Энэ мэдээ хуучирсан буюу 2021/05/16-нд нийтлэгдсэн мэдээ болно.

Facelook: “Ноён трибл дабл“ хочит Рассэл Вэстбрүүк

Ангилал
Facelook
Огноо
Унших
6 минут 50 секунд

Олны танил эрхмүүдийн фото түүхийг танилцуулдаг "Facelook" булангийнхаа энэ удаагийн дугаарт NBA-ийн тамирчин Вашингтон Визардс багийн холбон тоглогч Рассэл Вэстбрүүкийг онцлож байна. Тэрбээр хэдхэн хоногийн өмнө NBA-ийн бүх цаг үеийн түүхэнд хамгийн олон трибл дабл хийсэн Оскар Робертсоны амжилтыг эвдэж трибл дабл гүйцэтгэсэн тоогоор бүх тоглогчдыг гүйцэж нэгт бичигдэж эхэлсэн билээ. 

Рассэл Вэстбрүүк III 1988 оны арваннэгдүгээр сарын 12-нд Калифорниа мужийн Лонг Бич хотод Рассэл Вэстбрүүк Жр, Шэннон Хортон нарын гэр бүлд төржээ. Тэрбээр айлын том хүү ба Рэйнард хэмээх дүүтэй аж.

Тэрбээр сагсан бөмбөг тоглохыг ааваараа заалган сурсан бөгөөд багаасаа л энэ спортод дурласан гэдэг. Одоо ч гэр бүлийнхэнтэйгээ байнга холбоотой байдаг бөгөөд чухал тоглолт бүрийнхээ өмнө аав, ээж, эхнэр болон дүүтэйгээ утсаар ярьж хэвшжээ.

Калифорниа мужийн Лоундаль хотын Лейзингерийн ахлах сургуулийн нэгдүгээр курсийн оюутан байхдаа хамгийн анх сагсан бөмбөг сонирхогчид болон дасгалжуулагч нарын хараанд өртжээ. Тухайн үед өөрийн хамгийн дотны найз болох Хелси Баррсын хамт UCLA багт орохоор төлөвлөж байсан хэдий ч Хелси зуурдаар амиа алдан хамгийн сайн найзаасаа хагацсан Вэстбрүүк найздаа амласан ёсоор UCLA багт тоглохоор боллоо.

UCLA-д тоглосон эхний жилдээ Вэстбрүүк дунджаас доогуур хэмжээнд үнэлэгдэж байв. Тэрбээр талбай дээр ердөө 9 минут, 3.4 оноо дунджилдаг байв. Тэр зундаа бэлтгэлдээ бүх анхаарлаа төвлөрүүлж улмаар ирэх улиралд нь 33 минут, 12.7 оноо дундажлаж огцом сайжирсан байна. 

2008 оны драфтын нэгдүгээр тойргийн дөрөв дэх сонголтоор Сиатл Суперсоникс буюу өнөөдрийн Оклахома Сити Тандэр багт оржээ. Тандэрийн үнэнч дэмжигчдийн зарим нь түүнийг "сүүлчийн соник" хэмээн нэрлэдэг аж. Учир нь тэрбээр Соникс багийн драфтаар сонгосон сүүлийн тоглогч байсан бөгөөд дараа улирлаас нь баг нэрээ сольж Оклахома Сити Тандэр болсон.

ОКС багтаа 11 жил хүчин зүтгэхдээ гурван улирал дараалан трибл дабл дундажлан, хоёр удаагийн онооны аварга, хоёр удаагийн ассистын аварга, улирлын үнэ цэнтэй тоглогч, хоёр удаагийн Бүх оддын үнэ цэнтэй тоглогч зэрэг амжилтуудыг үзүүлжээ.

Сагсан бөмбөгийн спортын нэг хэсэг гэгддэг гэмтэл, бэртэл түүнийг холуур тойрсонгүй. 2013 оны плэй-оффын эхний цувралын тоглолт дээр тухайн үеийн Хьюстэн Рокэтс багийн тоглогч Патрик Бэвэрли дүрмийн бус алдаа гарган Вэстбрүүктэй мөргөлдөж түүний өвдгийг гэмтээж байв.

Дараа жил нь Рассел бэртлээсээ эргэн ирэн улирлын сүүлийн 46 тоглолтод оролцож 21.8 оноо, 6.9 дамжуулалт дундажлав. Түүнээс хойш өдийг хүртэл тогтмол тоглож буй.

Вэстбрүүкийн шүтэн биширдэг тоглогч нь алдарт Мэйжик Жонсон ажээ. Гэсэн хэдий ч тэрбээр өөрийгөө хэзээ ч Лэйкэрсийн фэн байгаагүй хэмээн хэлж байв.

Рассел Вэстбрүүк NBA-ийн тоглогчдоос хамгийн олон хочтой тоглогчдын нэг бөгөөд дээр дурдсанчлан "Сүүлчийн Соник", "Ноён трибл дабл"-аас гадна тоглогчдын дундах "Загварын хаан" хочтой билээ. Тэрбээр талбайн гадуур өвөрмөц, содон, этгээд хувцаслалтаараа бусдаас ялгарч загварын чиг хандлагаа үргэлж өөрчилдөг нэгэн юм.

Вэстбрүүкийн сагсан бөмбөгийн замналыг өгүүлж буй тохиолдолд хэзээ ч орхигдуулж болохгүй хүн бол Кэвин Дурант юм. Тэд хамтдаа найман улирлын турш ОКС багт хүчин зүтгэсэн бөгөөд 2016 оны плэй-оффд Голдэн Стэйтэд хожигдсоны дараа Кэвин Дурант багаа орхин Голдэн Стэйттэй нэгдсэн нь Рассэлийг бухимдуулж байв. Хэдийгээр оноо авах ур чадвар болоод өөр зарим зүйлсээр Дурант Вэстбрүүкээс илүү боловч ОКС-ийн үнэнч фэнүүд 2016 оноос хойш Вэстбрүүкийг Дурантаас илүү үнэлэн энэ багийн түүхэн дэх хамгийн шилдэг тоглогч хэмээн үздэг билээ.

NBA-ийн од тоглогчид чухал мөчид оноо авсныхаа дараа өөрсдийн нэрийн хуудас болсон хөдөлгөөн хийх тохиолдол байдаг. Рассэлийн хувьд тэрхүү хөдөлгөөн нь "Rock a baby" буюу хүүхэд бүүвэйлэх юм. Энэ нь өрсөлдөгчөө нялх хүүхэд бүүвэйлж буй мэтээр төсөөлж буйг илэрхийлдэг ажээ.

Рассэл 2014-2015, 2015-2016 оны улирлын Бүх оддын тоглолтын үнэ цэнтэй тоглогчоор хоёр жил дараалан шалгарсан. Бүх оддын тоглолтын үнэ цэнтэй тоглогчийн шагналыг жил дараалан авсан ердөө хоёр тоглогч байдгийн нэг нь Рассэл бол нөгөө нь Боб Пэтит аж.

NBA-ийн тоглогчид дундаас Рассэлийн хамгийн дотны найзуудын нэг нь UCLA-д багийн хамтрагч байсан Кэвин Лав билээ. Өдгөө Кэвин Лав Кливлэнд Кавалерс багт хүчин зүтгэж байгаа бөгөөд 2015-2016 оны NBA-ийн аварга, таван удаагийн бүх одод, 2010-2011 оны самбарын аварга болж байв. 

Харин Рассэл Вэстбрүүк өнгөрч буй долоо хоногт замналынхаа 182, 183 дахь трибл даблаа хийж бүх цаг үеийн хамгийн олон трибл дабл хийсэн Оскар Робертсоны амжилтыг эвдсэн. 

Ирээдүйн алдрын танхимын гишүүн Рассэл Вэстбрүүкд одоо хүртэж амжаагүй нэг л шагнал дутуу. Тэрхүү шагнал нь мэдээж аваргын цом юм. Тэрбээр энэ улирлаас эхлэн Вашингтон Визардс багт хүчин зүтгэж байгаа бөгөөд одоогийн байдлаар баг нь плэй-инд шалгараад байгаа билээ. Рассэл Вэстбрүүк өнөө цагийн тоглогчид дунд трибл даблтай холбоотой бараг бүхий л рекордыг эзэмшиж буйгаараа NBA сонирхогчдын хайр хүндэтгэлийг хэдийн хүртсэн нэгэн билээ. 

                                             Б.Амарбаясгалан

Фото: УИХ-ын гишүүдийн гэр бүлийн өдрийн мэндчилгээ
Фото: УИХ-ын гишүүдийн гэр бүлийн өдрийн мэндчилгээ
 
Маргааш нийслэлд 18 хэм дулаан, үүлшинэ
Маргааш нийслэлд 18 хэм дулаан, үүлшинэ
Энэ мэдээ хуучирсан буюу 2021/05/16-нд нийтлэгдсэн мэдээ болно.