Энэ мэдээ хуучирсан буюу 2021/05/12-нд нийтлэгдсэн мэдээ болно.

СУРВАЛЖИЛГА: Эмнэлгээр үйлчлүүлэх иргэд асуумжаар, хэвтэн эмчлүүлэх бол шинжилгээний бичгээр нэвтэрч байна

Ангилал
Нийгэм
Огноо
Унших
5 минут 12 секунд

28 хоногийн турш хоригдсон хөл хорионы дараа эмнэлгийг зорих иргэдийн ачаалал эрс нэмэгджээ. Улмаар үзүүлэхээр очсон иргэдээс ПСР шинжилгээ шаардсан, вакцин хийлгээгүй иргэдэд үйлчлэхгүй байна гэх зэрэг янз бүрийн гомдол гарч байгаатай холбогдуулан эмнэлгээр үйлчлүүлэхэд ямар журам мөрдөгдөж байгаа эсэхийг тодруулахаар манай сурвалжлах баг Улсын нэгдүгээр төв эмнэлгийг зорилоо.

Биднийг очиход эмнэлгийн үүдэнд урт дараалал үүсч, ачаалал ихтэй байгаа нь илт байсан юм. Тиймээс үйлчилгээ авахаар дугаарлан зогсож буй иргэдээс зарим зүйлийг тодруулав.

Иргэн Б "Нэгдүгээр эмнэлэгт хэвтэх гээд өчигдөр ПСР шинжилгээ өгөөд хариу нь өнөөдөр өглөө сөрөг гарсан. Улмаар шинжилгээний бичгээ үзүүлтэл гялс түргэвчилсэн шинжилгээ өгчихөөд ир гээд байх юм. Шинжилгээ өгөхийн тулд өвчтэй хүн гадаа хүйтэнд дахин дугаарлаж байна. Өглөөхөн гарсан хариунд итгэхгүй байгаа юм уу. Эсвэл эмнэлгээр үйлчлүүлэх бол заавал дахиад түргэвчилсэн шинжилгээ өг гэсэн шийдвэр гарсан юм уу. Ёстой мэдэх юм алга" хэмээн нэлээн бухимдангуй дугаарлан зогсож байлаа.

Харин түүний араас дугаарлан зогссон эмэгтэй "Өдрийн цагаар ачаалал харьцангуй бага байдаг юм шиг байна. Эмнэлэгт үзүүлэхэд асуумж бөглөөд орж байна. Харин хэвтэн эмчлүүлэх иргэдээс түргэвчилсэн шинжилгээ шаардаж байх шиг байна лээ. Ер нь бол очер дараалал их харагдаж байгаа ч үйлчилгээ нь хурдан болохоор гялс, гялс ороод байна" гэсэн хариулт өгсөн юм.

Түүний хэлсэнчлэн биднийг 11.00 цагийн үед очиход эмнэлгийн үүдэнд 15-20 хүн дугаарласан урт дараалал харагдсан ч хэдхэн минутын дараа ачаалал буурч, амбулаторид нэвтрэх иргэдийн хөдөлгөөн багассан байлаа.

Ингээд ачаалал буурсан тул бид асуумж бөглөн дотогш нэвтэрч, Амбулаторийн тусламж үйлчилгээ хариуцсан эмч Ц.Цэрэнлхамаас цөөн зүйлийг тодрууллаа.

-Хорио суларч, эмнэлгийг зорих иргэдийн ачаалал эрс нэмэгдсэн харагдаж байна. Өдөрт хэчнээн хүн эмнэлгийн тусламж үйлчилгээ авч байна вэ?

-Хөл хорионы үеэр манай эмнэлгээр 800-1000 гаруй хүн үйлчлүүлдэг байсан. Харин хорио суларснаас хойш өдөрт 2000 гаруй хүн үйлчлүүлж байна. Өдрийн ачаалал хоёр дахин нэмэгдсэн.

-Эмнэлгээр үйлчлүүлэхэд ПСР шинжилгээ өгсөн байх, хоёр тунгаа заавал хийлгэсэн байх ёстой юу гэхчлэн эргэлзээтэй асуудлууд их байх шиг байна. Ямар дүрэм, журмын дагуу иргэдэд үйлчилж байна вэ?

-Эмнэлгээр үйлчлүүлэхээр ирсэн иргэдээс ковидын эмнэлзүйн асуумжийг бөглүүлэн нэвтрүүлж байгаа. Халуун үзэх, гарыг нь ариутгах, зай бариулах зэргээр ачааллыг зохицуулах багууд гараад ажиллаж байна. Амбулаторийн ачааллыг зохицуулахын тулд өдөрт 6-8 резидэнт эмч ажиллаж байна.

-Иргэдийн зүгээс юуг анхаарах шаардлагатай байна вэ?

-Иргэд цаг авахгүйгээр шууд ирж байгаа нь хүндрэл учруулж байна. Эрүүл мэндийн салбарынхан нэгдсэн лавлагааны утас ажиллуулаад олон сар өнгөрлөө. 1800-0119 гэсэн утсаар гэрээсээ цаг авах боломжтой. Тэгэхээр цаг авах гэж гадаа бөөгнөрөл үүсгэх шаардлагагүй.

-Эмнэлгийн тусламж авахаар ирсэн иргэдийг асуумжаар бөглүүлж байгаа юм байна. Харин хэвтэн эмчлүүлэхээр ирж байгаа иргэдэд ямар журам үйлчилж байна вэ?

-Эмнэлгийн зүгээс журам гаргасан. Ингэхдээ аль болох ачаалал үүсгэхгүйн тулд вакцины хоёр тунгаа хийлгээд 14 хоносон иргэдээс ПСР, түргэвчилсэн шинжилгээ авахгүй. Харин хоёр тунгаа хийлгэж амжаагүй болон хоёр тунгаа хийлгэсэн ч 14 хоног болоогүй иргэдээс түргэвчилсэн шинжилгээ авч байгаа. Мөн огт вакцин хийлгээгүй ч яаралтай журмаар ирж байвал түргэвчилсэн болон PCR шинжилгээ авна гэсэн юм.

Мөн тэрбээр "Манай эмнэлгийн хувьд хуучин 13-А маягтгүйгээр ирж үйлчлүүлдэг байсан. Харин даатгалын шинэ тогтоол гарсантай холбогдуулан зайлшгүй шатлалынхаа эмнэлгээс 13А маягтаа аваад, 1800-0119 гэсэн утсаар залгаад цагаа аваад үйлчлүүлнэ. Мөн өрхийн эмнэлгүүдэд хандаж хэлэхэд 13А маягтаа авахаар очсон иргэдэд чирэгдэл учруулалгүй үйлчлэх шаардлагатай шүү" хэмээн захилаа.

Б.Амарбаясгалан

Гэрэл зургийг Г.Цэнд-Аюуш

Одон орон, геофизикийн хүрээлэнгийн цахим өдөрлөг болж байна
Одон орон, геофизикийн хүрээлэнгийн цахим өдөрлөг болж байна
 
“Playtime Festival -2024” наадмын заавал мэдэж авах ГУРВАН зүйл
“Playtime Festival -2024” наадмын заавал мэдэж авах ГУРВАН зүйл
Энэ мэдээ хуучирсан буюу 2021/05/12-нд нийтлэгдсэн мэдээ болно.