Энэ мэдээ хуучирсан буюу 2021/05/13-нд нийтлэгдсэн мэдээ болно.

Д.Батзориг: Улаан-Үд хотын талбайд Монгол цэргүүдийн жагсаалыг харах гэж дүүрэн хүн цугласан

Ангилал
Нийгэм
Огноо
Унших
5 минут 12 секунд

ОХУ-ын Улаан-Үд хотод болсон Эх орны дайны ялалтын 76 жилийн ойд зориулсан цэргийн ёслолын жагсаалд Монгол Улсын Зэвсэгт хүчний албан хаагчид амжилттай оролцсон. Монгол цэргүүд өмнө нь Улаанталбайд хоёр удаагийн парадад оролцож байсан ч Улаан-Үдийн талбайд ёслолын жагсаалд оролцсон нь анхных гэдгээрээ онцлог юм. Улмаар парадад оролцсон албан хаагчид өнгөрсөн мягмар гаригт эх орондоо ирсэн бөгөөд одоогоор тусгаарлалтад байгаа аж.

Ингээд Зэвсэгт хүчний Тусгай хүчний цэргийн командлалын Материал, техникийн хангалтын хэлтсийн дарга, хурандаа Д.Батзоригтой утсаар цөөн хором ярилцлаа.  

-Юун түрүүн танд болон зэвсэгт хүчний бие бүрэлдэхүүнд ялалтын баярын өдөр Улаан-Үд хотод баярын парадад алхсан нэр төрийн үйлсэд тань баяр хүргэе. Ялалтын баярын парадад оролцсон сэтгэгдлээсээ хуваалцана уу?

-ОХУ-ын Бүгд Найрамдах Буриад Улсын нийслэл Улаан-Үд хотод Монгол Улсын Зэвсэгт хүчин анх удаа алхсан. Урьд нь энэ талбай дээр алхаж байгаагүйг онцолмоор байна. Энэ баярын арга хэмжээнд оролцсон манай Зэвсэгт хүчний бие бүрэлдэхүүнийг Оросын ард түмэн маш халуун дотноор хүлээж авсан. Улаан-Үд хотын талбай дээр Монголын цэргүүдийг харах гэж пиг дүүрэн хүн цугларсан. Баярын жагсаалын өмнө бэлтгэл хийж байх үеэр хүртэл олон хүмүүс ирж хардаг байсан. Маш сайхан угтаж авсан. Энэ ялалтын баяр бол зөвхөн Оросын баяр гэхээс илүү Монголын баяр гэж бас хэлж болно. Монголын ард түмэн дайн эхэлснээс дуусан дуустал сэтгэл зүрхээрээ хамт байж тухайн үеийн ЗХУ-д маш их туслалцаа үзүүлсэн байдаг. 

-Таны хувьд 70 гаруй хүнийг ахалж явсан юм байна. Улсаа төлөөлөн гадны улсын парадад алхах албан хаагчдыг хэрхэн сонгон шалгаруулдаг вэ? Эсвэл бэлтгэгдсэн хүмүүс байдаг уу?

-Монгол Улсын зэвсэгт хүчинд цэргийн жинхэнэ алба хааж буй бие бүрэлдэхүүнээсээ авч яваад оролцуулдаг. Зэвсэгт хүчин маань байнгын бэлтгэл сургуулилттай байдаг учраас сонгон шалгаруулалт явуулдаггүй. Өдөр тутмын үйл ажиллагаа ингэж л явагддаг. 

-Талбай дүүрэн үзэгч хүлээж авсан талаар дээр дурдсан. Тухайн орны хувьд цар тахлын нөхцөл байдал ямар байдалтай байсан бэ? Та бүхний зургийг үзэхэд амны хаалт зүүгээгүй байсан. 

-Бид нар эндээс явахдаа вакцины хоёр тунгаа хийлгээд давхар ПСР шинжилгээ өгөөд явсан. ОХУ-ын хувьд ялалтын баяраа маш өндөр түвшинд зохион байгуулсан гэж үзэж байна. Биднийг очих үед гудамжинд масктай хүн бараг үзэгдэхгүй байсан. Дурын цэг дээрээ очоод вакцин хийлгэх боломжтой юм билээ. Вакцинд хамрагдахыг хүссэн хэн бүхэн өөрт ойр цэг дээрээ очоод вакцины үйлчилгээ авах эрхтэйг олж харсан. Тэдний хувьд үйлдвэрлэгч орон гэдэг утгаараа тийм байдаг байх. Бидэнд санаа зовох зүйлгүй, айлтгүй жагсаалд оролцох боломжийг олгосон. Мөн баярын парад болох талбайг ариутгаж халдваргүйжүүлэн баярын үйл ажиллагаа явуулахад ямар ч саадгүй болгож зохион байгуулсан. Тийм учраас бид бусад зүйлсэд анхаарал хандуулалгүй баярын жагсаалдаа оролцсон.

-Парадад алхахаар ирсэн газар газрын зэвсэгт хүчний бие бүрэлдэхүүнүүдтэй Монгол цэргүүд нэг жагсаалд жагсаж  цаашлаад хамтарч ажиллах тал дээр ямар байр суурьтай байдаг вэ?

-Монголын энхийг сахиулагч нар дэлхийд 24-т жагсаж байгаа. Монголын энхийг сахиулагч нар улсынхаа нэрийг дэлхийн тавцанд гаргахад маш их хувь нэмэртэй байдаг. Монголын цэргийн албан хаагчидтай хамт үүрэг гүйцэтгэхэд гадаадынхан их дуртай байдаг. Учир нь Монгол цэргүүд маш найдвартай, сахилга зохион байгуулалтын өндөр түвшинд бэлтгэгдсэн байдаг. Тийм учраас бидэнтэй хамтарч ажиллахад сайхан байдаг гэж гадны хүмүүс ярьдаг.  

-Ярилцлагынхаа төгсгөлд ялалтын баярын жагсаалд оролцсон бие бүрэлдэхүүн болон Монгол улсын зэвсэгт хүчний нийт бие бүрэлдэхүүндээ мэндчилгээ дэвшүүлнэ үү?

-Энэ завшааныг ашиглаад аугаа эх орны дайны ялалтын яруу алдарт түүхт 76 жилийн ойн баярын мэндийг Монгол Улсын зэвсэгт хүчний нийт бие бүрэлдэхүүндээ дэвшүүлж байна. Зэвсэгт хүчний нийт бие бүрэлдэхүүндээ аз жаргал, эрүүл энх, сайн сайхан бүхнийг хүсье.

-Ярилцлага өгсөнд баярлалаа. 

Б.Амарбаясгалан

12 дугаар анги төгсөгчдөд энэ сарын 17-ноос давтлага өгч эхэлнэ
12 дугаар анги төгсөгчдөд энэ сарын 17-ноос давтлага өгч эхэлнэ
 
Э.Бат-Үүл: Б.Булган өөрийгөө орчин цагийн Янжмаа болчихсон мэт дэмийрч байгаа бол эндүүрэл шүү
Э.Бат-Үүл: Б.Булган өөрийгөө орчин цагийн Янжмаа болчихсон мэт дэмийрч байгаа бол эндүүрэл шүү
Энэ мэдээ хуучирсан буюу 2021/05/13-нд нийтлэгдсэн мэдээ болно.