Энэ мэдээ хуучирсан буюу 2021/06/18-нд нийтлэгдсэн мэдээ болно.

Хүртээмжтэй байх хуультай ЭЕШ хүний эрхийг зөрчих үү

Ангилал
Нийгэм
Огноо
Унших
4 минут 17 секунд

Энэ жилийн Элсэлтийн Ерөнхий Шалгалт ирэх сарын 1-нээс 4-ний хооронд буюу 10 гаруйхан хоногийн дараа эхлэх гэж байна. Халдварын оргил үед зохион байгуулагдах гэж буй энэ удаагийн ЭЕШ-д 40423 сурагч бүртгүүлжээ. Вакцины бүрэн тунд хамрагдаж амжаагүй сурагчид ирээдүйгээ тодорхойлох чухал шалгалтад эрсдэл үүрэн орох гэж байна.

Халдвар хамгааллын дэглэмийг хэрхэн баримталж ЭЕШ-ыг зохион байгуулах талаар Боловсролын үнэлгээний төвөөс тодруулахад, "ЭМЯ, УОК-ын гаргаж байгаа заавар, зөвлөмжүүдийг чанд сахин шалгалтын байранд ажиллах бүх хянагч багш, комиссын гишүүд болон шалгалт өгөх хүүхдүүд бүгд амны хаалт зүүх, анги танхимыг халдваргүйжүүлэх, цэвэрлэгээ хийх, агааржуулах гэх мэт ажлууд нарийн төлөвлөгөөний дагуу хийгдэнэ" хэмээн БҮТ-ийн элсэлтийн шалгалт хариуцсан хэлтсийн дарга М.Болдсайхан мэдээлэв. Мөн шалгалтын байр бүрт хоёр ангийг тусгайлан бэлдэн коронавирус халдварын ямар нэгэн шинж тэмдэг илэрсэн хүүхдийг тэр ангид тусгаарлан хамгаалалтын хувцастай хяналт багшаар шалгалт авахуулах аж.

Гэтэл халдвар аваад эмчлүүлж буй эсвэл гэрийн тусгаарлалтад байгаа хүүхдүүд шалгалтад оролцох ямар ч боломж одоохондоо бүрдээгүй байна. Өөрөөр хэлбэл халдварт өвчин туссан, ойрын хавьтал болсон сурагчид жилд ганц удаа болдог ЭЕШ-ыг өнжиж, бүтэн нэг жил алдахаар болоод байна. Боловсрол, шинжлэх ухааны яамны зүгээс энэ асуудлыг хэрхэн шийдэх талаар судалж, ярилцаж байна гэх мэдээллийг өгсөн. Гэтэл энэ асуудлын гарц, гаргалгааг урьдчтлан тооцоолж "Б төлөвлөгөөг" бэлдсэн байх ёстой байсан. Халдварын анхны тохиолдол бүртгэгдээд жил гаруй хугацаа, дотооддоо халдвар алдаад найм орчим сар болоход мухарлаагүй асуудлууд өдийг хүртэл толгой өвтгөсөөр.

Монгол Улсын ДЭЭД БОЛОВСРОЛЫН ТУХАЙ хуулийн 7.1-д "Их сургууль, дээд сургууль, коллежид бүрэн дунд буюу түүнээс дээш боловсролтой иргэнийг түүний мэдлэг, чадвар, төлөвшлийн үнэлгээ, сурах чадварыг харгалзан элсүүлэх бөгөөд элсэлт нь сонголт хийх боломжтой, шалгаруулалт нь НЭЭЛТТЭЙ, ХҮРТЭЭМЖТЭЙ, үнэлгээний зохистой арга хэлбэр бүхий байна" гэж заасан байдаг.

Дээрх хуулийн дагуу шалгалтыг ХҮРТЭЭМЖТЭЙ байлгах учиртай. Энэ жилийн ЭЕШ-д оролцохоор бүртгүүлсэн 40,423 сурагчийн хэд нь энэхүү шалтгааны улмаас "жил өнжих"-ийг тааварлашгүй. Онлайнаар шалгалт авах, шалгалтад оролцож чадаагүй хүүхдүүдээс нөхөж авах зэрэг нь шалгалтын материалын нууцлалыг алдагдуулах эрсдэлтэй. Тиймээс энэ жилийн ЭЕШ-ын товыг хойшлуулах гаргалгаа өнөөгийн нөхцөл байдалд хүний эрх талаасаа ч, хүүхдээ бодсон ч илүү тохирох сонголт байх болов уу.

Ямартай ч энэ асуудлаар УИХ-ын гишүүн Ч.Ундрам Боловсрол, шинжлэх ухааны сайдад шаардлага хүргүүллээ. Шаардлагад, "Цар тахлын улмаас улс орон хэцүү байдалд байгаа хэдий ч хүнийг аливаа хэлбэрээр ялгаварлан гадуурхах нь Монгол Улсын Үндсэн хууль, Боловсролын хууль болон бусад хуулиудыг зөрчиж байна. Иймд Эрүүл мэндийн яам, Боловсрол, шинжлэх ухааны яам, Улсын Онцгой комисс болон холбогдох газрууд энэ асуудлыг яаралтай анхааралдаа авч ковид-19-ийн халдвар авсан болон тусгаарлалтад байгаа сурагчдыг элсэлтийн ерөнхий шалгалтад бүрэн хамрагдах нөхцлийг бүрдүүлж ажиллах шаардлагатай байна" гэжээ.

Энэ бүх нөхцөл байдлыг БШУ-ны сайд Л.Энх-Амагалан нэн даруй анхааралдаа авч элсэлтийн ерөнхий шалгалт эхлэхээс өмнө хэрхэн шийдвэрлэх гарц гаргалгааг олон нийтэд танилцуулах хэрэгтэй байна.

Б.Амарбаясгалан

Б.Пүрэвдорж: Хуурамч шатахууны эсрэг хуулийг хэлэлцэхгүй бол ирэх 7 хоногт жагсаал хийнэ
Б.Пүрэвдорж: Хуурамч шатахууны эсрэг хуулийг хэлэлцэхгүй бол ирэх 7 хоногт жагсаал хийнэ
 
Б.Дэлгэрсайхан: Ханги-Мандал, Гашуунсухайт, Шивээхүрэн зэрэг боомтуудыг тосгон болгоно
Б.Дэлгэрсайхан: Ханги-Мандал, Гашуунсухайт, Шивээхүрэн зэрэг боомтуудыг тосгон болгоно
Энэ мэдээ хуучирсан буюу 2021/06/18-нд нийтлэгдсэн мэдээ болно.