Энэ мэдээ хуучирсан буюу 2021/06/04-нд нийтлэгдсэн мэдээ болно.

Н.Алтанхуягийг бүлгийн дарга, Д.Бат-Эрдэнийг УИХ-ын дэд дарга болгохоор тохирчээ

Ангилал
Улс төр
Огноо
Унших
4 минут 42 секунд

Ерөнхийлөгчийн сонгуулийн сурталчилгаа шувтрах дөхөж буй эдгээр өдрүүдэд АН-ын эрх мэдлийн шинэ хуваарилалт явагдаж энэ зуны улс төр халуухан сонирхолтой болох янзтай болоод явчихлаа. Энэ удаагийн Ерөнхийлөгчийн сонгуульд АН бараг хүн дэвшүүлээгүй гэхэд хилсдэхгүй. Өөрсдөө ч “С.Эрдэнэ ялах гэж дэвшээгүй, эрх баригчидтай тохироо хийсэн” гэж ил зарлах болсон. Ерөнхийлөгчийн сонгуульд У.Хүрэлсүх ялалт байгуулах нь бараг л 200 хувь ойлгомжтой гэж үзээд намынхаа дараагийн эрх мэдлийн шинэ хуваарилалт, 2024 оны сонгуульд хэдийнээ анхаараад эхэлжээ.

Эх сурвалжийн мэдээлж буйгаар АН дотооддоо хэд хэдэн өөрчлөлтийг хийхээр тохироонд хүрч байгаа аж. Тодруулбал, Ерөнхий сайд асан Н.Алтанхуягийг бүлгийн дарга, олноо “Ажнай” нэрээр алдаршсан Д.Бат-Эрдэнэ гишүүнийг УИХ-ын дэд даргаар томилохоор болсон гэв.

Одоогийн АН-ын бүлгийн дарга Д.Ганбат нь Ерөнхийлөгч Х.Баттулгын дэмжлэгээр энэхүү албан тушаалд томилогдсон. Гэвч өнгөрсөн өвлөөс хойш Х.Баттулгатай түнжин муудаж дэмжлэгээ алдсан гэх мэдээлэл бий. Түүнийг олон нийтэд АН-ыг төлөөлж чадах “фигур” биш гэж УИХ-ын гишүүд нь шүүмжлэх болжээ. Хэлсэн ярьсан зарим зүйл нь сошиал сүлжээнд элэг доог болж АН дотор бүлгийн даргаа солих ёстой гэсэн байр суурь хүчтэй яригдах болсон гэв. Тэгвэл тэд хоёр дараалж сонгуульд ялагдсан энэ намын бүлгийг хэн зангидаж чадах вэ гэдэг дээр удтал зөвлөсний эцэст хамгийн тохиромжтой хүнээр Н.Алтанхуягийг нэрлэсэн байна. “Н.Алтанхуягийн үед л АН УИХ, Нийслэл, орон нутаг, Ерөнхийлөгчийн 2 сонгууль гээд нийтдээ 5 дараалсан ялалт байгуулж байсан, Н.Алтанхуяг л хоорондоо таардаггүй олон фракцуудын учрыг олж чадна, Н.Алтанхуяг шиг сайн менежер АН-д яг одоо хэрэгтэй” гэсэн яриа газар авч түүний тойрон хүрээлэл өдрөөс өдөрт нэмэгдсээр байна.

Цаашлаад, АН-ын дараагийн даргын өрсөлдөөн Ерөнхийлөгч асан Ц.Элбэгдорж, хэдхэн өдрийн дараа буух Ерөнхийлөгч Х.Баттулга нарын дунд өрнөх бол эдний дундаас "од шүүрэх" боломжтой хүн нь Н.Алтанхуяг гэж ярих болжээ. Уг нь өнгөрсөн 4 дүгээр сард Ерөнхийлөгчтэй таарамж муутай болсон Д.Ганбат гишүүнийг сольж оронд нь Ж.Батсуурь гишүүнийг тавих сураг дуулдаж байсан. Гэвч сонгуулийн нэр дэвших үйл явцтай зэрэгцэж Ж.Батсууриас илүү том "фигур" болох Н.Алтанхуяг эргээд АН-д ирсэн тул аль хүчтэй хүнд нь АН-ын бүлгийг атгуулахаар шийдсэн бололтой.

Мөн АН-ынхан УИХ-ын дэд дарга С.Одонтуяаг солих ёстой гэсэн байр суурьтай байгаа ажээ. Учир нь тэрбээр Баянгол дүүргээр овоглодог, АН-аас Ерөнхийлөгчид нэр дэвшээд яваа С.Эрдэнийн талын хүн. Мөн Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэтэй муудалцсан нь ажлаа алдахад бас нөлөөлж байгаа гэв.

Товчхондоо, сонгуулийн ялагдлын дараа С.Эрдэнэ, Х.Баттулгатай тохирч, бүлгийн дарга, УИХ-ын дэд даргаа нэг нэгээр нь авсан гэдэг. Энэ тохироо эвдэрч шинэ АН, хүчтэй сөрөг хүчин бүрдэх процесс хэдийнээ эхэлжээ.

С.Одонтуяагийн оронд Д.Бат-Эрдэнийг УИХ-ын дэд даргаар томилохоор болсон гэх мэдээлэл байна. Д.Бат-Эрдэнийн хувьд АН-даа нөлөөтэй, хөрөнгө мөнгө сайтай түүнчлэн эрх баригчидтай ч маш сайн харилцаатай гэдэг. Ялангуяа түүнийг У.Хүрэлсүхтэй багш шавийн барилдлагатай, маш ойрын харилцаатай гэсэн яриа саарал ордны "тамхины цэг"-ээс сонсдох болсон. Бүлгийн даргыг бүлэг дотроо шийддэг бол УИХ-ын дэд даргыг чуулганаар томилдог. Тийм учраас дараагийн УИХ-ын дэд дарга нь МАН-ын дэмжлэгийг ч авах шаардлагатай болж байгаа юм. Энэ шалгуурыг Д.Бат-Эрдэнэ хангаж байгаа ажээ.

Ийнхүү сонгуулийн дараа, намрын чуулган гэхэд УИХ-дахь АН-ын бүлэг шинэ удирдлагатай болж, АН-ын даргын асуудал ч нэг мөр цэгцрэх бололтой.

Танилц: Өнөөдөр ажиллах дархлаажуулалтын цэгийн БАЙРШИЛ
Танилц: Өнөөдөр ажиллах дархлаажуулалтын цэгийн БАЙРШИЛ
 
Х.БОЛОРЧУЛУУН: Гурил өндөр ашигтай юм бол Л.Цандэлэг гурилаа хий
Х.БОЛОРЧУЛУУН: Гурил өндөр ашигтай юм бол Л.Цандэлэг гурилаа хий
Энэ мэдээ хуучирсан буюу 2021/06/04-нд нийтлэгдсэн мэдээ болно.