Энэ мэдээ хуучирсан буюу 2021/05/17-нд нийтлэгдсэн мэдээ болно.

АН-ын даргын төлөө Ц.Элбэгдорж, Х.Баттулга хоёр биечлэн өрсөлдөх бололтой

Ангилал
Улс төр
Огноо
Унших
6 минут 12 секунд

Улс төр урдаас бэлдсэн, бас тооцсон алхмууд дунд өрнөдөг. Хэрвээ ирээдүйд хийх улс төрөө тооцож, түүндээ тааруулж “өрөг”-өө бэлдэж сураагүй хүн улс төрд манлайлагч байж чадахгүй.

Энэ цаг үед АН дотор улс төрийн “газрын зураг”-аа хамгийн сайн зурдаг хоёр хүн байгаа. Х.Баттулга, Ц.Элбэгдорж гэсэн энэ хоёр эрхэм Ардчилсан намыг хэн нь авах вэ гэдэг цусгүй тулааныг яг одоо хүчтэй өрнүүлж байгаа. Нэг нь төрөлхийн зураач, нөгөөх нь уран зурагт нугасгүй. Өнөөдөр О.Цогтгэрэл, М.Тулгат хоёрыг Ц.Элбэгдоржийн АН, Женко Х.Баттулгын АН-ууд даргаараа сонгочихоод бие биенээ эсэргүүцээд өлсөж, цангаад яваа. Олон нийт М.Тулгат, О.Цогтгэрэл хоёрын нэг л АН-ын тамгыг атгах болов уу гэж хүлээж байна. Гэтэл эх сурвалжуудын мэдээлж буйгаар АН-ын даргын суудлын төлөө энэ сонгуулийн дараа Ц.Элбэгдорж, Х.Баттулга нар биечлэн гарч ирж өрсөлдөх гэнэ. Энэ хоёрын хэн ялсан нь АН-ын дараагийн дарга болох аж.

Ерөнхий сайдыг чухалчилсан Х.Баттулга ба эргэн ирэх гэсэн Ц.Элбэгдорж

Ардчилсан намыг 2020 оны сонгуульд ялагдуулахын тулд ажилласан хүн нь Женко гэсэн. С.Эрдэнэ сонгуулийн дараа Ерөнхийлөгчтэй ойлголцож чадаагүй учраас ялагдлаа хүлээн зөвшөөрсөн. Х.Баттулга яагаад АН-ыг ялагдуулахыг хүсэв. Хариулт их энгийн. С.Эрдэнийг унагааж чадвал нэгд, шинэ дарга томилуулна. Хоёрдугаарт, цаана нь байгаа Ц.Элбэгдорж тэргүүтэй нөхдүүдийг гарах гарцгүй болгоно.Улмаар өөрөө намаа авч, 2024 оны сонгуульд баатрын дүрээр орно. 2020 оны сонгуульд АН-аас сонгогдсон 11 гишүүний хэд нь Ерөнхийлөгч Х.Баттулгатай ойр хүмүүс байсныг тоолоход Д.Бат-Эрдэнэ, С.Одонтуяа, Б.Пүрэвдорж гурав л “гаднаас” байв. Бид өмнө нь бичсэнчлэн Ерөнхийлөгч Х.Баттулгад энэ сонгуульд нэр дэвших сонирхол огт байгаагүй. ҮХ-ийг өөрчлөх санаархал өнгөрсөн хугацааны бүх Ерөнхийлөгч нарт байдаггүй байв. Үүнийг Х.Баттулга ганцаараа зөрчиж, өөрөө ажлын хэсгээ ахалж байгаад өөрийгөө нэр дэвшүүлэхгүй байх замыг зассан. Үнэндээ Х.Баттулга У.Хүрэлсүхийн занганд биш, У.Хүрэлсүх Х.Баттулгын занганд орсон байхыг ч үгүйсгэхгүй. Өмнөх Ерөнхийлөгчид шиг хүн амьтан томилдог, УИХ-ыг чагталж байгаад ЗГ-т нэг хоёр сайд “цохидог” байсан боломж хаагдсан.Үүгээр юу хэлэх гээд байна вэ гэвэл Х.Баттулга Ерөнхийлөгч байхаас илүү Ерөнхий сайд байхыг чухалд үзсэн бололтой.

Ц.Элбэгдорж 2020 оны аравдугаар сард намын гишүүнчлэлээ сэргээж, бууриндаа буцсан. Өнөөдөр тэр Ардчилсан намын гишүүний хувиар дотоод сонгуульдаа орох бүрэн боломжтой. Нас, улс төрийн карьерын хувьд ч арай дуусах болоогүй байгаа Ц.Элбэгдорж эргэн ирэхэд тохирсон цагийг хүлээсээр байсан. АН тартагдаа тулж дампуурсан үе түүнийг гарч ирэхэд хамгийн тохиромжтой цаг хугацаа. Ц.Элбэгдоржийн улс төрийн бодлого, бүлэг фракц нь ч идэвхтэй хэвээрээ. 2024 онд АН-ыг хэн авхаалжтай нь удирдаж, зөв бодлого баримталж сонгуульд оролцуулсан хүн ялалт байгуулах магадлалтай. Ялдаггүй юм аа гэхэд 2012 оных шиг олуулаа болох боломжтой. Үүнийг харсан улс төрчид намаа хэн нь авах вэ гэх тэмцэл өрнүүлж, АН-ыг хуваалаа гэдгийг Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ, генсек Д.Амарбаясгалан гээд бүгд л хэлж байгаа.

Ц.Элбэгдорж, Х.Баттулга хоёрын дэмжигчид ба МҮДН фракцын “гомдол”

Хэрэв энэ хоёр намын даргын төлөө туллаа гэхэд Х.Баттулгыг Н.Алтанхуяг, Ц.Туваан, О.Цогтгэрэл, Ц.Адъяасүрэн тэргүүтэй УИХ-ын 10 гишүүн дэмжинэ. Дээр нь Б.Пүрэвдаваа, МҮХАҮТ-ын О.Амартүвшин, Я.Санжмятав болон С.Эрдэнэболд, Д.Галиндэв зэрэг багачууд нэмэгдэнэ. Харин Ц.Элбэгдоржийн талд Б.Пүрэвдорж, С.Одонтуяа, Д.Бат-Эрдэнэ гэсэн гишүүд дээр С.Эрдэнэ, Ц.Оюундарь, Ч.Өнөрбаяр, М.Тулгат, О.Баасанхүү, Э.Бат-Үүл зэрэг нөхдүүд бичигдэнэ. Хуучин “Нэг ардчилал” фракцын Х.Тэмжүүжин, Л.Гантөмөр нар аль давгүй санал тавьсан талд нь шингэх байх. Л.Гантөмөр лав одоогоор Ц.Элбэгдорж талыг илүүд үзэж байгаа гэх эх сурвалжийн мэдээлэл байна. Мөн үеийн үед АН-ын хөрөнгө санхүүг зохицуулж, төсөв мөнгөний бодлогыг боловсруулж ирсэн Р.Амаржаргал, Б.Мэдрээ, Н.Батбаяр, Б.Болор, Ц.Баярсайхан, Д.Эрдэнэбат, Д.Бат-Эрдэнэ тэргүүтэй МҮДН фракцынхан энэ удаагийн АН-ын даргыг сонгоход их чухал үүрэг гүйцэтгэнэ. МҮДН фракц том эрх ашгаараа бараг л Ц.Элбэгдоржийг дагах болов уу. Учир нь одоогийн Ерөнхийлөгч гарч ирсэн даруйдаа тус фракцын Б.Болор, Д.Эрдэнэбат зэрэг чухал төлөөллүүдийг шоронд явахад “хамгаалаагүй”. Бараг эсрэг ажилласан. Үүнд нь МҮДН-ийнхэн тун ууртай байгаа сурагтай байсан. Ингээд МҮДН, “Нэг ардчилал” фракцууд аль талыг сонгохоос шалтгаалж Ц.Элбэгдорж, Х.Баттулга гэсэн амин найзуудын хэн нь намын тамга атгахаа шийднэ.

Урьдчилсан байдлаар харахад Ц.Элбэгдоржийн тал арай давуу байж болох юм. МҮДН-ийг өөртөө татсан чигээрээ, дээр нь тарсан нэртэй “Нэг ардчилал”-ын хэдийг нэгтгэчихвэл “тоглоом” ерөнхийдөө дуусна. Хэрвээ бүтэлгүйтвэл Ц.Оюунгэрэлийн "тасалж" авсан шинэ нам дээр Ц.Элбэгдорж нөхдөө дагуулаад очихыг үгүйсгэхгүй.

Г.Лхагвадорж

Улаанбаатарт 20 хэм дулаан байна
Улаанбаатарт 20 хэм дулаан байна
 
МАРГААШ: Улаанбаатарт 8 хэм дулаан байна
МАРГААШ: Улаанбаатарт 8 хэм дулаан байна
Энэ мэдээ хуучирсан буюу 2021/05/17-нд нийтлэгдсэн мэдээ болно.