Энэ мэдээ хуучирсан буюу 2021/07/20-нд нийтлэгдсэн мэдээ болно.

Э.Даваажамц: Багаасаа л цэргүүд дагаад 3-4 километр гүйдэг байсан

Ангилал
Нийгэм Ярилцлага
Огноо
Унших
11 минут 24 секунд

Энэ бол Э.Даваажамц. Түүнийг мэдэхгүй хүн Монголд үгүй. Тэрбээр Монгол Улсын Зэвсэгт хүчний 123 дугаар ангийн ахлах ахлагч бөгөөд Монгол орны баруун хязгаар Ховд аймгаас гаран 46 хоногийн турш нийт 2127 км зайд гүйн өнгөрсөн бямба гарагт /2021.07.17/ 16.00 цагт Дорнод аймгийн Чойбалсан хотод бариандаа орж, монгол цэргийн тэсвэр тэвчээр хатуужлыг амжилттай харуулж чадсан эрхэм юм.

Манай сайтын сурвалжлах баг Хуурай замын цэргийн командлалын багтай хамтран ахлах ахлагч Э.Даваажамцыг барианд хүрэхийн өмнөх өдөр болон барианд хүрсэн өдрийн хугацаанд бэлтгэсэн ярилцлагыг хүргэж байна.

-Сайн байна уу, ярилцлагаа таны бага наснаас эхлэе. Та Ховд аймгийн уугуул иргэн үү?

-Миний бага нас Ховд аймгийн Буянт сумын Цуурай гэдэг газар өнгөрсөн. Тавдугаар ангиасаа Нарийн гол гэдэг газар очин тэндээ 10 жилээ төгссөн.

-Ховд нутгийн Зэвсэгт хүчний 123 дугаар ангийнхаа талаар танилцуулаач?

-Зэвсэгт хүчний 123 дугаар анги бол Хатанбаатар С.Магсаржавын нэрэмжит байлдааны гавьяаны улаан тугийн одонт сайхан анги юм. Энэ жил 99 жилийн ой, ирэх жил 100 жилийн түүхт ойг угтах гэж буй сайхан хамт олон байна. Хамт олондоо 100 жилийн ойн бэлгийг энэхүү гүйлтээрээ барьж байгаадаа их баяртай байгаа. Миний гүйлтийг дэмжиж ажилласан ангийн хамт олон захирагч, хурандаа Х.Энхболд даргадаа их баярлаж байна. Миний ард талын бүх зүйлийг хамт олон маань даагаад гүйхээд явахад хоёргүй сэтгэлээр тусалж байсан учраас гүйлт амжилттай явагдаж өндөрлөлөө.

-ЦЭРГИЙН ХҮН БОЛОХ ШИЙДВЭРЭЭ НЭГДҮГЭЭР АНГИЙН ХҮҮХЭД БАЙХДАА ГАРГАСАН-

-Таныг цэргийн хүн болоход юу нөлөөлсөн бэ?

-Цэргийн хүн болоход гол нөлөөлсөн зүйл гэвэл миний төрсөн ах нар. Би дээрээ таван ахтай. Ах нар маань бүгдээрээ цэргийн алба хаасан. Ах нарыгаа хугацаат цэргийн албанд явсан хойно маш их санадаг байсан учраас өмсдөг байсан хувцсыг нь өмсөн гүйж, дэрлэж унтдаг байсан. Цэргээс ирэхдээ тухайн үеийнхээ цэргийн хувцсыг тоноглочихсон халагдаад ирдэг. Тэр хувцсыг нь өмсөөд найзууддаа гайхуулдаг байлаа. Цэргийн хүн болно гэсэн шийдвэрийг нэгдүгээр ангийн жаахан хүүхэд байхдаа л гаргачихсан байсан. Энэ мөрөөдөлдөө хөтлөгдсөөр цэргийн хүн болсон.

-Энэ урт замыг ганцаараа гүйж туулна гэж үгүй. Танай багийн бүрэлдэхүүнд эхнэр тань байсан. Гэргийтэйгээ ханилаад хэдэн жил болж буй вэ?

-Эхнэр бид хоёр танилцаад 16 жил болж байна. 10 жилийн хүүхдүүд байхдаа танилцаад үерхэж эхэлсэн. Хотод оюутан болж ирээд түрээсийн байранд хамт амьдардаг байсан. 2014 онд хуримаа хийн өрх тусгаарлаж, айл гэр болсон. Өдий хугацаанд гурван хөөрхөн хүүхэдтэй болсон. Хүүхдүүд маань нутаг хошуундаа ээж дээр минь байгаа. Бага нь гурав, том нь 10 настай.

-Хүүхдүүдээ санаж байна уу?

-Мэдээж саналгүй яах вэ, гэрээсээ гараад сар хагасын хугацаанд баруун аймгаас зүүн аймагт ирсэн байна. Гэхдээ хүүхдүүдээ саналаа гээд гүйлт хойшлох гэсэн зүйл байхгүй. Үүрд мөнх явж байгаа биш, тодорхой хугацаанд нэгэн үйлийг бүтээгээд эргээд нутаг хошуундаа очно.

-Хүүхдүүд нь аав, ээждээ юу захиж байх юм?

-Хүүхэд л болсон юм хойно бид бага байхдаа эцэг, эхдээ тоглоом захидаг байсан шиг унадаг дугуй, барби авч ирээрэй гэж захиж байсан.

-Та хувцас хэрэглэлийн талаар танилцуулна уу, хэдий хэмжээний ачаатай гүйж байна вэ?

-Цэргийн дүрмэнд заасны дагуу эрээн хувцсыг өмсөж гүйж байна. Дөрвөн ээлжийн хувцас, хоёр ээлжийн гуталтай явж байна. Үүрч яваа ачаа маань нийлээд 5 кг хүрнэ.

-БАГААСАА ЦЭРГҮҮДИЙГ ДАГАН ГУРВААС ДӨРВӨН КМ ЗАЙД ГҮЙДЭГ БАЙСАН-

-Та ер нь багаасаа гүйх дуртай хүүхэд байв уу?

-Гуравдугаар ангид байхад манай гэр цэргийн ангиас холгүйхэн байдаг байв. Тухайн үед цэргүүд өглөө, өдрийн гүйлтээр төв зам дагаж гүйдэг байсан. Манай гэрийн ардуур засмал зам дагаад гүйж буй цэргүүдийн гутлын чимээ маш тод сонсогддог байсан. Тэднийг дагаж гүйдэг байлаа. Хүүхэд байсан учраас гурав, дөрвөн км гүйгээд ах нарын хөлийг гүйцэхгүй хоцроод үлддэг байсан юм. Тэр үед цэргүүд дагаад гүйж байсан Ховдын цэргийн ангидаа одоо өөрөө ороод ажиллаж байна. Бас л сайхан мэдрэмж.

-Хэдэн аймаг дамжин Дорнод нутагт ирсэн бэ?

-Есөн аймаг дамжин ирлээ. Мөн Улаанбаатарыг нэмээд тоолбол 10 хот суурин газраар гүйн өнгөрч байгаа минь энэ.

-Афганистан улсад алба хааж, энхийг сахиулах ажиллагаанд оролцсон гэж дуулсан. Энэ талаар дэлгэрүүлбэл?

-2019-2020 онд Афганистан улсад НАТО-гийн цэрэг болж алба хаан үүрэг гүйцэтгэсэн. Мөн 2013 онд Өмнөд Судан улсад үүрэг гүйцэтгэсэн. 2016-2017 онд мөн Өмнөд Судан улсад гээд энхийг сахиулах ажиллагаанд нийтдээ гурван удаа явсан. Гадны цэргүүдтэй хөл нийлүүлэн үүрэг гүйцэтгэж Монгол Улсынхаа нэрийг гарган энх тайван, амар амгалангийн төлөө явж байхад маш сайхан байдаг

-Монгол цэргүүдэд таны адил энэ урт замыг гүйгээд туулах тэсвэр, хатуужил бий гэж боддог уу?

-Би тэр олон Монгол залуусын нэг төлөөлөл болж гүйж байгаа минь энэ. Түүнээс биш би ганцаараа мундаг, сайндаа ингэж гүйж байгаа юм биш. Надаас илүү сайн гүйх залуус манай армид мянга мянгаараа байгаа.

-Бариа ойртох тусам хөл хөнгөрч байх юмуу?

-Тэгэлгүй яах вэ, бариа дөхөх тусам бие хөнгөрч сайхан болж байна. 46 хоног гүйхэд зам ахих тусам, нэг км бүр ард үлдэх бүрт сэтгэл санаа сайхан, хөл хөнгөн болж байлаа.

-Наадмын өдрүүдээр аль нутгийн замаар гүйж байв?

-Наадмын өдрүүдээр Хэнтий аймгийн нутаг дэвсгэр дээр гүйж явсан. Долдугаар сарын 11-д Хэнтий аймагт орж ирээд, 12-ны өглөө Хэнтийгээс гарсан. Баяр наадмын өдрүүдээр ч мөн гүйлт үргэлжилсээр л байсан.

-Улаанбаатар хотод бариандаа хүрнэ гэж тооцоолж байсан. Маршрутаа сунгахад юу нөлөөлсөн бэ?

-Долдугаар сарын 10-ны Төрийн далбааны өдөр парадын үеэр Чингис хааныхаа төв талбайд очиж гүйлтээ өндөрлүүлж бариандаа орно гэсэн төлөвлөгөөтэй анх гарсан юм. Гэтэл парад болохгүй гэсэн шийдвэр гарсан учраас заавал долдугаар сарын 10-нд гүйлтээ дуусгах шаардлагагүй болсон. Тиймээс нэгэнт л баруун аймгаас гарсных зүүн аймагт гүйлтгээ дуусгах хүсэлтээ Зэвсэгт хүчний жанжин штаб руу явуулахад хүсэлтийг зөвшөөрсөн. Тиймээс баруунаас зүүн рүү, Алтайн уулсаас Дорнын тал руу явсан минь энэ.

-ГҮЙЖ БАЙХ ХУГАЦААНДАА БИЧСЭН ӨДРИЙН ТЭМДЭГЛЭЛЭЭ АШИГЛАН НОМ ГАРГАНА-

-Таныг ном бичих гэж байгаа талаар дуулсан. Энэ талаар тодруулбал?

-Би гүйж байх хугацаандаа өдрийн тэмдэглэл хөтөлсөн. Энэхүү тэмдэглэлээ ашиглаад бүх зүйл дууссаны дараа ном бичиж гаргах төлөвлөгөөтэй байгаа. Дараа нь миний замналаар гүйх залууст гарын авлага маягийн зүйл бэлдэж өгөх гэж байгаа юм. Говь-Алтайд гүйхэд ийм, Баянхонгорт гүйхэд тийм гэх мэтчилэн.

-Барианд орж ирээд индэр дээрээс үг хэлж байхад хоолой зангирч байгаа харагдсан. Таны төсөөлсөн бариа байв уу?

-Энэ гүйлтийг ингэж л дуусгах гэж гараанаас гарсан. Яг л түүгээрээ гүйж чадсан. Өөрийнхөө зорьсон зорилго, нэг том зүйлийн ард гараад сууж байхад сайхан байна. Барианд орж ирэх мөч мэдээж үгээр илэрхийлэшгүй сайхан байлгүй яах вэ. Индэр дээр гарч үг хэлэхэд Дорнод нутгийн тэр олон хүмүүсийг хараад сэтгэл хөдөлсөн. Мөн Ховдоос ирсэн ах, эгч нараа хараад үг хэлэхэд хоолой зангирсан. Багийн хамт олны хүчээр би үүнийг хийсэн. Ганцаараа гараад гүйсэн юм биш шүү дээ.

-Гүйх явцдаа олон зүйлийг таньж мэдсэн байх. Энэ талаараа хуваалцвал?

-Зүүн аймагт Барга үндэстэн гэж байдаг юм байна. Үзэмчин хүмүүс Дорнод аймагт байдаг юм байна. Би энэ хүмүүсийг зөвхөн Өвөр Монголд амьдардаг гэж ойлгодог байсан. Гэтэл Барга үндэстний сум хүртэл Дорнод аймагт байдаг талаар мэдэж авлаа. Би урд өмнө зүүн аймгуудад ирж байгаагүй учраас иймэрхүү зүйлийг мэддэггүй байсан. Гүйсний хүчинд мэдэж авч байгаа юм. Энэ мэтчилэн олон шинэ зүйлсийг мэдэж авлаа.

-Ярилцлагынхаа төгсгөлд 123 дугаар цэргийн анги болон Зэвсэгт хүчний нийт бие бүрэлдэхүүндээ хандан мэндчилгээ дэвшүүлнэ үү?

-Орчин цагийн зэвсэгт хүчин үүссэний 100 жилийн ой, ирэх жил 100 жилийн ойгоо угтах гэж байгаа Зэвсэгт хүчний 123 дугаар ангийнхаа хамт олон, энэ цагт алба хааж байгаа нийт генерал, офицер, ахлагч, гэрээт болон хугацаат цэргийн албан хаагчид та бүхэндээ Зэвсэгт хүчний 100 жилийн ойн баярын мэндийг хүргэе.

Дүрс бичлэгийг ЭНД дарж үзнэ үү.

Ярилцлагыг бэлтгэсэн: Б.Амарбаясгалан

Гэрэл зургийг: О.Мөнхбат, Г.Жавхаатөгөлдөр

Б.Энхболд: Холын гэрлийг ойр дээр нь шилжүүлж хөдөлгөөнд оролцох шаардлагатай байна
Б.Энхболд: Холын гэрлийг ойр дээр нь шилжүүлж хөдөлгөөнд оролцох шаардлагатай байна
 
Л.Оюун-Эрдэнэ: С.Зоригийн хэргийн зургаан ажлын хэсэг тарсан. Яагаад тарав. Энэ Ц.Элбэгдоржийн ЗГ-ын сэдэл байсан
Л.Оюун-Эрдэнэ: С.Зоригийн хэргийн зургаан ажлын хэсэг тарсан. Яагаад тарав. Энэ Ц.Элбэгдоржийн ЗГ-ын сэдэл байсан
Энэ мэдээ хуучирсан буюу 2021/07/20-нд нийтлэгдсэн мэдээ болно.