Энэ мэдээ хуучирсан буюу 2021/05/17-нд нийтлэгдсэн мэдээ болно.

Ц.Анандбазарын араас Б.Ундармаа, Д.Гантулга нарт ёс зүйн хариуцлага тооцож МАН-аас “хөөх“ үү

Ангилал
Улс төр
Огноо
Унших
4 минут 43 секунд

 

Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ, МАН-ын дарга У.Хүрэлсүх хоёр нэг өдрийн зөрүүтэй телевизийн камерын өмнө гарч ирээд Ц.Анандбазар "Шалгуул” гэж хэлээд дараа нь намаасаа “хөөв”. Хүчирхийллийн хэрэгт нэр холбогдож, хууль хяналтын байгууллагаар шалгуулж байгаа Ц.Анандбазарыг МАН-ын дарга нар маргаашийн улс төрөө бодоод золигт гаргаж, туг “тахиж” буй нь энэ бололтой. Уг нь одоогийн байдлаар Ц.Анандбазарыг хуулийн байгууллагаас буруутай гэж тогтоогоогүй байгаа. Гэвч түүнийг намаасаа “зайлуулчихвал” Ерөнхий сайд нарын маргаашийн улс төрд маш хэрэгтэй.

Нэгдүгээрт, удахгүй болох улс төрийн том сонгуулийн өмнө хүчирхийлэл гэх муухай хэрэгт холбогдсон Ц.Анандбазараас салах нь зүй ёсны улс төр. Хэрвээ энэ асуудлыг шийдэж чадахгүй бөөрөнхий байдлаар сонгуульд орвол эрсдэлтэй. Нөгөө талд нь Ц.Анандбазарын явуулах хүсэл МАН-аар дүүрэн байгаа. Учир нь У.Хүрэлсүх ялсан ч, ялагдсан ч эрх мэдлээ өгөөд явна. Энэ эрх мэдлийг хэн атгах вэ гэсэн “дайн” Ардын нам дотор жинхэнэ утгаараа сонгуулийн өмнө өрнөж байна. Үнэн хэрэгтээ Ц.Анандбазарын дуулианыг нийгэмд гаргаж тавьсан “суваг” өөрөө энэ асуудлыг Ерөнхийлөгч Х.Баттулга эсвэл Ардчилсан намын зүгээс биш гэдгийг нотолдог. Тиймээс Ардын намын дотоод зөрчил Ц.Анандбазарыг энд авч ирэв бололтой.

У.Хүрэлсүх, Ц.Анандбазар хоёр эртнээс таарамж муутай байж ирсэн талаар улс төрийн хүрээнийхэн ярьдаг. У.Хүрэлсүхийг намынхаа генсек байхад Ц.Анандбазар хуулийн байгууллагад саатуулагдаж, нэр дэвших эрхээ алдаж байсан түүхтэй. Гэтэл нөгөө талд Ц.Анандбазарыг улс төрд дэмжиж оруулж ирсэн хүн нь УИХ-ын дарга Г.Занданшатар байдаг. Тиймээс Ц.Анандбазарын дуулианыг бий болгодог, араас нь “хөөж” орхидог бүх үйлдэл намын даргын өрсөлдөөнтэй холбоотой байж мэднэ. Өөрөөр хэлбэл, Ц.Анандбазараар төлөөлүүлж намын даргын сунгаанд Л.Оюун-Эрдэнэтэй хамгийн хүчтэй өрсөлдөөн өрнүүлж мэдэх Г.Занданшатарыг “бай” болгож байж ч мэднэ. Уг асуудалтай холбоотой өмнө нь бичиж байсан "МАН: 70, 80-ААД ОНЫ ЛИДЕРҮҮДЭЭС ХЭН НЬ НАМЫНХАА ДАРААГИЙН ДАРГА БОЛЖ, ЭРХ МЭДЛЭЭ АТГАХ ВЭ" нийтлэлийг энд дарж уншаарай.

За яах вэ, улс төрийн хардлага сэрдлэгээ түр хойш нь тавиад Ц.Анандбазарын асуудлыг эв эрүүл, сав саруул ухаанаар харах гээд оролдоод үзье. Ардын нам үнэхээр хэрэг төвөгт холбогдсон, асуудал тарьж намын нэр хүндээс хойш нь зулгаасан, гишүүний ёс зүйгээ уландаа гишгэсэн хүмүүст хариуцлага тооцдог болж байгаа юм бол Ц.Анандбазарт ёс зүйн хариуцлага тооцож буйг үнэхээр сайшааж алгаа ташъя. Хачирхалтай нь, Ардын намд гэмт хэрэгт холбогдох нь байтугай гэмтэй хэрэгтэй нь тогтоогдсон хүмүүс өнөөдөр ч гишүүн хэвээрээ байна. Энэ хүмүүстээ ч гэсэн ёс зүйн хариуцлага тооцож, Ц.Анандбазар шиг намаасаа “хөөж” байгаад шалгуулаад өгөөч. Хэрэгт холбогдсон олон хүмүүсийг түр орхиод ядаж хэрэг хийсэн нь шүүхээр тогтоогдсон нөхдүүддээ МАН яагаад хариуцлага тооцож чадахгүй байгаа юм бэ. Хэдэн зуун тэрбумаар нь улсыг, иргэдтэй нь хамт хохироогоод шүүхээс ял авсан “Капитал” банкны Б.Ундармааг, хүчин хийсэн нь батлагдаад шүүхээс 2 жилийн сонссон Д.Гантулгад, ЖДҮХС-гийн мөнгийг хувийн компанидаа танил тал, эрх мэдлээ ашиглаж авсан нь тогтоогдсон гишүүдээсээ ч гэсэн адил тэгш хариуцлага нэхэх нь зүйтэй.

Зарим эх сурвалжуудын мэдээлж буйгаар сонгуулийн өмнө Б.Ундармаа, Д.Гантулга тэргүүтэй гэм буруутай нь тогтоогдсон нөхдүүдийг МАН-ынхан “хөөх” талаар ч гэсэн яригдсан гэнэ. Б.Ундармаагийн хувьд шүүхээс 2 жил гаруйн ял авсан ч тун удалгүй суллагдаад сул явж байгаа. Д.Гантулга гэхэд л МАН-ын Оюутны холбооны хүндэт Ерөнхийлөгч болж, намдаа өндөр оролцоотой хэвээр байгаа гэх. Б.Батзориг тэргүүтэй ЖДҮ-чин нөхдүүд буруутай нь тогтоогдсон ч бас л МАН-ын гишүүн хэвээрээ л байна. Тэдэнд ч мөн адил ёс зүйн хариуцлага хүлээлгэчихээд сонгуульд орвол МАН-ын хувьд ч, намын дарга У.Хүрэлсүхийн хувьд ч том нэмэх оноотой болно доо.

Б.Дугараг

АН-ын даргын төлөө Ц.Элбэгдорж, Х.Баттулга хоёр биечлэн өрсөлдөх бололтой
АН-ын даргын төлөө Ц.Элбэгдорж, Х.Баттулга хоёр биечлэн өрсөлдөх бололтой
 
Э.Бат-Үүл: Б.Булган өөрийгөө орчин цагийн Янжмаа болчихсон мэт дэмийрч байгаа бол эндүүрэл шүү
Э.Бат-Үүл: Б.Булган өөрийгөө орчин цагийн Янжмаа болчихсон мэт дэмийрч байгаа бол эндүүрэл шүү
Энэ мэдээ хуучирсан буюу 2021/05/17-нд нийтлэгдсэн мэдээ болно.