Энэ мэдээ хуучирсан буюу 2021/06/22-нд нийтлэгдсэн мэдээ болно.

Ж.Мөнхтэмүүлэн: Залуусаа хүссэн зүйлээ хийж, дуртай хувцасаа өмсөөд, өөртөө итгэлтэй байгаарай

Ангилал
Нийгэм Ярилцлага
Огноо
Унших
6 минут 22 секунд

Гэрэл зурагчид нэгдэн метал рок болон үүнтэй төстэй чиглэл сонирхогч хүүхэд залуусын уулзалт болох "Rock shoot᠌" арга хэмжээг зохион байгуулав. Эл өдөр эвентэд оролцохоор ирэгсэд хар өнгийн хувцсыг хачин сайхнаар, эсвэл бүр зарим хүний нүдэнд хачин муухайгаар өмсөж цуглажээ. Гэрэл зурагчдын зохион байгуулсан арга хэмжээ учир гэрэл зурагчид бүгд өөр өөрийн дурандаа өөр өөрийн өнцөг, утга агуулгыг шингээсэн зургууд цахим орчинд хөвөрлөө.

Эдгээр зургуудын дундаас дунд сургуулийн охидын өмсдөг дүрэмт хувцас гэлтэй өмсгөл өмссөн өсвөр насны хүүгийн зураг олны анхаарлыг эрхгүй татжээ. Цахим орчинд түүнийг "эр, эм нь мэдэгдэхгүй юм", "Би чамд хайртай киноны Үрэлээ байна" гэх мэтээр доромжлох сэтгэгдэл хэдэнтээ байсны сацуу "Японд л хардаг байсан иймэрхүү дүр төрхийг Монголдоо харахад сайхан байна", "Уран бүтээлчийн өвөрмөц сэтгэлгээтэй мундаг хүү байна" хэмээн сайшаах хүмүүс ч олон харагдав.

Түүнтэй ярилцан хэсэг хугацаанд зогсоход хүмүүсийн доромжлолд хэзээ ч нугарахгүй нэгэн болох нь мэдэгдэв. Ингэж бодохын зэрэгцээ ер нь яагаад доромжлох билээ. Хэн нэгэнд адлуулах үйлдэл хийсэн билүү гэж хоёронтоо бодлоо. "Cosplay" сонирхогч 20 настай Ж.Мөнхтэмүүлэн залуугийн ярилцлагыг хүргэж байна.

-Сайн байна уу. Юуны түрүүнд уншигчдад өөрийгөө танилцуулахгүй юу?

-Сайн байна уу. Намайг Ж.Мөнхтэмүүлэн гэдэг. Би 118-р сургуульд есдүгээр ангиа төгсөөд Монгол-Солонгосын политехник коллежид ороод Сэргээгдэх эрчим хүчний чиглэлээр сурч төгссөн.

-Өнгөрсөн амралтын өдөр болсон эвент иргэдэд сонин содон сэтгэгдэл үлдээжээ. Энэ төрлийн арга хэмжээнд өмнө нь оролцож байв уу?

-Фестивалийг зохион байгуулсан хүмүүст маш их баярлаж байгаагаа хэлмээр байна. Сүүлийн үед хөл хорионоос болоод энэ төрлийн уулзалт, үйл ажиллагаа зохиогдохгүй байсан. "Cosplay" хувцсаа өмсөөд явахыг их хүсэж, хүлээж байсан болохоор тэр өдөр болсон арга хэмжээ маш их таалагдсан. Цэцэрлэгт хүрээлэнд болсон шиг том хэмжээний фестивальд оролцож байгаагүй. Жижиг "Сosplay" event-үүдэд хэд хэдэн удаа орж байсан.

-Арга хэмжээнд оролцсон дүрийнхээ талаар тайлбарлавал?

-Энэ нь ямар нэгэн анимэ дээр гардаг дүр гэхээсээ илүү эрэгтэй үйлчлэгч ингэж харагдах байх гэсэн санаанаас бодож хувцасласан. Хүмүүс хэрхэн хүлээж авах бол гэсэн айдастайгаар очсон ч тэнд байсан хүмүүсийн дунд ороод айдсаа мартчихсан.

-Анх "Сosplay" хийх санаагаа хаанаас олж авсан бэ?

-Би анимэ үзэх дуртай. 14, 15 настайдаа "Сosplay" хийж үзэх юмсан гэж их боддог байсан. Энэ бодолтойгоо хоёр жил орчим болж байгаад анх удаа найзтайгаа цуг "Сosplay" хийж үзээд тэр хүсэж байсан мэдрэмжээ авсан.

-Фестивальд оролцсон сэтгэгдлээсээ илүү дэлгэрэнгүй хуваалцаж болох уу?

-Надаас өөр гоё хувцасласан маш олон хүмүүс байсан. Гэхдээ зөвхөн "Сosplay" хийдэг хүмүүсээс гадна "rock shoot" гээд төрөл бүрийн хүмүүс ирсэн байсан болохоор "Сosplay" хийсэн хүүхдүүд цөөхөн харагдаж байсан. Фестивальд бид нар шиг өвөрмөц содон хувцас өмсөж оролцохоос гадна үзэгч маягаар ирсэн хүмүүс ирээд цуг зургаа даруулж болох уу гэж асууж байсан нь сайхан байсан.

-Таны зургийг цахим ертөнцөд шүүмжлэх хүмүүс багагүй байна. Энэ нь танд аль нэгэн байдлаар нөлөөлж байна уу?

-Муулж, сайлж янз янзаар л сэтгэгдэл бичиж байсан. Бүгдэнд нь баярлаж байгаагаа хэлмээр байна. Энэ нь миний "Сosplay" хийх хүслийг улам нэмэгдүүлсэн. Намайг янз бүрээр муулж хэлж байгаа хүмүүсийн сэтгэгдэлийг тэгж ихээр хүндээр хүлээж аваагүй. Харин манай нэг ах ээж рүү маань "энэ арай биш шүү" гэж бичсэн. Тэр л надад бага зэрэг эвгүй санагдсан. Бусдаар бол өөр хүмүүсийн сэтгэгдэлд гомдох зүйл байхгүй.

-Таны бэлгийн чиг хандлагыг бусдаас өөр гэх мэтээр доромж үгс бичсэн хэд хэдэн сэтгэгдэл харсан?

-Би эмэгтэй хүн сонирхдог. "Bisexual" биш гэдгээ албан ёсоор хэлмээр байна. Гэхдээ түрүүн хэлсэнчлэн танихгүй хүмүүс намайг юу ч гэж бичсэн надад хамаагүй. Хүмүүс тэгж бичлээ гээд би ямар тийм болох биш.

-Таны ирээдүйн талаар ярилцъя. Фото модел болох бодол бий юу?

-Би одоохондоо хэт туранхай байгаа юм. Сүүлийн үед жингээ нэмэх арга хэмжээ авч байгаа. Жингээ нэмээд, биеэ гоё болгочихвол фото модел болох сонирхол байгаа.

-Мэргэжлээрээ ажиллах бодол бий юу?

-Энэ мэргэжлээрээ ажиллахгүй гэж бодож байгаа. Аль болох өөр мэргэжлээр гадаадад сурах сонирхолтой байгаа.

-Таны хувьд "Gen Z" үеийн залуусын төлөөлөл. Үеийн залуусдаа хандаж хэлэхийг хүсдэг зүйл бий юу?

-Үеийнхэн маань биднийг маш сайхнаар хүлээж авч байхад биднээс ах, эгч хүмүүс бага зэрэг муулж байгаа нь харагдаж байсан. Залуустаа хандаж хэлэхэд юу хүссэнээ хийгээд, юу дуртайгаа өмсөөд өөртөө итгэлтэй байгаарай гэж уриалмаар байна.

Ярилцлагыг бэлтгэсэн: Б.Амарбаясгалан, Э.Мягмарнаран

Гэрэл зураг, дүрс бичлэгийг: Г.Цэнд-Аюуш

Улаанбаатар 21 хэм дулаан байна
Улаанбаатар 21 хэм дулаан байна
 
Л.Оюун-Эрдэнэ: С.Зоригийн хэргийн зургаан ажлын хэсэг тарсан. Яагаад тарав. Энэ Ц.Элбэгдоржийн ЗГ-ын сэдэл байсан
Л.Оюун-Эрдэнэ: С.Зоригийн хэргийн зургаан ажлын хэсэг тарсан. Яагаад тарав. Энэ Ц.Элбэгдоржийн ЗГ-ын сэдэл байсан
Энэ мэдээ хуучирсан буюу 2021/06/22-нд нийтлэгдсэн мэдээ болно.