Энэ мэдээ хуучирсан буюу 2021/07/01-нд нийтлэгдсэн мэдээ болно.

Н.Энхбаяр хүүгээ ээжийнхээ нутаг Хэнтийд болох нөхөн сонгуульд өрсөлдүүлж магадгүй

Ангилал
Улс төр
Огноо
Унших
3 минут 52 секунд

Ардын намынхан шинэ Ерөнхийлөгчийнхөө “нөмөр” дор Элчин сайдад явах 25 хүнээ тодруулж, засгийн хурлаар дэмжүүлээд гаргалаа. Одоо чуулганаар хэлэлцэж дуун дээр нь батлаад, Ерөнхийлөгч У.Хүрэлсүх ёсчлоод элчинд горилогчид нь өөр өөрийн улсаа зорих л үлдлээ. Ийнхүү эрх баригчид удтал хүлээгдсэн бас нэг томилгоогоо хийж байна. Одоо ирэх намар өрнөх улс төр болох Сонгинохайрхан болон Хэнтийн нөхөн сонгуульд хэнийг дэвшүүлэх вэ гэдэг асуудал олны анхаарлын төвд орж эхэлнэ. Одоогийн байдлаар АН-аас Сонгинохайрханд экс Ерөнхийлөгч Х.Баттулгыг, Ц.Элбэгдоржийг Хэнтийд дэвшинэ гэх таамгийг улс төрийн хүрээнийхэн идэвхтэй илэрхийлж байна.

Тэгвэл МАН-аас Хэнтийд нэр дэвших хүмүүсийн таамаг ихээхэн сонирхолтой хөвөрч эхэллээ. Тодруулбал, Соёлын дэд сайд М.Батбаяр, Соёлын яамны Төрийн нарийн бичгийн дарга Г.Эрдэнэбат, МИАТ-ийн захирал асан Н.Энхбаатар нарын нэр хүчтэй яригдаж буй.

Харин эдгээр нэрсийн дундуур нэгэн сонирхолтой хүний нэр орж ирж байгаа нь өчигдөр ҮАБЗ-ийн Стратегийн хүрээлэнгийн захирлаар томилогдсон Н.Энхбаярын хүү Э.Батшугар. МАХН-ыг намдаа оруулсан гол тохирооны нэг нь нөхөн сонгуульд нэр дэвших эрх. Тиймээс хоёр нөхөн сонгуулийн нэгэнд МАХН-ын угшилтай нэгэн, тэр дундаа Э.Батшугар нэр дэвших магадлал харьцангуй өндөр байна. Хэрвээ намар нөхцөл байдал тооцоолж буйгаар үргэлжилж, экс Ерөнхийлөгч Х.Баттулгатай Сонгинохайрхан дээр Э.Батшугар тулбал яалтчгүй байдал эвгүйтнэ. Дөнгөж сая буухдаа шинээр сонгогдсон Ерөнхийлөгчөөс илүү шахуу рейтингтэй байсан Х.Баттулга хувь улстөрчийнхөө ранкаар мань хүний ёстой “зажлахгүй залгина”. Тиймээс байдал яаж ч эргэж мэдэхийг ухамсарласан Н.Энхбаяр хүүгээ Хэнтийн нөхөн сонгуульд “сойхоор” төлөвлөөд эхэлсэн талаар эх сурвалжууд онцолж байна.

Хэнтий аймаг бол Н.Энхбаярын ээжийнх нь нутаг. Энэ утгаараа Н.Энхбаяр Хэнтийд элэгтэй, хэнтийчүүд түүнд элэгтэй байдаг гэлцдэг. Тиймээс Э.Батшугар нэгэнт хүчтэй өрсөлдөгч ороод ирж мэдэх Сонгинохайрханаас “зугтаж” эмээгийнхээ нутаг Хэнтийд очиж “тоосоо” өргөж мэдэх юм. Үүнээс гадна Н.Энхбаяр өөрөө ч шууд Хэнтийд хүч үзэж мэднэ гэдгийг давхар сануулах нь зөв байх.

Харин нөгөө гурван хүний хувьд Соёлын яамны Төрийн нарийн бичгийн дарга Г.Эрдэнэбат Хэнтий аймгийн угшилтай. Сүүлийн жилүүдэд урлагаас улс төрд хөлж тавихаар идэвхтэй зүтгэж яваа соёлын чиглэлийн боловсон хүчин. Соёлын дэд сайд М.Батбаяр бол Ерөнхий сайд, намын дарга Л.Оюун-Эрдэнийн ойрын хүн. Мөн Хэнтийн гаралтай хүн. Тиймээс намын дарга нь эцэслэн шийдэхдээ өөрийнхөө багийн, нутгийн хүнээ нөхөн сонгуульд нэр дэвшүүлж магадгүй байгаа аж. Н.Энхбаатарын хувьд дөнгөж сонгуулийн дараанаас Хэнтийд нэр дэвших хамгийн магадлалтай хүн гэгдэж байгаад сүүлд бага зэрэг чимээгүй болсон нэгэн. Мөн тэрбээр Ерөнхийлөгч У.Хүрэлсүхийн туслахаар ажиллаж байсан бөгөөд тун ойрын хүн нь билээ.

Ямартаа ч Хэнтий аймгийн нөхөн сонгуульд нэр дэвшихээр сонирхож яваа эдгээр хүмүүсийн дундуур Н.Энхбаяр ба түүний хүү Э.Батшугар нар нэлээд ширүүхэн ороод ирэв бололтой.

“Сэтгэл гутрал, түгшилт, амиа хорлох бодол 1-5 хувиар нэмэгдсэн”
“Сэтгэл гутрал, түгшилт, амиа хорлох бодол 1-5 хувиар нэмэгдсэн”
 
ШИНЖЭЭЧ: ХӨСҮТ-д цар тахлын үед ашиглахаар авсан 3.2 тэрбумын оношлуур, 1.3 тэрбум төгрөгийн үнэ бүхий эм “хугацаа дууссан“ байдалтай байна
ШИНЖЭЭЧ: ХӨСҮТ-д цар тахлын үед ашиглахаар авсан 3.2 тэрбумын оношлуур, 1.3 тэрбум төгрөгийн үнэ бүхий эм “хугацаа дууссан“ байдалтай байна
Энэ мэдээ хуучирсан буюу 2021/07/01-нд нийтлэгдсэн мэдээ болно.