Энэ мэдээ хуучирсан буюу 2021/06/16-нд нийтлэгдсэн мэдээ болно.

Сурвалжилга: 16-17 насныхан асран хамгаалагчтайгаа ирж вакцинд хамрагдаж байна

Ангилал
Нийгэм COVID-19 Сурвалжлага
Огноо
Унших
4 минут 25 секунд
Сүхбаатар дүүргийн хэмжээнд 69 дүгээр цэцэрлэгт PFIZER вакцин хийж байна

Бороотой, бүүдгэр өдрүүд үргэлжилсээр. Коронавирусийн халдвар өдөр ирэх бүр нэмэгдсээр байгаа хүндхэн цаг үед Засгийн газраас хэрэгжүүлж буй арга хэмжээ бол вакцинжуулалтын цар хүрээг тэлэх юм. Тодруулбал, гуравдугаар сараас эхэлсэн дархлаажуулалтын ажил 80-аас дээш хувьтай үргэлжилж байна. Энэ долоо хоногоос жирэмсэн эмэгтэйчүүд болон 16-17 насны хүүхдүүдийг сайн дурын үндсэн дээр "файзер" вакцинд хамруулж эхэллээ. Зорилтот бүлгийн тоонд багтсан жирэмсэн эмэгтэйчүүд болон 16-17 насны хүүхдүүдийн вакцинжуулалтын идэвхийг сурвалжлахаар манай редакцын сурвалжлах баг дүүрэгтээ ганц буй "файзер" вакцинжуулалтын цэг болох Сүхбаатар дүүргийн 69 дүгээр цэцэрлэгийг зорилоо.

Бид 69 дүгээр цэцэрлэгийн үүдэнд ирэхэд цэцэрлэгийн үүдэнд жижиг цагаан цаасан дээр "вакцинжуулалт хийж байна" гэсэн тэмдэглэгээ байх нь олны нүдэнд хараахан ил бус. Вакцинжуулалтын цэг дээр эмч нар, цагдаа нийлсэн найман хүний бүрэлдэхүүнтэй цомхон баг ажиллаж байна. Цэгийг ахлан ажиллаж буй Сүхбаатар дүүргийн 12 дугаар хорооны өрхийн эрүүл мэндийн төвийн нийгмийн ажилтан Б.Хонгорзулаас вакцинжуулалтын нөхцөл байдлын талаар тодрууллаа. Тэрбээр,

16-17 насныханд эцэг, эхийн зөвшөөрлөөр вакцин хийх учраас асран хамгаалагчтайгаа ирж вакцинд хамрагдана

“Файзер вакцин тавдугаар сарын 29-нөөс эхлэн бүх дүүргүүд дээр хийгдэж эхэлсэн. Эрүүл мэндийн сайдын тушаалаар архаг хууч өчтэй, хөхүүл, жирэмсэн, хүндэтгэх шалтгаантай иргэд гэсэн дөрвөн төрлийн заалтаар хийж байгаа. Сүүлд гарсан шинэ журмаар энэ сарын 14-нөөс эхлэн 16-17 насны хүүхдүүдэд эцэг эхийн зөвшөөрлөөр, сайн дураар хийж байна. 14-33 долоо хоногтой ээжүүд эхний тундаа, 36 долоо хоногоос дотогш хугацаанд давтан тундаа хамрагдана. Хэрэв эхний тундаа хамрагдсан ч 36 долоо хоногтоо багтан давтан тундаа хамрагдаж чадаагүй бол төрсний дараа 42 хоногийн дараа хамрагдах журамтай. Архаг, хууч өвчтэй болон жирэмсэн эмэгтэйчүүд амбулаторийн карт, хяналтын дэвтэртэйгээ ирэх шаардлагатай. Хөхүүл ээжүүд хүүхдийнхээ ягаан дэвтэртэй ирж вакцинжуулалтад хамрагдана. 16-17 насны хүүхдүүдэд эцэг, эхийн зөвшөөрлөөр вакцин хийх учраас асран хамгаалагчтайгаа ирж вакцинд хамрагдана” гэв.

"PFIZER" вакцин урагт ямар нэгэн гаж нөлөө өгөхгүй гэдгийг ОУ-ын байгууллагууд баталсан

Цаг авах шаардлагатай эсэх талаар тодруулахад, “Заавал цаг авах шаардлагагүй. Хяналтын дэвтрээ бариад шууд ирээд хийлгэж болно. Учир нь ачаалал бага байна. Өдөрт 50-120 хүн ирж вакцинд хамрагдаж байна. Хүмүүс дугаарлаж зогссон зүйл байхгүй. Хагас, бүтэн сайнгүй ажиллаж байгаа. Жирэмсэн эмэгтэйчүүд маань урагт ямар нэгэн нөлөөтэй болов уу гэж бодоод байгаа. ХӨСҮТ-ийн удирдлагаас орон даяар файзер вакцины цэгүүд дээр ажиллаж байгаа эмч нарт сургалт орсон. Урагт ямар нэгэн гаж нөлөө өгөхгүй гэдгийг хэлсэн” гэлээ.

Вакцинжуулалтын цэг олны нүднээс далд байршилтайн дээр жирэмсэн эмэгтэйчүүд вакцинд хамрагдах нь эрсдэлтэй гэж өөрсдийгөө тооцож байгаа зэрэг хэд хэдэн шалтгаануудад үндэслэн дээрх цэг дээр иргэдийн идэвх муу байгаа аж. Дүүргийн хэмжээнд ердөө ганц байгаа "файзер" вакцины цэг дээр өдөрт 100 хүрэхгүй хүн ирж дархлаажуулалтад хамрагдаж байгаа нь өнөөгийн нөхцөл байдалд хангалтгүй тоо юм. Иймээс жирэмсэн эмэгтэйчүүд болон эцэг эхийн зөвшөөрөлтэйгөөр 16-17 насны хүүхдүүд вакциндаа идэвхтэй хамрагдахыг вакцинжуулах цэгийн ахлах эмч уриаллаа.

Сурвалжилсан: Б.Амарбаясгалан

Гэрэл зургийг: Г.Жавхаатөгөлдөр

Засгийн газар хуралдаж байна
Засгийн газар хуралдаж байна
 
“Хаан банкны харилцааны менежер Ц.Элбэгдоржийг “Ачит Ихт“ ХХК-ийн хувьцаа эзэмшигч гэж нягталж тодруулалгүй бүртгэсэн гэжээ“
“Хаан банкны харилцааны менежер Ц.Элбэгдоржийг “Ачит Ихт“ ХХК-ийн хувьцаа эзэмшигч гэж нягталж тодруулалгүй бүртгэсэн гэжээ“
Энэ мэдээ хуучирсан буюу 2021/06/16-нд нийтлэгдсэн мэдээ болно.