Энэ мэдээ хуучирсан буюу 2021/07/21-нд нийтлэгдсэн мэдээ болно.

Л.Энхсайхан: Хүн хоорондын зайгаа сайн баримталж чадвал дельта хувилбараас хамгаалах бүрэн боломжтой

Ангилал
COVID-19
Огноо
Унших
3 минут 3 секунд

Эрүүл мэндийн сайд С.Энхболд коронавирусийн дельта хувилбарын гурван тохиолдол хүн амын дунд бүртгэгдсэн талаар мэдээлсэн. Энэхүү вирусийн онцлог болон, хэрхэн сэргийлэх талаар ЭМЯ-ны нийтийн эрүүл мэндийн бодлогын хэрэгжүүлэлтийг зохицуулах газрын дарга Л.Энхсайханаас тодрууллаа.

-Коронавирусийн дельта хувилбар нь ямар онцлогтой хувилбар вэ?

-Дельта хувилбар нь бусад хувилбаруудаас халдварлах чадвар илүү өндөр. Одоогийн байдлаар дэлийн 111 улсад дельта хувилбарын вирус бүртгэгдсэн байна. Ялангуяа вакцинд хамрагдаагүй хүн амын дунд халдварын тархалт илүү их байна. Дэлхийн улс орнууд халдвар хамгааллын дэглэмээ сулруулснаас болж дельта хувилбар тархаж байгаа гэж үзэж байна.

-Хэрхэн сэргийлэх вэ?

-Бид дельта хувилбараас сэргийлэх бүрэн боломжтой. Халдвараас сэргийлэхийн тулд халдварын эх уурхай буюу халдвартай хүнээс сэргийлэх хэрэгтэй. Тиймээс хүн хоорондын зайгаа барих хэрэгтэй. Хүн хооронд хоёр метрийн зайгаа баримтлах хэрэгтэй. Дээр нь мэдээж амны хаалт зүүх, гараа тогтмол угаах, олон хүн цугласан газар очихгүй байх гэсэн үндсэн дэглэмээ баримтлах шаардлагатай.

-Дельта вирус нь агаар дуслаар биш агаар мандалд оршдогоороо ялгаатай гэх мэдээлэл байна. Энэ талаар тодруулбал?

-Хүн ханиаж, найтааж, ярих үед амьсгалын замаар нөгөө хүний амьсгалын зам руу шүлсний дуслууд очдог. Хэрэв хүн хоорондоо ярихдаа хоёр метрийн зайгаа баримталбал шүлсний дуслууд бусад хүний ам, хамрын залгиур хэсэгт очиж наалдахгүй. Тиймээс халдвар дамжихгүй.

-Манай улсад хийсэн вакцинууд дельта хувилбараас хамгаалж чадаж байгаа юу?

-Дэлхий даяар хийгдэж байгаа вакцинууд тухайн хүний нас баралт, хүндрэлээс 85-100 хувь хамгаалж байгаа. Вероселл, Астразеника, Спутник, Файзер гээд аль ч вакцин байлаа гэсэн коронавирусийн аль ч хувилбараас тодорхой хэмжээнд сэргийлж чадна. Дархлаа тогтож байгаа, харин дархлааны дараах хариу урвал хэр өрнөж байгаа талаар дараа дараагийн судалгаанууд хийгдэж байгаа.

-Монгол Улсад дельта хувилбарын гурван тохиолдол бүртгэгдсэн талаар Эрүүл мэндийн сайд С.Энхболд мэдээлсэн. Гурван тохиолдол хаанаас бүртгэгсэн бэ?

-Монгол Улсад амьдарч байгаа иргэдээс шинжилгээ авсан. Тэдгээрийн дундаас дельта хувилбар илэрсэн. Халдварт өвчин судлалын үндэсний төвөөс дараа дараагийн судалгааг хийж байна. Хүн амын дунд гурван тохиолдол илэрсэн гэдэг нь хүн болгон халдвараас сэргийлэх дэглэмээ маш сайн баримтлах хэрэгтэй гэсэн үг.

Тэрүнофүжи Г.Ган-Эрдэнэ 73 дахь Их аварга боллоо
Тэрүнофүжи Г.Ган-Эрдэнэ 73 дахь Их аварга боллоо
 
Маргааш нийслэлд 18 хэм дулаан, үүлшинэ
Маргааш нийслэлд 18 хэм дулаан, үүлшинэ
Энэ мэдээ хуучирсан буюу 2021/07/21-нд нийтлэгдсэн мэдээ болно.