Энэ мэдээ хуучирсан буюу 2021/06/22-нд нийтлэгдсэн мэдээ болно.

Л.Оюун-Эрдэнэ дөрвөн сайд сэлгэж, хоёр сайд нэмснээр тогтвортой ажиллах тохироо хийж байна

Ангилал
Улс төр
Огноо
Унших
7 минут 31 секунд

Удтал хүлээсэн МАН-ын дотоод улс төр саяхнаас л нэг сонсох юмтай боллоо. Цагийг эзэлсэн “их жанжин” У.Хүрэлсүх нутгийн дүү Л.Оюун-Эрдэнэдээ Ерөнхий сайдын тамгаа хадгалуулж байгаад Ерөнхийлөгчийн сонгуульд өрсөлдөж ялалт байгуулав. Одоо дүүгээ намын даргаар томилуулж байж түүний хаанчлал цааш үргэлжилнэ. Гэтэл түүний хаанчлал шинэ саадтай тулгарч эхэлжээ. У.Хүрэлсүхийг Ерөнхийлөгч болоод намаас нэг мөр холдоосой гэж хүсэн хүлээсэн экс дарга М.Энхболдын талынхан, хуваарилалт таалагдаагүй УИХ-ын гишүүд, хавсайдаж яваад жийлгэсэн гомдогсодоор дүүрэн торх дэлбэрэхдээ тулаад байна.

УИХ-ын гишүүдийг хүн гэж тоохоо больсон намын удирдлагуудын удаа дараагийн шийдвэр, намын бодлого нэрээр хүч түрсэн ах дүүс, амраг садангийн томилгоо, бүхнийг нэг хүний гарт зангидсан коммунист арга барилд дургүйцлээ илэрхийлэх болсон УИХ-ын гишүүд Засгийн газрын зарим сайд нарт хариуцлага тооцохыг шаардсаар багагүй хугацаа өнгөрчээ. Тодруулбал, УИХ-ын 20 орчим гишүүн гарын үсэг зурсан Ерөнхий сайдыг огцруулах бичиг саарал ордны аль нэг өрөөний шүүгээнд бий гэх мэдээлэл саарал ордноор яригдах болов. УИХ-ын гишүүдтэйгээ ойлголцохгүйгээр Л.Оюун-Эрдэнэ намын дарга болоход төвөгтэй. Намын дарга боллоо ч Засгийн газар нь намрын хяруунд цохиулж унах аюултай. Тийм учраас Засгийн газарт хэл ам таталсан хэд хэдэн сайддаа хариуцлага тооцож гомдогсдын зарим нэг хүслийг биелүүлэх замаар тохируулга хийхээр болсон гэж МАН-ын цагаан байрнаас мэдээлж байна. Энэхүү тохироонд Шадар сайд С.Амарсайхан, Эрүүл мэндийн сайд С.Энхболд, Байгаль орчин аялал жуулчлалын сайд Н.Уртнасан нарын нэрс яригдаж байна. Мөн Батлан хамгаалахын сайд Г.Сайханбаяр Зэвсэгт хүчний жанжин штабын дарга болж, Засгийн газар шинээр хоёр яам байгуулснаар нийтдээ зургаан сайдыг шинээр томилохоор болж байгаа бололтой.

Шадар сайд С.Амарсайхны хувьд МАН-ын Генсек Д.Амарбаясгалангийн дэмжлэгээр томилогдсон. Гэсэн хэдий ч онцгой штабыг сайн даргалж чадалгүй дотооддоо ковидыг алдсан, дэлхийд нас баралт, халдварын тархалтаар тэргүүлэх болсон зэрэг нь түүнийг огцруулах үндэслэл болж байгаа ажээ. УИХ-д анх удаа сонгогдсон, хотыг удирдахдаа маш их хэл дагуулсан туршлагагүй хүнийг шадар сайдаар томилсон нь буруу гэх шүүмжлэл ч их байна. Түүний орны хүнийг МАН-ын генсек Д.Амарбаясгалан нэрлэнэ гэж эх сурвалж мэдээлж байна.

Эрүүл мэндийн сайд С.Энхболдын хувьд ч мөн ялгаагүй цар тахлын үед эрүүл мэндийн салбарыг удирдаж чадахгүй байгаа гэх шүүмжлэл түүнийг солих гол үндэслэл болж байгаа юм. Өмнөх сайд Т.Мөнхсайхан нь сайдын зөвлөх нэрээр тус яамыг далдаас тохиурдсаар байгаа гэсэн мэдээлэл ч бий. Дараагийн эрүүл мэндийн сайдыг С.Бямбацогт тэргүүтэй Ховдын бүлэглэл тодруулах магадлалтай гэв. Энэ зургаар бол эрүүл мэндийн сайд асан Н.Хүрэлбаатар, эсвэл тус яамны төрийн захиргаа удирдлагын газрын дарга асан Б.Цогтбаатар нарын нэгийг томилж магадгүй байна. Мөн МАХН тохироогоо нэхэж тус яамыг харуулдах болсон гэх мэдээлэл ч бий. Харин МАН-ынхан “Эмч, эмнэлгийн дарга байсан хүмүүс улс төрийн шийдвэр гаргаж чадахгүй жулдаад байна. Цар тахлын амаргүй үед гол яамаа туршлагатай зангарагтай хүлээн зөвшөөрөгдсөн хүнээр удирдуулах ёстой” гээд халгаахгүй байгаа ажээ.

Байгаль орчин аялал жуулчлалын сайдыг Монголчууд битгий хэл МАН-ынхан өөрсдөө ч мэдэхгүй, таньдаггүй гэх. Түүнийг экс сайд Д.Сарангэрэлийн гарын хүн гэдгээс өөр мэдээлэл үгүй. Тус яамны ажил огт явахаа больсон, тусгай хамгаалалттай газрыг цуцлах, сунгах, шинээр олгох талаар ямар ч ажил хийгдэхгүй байгаа. Ядаж л хуулийн дагуу газраа ашиглаад явж байгаа аж ахуй нэгж, жуулчны баазуудын газрыг сунгахгүй байгаагаас Байгаль орчны яамыг тухайн газрууд нь шүүхэд өгөх нь ихэссэн. Тус яамны хуулийн хэлтсийнхэн үндсэн ажлаа хийдэггүй аж ахуй нэгжүүдтэй л шүүхддэг ажилтай болж хувирсан гэв. Энэ талаар УИХ-ын гишүүн М.Оюунчимэг чуулганы хурал дээр ил цагаан хэлээд авсан. Мөн Засгийн газрын мөрийн хөтөлбөрт моджуулах томоохон зорилго тавигдсан. Гэтэл энэ хавар шинээр мод тарих битгий хэл байгаа ой, модоо хамгаалах, хортон шавьжаа устгах урсгал ажил олигтой хийгдээгүй гэх мэдээлэл байна. Ер нь Байгаль орчны сайд салбарын асуудлаараа ямар нэг бодлого, шийдвэрийн төсөл оруулж ирдэггүй. Байгаль орчин тойрсон асуудлаар хэвлэл мэдээлэлд ганц ч мэдээлэл өгөөгүй. Яаман дээрээ ажилтнуудтайгаа ч бараг уулздаггүй. Гаднаас асуудал ярьж ирсэн иргэн, аж ахуй нэгжийг хүлээж авдаггүй. Хэдхэн хүний дунд хов живийн шинжтэй асуудал яриад яамныхаа тамга, тэмдэг хоёрыг хав дараад ямар ч ажил явуулахгүй сууж байдаг болсон гэх шүүмжлэл их байна. Ёстой л нэг “хүсээгүй жирэмслэлт” гэдэг шиг ямар учиртай нь мэдэгдэхгүй энэ сайдыг солих бололтой. Түүний орыг НАМЭХ буюу ардын намын эмэгтэйчүүд эсвэл МАХН-д хуваарилж болзошгүй байна.

Батлан хамгаалахын сайд Г.Сайханбаярын хувьд харин арай өөр зарчмаар сайдаас чөлөөлөгдөнө. Тодруулбал, тэрбээр дотны нөхөр У.Хүрэлсүхийн шууд командлал дор зэвсэгт хүчний жанжин штабыг толгойлох ажээ. Түүний оронд одоогийн дэд сайд М.Баярмагнайг томилуулахаар залуучууд нь түрж байгаа бол ах нар нь Ж.Энхбаярыг зүтгүүлж байгаа гэх мэдээлэл байна.

Мөн Соёлын сайд Ч.Номинг чөлөөлөхийг эмэгтэй гишүүд шаардаж байгаа гэх мэдээлэл байна. Шинээр байгуулагдах хоёр яамны зургийг Ж.Мөнхбатын толгойлсон “Архангайн бүлэглэл” Н.Учралын тэргүүлсэн “НАМЗХ-ны бүлэглэл”-ийн тохироогоор зурах ажээ. Ийнхүү айсуй өдрүүдэд МАН Их хурлаа хийхийн зэрэгцээ Засгийн бүтцээ шинэчилж, цаашаа 2024 он хүртэл тогтвортой ажиллах тохироогоо хийх аж. Хэрвээ тохироогоо хийж чадахгүй бол Л.Оюун-Эрдэнийн Засгийн газар энэ намрын хяруунд жиндэж унана гэж цагаан байрныхан ярих боллоо.

Ж.Мөнхтэмүүлэн: Залуусаа хүссэн зүйлээ хийж, дуртай хувцасаа өмсөөд, өөртөө итгэлтэй байгаарай
Ж.Мөнхтэмүүлэн: Залуусаа хүссэн зүйлээ хийж, дуртай хувцасаа өмсөөд, өөртөө итгэлтэй байгаарай
 
Улаанбаатарт 5 хэм дулаан байна
Улаанбаатарт 5 хэм дулаан байна
Энэ мэдээ хуучирсан буюу 2021/06/22-нд нийтлэгдсэн мэдээ болно.