Энэ мэдээ хуучирсан буюу 2021/06/09-нд нийтлэгдсэн мэдээ болно.

Сурвалжилга: Эртэч иргэд цагтаа ирсэн ч “хаалттай хаалга мөргөв“

Ангилал
Нийгэм
Огноо
Унших
3 минут 25 секунд

2021 оны Ерөнхийлөгчийн ээлжит сонгуулийн санал хураалт улс даяар 07.00 цагт эхлэх хуваарьтай. Өглөөний нартай уралдан босож, саналаа өгөхөөр ирсэн иргэд болон санал авах байрны нөхцөл байдлыг сурвалжлахаар манай редакцийн сурвалжлах баг Монгол Улсын Ерөнхийлөгчийн 2021 оны ээлжит сонгуулийн Чингэлтэй дүүргийн 30-10-2 дугаар хэсгийн санах авах байранд 06.55 цагт ирлээ.

Санал авах байр өглөөний 07.00 цагаас хаалгаа нээх ёстой боловч 07.18 цагаас үүдээ нээлээ. "Хамгийн эхний" саналыг өгөхөөр эртлэн босон санал хураах байрны үүдэнд 07.00 цагтаа бэлэн зогссон иргэд үүдээ цагтаа нээгээгүй байрны гадаа дугаарлан зогсож өөр хоорондоо "жилийн жилд л ингэх юм, юм цагтаа эхэлнэ гэж ер байхгүй" хэмээн хоорондоо ярилцана.

Манай редакцийн хоёрдугаар сурвалжлах баг ЧД-ийн 11-р хорооны санал авах байранд ажиллахад "Техникийн саатал гарсан" гэх шалтгаанаар мөн л 40 минут хоцорч үүдээ нээжээ.

Санал авах хэсгийн ахлагч ЧД-ийн 124-р цэцэрлэгийн эрхлэгч Б.Баянмягмараас нөхцөл байдлыг тодруулахад, "Монгол Улсын Ерөнхийлөгчийн 2021 оны ээлжит сонгуулийн Чингэлтэй дүүргийн 30-10-2 дугаар хэсэг үүдээ нээж санал авах үйл ажиллагаа амжилттай эхэлж байна. Манай хэсэгт 2506 хүн санал өгөх хуваарьтай байгаа. Коронавирусийн халдвартай холбогдуулан халдвар хамгааллын дэглэмийг маш сайн сахиулж ажиллаж байна гэв. 07.00 цагт үүдээ нээгээгүй шалтгааныг тодруулахад, "Бид яг 07.00 цагт эхлээд, зөөврийн саналуудаа уншуулсан. Зөөврийн саналаа уншуулж дуусгаад иргэдээ оруулж эхэлсэн" гэв.

Санал авах байр нээхтэй зэрэгцэн ирсэн иргэдтэй уулзан, нөхцөл байдлыг тодрууллаа. ЧД-ийн 10-р хорооны иргэн Г.Магсар, " Би 07.00 цагаас ирлээ. Ирэхэд нээгээгүй байна гээд 10 орчим хүн дугаарлаж байлаа. Уг нь төрийн ажил цагтаа л эхлэх ёстой байгаа юм. Халдвар хамгааллын дэглэмийг дажгүй сайн баримтлуулж байна. Энэ жилийн хувьд нэр дэвшигчид нэгнийгээ учиргүй харлуулалгүй сонгуулийн сурталчилгаагаа явуулсан нь авууштай байв" гэв.

Мөн тус хорооны ахмад настан Б.Ганцоож, "Ерөнхийлөгч анх удаа зургаан жилээр сонгогдох гэж байна. Тэгэхээр бүгдээрээ ирж санал өгөх хэрэгтэй. Хүүхэд залуустаа бид л үлгэрлэж сонгуульдаа оролцохыг уриалах нь зүйтэй" гэв.

Анхны сонгуулийн саналаа өгөхөөр ирсэн залуу үеийн төлөөлөл ч мөн санал хураах байранд иржээ. Түүнээс анхны сонгуулиа өгсөн сэтгэгдэлийг сонсоход "Үеийн залуусаа төлөөлөөд өглөө эрт босон ээж, аавтайгаа ирж саналаа өглөө. Үүдээр ороход халуун хэмжин, гар ариутгаж, нэг удаагийн бээлий өгч байна. Залуусдаа хандаж хэлэхэд сонгуульдаа идэвхтэй оролцоорой" гэв.

Сурвалжилсан: Б.Амарбаясгалан

Гэрэл зургийг: Г.Жавхаатөгөлдөр

ШУУД: Ерөнхийлөгчийн сонгуулийн санал хураалт өндөрлөж, ДҮН танилцуулж байна
ШУУД: Ерөнхийлөгчийн сонгуулийн санал хураалт өндөрлөж, ДҮН танилцуулж байна
 
С.Зориг агсны гэргий Б.Булган: Ц.Элбэгдорж гэдэг хүн төрийн өндөрлөгт гарах болгонд би шоронд ордог
С.Зориг агсны гэргий Б.Булган: Ц.Элбэгдорж гэдэг хүн төрийн өндөрлөгт гарах болгонд би шоронд ордог
Энэ мэдээ хуучирсан буюу 2021/06/09-нд нийтлэгдсэн мэдээ болно.