Энэ мэдээ хуучирсан буюу 2021/05/17-нд нийтлэгдсэн мэдээ болно.

Томоохон дэлгүүрийн “эздэд“ тал зассан УОК

Ангилал
Улс төр
Огноо
Унших
3 минут 33 секунд

УОК-оос ААН-үүдийн үйл ажиллагааг үе шаттайгаар нээж байна. Ингэхдээ хүн олноор цугларч, бөөгнөрөл үүсч болзошгүй 18 салбараас бусад газрын үйл ажиллагааг нээсэн. Уг хязгаарлагдсан салбарт хоол үйлдвэрлэл, үйлчилгээний газрууд, бүх төрлийн баар, өргөтгөсөн болон үзэсгэлэн худалдаа, барааны худалдааны төв, цахим, автомат тоглоомын газар, сургалтын төв, соёл урлагийн арга хэмжээ, үзвэр үйлчилгээ, нийтийн бүжиг ба бүх төрлийн бүжгийн клуб зэрэг 18 салбарын үйл ажиллагаа багтаж буй. Харин энэ сарын 15-наас сургалтын төв, бассейн, кофе шоп, фитнессийн үйл ажиллагааг нэмж нээхээр шийдвэрлэсэн. Түүнчлэн ирэх долоо хоногт буюу 22-ноос зарим ААН-ийн үйл ажиллагааг нээхээр төлөвлөж байна. Гэхдээ эрсдэлийн үнэлгээ хийж, мэргэжилтнүүдийн дүгнэлтийг харгалзан үзнэ хэмээн УОК-ын Нарийн бичгийн дарга Т.Баярхүү хэвлэлийн хурлаараа тайлбарласан юм.

Тэгвэл хачирхалтай нэг зүйл байна. Хүн олноор бөөгнөрч, эрсдэл үүсгэж болзошгүй 9 том худалдааны төвийг нээх эсэхийг ирэх сарын 22-ноос шийднэ гэсэн. Тиймдээ ч Сандэй плаза, Шөнийн зах, Бөмбөгөр зэрэг иргэд олноор үйлчлүүлдэг худалдааны төвүүд нээгдээгүй бөгөөд түрээслэгчид нь "Амьдрал хэцүүдлээ, түрээсээ ч өгч чадахгүй, өр ширэндээ баригдаж дууслаа" хэмээн жагсаж байна. Гэтэл тус худалдааны төвүүдийг эрсдэл өндөртэй хэмээн үйл ажиллагааг нь нээхийг зөвшөөрөөгүй хэрнээ яг ижил төрлийн үйл ажиллагаа явуулдаг, хүн ч олноор цугладаг Улаанбаатар их дэлгүүр, Улсын их дэлгүүр, Peace Mall, Max Mall зэрэг худалдааны томоохон төвүүдийн үйл ажиллагааг хэдийнээ нээчихэж. Тус дэлгүүрүүдээр ч хүмүүс их үйлчлүүлж байна. Ямар учраас, ямар үндэслэлээр, ямар шалгуураар УИД, Улаанбаатар гэх зэрэг том дэлгүүрүүд эрсдэл бага ангилалд багтаж, үйл ажиллагаа нь хэвийн явагдаж, харин ямар шалгуур, үндэслэлээр Сандэй, Шөнийн зах зэрэг тэднийхээ хажууд жижигдээ тооцогдох дэлгүүрүүд эрсдэл өндөр, дахин судалж байж нээх эсэхийг шийдэх ангилалд орчихов.

Эсвэл энэ вирус нь шөнөөр амарч, тэгш сондгой гэж ялгаварлан халддаг шигээ томоохон худалдааны төвүүдийн үйлчлүүлэгчдэд халдаж чаддаггүй, Сандэй, Шөнийн зах, Бөмбөгөр зэрэг жижиг худалдааны төвүүдийн үйлчлүүлэгчдэд шууд халддаг хэт ухаалаг вирус уу. Яг ижил тэгш үйл ажиллагаа явуулдаг газруудаа УОК ямар учраас ялгаварлах болов. Эсвэл томоохон худалдааны төвийн томоохон "эздэд" тал засав уу. Цар тахлын хүнд хэцүү цаг үед бүх ААН, иргэд эдийн засгаараа мөлхөж, өр ширэндээ баригдаж байхад ядаж УОК ААН, түрээслэгч иргэдээ ингэж ялгамааргүй л байх юм. Мөн нөгөө талдаа том их дэлгүүрүүдэд ороод үйлчүүлж чадахгүй ч жижиг худалдааны төв, захуудаар орж үйлчлүүлдэг маш олон иргэдийн эрхийг давхар зөрчиж байна шүү. УОК-ын шийдвэр гаргагчдаа..... 

Б.Золбоо

 

Ц.Анандбазарын араас Б.Ундармаа, Д.Гантулга нарт ёс зүйн хариуцлага тооцож МАН-аас
Ц.Анандбазарын араас Б.Ундармаа, Д.Гантулга нарт ёс зүйн хариуцлага тооцож МАН-аас "хөөх" үү
 
Маргааш нийслэлд 5 хэм дулаан, үүлэрхэг
Маргааш нийслэлд 5 хэм дулаан, үүлэрхэг
Энэ мэдээ хуучирсан буюу 2021/05/17-нд нийтлэгдсэн мэдээ болно.