Энэ мэдээ хуучирсан буюу 2021/07/08-нд нийтлэгдсэн мэдээ болно.

Хоббигоо гарааны бизнес болгон хөгжүүлсэн, “НАРГИЙХ“ брэндийн үүсгэн байгуулагч 19 настай Т.Наргиймаа

Ангилал
Ярилцлага Ubn story
Огноо
Унших
9 минут 16 секунд

Дурласан хоббигоо гарааны бизнес болгон хөгжүүлсэн 19 настай Т.Наргиймаа охинтой ярилцлаа. Тэрбээр “Наргийх” брэндийг үүсгэн байгуулагч, бөгөөд 62-р сургуулийн арванхоёрдугаар ангийг төгссөн юм. Юу л харна түүнийгээ урлаж, гоё болгох гэсэн хүсэлтэй тэрбээр зэс урлалаар бүтээл хийж, дөрвөн жилийг ардаа үджээ. Анагаах увидастай зэсийг шингэн шилтэй хослуулан, орчин үеийн хэв маягаар сэтгэлээ шингээн урласан түүний бүтээлүүдийг хэн ч харсан нүд алдам. Мөн тэрбээр зэс урлал гэлтгүй уран зураг хүртэл зурдаг байна. Тэнгэрийн оронд одсон эмээтэйгээ хамт авахуулсан зураггүй байсан тэрбээр эмээгээ дурсахын тулд хамт авахуулсан мэтээр өөрөө зуржээ. Ингээд түүний сэтгэл хөдөлгөм хөөр баяр дүүрэн яриаг хүлээн авна уу.

-Юуны өмнө өөрийгөө танилцуулахгүй юу. Дөнгөж 19 настай охин өөрийн гэсэн брэндтэй болчихсон, зэс урлалыг шингэн шилтэй хослуулан бүтээл хийдэг гэхээр их сонирхол татаж байна. Энэ талаараа бидэнтэй хуваалцаач?

-Би багаасаа л өөрийн эдэлж хэрэглэдэг бүх зүйлээ өөрийн гараар хийнэ гэж боддог байсан. Одоо түүнийгээ хэрэгжүүлээд явж байна. Жишээ нь, гутал, цүнх гэх мэт бүх зүйлээ өөрөө хийж туршдаг. Энэ маань маш их нөлөөлсөн байх. Одоо удахгүй өөрийн гэсэн жижигхэн урлан маягийн өрөөтэй болох төлөвлөгөөтэй байгаа. Өрөөнийхөө тавилгуудыг өөрөө хийж үзнэ гэсэн зорилготой байна. Ер нь өөрөө бүх зүйлээ хийж үзэх нь таашаалтай байдаг. Багадаа хүүхэлдэйгээр тоглож эхлээд хүүхэлдэйнийхээ хувцасыг өөрөө хийж эхэлсэнээс хойш хобби маань эхэлсэн. Энэ хугацаанд хийсэн зүйлсээ дотоод болон гадаадын олон газар борлуулсаар ирсэн. Дээрээс нь зураг гэх мэт гар төрлийн урлалуудыг хийж үздэг.

-Өөрийн хоббигоо гарааны бизнес болгон хөгжүүлэхэд чамд ямар санагдсан бэ. Санхүүгийн хувьд ч гэсэн ямар өөрчлөлт гарсан бэ?

-Маш их өөрчлөлт гарсан. Би 15 наснаасаа аав ээжээсээ хэрэглээний мөнгө авахаа больсон. Эхлээд өөрөө бие даагаад мөнгөө удирдахад жаахан асуудалтай байсан. Хүүхэд болохоор шууд үрдэг ч юмуу. Эхний хоёр жилд ээж аавдаа олсон мөнгөө өгөөд хэрэглээний мөнгөө авдаг байсан. Сүүлийн жилүүдэд өөрөө хадгаламж үүсгээд хэрэглээгээ зохицуулаад цааш цаашдынхаа хийх ажлын төлөвлөгөөг гаргаад санхүүгээ удирдаад төлөвлөөд явдаг болсон. Анхнаасаа бизнес болгоно гэж хийгээгүй болохоор надад тохиолдож байгаа бүх зүйл аз жаргалтай байдаг. Жижиг амжилт гарсан ч том амжилт гарсан ч би баяр баясалтай зүйлсийг мэдэрдэг. Үүнийгээ цаашлуулаад гар урлалыг олон хүнд түгээх урлан байгуулах ойрын зорилго байгаа.

-Гар урлалын маш олон чиглэл байдаг. Тэдгээрээс яагаад зэс урлалыг сонгох болсон бэ. Анх зэсээр гоёл чимэглэл хийхэд хүмүүс хэрхэн хүлээн авч байв?

-Зөвхөн зэс гэлтгүй мандала, уран зураг, макрэйм, хэнна зэрэг гар урлалын чиглэлүүдээр бүтээл хийж туршдаг. Миний хувьд алт, мөнгөнөөс зэс илүү үнэ цэнтэй санагддаг учраас энэ төрөлд илүү дуртай. Хүн бүрийн сонирхол, мэдрэмж өөр болохоор олон янзаар хүлээн авдаг. Гэхдээ эрүүл мэнд, гоёл чимэглэлийн хийц гэдэг утгаараа хүмүүст илүү хүрдэг байх. Монголчууд эрт дээр үеэс зэс эдлэл буюу аяга, бугуйвч, зүүлт зэргийг хэрэглэж ирсэн. Зэс эдлэл нь хүний биеийн эсэргүүцэл сулрахад өнгө нь хувирч хорыг гадагшлуулах, дархлааг дэмжих, харшил сэдрэхийг сааруулах зэрэг эрүүл мэндийн ач холбогдолтой. Тиймээс харшил өгөхөөсөө илүүтэй анагаах гэдэг утгаар нь хүмүүс сонирхох болсон. Эхэндээ жуулчид монгол онцлогийг харуулсан гэсэн үүднээс бүтээлүүдийг маань худалдан авах нь их байсан. Мөн миний бүтээлүүдийн гол давуу тал нь зэсийг шингэн шилтэй хослуулдагаараа бусдаас давуу тал онцлогтой. Түүнчлэн өөрийнхөө бусад зэс урлал хийдэг хүмүүсээс ялгарах ялгарлыг олох гэж нэлээд зүйл хийсэн.

-Шингэн шил гэхээр бас онцлогтой байх дэлгэрүүлж яривал?

-Шингэн төлөвтэй резинийг бэлдсэн хэвэнд цутгаж тусгай гэрлээр шарж хатуу шилэн бүрхүүл болгон зэстэйгээ хослуулдаг гэсэн үг л дээ.

-“НАРГИЙХ” брэндийг Япон улсруу гарах гэж байгаа гэж сонссон?

-Миний хамтардаг "GERU" гээд платформ байдаг. Тэр маань "GERU" дотор байгаа урлаачдынхаа бүтээлүүдийг гаргая гэсэн саналыг надад тавьсан. Япон талаас ч гэсэн миний бүтээлүүд таалагдсан гэсэн. Одоогоор Япон улс руу гаргах тал дээр манайхан ажиллаад явж байгаа.

-Ирээдүйн зорилго?

-Манай аав ээж эртний эдлэл цуглуулдаг юм. Алтны дэргэдэх гууль шарлана гэдэг шиг яг энэ сэтгэхүй нь надад суусан болохоор Монголынхоо өв соёл уламжлал гэдэг зүйлд маш их хайртай. Тиймээс миний туйлын бөгөөд холын зорилго маань дэлхийн олон оронд Монголынхоо өв соёл уламжлалыг харуулсан "Угсаатны зүйн музей" нээхийг мөрөөддөг. Ийм л хол ойрын хоёр зорилго өвөртлөөд алхаж явна даа.

-Гар урлал хийхээс гадна ямар хоббитой вэ?

-Би зоос болон тамга цуглуулдаг. Миний зооснууд дандаа эртний мөнгөн тэмдэгтүүд байдаг. МЭӨ зоосноос авахуулаад өнөө цагийн зооснууд хүртэл байгаа. Бүх зоосондоо хайртай. Арван жилийн хүүхэд гэхэд олсон мөнгөө зоос руугаа явуулчихдаг хоббитой байна гэдэг л гоё. Миний зооснууд дотор хамгийн сонирхолтой нь их хаадын үеийн зоос байдаг Мөнх хааны мөнгөн зоос байдаг. Мөн хумсны толион чинээ жижигхэн зоос байдаг. Тэр нь Нийтийн тооллын 9 оны мөнгө байдаг. Бүр хамгийн анх ашиглагдаж байсан гүйлгээний хэрэгсэл хүрэл Явуу гэж зүйл байдаг. НТӨ үеийн зоос хүртэл байгаа. Дөрвөлжин бичигтэй Хубилай хааны зоос хайсан хүлэг хааны зоос хаадуудын зоос Хан Сүн улсын зоос наашлаад Манжийн үеийн зоос гэх мэт олон зоос байна.

-Ямар мэргэжилтэй болох вэ?

-Эхлээд археологич болох мөрөөдөлтэй байсан. Урлагаа хажуугаар нь орхихгүй авч явах бодолтой байсан. Гэхдээ сүүлд дүрслэх урлагийн чиглэлээр тэр дундаа Монгол зургаар явна. Харин археологич бол хоббигоо болгохоор шийдсэн.

-Эмээтэйгээ хамт авахуулсан зураг байхгүй ч хамт авахуулсан мэтээр зурсан гэсэн. Энэ талаараа бидэнтэй хуваалцвал?

-Эмээгээ алдах хамгийн хүнд цохилт болсон. Хэдийгээр аравхан настай байсан ч гэнэт сонссон болоод ч тэр үү цохилт болсон. Түүнээс хойш хойш эмээгээ дурсъя гээд ч хамт авахуулсан зураг байхгүй учир их харамссан. Тиймээс хамт авахуулсан зурагтай болохын тулд өөрөө зурсан. Өвөөгөө бас зурсан. Өвөөгөө үзээгүй хэдий ч аав болон эмээгийнхээ ярьсан дурсамжаас нь өвөөгөө зурж аавдаа дурсгал болгож өгсөн.

-Үеийн найзууддаа хандаж үг хэлээч хандаж үг хэлнэ үү?

-Үеийн найзуудаа ажиглахаар өөрийгөө олоогүй ч гэх юм уу, өөрийнхөө сонирхлыг өмнөө тавилгүй эцэг эхийнхээ шаардлагыг урьд болгоод байх шиг санагддаг. Тэгэхлээр өөрийгөө олоод хиймээр байгаа зүйлээ хийгээд санаа бодлоо туршаад цаашдынхаа амьдралыг тодорхойлоосой гэж хүсдэг. Хэн нэгний үгээр биш өөрийнхөөрөө л байвал цаашдаа яаж ч зовсон жаргалтайгаар зовно шүү дээ л гэж хэлмээр байна.

Ярилцсанд баярлалаа

Улаанбаатарт 32 хэм дулаан байна
Улаанбаатарт 32 хэм дулаан байна
 
МАРГААШ: Улаанбаатарт 8 хэм дулаан байна
МАРГААШ: Улаанбаатарт 8 хэм дулаан байна
Энэ мэдээ хуучирсан буюу 2021/07/08-нд нийтлэгдсэн мэдээ болно.