Энэ мэдээ хуучирсан буюу 2021/07/01-нд нийтлэгдсэн мэдээ болно.

Манлай уяач П.Энхмөнх: Наадам хойшлуулбал 30 мянга уяач төв талбай дээр морьтой очиж жагсана

Ангилал
Нийгэм Бусад
Огноо
Унших
3 минут 48 секунд

УОК-ын өнөөдрийн хуралдаанаар Үндэсний их баяр наадмыг цуцлах санал гаргаснаа мэдээлсэн. Энэхүү саналыг маргааш Засгийн газар хуралдаж эцэслэх юм. Баяр наадмыг хойшлуулахтай холбоотойгоор уяачдын төлөөлөл болох Монгол улсын Манлай уяач П.Энхмөнхийн байр суурийг сонслоо.

-Улсын онцгой комиссоос үндэсний их баяр наадмыг хойшлуулах санал гаргалаа. Энэ талаар та ямар байр суурьтай байна вэ?

-Уг нь 1921 онд монголчууд тусгаар тогтнолоо зарлаад тусгаар улс болсон. 100 жилийн түүхэндээ дайнтай үедээ ч наадмаа хийгээд байж болдог болсон. Бусад гадна дотнын баяруудтай харьцуулшгүй жилдээ ганц болдог цор ганц баяр бол Үндэсний их баяр наадам шүү дээ. 100 жилийн хугацаанд нэг ч удаа хойшилж байсан түүхгүй. Хэрвээ хойшилбол хууль зөрчинө. Маш олон уяачид наадам хийнэ гээд төсөв санхүүгээ гаргаад наадамдаа бэлдсээр ирсэн. Тиймээс хохирол болон бусад асуудлаар уяачид шүүхдэнэ. Үндэсний их баяр наадмын тухай хуультай. Хуулиа зөрчиж огт болохгүй.

-Одоо хүчин төгөлдөр үйлчилж байгаа цар тахалтай тэмцэх тухай хуульд баяр наадмыг тэмдэглэхгүй байх шийдвэрийг Засгийн газар гаргаж болно гэсэн эрх бий шүү дээ?

-Яадаг ч байсан хөл хүрэх газраа хүртэл явна. Монгол хүний дархлааг унагааж болохгүй шүү дээ.

-Таны хувьд энэ жилийн наадамд хэдэн насны хичнээн морьд уясан байгаа вэ?

-Бүх насанд л уяж байна. Манай гал уяанд 600 гаруй морь уясан байна. Нэг адуунд жилдээ тав орчим сая төгрөг зарцуулдаг. Маш олон хүн, компанийн хүч хөдөлмөр үүнд шингэсэн. Хэрэв хойшлуулбал тэр бүх мөнгөө Засгийн газраас нэхэмжилж шүүхдэнэ. Хэрэв ийм шийдвэр гаргах байсан бол эрт гаргах хэрэгтэй шүү дээ. Хуучин шиг хавар барьж аваад уяж байгаад уралддаг зүйл гэж байхгүй. Бүхэл бүтэн жилийн дөрвөн улирал уяж байгаад уралдуулдаг юм. Хот, хөдөө орон нутгийн хичнээн уяачид байгаа билээ, нойртой нойргүй, хоолтой хоолгүй яваад ирсэн байхад ердөө 10 хоногийн дараа болох гэж байгаа уралдаан хойшлох л юм бол дахиад л зардал мөнгө нь өсдөг юм.

-Одоо танай уяа Хүй долоо худагт байрлаж байгаа юу?

-Өнөөдөр Хэнтий аймагт байна. Энэ жил хөдөө орон нутагт наадам болохгүй сургаар улсын наадамдаа уралдана гээд нэг насанд л гэхэд 1000 гаруй адуу уралдах төлөв байгаа. Ганц уяачид ч биш, бөхчүүд, сурынхан, шагайныхан гээд маш олон хүн бүтэн жилийн бэлтгэлийг ганц өдөр дүгнүүлэх гээд хүлээгээд байж байгаа шүү дээ. Хэрэв наадал болохгүй хойшлуулна гэвэл манай уяачид нэгдээд төв талбай дээр морьтой жагсаал хийхээр хоорондоо ярилцаж байна. Би үүнд оролцоно. Манай уяачид бүгд босоход байг гэхэд 30 мянга гаруй уяачид төв талбай дээр морьтой очиж чадна шүү гэдгийг хэлмээр байна.

“Eruul.gerege.mn системийн төлбөр шийдэгдэж, хэвийн ажиллаж эхэлсэн
“Eruul.gerege.mn системийн төлбөр шийдэгдэж, хэвийн ажиллаж эхэлсэн"
 
“НОГООН АВТОБУС“-ны худалдан авалтыг хянан шалгах түр хорооны даргаар Ж.Бат-Эрдэнийг сонголоо
“НОГООН АВТОБУС“-ны худалдан авалтыг хянан шалгах түр хорооны даргаар Ж.Бат-Эрдэнийг сонголоо
Энэ мэдээ хуучирсан буюу 2021/07/01-нд нийтлэгдсэн мэдээ болно.