Энэ мэдээ хуучирсан буюу 2021/06/14-нд нийтлэгдсэн мэдээ болно.

АНАЛИЗ: Зарим аймаг, дүүрэгт МАН-ынхан У.Хүрэлсүхийнхээ эсрэг ажиллаж ЦАГААН СОНГОЛТ хийсэн үү

Ангилал
Улс төр
Огноо
Унших
8 минут 37 секунд

Элдэв дээдийн цус судлал, ямар нэгэн хар бор пиаргүй өөрсдөдөө ашигтай сонгуулийг МАН амжилттай “удирдан” зохион байгуулсан. Сонгуулийн сэдэв халуун байгаа дээр нь ЦАГААН СОНГОЛТТОЙ холбоотой ганц нэг санааг тэмдэглэн үлдээе.

ЦАГААН СОНГОЛТЫГ түлхүү өгсөн аймаг, дүүргүүдийг дараах байдлаар тайлбарлаж болно. Нэгд, Ардын намынхан У.Хүрэлсүхийн эсрэг ажилласан. Яагаад гэвэл түүнийг унаасай гэж хүсвэл аль болох цагаан сонголт ахиу хийнэ. Өөрөөр хэлбэл У.Хүрэлсүхийг эхний шатанд Д.Энхбат шууд ялна гэж “бооцоо” тавьснаас хэнийг ч дэмжихгүй залуучууд, С.Эрдэнийг эсэргүүцэгч АН-ынхан хоёртой хүч хавсарч татаж унах нь эсрэг ажиллагсдын хамгийн боломжит хувилбар. Ингэж гэмээн сонгууль хоёр шаттай болж, дараагийн шатанд Д.Энхбатын ялах магадлал нэмэгдэнэ. Хоёрд, итгэл үнэмшлээрээ аль ч нэр дэвшигчийг дэмжээгүй сонгогчид цагаан сонголт хийв. Гэхдээ сонгогчид өнгөрсөн сонгууль шиг нэр дэвшигчдийг бүгдийг нь эсэргүүцээгүй гэдгийг сануулъя. Шинэ сонголт гаргаж ирсэн хэмээн Д.Энхбатыг залуус “налах” хандлагатай байсан. Тиймээс МАН аль болох залуусыг давлагаалуулж, эрчийг нь авахуулахгүй “унтуулах” арга барил барьсан юм. Цагаан сонголт хийдэг сонгогчдыг насны бүлгээр харвал залуучууд голдуу эсэргүүцлээ илэрхийлж ийм сонголт хийдэг. Эдгээр хүчин зүйлсийг тооцож үзэхэд энэ жилийн цагаан сонголтын нэлээдгүй хувь нь МАН-аас "гоожиж" гарсан гэж дүгнэж болохоор байна. Өөрөөр хэлбэл У.Хүрэлсүхийн бүтэлгүйтлийг хүлээсэн МАН-ын гишүүд дэмжигчдийн үйлдэл өнөөдрийн сэдэвт жин дарах нь.

Цагаан сонголт өгсөн аймгуудыг тоогоороо ч, хувиараа ч Баянхонгор тэргүүлсэн гэдгийг онцгойлон дурдъя. Баянхонгорчуудын цагаан сонголтыг хувиар нь харвал 11.41 хувь буюу улсын хэмжээнд хол тасархай. Тэд Ерөнхийлөгч Х.Баттулгыг дахин нэр дэвших замыг хаасан МАН-ын нэр дэвшигч У.Хүрэлсүхийг эсэргүүцсэн. Мөн Х.Баттулга талаас Н.Алтанхуягийг дэвшүүлэх гэхэд саад болж өөрөө дэвшсэн С.Эрдэнийг ч давхар эсэргүүцэв. Ерөнхийдөө ийм нөхцөлд энэ хоёр бүлгийн дэмжигчид саналаа огт өгөөгүй хэсгийг бүрдүүлсэн байх магадлал өндөр. Яагаад гэвэл санал өгөх ёстой 25 мянган иргэн саналаа огт өгөөгүй. Аймгийн хэмжээнд ирц дөнгөж 55 хувьтай байлаа. Нөгөө талаас Г.Занданшатар тэргүүтэй Баянхонгорын МАН-ыг буруутгаж болох юм. Орон нутгийнхаа МАН-ыг томоор нь “базаж” сонгуульд орсон хүн бол тэр. Эсрэг ажилладаггүй юм аа гэхэд сэтгэлгүй ажилласан байхыг үгүйсгэхгүй. МАН-ынхан сонгуулийн өмнөөс л У.Хүрэлсүхийг унасан ч, боссон ч орхиод явах суудлынх нь төлөө Г.Занданшатар тэргүүтэй хэд хэдэн нөхдийг ам хэлээрээ “өрсөлдүүлээд” эхэлсэн. Баянхонгорт орон нутгийн сонгуульд МАН 22 суудал авч засаглах эрхээ дөнгөж халаасалсан бол АН 19 суудал авсан. Аймгийн хэмжээнд МАН-ын бүтэц бүрэн ажиллаж байгаа. Гэтэл Баянхонгор яагаад цагаан сонголтоороо С.Эрдэнэ, Д.Энхбат хоёроос ч илүү гарав гэдэг сонин.

Увс аймаг цагаан сонголтын тоогоороо, бас хувиараа хоёрдугаарт жагсав. Увсыг бол ойлгоно. Яагаад гэвэл УИХ-ын сонгуулиар О.Цогтгэрэлийг нэгээр гаргасан газар. Аймагтаа төдийгүй, улсдаа улс төрөөрөө дээгүүрт “давхидаг” МАН-ын гурвын хоёр нь өнгөрсөн сонгуулиар нэлээн бажигдаж байж гарсан. Мөн О.Цогтгэрэлийн АН-ыг С.Эрдэнэ “гишгээд” нэр дэвшсэн тул АН-ын дэмжигчид С.Эрдэнийг эсэргүүцэх нь ойлгомжтой. Өөрөөр хэлбэл 3116 цагаан сонголтын дийлэнх хувийг АН, үлдсэн хэсгийг У.Хүрэлсүхэд дургүй МАН-ынхан хийсэн байх боломжтой.

Хөвсгөл 2578 ширхэг цагаан сонголтын тоогоороо гуравт, хувиараа тавд бичигдэв. Орон нутгийн сонгуульд АН-д алдсан аймгуудын нэг нь Хөвсгөл. Энэ утгаараа орон нутгийн удирдлагууд МАН-ын эсрэг ажиллах нь ойлгомжтой. Тиймээс С.Эрдэнэ цагаан сонголтоос илүү санал Хөвсгөлд авсан байна лээ. Харин нөгөө талд нь УИХ-ын сонгуульд ялалт байгуулсан Ц.Даваасүрэн, Л.Мөнхбаатар, Л.Энх-Амгалан гурвын “базаж” буй аймгийн МАН ажилдаа хойрго хандсан бололтой. Хөвсгөлийн сонгогчдын 55 хувь нь саналаа өгсөн тул АН-ын жинхэнэ дэмжигчдийн олонх санал өгөхөөс татгалзаж, үлдсэн нь С.Эрдэнийгээ дэмжив. Ингээд бодохоор тэр олон цагаан сонголтыг хэн хийв.

Дархан-Уул аймгийн хувьд цагаан сонголтын хувиараа ч, тоогоороо ч дөрөвт бичигджээ. МАН-аас 2020 онд сонгогдсон Б.Жавхлан, Б.Баттөмөр, Г.Дамдинням нарын тэргүүлж буй МАН-ын гишүүдээс багагүй хувь нь У.Хүрэлсүхийг дэмжээгүй бололтой. Орон нутгийн сонгуульд Дарханы МАН ганцхан суудлыг Шударга иргэдийн нэгдсэн эвсэлд өгч үлдсэнийг нь хуу хамсан. Увс, Хөвсгөл шиг орон нутгийн “хөл”-өө АН-д алдаагүй. Их хурал, орон нутагтаа үнэмлэхгүй байгаа газарт цагаан сонголт ийм их гарсан нь сонирхолтой. Дарханы цагаан сонголтын тоо С.Эрдэнийн саналаас ч их, 6.89 хувьтай гарсан байна лээ.

Сэлэнгэ аймаг цагаан сонголтын хувиараа гуравт, тоогоороо тавд бичигдсэн. 2510 цагаан сонголт нь С.Эрдэнийн авсан саналын дээр албан ёсоор бичигдэнэ. Сэлэнгэ нутгийн гурван хүүг “аавын” хаалга татуулсанд Сэлэнгэчүүд Ерөнхийлөгчийг буруутгаж, Ж.Эрдэнэбатыг хамгаалаагүй гэж Ардын намын удирдлагуудад гомддог гэсэн. Орон нутгийн сонгуульд ялалт байгуулсан тул нутгийн удирдлага МАН-д бүрэн харъяалагдаж буй. Тийм байтал МАН-ын гишүүд дахиад л “хайрцгаа” дутуу тавьж, том дүнгээрээ байдал эвгүйтвэл нэр дэвшигч нь хоёр дахь шатны санал хураалтад орж мэдэх үйлдлийг сэм гаргаад амжив.

Тэгвэл хотын 9 дүүрэгт цагаан сонголт чамгүй өндөр хэмжээнд хийгджээ. Баянзүрх 8748, Сонгинохайрхан дүүрэгт 7004 цагаан сонголт гарчээ. Эдгээр дүүргийн нийт сонгогчдын тоо 100 мянга давсан учраас цагаан сонголтын тоо бусад аймаг, дүүргээс өндөр байгаа ч хувилаад үзвэл эхний 5 дүүргийн нэг болж байна. Араас нь Баянгол 5481, Чингэлтэй 3815, Сүхбаатар дүүрэгт 3661 цагаан сонголт хийгдлээ. Хотын дүүргүүдийн хувьд орон нутгийг бодоход мэдээлэлд илүү ойр. Залуучуудын эзлэх хувь болон санал өгсөн залуучуудын ирц орон нутгаас өндөр байв. Д.Энхбат нэр дэвшигч нийт авсан 246,968 саналынхаа 160,000 гаруй мянганыг хотоос цуглуулсан. Хотод хөвөгч масс гэгддэг улс төр төдийлөн анхаардаггүй, мэддэггүй залуусын ихэнх хувь цагаан сонголтын оронд Д.Энхбат руу “хошуурчээ” гэж дүгнэхээр байна. Гэтэл эсрэгээрээ цагаан сонголт өндөр хувьтай гарлаа. Энэ бол яалтчгүй эдгээр дүүргүүдийн МАН-ын хороо дутуу ажилласан, зарим талаараа эсрэг ажилласан уу гэдэг асуултыг гаргаж ирэх болно. Нийтлэлийн эхэнд өгүүлсэн шиг Д.Энхбатын дэмжигчид ямар ч тохиолдолд цагаан сонголтыг сонирхохгүй. С.Эрдэнийг унаасай гэж хүссэн АН-ын дэмжигчдийн тодорхой хувь нь цагаан сонголт хийх ч гол өрсөлдөгч У.Хүрэлсүхийг унагахын тулд Д.Энхбатад “бооцоогоо” тавих эсвэл гэртээ суух хувилбарыг илүүд үзнэ. С.Эрдэнэ хүртэл аймгуудад мянга гаруй санал авсан бол дүүргүүдэд 4 мянганаас дээш саналууд авчээ.

Г.Лхагвадорж

ЕВРО-2020:
ЕВРО-2020: "Гурван арслангууд" Стерлингийн гоолоор Хорватыг хожлоо
 
МАРГААШ: Улаанбаатарт 8 хэм дулаан байна
МАРГААШ: Улаанбаатарт 8 хэм дулаан байна
Энэ мэдээ хуучирсан буюу 2021/06/14-нд нийтлэгдсэн мэдээ болно.