Энэ мэдээ хуучирсан буюу 2021/05/17-нд нийтлэгдсэн мэдээ болно.

АН-ын бүлэг: Түдгэлзүүлсэн хуулийн заалт баримтлан Ерөнхийлөгчид нэр дэвшигчийг бүртгэсэн

Ангилал
Улс төр
Хэзээ
2021/05/17
Унших
2 минут 13 секунд
QR кодыг уншуулж мэдээг утсаараа унших боломжтой.

УИХ дахь АН-ын бүлэг өнөөдөр хуралджээ. Хуралдаанаар Монгол Улсын Ерөнхийлөгчийн сонгуулийн тухай хуульд өөрчлөлт оруулах тухай хуульд  тавьсан Монгол Улсын Ерөнхийлөгчийн хоригийг хэлэлцсэн байна. Тодруулбал, АН-ын бүлэг "Монгол Улсын Ерөнхийлөгч Х.Баттулга тавдугаар сарын 6-ны өдөр Ерөнхийлөгчийн сонгуулийн тухай хуулийн хоёр заалтад бүхэлд нь хориг тавиад байгаа. Ерөнхийлөгч хориг тавьсан тохиолдолд тухайн заалтыг түдгэлзүүлдэг хуультай. Гэвч УИХ энэхүү хоригийг хэлэлцэн, хоригийг хүлээж авах эсэхийг хэлэлцэн шийдээгүй байхад Сонгуулийн ерөнхий хороо нэр дэвшигчдийг бүртгэсэн. Өөрөөр хэлбэл, түдгэлзсэн хуулийн заалтыг баримтлан 2021 оны Ерөнхийлөгчийн сонгуульд нэр дэвшигчийг бүртгэсэн гэсэн үг. Нөгөө талаар МУ-ын Ерөнхийлөгчийн сонгуулийн тухай хуулийн 3 дугаар зүйлийн 3.1.2 болон 5 дугаар зүйлийн 5.4 дээх заалтуудыг Цэц, Үндсэн хууль зөрчсөн гэсэн дүгнэлт гаргасантай холбогдуулан УИХ хүлээн авч уг хуульд нэмэлт өөрчлөлт оруулахдаа уг заалтуудыг бүрхэгдүүлж, өмнө тодорхой заасан асуудлуудыг хуулийн заалтаас авсан нь төөрөгдөл бий болгож байна гэж үзлээ. Тиймээс энэ удаагийн Ерөнхийлөгчийн сонгууль хууль бус сонгууль болох нь гэж дүгнэлээ. Түүнээс гадна УИХ-ын даргын захирамжаар байгуулагдсан ажлын хэсэг Ардчилсан намын тамганы хяналтын дугаарыг өөрчлөн дахин тамга хийх эрх олгосон нь хууль зөрчсөн гэдэг дүгнэлт гаргавал сонгууль хойшлох нөхцөл бүрдэж болох асуудлыг ч хөндөж байна" гэлээ.

Мөн Үндсэн хуулийн Цэцийн 04 дүгээр дүгнэлтийг хэлэлцжээ. Уг дүгнэлтэд Эрүүгийн хуулийн зарим заалт Үндсэн хуульд заасан хүний эрх эрх чөлөө, хүн бүр хуулийн өмнө тэгш эрхтэй байх зэрэг зарчмыг зөрчсөн байна гэж үзсэн байна. Улмаар илүү нарийвчлан судлаж дүгнэлт гаргахаар шийдвэрлэжээ. 

Энэ мэдээ хуучирсан буюу 2021/05/17-нд нийтлэгдсэн мэдээ болно.