Энэ мэдээ хуучирсан буюу 2021/06/15-нд нийтлэгдсэн мэдээ болно.

МОНГОЛ: Сая хүн тутам дахь НАС БАРАЛТ болон ХАЛДВАРЫН тоогоороо дэлхийд ТЭРГҮҮЛЖ БАЙНА

Ангилал
Улс төр COVID-19
Огноо
Унших
2 минут 43 секунд

Сүүлийн 24 цагт 2386 тохиолдол илэрч ковидын нөхцөл байдал өдрөөр биш цагаар хүндэрч байх шиг байна. Уг нь Засгийн газар халдварын тохиолдол энэ өнөөдрөөс буурна гэж сонгуулийн өмнө мэдээлж байв. Гэвч өнөөдөр халдвар буурах биш улам нэмэгдэж, халдваргүй аймаг, сумгүй болох дээрээ туллаа. Үүний “гавьяа”-гаар Монгол Улс нэг сая хүнд ногдох халдварын тохиолдол болон нас баралтын тоогоороо дэлхийд тэргүүлээд эхэллээ. Ямар нэг үзүүлэлтээрээ дэлхийд тэргүүлэх хоббитой нөхдүүдэд хэлэхэд энэ бол муу талын тэргүүлэлт шүү.

Нөгөө талд нь вакцинжуулалтаараа дэлхийд эхний тавд багтаж, зорилтод бүлгийн нийт хүн амын бараг 90 хувь нь дархлаажуулалтад хамрагдсан. Нэг болон хоёрдугаар тундаа иргэд маш идэвхтэй хамрагдсан. Номоороо бол одоо халдвар хэдийнээ буурчихсан. Хүн амын дунд дархлаа бүрэн тогтох үйл явц өндөр хувьтай үргэлжилж байх ёстой.

Гэтэл вакцин нь ч үр дүнгүй, төр засаг нь ч зохион байгуулалтгүй улс төр эрх мэдэлдээ анхаарсны гороор нөхцөл байдал өнөөдөр хүндэрчихлээ. Нөхцөл байдал энэ хэвээрээ үргэлжилбэл дархлаажуулалтын ажил жинхэнээсээ үр дүнгүй болно. Ковидгүй зун гэж иргэдээ хөөргөсөн Засгийн газрын бодлого, зохион байгуулалт үндсээрээ нуран унаж байна. Одоо л дараагийн шатны арга хэмжээгээ авахгүй бол намар хичээл сургууль эхлэхэд хүртэл саад болж мэдэхээр байна.

Тиймээс Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ, Шадар сайд С.Амарсайхан ЭМ-ийн сайд С.Энхболд тэргүүтэй Засгийн газар элдэв улс төрөө хойш нь тавиад улс орныхоо төлөө, иргэдийнхээ төлөө бодолтой, бодлоготой шийдвэрүүд гаргах хэрэгтэй. Хаашдаа сонгууль дуусч Ардын нам хүссэн эрх мэдэлдээ хүрсэн хойно одоо ард түмнээ жоохон бодъё. Иргэд ч гэсэн вакцин хийлгэсэн ч халдвар авах магадлалтай гэдгийг хүлээн зөвшөөрч эгзэгтэй нөхцөл байдалд шаардлагагүй уулзалт, хурал болон ямар нэгэн олон нийтийн үйл ажиллагаанаас татгалзах хэрэгтэй. Мөн халдвар хамгааллын дэглэмээ сайтар сахихыг уриалж байна. Халдвар утгаа алдахад иргэд бидний “гавьяа” ч бас тодорхой хувиар байгаа шүү.

Б.Ууганбаяр: Спутник-V вакциныг шуурхай татан авахаар ГХЯ ажиллаж байгаа
Б.Ууганбаяр: Спутник-V вакциныг шуурхай татан авахаар ГХЯ ажиллаж байгаа
 
Л.Оюун-Эрдэнэ: С.Зоригийн хэргийн зургаан ажлын хэсэг тарсан. Яагаад тарав. Энэ Ц.Элбэгдоржийн ЗГ-ын сэдэл байсан
Л.Оюун-Эрдэнэ: С.Зоригийн хэргийн зургаан ажлын хэсэг тарсан. Яагаад тарав. Энэ Ц.Элбэгдоржийн ЗГ-ын сэдэл байсан
Энэ мэдээ хуучирсан буюу 2021/06/15-нд нийтлэгдсэн мэдээ болно.