Энэ мэдээ хуучирсан буюу 2021/07/21-нд нийтлэгдсэн мэдээ болно.

Ч.Уранхолбоо: Би өөрөө өөрийнхөө хамгийн том ӨРСӨЛДӨГЧ

Ангилал
Ярилцлага Ubn story
Огноо
Унших
18 минут 4 секунд

Нийгэм, цаг үеийг байлдан дагуулж, шинэ эриний зөв хандлагыг бусдад түгээж буй нэгнийг онцлох “Ubn story” булангийн ээлжит дугаарын зочноор завгүй ээж, уран бүтээлч, дуучин Ч.Уранхолбоог урьж оролцууллаа.

"Нүдэнд дулаахан хөвгүүн чамайгаа” гэсээр Монголын урлагт урьд байгаагүй шинэ өнгө төрхийг бүрдүүлэн хөл тавьсан "Гала" хамтлагийн Ану, Болороо нарыг танихгүй хүн үгүй. Тухайн цаг үедээ эвлэгхэн хэрнээ өвөрмөц хоолойтой хоёр охины гаргасан уран бүтээл бүр ХИТ болж байлаа. Хэдий "Гала" хамтлаг тарсан ч Ч.Уранхолбоо урлагтаа үнэнч үлдэж, эрхэмсэг төрх, биеэ авч яваа байдлаараа өнөөдөр ч охид бүсгүйчүүдийн хайр, хүндэтгэлийг хүлээж яваа.

Багаасаа хүүхдэд хайртай байсан түүний хувьд таван охины ЭЭЖ хэмээх алдрыг хүртэж, алдарт эхийн хоёрдугаар одонг хүртсэн билээ. Түүнтэй охид, бүсгүйчүүдийн сонирхлыг татсан олон сэдвийн хүрээнд ярилцсанаа уншигч танд хүргэж байна.

-Завгүй ээж, уран бүтээлч, дуучин Ч.Уранхолбоогоор сонин сайхан ЮУ БАЙНА?

-Сүүлийн үед сонин сайхан ихтэй байна. Энэ зуныг үр дүнтэй, гаргасан төлөвлөгөөнүүдийхээ дагуу өнгөрүүлэхийг хичээж байгаа. “Urankholboo” брэнд тун удахгүй гарах гэж байгаа. Брэндийн маань ажил ч урагштай байна. Ирэх намар “Urankholboo” брэндээ олон нийтэд танилцуулах учраас хийх ажлууд ар араасаа урсаад л байна даа. Тиймээс өөрийнхөө дуу хоолой, дотоод хүн болон бусдад хайр түгээсэн зүйлсийг хийхийн тулд чармайж ажиллах шаардлагатай байгаа.

-Урлагийн хүн тал талын авьяастай байдаг гэж хүмүүс ярьдаг. Саяхан “Ододтой бүжиглэе” шоунд оролцож, өөрийгөө ямар ч хэв маягт баригдахгүй урлагийн хүн гэдгээ батлан харуулж, басхүү сорьж чадсан юм шиг санагдсан. Ер нь шоуны явцад Ч.Уранхолбоо өөрийгөө хэр шахав?

-“Ододтой бүжиглэе” шоунд амьдралынхаа 90 хоногийг зориулсан байдаг. Хөл хориотой, өдөр бүр шинжилгээ өгч байсан. Дэлхийн хэмжээний шоуны үед би гэлтгүй нийт оролцогч, зохион байгуулагч нар нэлээн амаргүй цаг үеийг туулсан. Түүнчлэн нарийн зохион байгуулалттай ажилласны дүнд шоуныхаа ард эрсдэлгүй гарч чадсан.

Миний хувьд сүүлийн арван жилийн хугацаанд ойрхон зайтай олон хүүхэд төрүүлэхдээ хагалгаанд орсон учраас нурууны хэсэг бага зэргийн шохойжилт үүсэж, уян хатан байдал алдагдсан байсан юм билээ. Арван таван жилийн өмнө тайзан дээр дуулж, бүжиглэж явсан өөрийгөө бүжиглэхэд гайгүй болов уу гэж бодсон. Ерөөс нэг л болж өгөхгүй байсан учраас өөрийгөө маш их шахаж, хичээсэн. Маш сайн хамтрагчтай таарсан маань ч надад их сорилт болсон байх. Учир нь өөрөөсөө арван насаар дүү залуугийн хурд хүчийг гүйцэхийн тулд би байгаагаасаа илүү хичээх шаардлага тулгарсан. Бэлтгэлийн эхний хоногуудад их бэртэл, гэмтэл авсан ч шантраагүй. Бүжгийн спорт, бие организм, сэтгэл зүйн тал дээр өөрийнхөө хувьд чамлахааргүй үр дүнг гаргасан гэж боддог. Хүний хамгийн том өрсөлдөгч өөрөө. Өөртэйгөө нүүр тулж, тэр бүхнийг даван туулсан нь миний хувьд ялалт байж чадсан. Шоунаас маш сайхан найз нөхөд, дүү нар, хамт олонтой болсон.

-Орчин үед өв тэгш бие галбираа авч явахад эмэгтэй байтугай эрэгтэй хүн ч анхаардаг болсон. Өөрийн тань хувьд таван хүүхдийн ээж болсон ч биеэ сайхан авч яваа эмэгтэйчүүдийн нэгт тооцогддог. Ер нь үүний нууцыг эмэгтэйчүүд их асуудаг байх?

-Хүмүүс намайг хүүхдүүдээ харуулчихаад байнга гоо сайхны салоноор үйлчлүүлж явдаг гэж боддог байх. Яг үнэндээ би үнсгэлжингийн ажил их хийдэг. Үнсгэлжингийн ажил ихтэй байгаа тулдаа бие галбир, жин нэмэх тал дээр гайгүй байдаг болов уу. Ер нь эмэгтэй хүнд дотоод хүч гэж зүйл бий. Төрөөд жин нэмсэн бүсгүйчүүдийг “Би жингээ хасаж чадахгүй байх, надад цаг хугацаа аль эсвэл мөнгө байж гоё, сайхан болно” гэх бодлоо хаяасай гэж хүсдэг. Өөрөө өөрийгөө дайчилж, дотроо байгаа хүчийг нээж, хүсэж буй дүр төрхөө илэрхийлж чаддаг байгаасай. Энэ боломж эмэгтэй хүн бүрт бий. Гол нь түүнийгээ хэрхэн нээх, яаж илэрхийлэх вэ гэдгээр л хэмжигддэг болов уу. Би ер нь өөрөө өөртэйгөө л өрсөлддөг. Хэн нэгэн аль эсвэл хиймлээр нэг өрсөлдөгч бий болгочихоод түүнтэйгээ өрсөлдөхийг хүсдэггүй.

-Сүүлийн үед нийгэмд сошиал инфльюсерүүдийг даган дууриах, шүтэн бишрэх нөгөө талдаа тэднээс нийгэмд хүлээсэн тодорхой үүрэг, хэм хэмжээтэй байхыг олон нийт шаарддаг болж. Таны хувьд инфльюсер гэх нэр томъёог хэрхэн тодорхойлох вэ?

-Дэлхий дахинд инфльюсер гэх мэргэжил хүртэл бий болчихсон байна л даа. Инфльюсерүүд бусдад нөлөөлөх, дүр төрх нүүр царай болох гэх мэтээр илрээд байна. Гадны улс орнуудад инфльюсерүүдийн эрх ашгийг хамгаалдаг эргээгээд энэ хүмүүс нийгэмдээ хүлээсэн эрх, үүрэгтэй байдаг. Өнөөдрийн Монголд инфльюсерүүдийг арай өөрөөр хардаг. Энэ нь магадгүй бид нар өөрсдөө нийлмэл, нэгдмэл байж, эрх ашиг, хүлээсэн үүрэг, хариуцлагыг тогтоосон холбоо байгуулж ажиллаагүйтэй холбоотой юм болов уу гэж хардаг. Яг үнэндээ Монголд уран бүтээл хийж байгаа, инфльюнсер хийгээд буй хүмүүс дунд дор бүрнээ хэн нэгний дэмжлэггүйгээр ажиллаж амьдарч байгаа залуус их бий. Бид аливааг сурталчилж, таниулаад явахаас илүүтэй нийгмийн сайн сайхны төлөө дуу хоолой нь болдог хүмүүс баймаар байна шүү дээ. Тиймээс эрх, үүргээ тодорхойлсон, хариуцлагатай тогтолцоог бий болгохыг хүсэж байгаа.

-Урлагийн хүнийг дагасан хэл ам дуусахгүй. Сайнаар ч, муугаар ч хэлүүлэх үе олон байдаг. Өөрийн тань хувьд багаасаа урлагт хөл тавьсны хувьд харьцангуй сэтгэл зүйн дархлаа суусан байх?

-“Гала” хамтлагт байх үеэс л санал, шүүмжлэлийн цохилтуудыг хүлээж авч байсан болохоор одоо харьцангуй сэтгэл зүйн дархлаатай болсон юм шиг санагддаг. Дотроо зөв байгаа л бол бусдын үгээр үг хийх шаардлагагүй л гэж бодож өөрийгөө зоригжуулж ирсэн. Тиймээс ирж буй шүүмжлэл бүрт их эмзэглэдэггүй. Шүүмжлэлээс зөв зүйлийг нь өөртөө тусгаж ирсэн учраас эмзэглэл бага байдаг. Энэ бүх зүйл зэрэгцэн орших ёстой л гэж боддог. Хүний хорвоо гэдэг хар, цагаан хосолж байдаг шүү дээ. Хүн аливаа сонгосон замынхаа сайн сайхнаар услагдаж, олныхоо хайр хүндэтгэлийг хүлээж, өдий зэрэгтэй яваа. Тиймээс сонгосон замынхаа бараан зүйлийг ч туулах ёстой байх.

-Хүн бүр өөрийн хүсэж, дурласан чиглэлээрээ ажиллахад түүнээсээ авах мэдрэмж нь онцгой байдаг. Таны хувьд хүүхэд, эмэгтэйчүүд рүү чиглэсэн ажлаасаа гадна удахгүй нэрийн брэндээ гаргах гэж байгаа гэлээ. Одоо хийж байгаа бүхнээсээ л авч чадах мэдрэмжээ илэрхийлбэл?

-Надад санамсаргүй ч гэхүү азтай ч гэх үү байдлаар өөрийнхөө астрологийг нарийн гаргуулах боломж тохиож байсан. Тэгэхэд Уранхолбоо гэдэг хүн хүүхэд, эмэгтэйчүүдтэй ойр ажиллавал тэдний нүдэнд тодрох аз жаргал, сэтгэлд асах гэрэл гэгээнээс маш их аз жаргал мэдрэх хүн байна гэж бууж байсан юм. Гэр бүл, үр хүүхэд, өөрийн дуртай ажил мэргэжил, амьдралаасаа би аз жаргалыг мэдэрдэг ч хүүхэд, эмэгтэйчүүд рүү хандсан ажил хийхэд сэтгэл санаа цаанаасаа оргилоод явчихдаг. Миний амьдралын бүх зүйл нэг цэг дээр төвлөрдөг. Эмэгтэйчүүдтэй ойр байх, амьд харилцааг үүсгэж, тэдэнд хандсан ажил хийх нь надад юу юунаас илүү шагнал, аз жаргал байж чаддаг. Мөн бяцхан үрсийн төлөө би өөрийгөө бүрэн зориулахад бэлэн.

"Аавынхаа өмнө хариуцлагатайгаар хэлсэн амлалтдаа хүрч яваа гэж боддог"

-Таны хувьд ар гэр, ажлаа хэр тэнцвэртэй барьдаг хүн бэ?

-Багаасаа хүсэж ирсэн амьдрал минь аавын захиастай холбоотой. Аав маань намайг урлагийн хүн болно гэхэд зөвшөөрдөггүй байсан. Өөрөө цагдаагийн байгууллагад олон жил ажилласан хүн л дээ. Тиймдээ ч урлагийн хүн тухайн цаг үедээ сайхан байж болох ч хувийн орон зай, хувийн амьдралгүй болчихдог юм аа гэж их хэлдэг байсан. Эмч аль эсвэл аавынхаа мэргэжлийг өвлөж аваасай гэдэг байсан юм. Эмч, хууль гээд аль аль чиглэлээр нь би суралцсан. Гэхдээ урлагаа орхиогүй. "Гала" хамтлагийн анхны тоглолт болж байхад аав маань сэтгэлдээ намайг хүлээн зөвшөөрсөн гэдгээ хэлж байсан юм. Тэр үед хувийн амьдралаа орхигдуулж болохгүй шүү гэдгийг дахиад л сануулсан. Би ч хувийн амьдралаа орхигдуулахгүй, амьдралдаа тийм том золиос гаргахгүй гэж тайзны ард аавдаа амлалт өгч байснаа одоо ч санаж байна. Хэдийгээр миний аав бурхан болсон ч аавынхаа өмнө хариуцлагатайгаар хэлсэн амлалтдаа хүрч яваа гэж боддог. Амьдралаа би ажилтайгаа энэ зэрэгцүүлж, тэнцвэртэй авч явахыг хичээдэг. Чин үнэнийг хэлэхэд гэр бүл, хайртай хүмүүстээ илүү их цаг зав, сэтгэлээ зориулдаг. Энэ нь намайг ажиллах эрч хүчээр дүүргэж, сэтгэл амгалан байлгадаг гэж хэлж болно.

-Таны хамгийн том амжилт бол ГЭР БҮЛ ойлгож болох нь?

-Ер нь хүмүүс золиос гаргаж байж амжилтад хүрнэ гээд байдаг. Гэр бүл, үр хүүхдээ золиослочихоод ажил, карьерийн хувьд амжилттай явбал тэр яагаад амжилт гэж. Тэнцвэртэй байж болно, тэр чинь таны хувьд амжилт байж болно. Бусад хүн үнэлэхгүй байсан ч заавал топ байх албагүй. Хүн амар тайван, зөв замаар урагшилж, бүх зүйл нь үнэ цэнэтэй байхад л хангалттай. Би одоо байгаа бүхэндээ үнэхээр их талархаж, сэтгэл хангалуун байдаг. Магадгүй би заавал топ руу, оргил руу зүтгэх шаардлагагүй шүү дээ.

-Өөрөө эх хүн болсны дараа л ээжийнхээ хайрыг илүү их мэдэрдэг гэлцдэг. Таван хүүхдийн ээж хэмээх алдрыг зүүж яваа хүний хувьд анх ээж болсон мэдрэмжийг тань сонсмоор санагдлаа?

-“Хөөрхөн дэлхий” ТББ-ыг байгуулж, нийгмээс хол хүүхдүүдтэй ажиллахад тэдний гунигтай харцыг хараад сэтгэл өвддөг байсан. Тухайн үед би олон хүүхэдтэй болж, хайраар дүүрэн, зөвөөр хүмүүжүүлсэн хариуцлагатай эцэг, эх болох юмсан гэж л боддог байлаа.

Ээж болох мөчид асгартлаа уйлчихдаг юм билээ. Ээж болсон мэдрэмжийг үгээр хэлэхэд үгний хүч дутах байх. Дэндүү тансаг, дэндүү агуу мэдрэмж. Өөрөөсөө, хайртай хүнээсээ тэр хөөрхөн цэцгийг ургуулчихаад ямар их аз жаргал басхүү хариуцлага вэ гэж бодогддог юм билээ. Хүүхэд байхаасаа хоёр ихэр охинтой болно гэж их боддог байсан мөрөөдөл маань маш том сорилттой цуг надад ирсэн. Гурван ойрхон хийсвэр хагалгаа хийлгэсэн учраас анагаах ухаан талаасаа эмч нар болохгүй гэж их хэлсэн. Эмч нарынхаа үгийг дагах гэхээр мөрөөдөл маань миний амьдралд бэлэг болоод ирчихсэн байсан. Миний ханийн “Хүүхдүүдийнхээ төлөө хичээе” гэсэн үг маш их хүчийг өгсөн. Охидууд маань миний амьдралд маш том хөг аялгууг нэмсэн. Охидуудынхаа төлөө надад ядрах, өвдөх ч эрх байхгүй. Надаас маш олон цэцэг үлгэр дууриалал авч байна. Тиймээс амьдралынхаа хэв маягийг онцгойлон анхаарч, өөрийнхөө эрүүл мэнддээ анхаардаг болсон.

-Гэр бүлийн сэтгэл судлаач чиглэлээр суралцахыг хүсдэг гэж сонссон?

-Өдөрт сошиалаар хэдэн мянган коммент, мессэж ирэхэд надад итгээд хэнд ч хэлээгүй зүйлсээ хэлээд асуудаг бүсгүйчүүд их байдаг. Огт танихгүй мөртлөө итгээд хэлж байгаа чин сэтгэл нь надад маш үнэтэй. Тиймээс хэрэгтэй мэдээлэл, зөвлөгөөг мэргэжлийн үүднээс өгчихмөөр байдаг. Гэтэл би дутуу дулимаг зөвлөгөө өгвөл надад ч харамсалтай шүү дээ. Магадгүй миний өгсөн зөвлөгөө тухайн хүний амьдралыг өөрчлөх байсан бол яах вэ гэж бодсон. Тиймээс л сэтгэл судлал чиглэлээр суралцъя гэж шийдэж байсан юм. Би урлагийн сэтгэл судлал чиглэлээр суралцсан. Сэтгэл санааг нь урлагаар дамжуулан засах нь илүү амар байдаг.

-Хүн бүрт амьдралдаа авч байсан сургамж бий. Таны хувьд?

-Үүнийг ярихын тулд “Гала” хамтлагийн үе рүү буцаж очно. Хамгийн дотнын сайн найзтайгаа хамтлаг байгуулаад явж байхдаа жижигхэн үл ойлголцлыг уул овоо мэт том болгоод бид өөрсдийнхөө урд тавьж байсан том зорилгоосоо ухарсан. Энэ бол бид хоёрын л гаргасан шийдвэрээс гарсан хариу. Одоо бодоход би тэндээс үнэт зүйлсээ юугаар ч солихгүй байх, бусдын үгээр үг хийхгүй байх, бодит үнэний төлөө тууштай хичээх хэрэгтэй юм байна гэх сургамжийг авсан. Хамтлаг тарах үед би ямар нэгэн оролдлого хийгээгүй. Дэргэдэх хүн маань ийм шийдвэр гаргасан бол бүх зүйлийг орхие гэж бодсон. Гэхдээ орхихгүй байх ёстой байсан юм билээ. Юу болов, яагаад ийм шийдвэр гаргах болов гэж нухацтай ярилцсан бол өнөөдөр “Гала” хамтлаг уран бүтээлээ туурвиад явж байхыг үгүйсгэхгүй. Гэхдээ хүн бүр л өөр өөрөөр тайлбарлаж, хүлээн авдаг. Магадгүй хувь тавилан маань ийм л байсан байх.

-Та өөрийн ажиллах багийг шинэ гарч ирж буй залуусаар хүрээлүүлж, бүрдүүсэн байхыг харлаа. Ер нь залуустай ажиллахын давуу тал их биз. Ярилцлагыг уншиж байгаа залуус, дүү нартаа хандаж үг дайх уу?

-Өнөөдөр би “Тара вишн” агентлаг дээрээ сууж байна. Агентлагийнхаа хамгийн хөгшин нь би байгаа /инээв/ Би шинэ цаг үеийн залуустайгаа хамтран ажиллаж, тэднээс суралцаж байна. Өнөөдрийн нийгмийг өнгөлж яваа залуусын дуу хоолой, зүрх сэтгэл, оюун санаа хийж байгаа бүх л зүйлд нь маш их итгэдэг. Яагаад гэвэл шинэ үеийн залуус улс эх орны маань нүүр царай хэдийнэ болсон. Тиймээс би залуучууддаа сургамж хэлэхээс илүүтэй өөрийнхөө бодож, санаж яваа зүйлсээ хийгээрэй гэж хэлмээр байна. Мөн амны билэгтэй байж, хийж байгаа үг, үйлдэл бүрээрээ зөв байя гэж уриалья. Өөрчлөлт хийхийг хүсвэл өнөөдрөөс эхлээрэй.

-Ярилцсанд баярлалаа.

ОХУ-д саатсан зорчигчдыг тээвэрлэх МИАТ-ийн онгоц 17 цагт ниснэ
ОХУ-д саатсан зорчигчдыг тээвэрлэх МИАТ-ийн онгоц 17 цагт ниснэ
 
С.Зориг агсны гэргий Б.Булган: Ц.Элбэгдорж гэдэг хүн төрийн өндөрлөгт гарах болгонд би шоронд ордог
С.Зориг агсны гэргий Б.Булган: Ц.Элбэгдорж гэдэг хүн төрийн өндөрлөгт гарах болгонд би шоронд ордог
Энэ мэдээ хуучирсан буюу 2021/07/21-нд нийтлэгдсэн мэдээ болно.