Энэ мэдээ хуучирсан буюу 2021/07/26-нд нийтлэгдсэн мэдээ болно.

СУРВАЛЖИЛГА: Хариуцлагатай жолооч байж ИРЭЭДҮЙГЭЭ ХАМГААЛЪЯ

Ангилал
Нийгэм Сурвалжлага
Огноо
Унших
9 минут 44 секунд

Бидний мэддэг ч мэдээгүй мэт өнгөрч, анзаардаг ч анзааргагүй хаядаг сэдвүүдийн нэг бол зам тээврийн осол. Энд хэн нэгний эд хөрөнгө сүйдэхээс илүүтэй эрдэнэт хүний амь нас хохирч байгааг чухалчлах нь зүй.

Урин дулааны улиралд машинтай нь давхиж, машингүй нь мөлхөөд ч хамаагүй агаар салхинд гарч зугаалах нь бидний хэдэн Монголчуудын бодит дүр зураг. Гэтэл цар тахлын нөхцөл байдлаас шалтгаалан олон сар “хоригдсон” нийслэлчүүд хөдөө орон нутгийг ихээр зорих боллоо. Үүнтэй холбогдуулан тээврийн хэрэгслийн хөдөлгөөнд нэмэгдэж, зам тээврийн осол нэмэгдэх хандлагатай байдаг энэ үед Цагдаагийн Ерөнхий газраас урьдчилан сэргийлэх нөлөөллийн аянуудыг хийдэг билээ.

2019 онд жолооч нар маань “Дураараа биш дүрмээрээ” аялсан. Харин өнгөрсөн онд аян замдаа “Яараад яахав дээ” уриаг ягштал мөрдөж, амны уншлага болтлоо тогтоон хэрэгжүүлсэн. Харин энэ жил бид хайрлаж, хамгаалах ёстой үр хүүхдүүдийнхээ “ИРЭЭДҮЙГ” зам тээврийн ослоос хамгаалахаар нэгдэж буй арга хэмжээг сурвалжиллаа.

Өглөөний 09.00 орчимд нийслэлээс аянд сайн дураараа нэгдэж, иргэд жолооч нарт “Ирээдүйгээ хамгаалъя” уриалгыг хүргэхээр ирсэн олны танил эрхмүүд, автомашины холбоод болон цагдаагийн байгууллагын алба хаагчдын хамтаар нийслэлээс хөдөллөө. Цагдаагийн байгууллагаас гурав дахь жилдээ зохион байгуулж буй эл аянд урлаг, соёлын эрхмүүд ч нэгдэж, хөдөө орон нутаг руу зорчиж буй жолооч нарт чухал уриалгыг хүргэж ажилладаг уламжлал ч хэдийн тогтжээ. Энэ жилийн арга хэмжээнд найруулагч Д.Галбаяр түүний гэргий жүжигчин Т.Хулан, “Dance chance” О.Эрдэнэ-Очир, Б.Халиун, жүжигчин Баясгалан болон хүүхэд багачуудын мэдэхээр “Мөнх тунх”-ын хүүхэлдэйн баатрууд хүрэлцэн ирсэн байлаа.

Олны танил эрхмүүд уриалгыг хүргээд зогсохгүй зам тээврийн осол тэр дундаа бага насны хүүхэл эрсдэх үндсэн шалтгаануудын нэг болох зориулалтын суудал, аюулгүйн бүс зэргийг бодолцож, орон нутаг руу зорчиж буй гэр бүлийн жолооч нарт хүүхдийн зориулалтын суудлыг бэлэглэсэн юм.

Ирээдүйгээ хамгаалахаар нэгдсэн олны танил эрхмүүдээс тус арга хэмжээний нөлөөлөл, ач холбогдлын талаар сэтгэгдлийг нь хуваалцлаа.

Найруулагч Д.Галбаярын гэр бүл: Үнэ цэнэтэй хүмүүсээ хажуудаа суулгачихаад жолоо атгаж байгаа нь маш том хариуцлага

-Найруулагч Д.Галбаяр “Урин дулааны улиралд бүгд л хөдөө орон нутаг руу аялаж зугаалдаг. Энэ үед жолооч нар тэр тусмаа эрчүүд маань давхих гээд байдаг тал ажиглагддаг. Би ч ялгаагүй энэ байдлаар загнуулдаг хүн. Бид юу руу яараад байгаагаа мэддэггүй. Бид амьдралынхаа хамгийн үнэ цэнэтэй хүмүүсээ хажуудаа суулгачихаад зорчиж байгаа нь өөрөө маш том хариуцлага. Тиймээс манай гэр бүл өнөөдрийн арга хэмжээнд оролцож байна. Зам тээврийн осолд хүүхэд өртөхөөс гадна эцэг, эх өөрөө гэмтэж бэртэх эрсдэлтэй. Энэ нь эргээд үр хүүхдийнхээ ирээдүйг эрсдэлд оруулж байгаа асуудал шүү дээ

-Жүжигчин Т.Хулан “Жил бүр хийж буй нөлөөллийн аянууд нь маш үр дүнтэй санагддаг. Ер нь хурдан очих бус эсэн мэнд, аюулгүй зорьсон газраа хүрэх нь чухал шүү дээ. Сүүлийн үед сэтгэл сэртхийлгэм мэдээнүүд сонсогдох болсон. Тэр дундаа ухрах хөдөлгөөн хийх үедээ бага насны хүүхдийг дайрч, амь насыг нь хохироосон тохиолдол. Эцэг, эхчүүд тээврийн хэрэгслээ асааж, хөдөлгөхдөө машины ойр орчимд хүүхэд байгаа эсэхийг сайн шалгаж, хөдөлгөөнд болгоомжтой оролцож байгаарай гэж хэлмээр байна. Энэ бол бусдын үр хүүхдийн хамгаалахаас гадна өөрийн хүүхдээ, ирээдүйгээ хамгаалж буй соёл юм”

Бүжигчин О.Эрдэнэ-Очирын гэр бүл: Ирээдүй болсон үр хүүхдүүдийнхээ төлөө ХАРИУЦЛАГАТАЙ ЖОЛООЧ байгаарай

-“Royal dance” бүжгийн клубийн ерөнхий дасгалжуулагч О.Эрдэнэ-Очир “Нөлөөллийн аянууд дундаас Цагдаагийн Ерөнхий газраас зохион байгуулдаг аянууд иргэд, жолооч нарт хамгийн их хүрч чаддаг гэж боддог. Нөлөөллийн аяныг тултал хийж чаддаг гэж дүгнэдэг. Энэ жилийн “Ирээдүйгээ хамгаалья” аянд нэгдэж байгаадаа баяртай байна. Олон хүний амь насыг зам тээврийн ослоос хамгаалсан аян байгаасай гэж хүсэж байгаа. Бага насны хүүхдийг заавал зориулалтын суудалд суулгах чухал. Сая зогсоосон тээврийн хэрэгслүүд дунд хүүхдээ зориулалтын суудалд суулган тээвэрлэж байгаа тохиолдол ховор байлаа. Энэ бүрт нь сануулга, анхааруулгыг өгч, уриалгыг хүргэлээ”

-“Ододтой бүжиглэе” шоуны ялагч, бүжигчин Б.Халиун “Хамгийн их хариуцлага тээж яваа хүмүүс бол жолооч нар. 100 хувь үүрэг хүлээж явж буй жолооч нар маань хөдөлгөөнд анхаарал болгоомжтой оролцож, хариуцлагатай байгаасай гэж хүсэж байна. Бүх зорчигчдынхоо аюулгүй байдлыг хангах маш чухал. Аюулгүйн бүсээ тогтмол зүүж, гэрлээ шилжүүлж, хурдаа тохируулж зорчихыг уриалмаар байна. Бидний хамгаалах, хайрлах ёстой хүмүүс бол үр хүүхдүүд. Иймээс ирээдүй болсон хүүхдүүдийнхээ төлөө хариуцлагатай жолооч байгаарай” гэлээ.

“Приус маркийн автомашин 100-120 км цагийн хурдтай хөдөлгөөнд оролцоход зам тээврийн осолд өртөх эрсдэл нэмэгддэг”

Энэ үеэр бид ЦЕГ-ын урьдчилан сэргийлэх хэлтсийн дарга, цагдаагийн хурандаа Б.Баттулгаас аяны үр дүн, ач холбогдол зэргийн талаар тодрууллаа.

Тэрбээр “Зам тээврийн ослоос урьдчилан сэргийлэх нөлөөллийн аян маань гурав дахь жилдээ өргөн хүрээтэй зохион байгуулагдаж байна. Өмнөх жилүүдийн аяны үр дүн эерэг байгаа нь судалгаанаас илт байгаа. Бид аян, арга хэмжээний явцын үр дүнг тооцож үзэхэд бүртгэгдсэн зам тээврийн осол 13 хувиар буурсан үзүүлэлттэй байна. Мөн авто ослын улмаас гэмтсэн хүний тоо 37, нас барсан тохиолдлын тоо 45 хувиар буурсан эерэг мэдээлэл бидэнд бий. Баяр наадмын ес хоногийн амралтын хоногуудад зам тээврийн ослын улмаас 17 хүн амь насаа алдсан. Цагдаагийн байгууллагаас тогтмол хөдөлгөөнд оролцож буй жолооч нарт сэрэмжлүүлэг, анхааруулга өгч ажиллаж байгаа хэдий ч хөдөө орон нутгийн замд зам тээврийн осол бүртгэгдсэн хэвээр байна” гэв.

Түүнчлэн зам тээврийн осол гарах үндсэн шалтгаан нөхцлийн талаар тэрбээр “Зам тээврийн осол гарах нийтлэг хэдэн шалтгаан нөхцөл байна. Хөдөлгөөнд оролцохдоо хурд хэтрүүлэх, согтууруулах ундаа хэрэглэсэн үедээ жолоо барих мөн орон нутгийн замд гүйцэж түрүүлэхдээ зай хэмжээгээ тооцоогүйгээс шалтгаалан осол гарах шалтгаан үүсч байна. Ес хоногийн амралтын өдрүүдэд зам тээврийн осолд холбогдсон тээврийн хэрэгслийн 40 хувь нь приус маркийн автомашин байгаа юм. “Приус” маркийн автомашин эзэмшигч жолооч нар маань хурд их хэтрүүлж байна. “Приус” маркийн автомашин 100-120 километр цагийн хурдтай зам тээврийн осолд өртөх эрсдэл нэмэгддэг. Тиймээс жолоо атган яваа жолооч та ирээдүй болсон бяцхан үрсийнхээ төлөө хурдыг тохируулж, аюулгүйн бүсээ тогтмол зүүх хэрэгтэй.

Суудлын бүс болзошгүй эрсдлээс 70-80 хувь сэргийлдэг. Бид байнгын амны хаалтыг зүүгээд сурчихлаа шүү дээ. Үүнтэй адилаар суудлын бүсээ тогтмол зүүж хэвших хэрэгтэй байна” гэдгийг хэллээ.

Наадмын ес хоногт л гэхэд дөрвөн бяцхан иргэнээ зам тээврийн ослын улмаас алдсан харамсалтай мэдээлэл байна. Хайрлах ёстой үр хүүхдээ хоромхон зуурын хэнэггүй, хариуцлагагүй үйлдлээс болж бүү хохироогоорой, жолооч нар аа.

"Ирээдүйгээ хамгаалъя" аяны нөлөөллийн арга хэмжээний үеэр бэлдсэн фото сурвалжилгыг та бүхэндээ хүргэж байна.

Хариуцлагатай жолооч байж ИРЭЭДҮЙГЭЭ ХАМГААЛЪЯ
Хариуцлагатай жолооч байж ИРЭЭДҮЙГЭЭ ХАМГААЛЪЯ
Хариуцлагатай жолооч байж ИРЭЭДҮЙГЭЭ ХАМГААЛЪЯ
Хариуцлагатай жолооч байж ИРЭЭДҮЙГЭЭ ХАМГААЛЪЯ
Хариуцлагатай жолооч байж ИРЭЭДҮЙГЭЭ ХАМГААЛЪЯ
Хариуцлагатай жолооч байж ИРЭЭДҮЙГЭЭ ХАМГААЛЪЯ
Хариуцлагатай жолооч байж ИРЭЭДҮЙГЭЭ ХАМГААЛЪЯ
Хариуцлагатай жолооч байж ИРЭЭДҮЙГЭЭ ХАМГААЛЪЯ

Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ Японы ХӨСҮТ-ийн удирдлагуудтай уулзжээ
Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ Японы ХӨСҮТ-ийн удирдлагуудтай уулзжээ
 
Маргааш нийслэлд 5 хэм дулаан, үүлэрхэг
Маргааш нийслэлд 5 хэм дулаан, үүлэрхэг
Энэ мэдээ хуучирсан буюу 2021/07/26-нд нийтлэгдсэн мэдээ болно.