХ-ын Нийгмийн бодлогын байнгын хорооны хуралдаанаар Нийгмийн даатгалын тухай хуульд өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийн хэлэлцэх эсэхийг хэлэлцэв.

  2021 оны нэгдүгээр сарын 1-нээс ажил олгогч болон даатгуулагчаас төлөх тэтгэврийн даатгалын шимтгэл 9.5 хувь болж нэмсэгдсэн. Гэхдээ энэ хугацаанд цар тахалтай холбоотойгоор эдийн засаг хүндэрсэн учраас нийгмийн даатгалын шимтгэлийн тодорхой хугацаанд чөлөөлөх, хойшлуулах зэрэг арга хэмжээ авсан.

  Энэ оны долоодугаар сарын 1-нийг хүртэл ажил олгогч, даатгуулагч нар нийгмийн даатгалын шимтгэлээс зөвхөн тэтгэврийн даатгалын шимтгэлийг хөнгөрүүлсэн хэлбэрээр буюу 8.5 хувиар төлөх зохицуулалт хэрэгжиж байгаа. Гэсэн ч цар тахалтай холбоотойгоор эдийн засаг хүнд нөхцөлд байгаа учир нийгмийн даатгалын шимтгэлийг тодорхой хувиар бууруулах зорилгоор уг хуулийн төслийг санаачилсан. Ингэхдээ тэтгэврийн даатгалын шимтгэлийг ажил олгогч болон даатгуулагчаас тус бүр 8.5 хувиар тооцохоор буюу НДШ-ийг нийт хоёр хувиар бууруулах тухай уг хуулийн төсөлд тусгажээ. Уг хуулийг 2021 оны долоодугаар сарын 1-нээс мөрдөхөөр заасан байна.

  Ийнхүү ажил олгогч болон даатгуулагчийн тэтгэврийн даатгалын шимтгэлийг 8.5 хувь болгосноор даатгуулагчийн орлого 10 орчим хувиар өсөж, ААН-д очих эдийн засгийн дарамт багасна гэж хууль санаачлагчид тооцоолжээ. Мөн нийгмийн даатгалын шимтгэлийг бууруулснаар 2021 оны Нийгмийн даатгалын сангийн орлого 189.3 тэрбум төгрөгөөр буурч, улсын төсвөөс Тэтгэврийн даатгалын санд олгох санхүүгийн дэмжлэг мөн хэмжээгээр нэмэгдэх учраас 2021 оны төсвийн тухай болон Нийгмийн даатгалын сангийн хуулиудад өөрчлөлт оруулах шаардлага үүсэх юм.

  УИХ-ын гишүүн С.Чинзориг “Гишүүдийн өргөн барьсан хуулийн төслийг дэмжиж байна. Гэхдээ төсвийн орлого зарлагын бүтцийн өөрчлөхгүй байх, зарлага, алдагдлыг нэмэгдүүлэхгүй байх чиглэлээр Үндсэн хуульд нэмэлт өөрчлөлт оруулсан. Мөн Төсвийн тухай хуулд төсвийн жилийн дундуур төсөв нэмэгдүүлсэн шийдвэр гаргасан бол дараа жилээс нь хэрэгжүүлнэ гэдэг заалт бий. Тэгэхээр Үндсэн хууль болоод Төсвийн тухай хуультай зөрчилдөх нь. Тиймээс энэ хуулийг дагалдуулаад байнгын хорооноос тогтоол гаргавал яасан юм гэдэг санал хэлье. Энэ хууль батлагдсантай холбоотойгоор Засгийн газар Нийгмийн даатгалын сангийн орлого зарлагад өөрчлөлт оруулах, орлогыг нь нэмэгдүүлэх чиглэлээр төсөвт тодотгол хийнэ гээд. Ингэсэн нөхцөлд УИХ хууль зөрчихгүй. НДШ хөнгөлж байгаа юм чинь долоодугаар сарын 1-нээс биш нэгдүгээр сарын 1-нээс эхлүүлье. Ялангуяа эмнэлгийн байгууллагад ажилладаг хүмүүсийн шимтгэлийг нэг хувиар ч болтугай чөлөөлчих хэрэгтэй” гэдэг санал хэллээ.

Иймд байнгын хорооны хуралдаанд оролцсон 11 гишүүн 100 хувийн саналаар уг хуулийн төслийг хэлэлцэхийг дэмжсэн байна.

Итали эмэгтэйд санамсаргүйгээр зургаан тун вакцин тарьжээ
Итали эмэгтэйд санамсаргүйгээр зургаан тун вакцин тарьжээ
 
МАРГААШ: Улаанбаатарт 8 хэм дулаан байна
МАРГААШ: Улаанбаатарт 8 хэм дулаан байна
Энэ мэдээ хуучирсан буюу 2021/05/11-нд нийтлэгдсэн мэдээ болно.