Энэ мэдээ хуучирсан буюу 2021/06/30-нд нийтлэгдсэн мэдээ болно.

Сангийн сайд Б.Жавхлан: Хавтгайрсан халамжаас салах цаг болсон

Ангилал
Улс төр
Огноо
Унших
4 минут 34 секунд

УИХ-ын чуулганы нэгдсэн хуралдаан үргэлжилж байна. Хуралдаанаар 2021 оны төсвийн тодотголын төслийг хэлэлцэж байна. Хэлэлцэж буй асуудалтай холбогдуулан гишүүд асуулт асууж, хариулт авч байна.

УИХ-ын гишүүн С.Чинзориг "Улаан бүсэд ажиллаж байгаа эмч ажилчдын цалинг нэмнэ гэнэ. Гэтэл одоо бүгд л улаан бүс боллоо. Улаан бүсгүй газар алга. Тэгэхээр нийт эмнэлгийн эмч, ажилчдын цалинг ярихгүй бол улаан, ногоон гэж ярих боломжгүй болж байгаа юм бишүү. ЭМД-ын сангаас 494 тэрбум гаруй төгрөгийг эрүүл мэндийн салбарт санхүүжүүлнэ гэж байна. Тэр санд чинь ийм мөнгө байгаа юм уу. Зөвхөн ПСР хийхэд 225 тэрбум төгрөг зарцуулах нь. ПСР-даа мөнгө үрж байхаар одоо эмчилгээндээ зарцуулаач ээ"

Сангийн сайд С.Жавхлан "Энэ жил ЭМД-ын санд 1.2 их наяд төгрөг хуримтлагдах ёстой. Үүнээс 580 тэрбум төгрөгийг улсын төсвөөс татаас хэлбэрээр өгч байгаа. Үлдсэн нь ЭМД-ын шимтгэлээр хуримтлах мөнгө юм шүү. Одоогоор зарцуулалт нь дөнгөж 40 гаруй хувьтай байгаа. Тэгэхээр 494 тэрбум гаруй төгрөгийн санхүүжилт хийх бүрэн боломжтой"

Эрүүл мэндийн сайд С.Энхболд "Улаан, ногоон, шар бүс гэдэг нь халдварт өвчний үед баримталдаг бүсүүдийг хэлдэг. Тэгэхээр үүнийг цаашдаа халдвартай орчинд ажиллаж байгаа гэж ярих нь зохистой байх. Тэгэхээр халдвартай бүсэд ажиллаж байгаа 13016 хүн бий. Бусад нь үндсэн тусламж үйлчилгээнд ажиллаж байгаа. ЭМД-ын сангаас шууд зарцуулалт хийхгүй. Энэ нь тарифын зарчмаар зохицуулагдаж, эрүүл мэндийн байгууллагууд гүйцэтгэлээр санхүүжилтээ авна. Ялангуяа ковидтой нь батлагдсан хүнд үйлчилгээ үзүүлээд тухайн байгууллага нь эрүүл мэндийн даатгалаа гүйцэтгэлээр авна. ПСР шинжилгээ ч мөн гүйцэтгэлээр явна" гэлээ.

УИХ-ын гишүүн Т.Доржханд "Төсвийн тодотголыг ярьж байгаа нь сайн. Ковидын үед Засгийн газар төсвөө өөрөө зохицуулаад зардлуудаа шилжүүлээд явж байсан. Энэ эрх мэдэлд УИХ, ард түмэнд байх ёстой. Олон олон тодотгол хийвэл төсвийн тодотголд муу. Нийт урсгал зардлын ихэнх нь халамж болчихлоо. Төсвийн шинэчлэл гээд үе үеийн сайд нар яриад байна. Тэгсэн мөртлөө хийдэггүй. Төсвийн шинэчлэлээ хэзээ хийх вэ. Төсөв одоогийн байдлаар уул уурхайгаас орж ирсэн мөнгийг тараадаг боллоо. Төсөв нь тарааж дийлэхгүй болохоор төсвийн гадуур баахан санхүүжилт хийдэг болчихлоо. Үүнийг яах вэ.

Суурь үнийг чөлөөлнө гээд Эрдэнэтийн, төрийн өмчийн компаниудын мөнгийг төсвийн гадуур зарцуулдаг чинь хууль бус. Ковидын үе гээд чимээгүй яваад байлаа. Одоо болимоор байна. Хэтэрч байна. Хавтгайруулсан халамжаа хөдөлмөр рүү чиглүүлнэ гэж сонгуулийн өмнө баахан шоудсан. Одоо тэрийгээ хий. Хавтгайруулсан халамж буруу. Эдийн засгийн үзүүлэлтээ яаж хараад байгаа юм.

Ажил эрхлэлт байхгүй боллоо. Бизнесүүд, жижиг дунд үйлдвэрлэлүүд хаагдлаа. 10 их наяд гэж тараасан мөнгөнүүд чинь гацчихлаа. Халамжаас чинь болоод ажил эрхэлдэг хүмүүс байхгүй боллоо. Энэ бодлогоо өөрчлөхгүйгээр эдийн засаг сэргэж байна гэж ярьж болохгүй" гэлээ.

Сангийн сайд Б.Жавхлан "Санал нэг байна. Бид халамжаас хөдөлмөр рүү шилжих ёстой. Хавтгайрсан халамжаас салах цаг болсон. Нөхцөл байдлыг маш сайн ойлгож байна. Эдийн засагт тодорхой хэмжээний өсөлт харагдаж байгаа боловч бид ковидын өмнөх үеийн эдийн засгийн суурь өсөлт дээрээ хараахан очиж чадаагүй байна. Ялангуяа өрхийн орлогын түвшин дэх хүндрэлтэй цаг үе үргэлжилж байна. Ковид бидний санаснаар дарагдсангүй. Тиймээс бид нөөцөлж, төсөвлөж орохоос өөр аргагүй байна" гэлээ.

Т.Доржханд: Халамжаас болоод ажил эрхэлдэг хүнгүй болж байна
Т.Доржханд: Халамжаас болоод ажил эрхэлдэг хүнгүй болж байна
 
С.Зориг агсны гэргий Б.Булган: Ц.Элбэгдорж гэдэг хүн төрийн өндөрлөгт гарах болгонд би шоронд ордог
С.Зориг агсны гэргий Б.Булган: Ц.Элбэгдорж гэдэг хүн төрийн өндөрлөгт гарах болгонд би шоронд ордог
Энэ мэдээ хуучирсан буюу 2021/06/30-нд нийтлэгдсэн мэдээ болно.