Энэ мэдээ хуучирсан буюу 2021/07/25-нд нийтлэгдсэн мэдээ болно.

ТОЙМ: Хүрэл медалиас “мултарч“ шагналт байртай үлдсэн олимпын хоёр дахь өдөр

Ангилал
Спорт Токио-2020
Огноо
Унших
7 минут 10 секунд

“Токио-2020” олимпын наадмын хоёр дахь өдрийн уралдаан, тэмцээнүүд зохион байгуулагдаж өндөрлөлөө. Өнөөдөр /2021.07.25/ манай улсын баг тамирчид эмэгтэй 3х3 сагсан бөмбөгийн эмэгтэй, жүдо, хийн гар буу, бокс зэрэг төрлүүдэд хурд хүч, авхаалж самбаагаа сорьлоо.

Ингээд өнөөдөр болж өнгөрсөн Монголын баг тамирчдын тэмцээний талаарх тоймыг та бүхэндээ хүргэж байна.

3x3 сагсан бөмбөгийн эмэгтэй шигшээ баг дөрөв дараалж хожигдлоо

Монгол Улс багийн спортын түүхэнд олимпийн наадамд анх удаа оролцохоор болж, Япон улсыг зорьсон билээ. Монголын 3х3 сагсан бөмбөгийн эмэгтэй шигшээ багийн охид өнөөдөр хоёр дахь өдрөө тэмцээнээ үргэлжлүүлж, гал гарсан тоглолтоор үзэгч олныг баясгалаа. Өнөөдөр тэд эзэн орон болох Япон улсаас гадна ОХУ-ын шигшээ багтай тоглосон ч дөрөв дараалсан хожлыг амслаа. Ингэхдээ гурав дахь тоглолтоо Японы багийн эсрэг хийж 19:10 харьцаатайгаар хожигдсон бол ОХУ-ын багт 21:05 харьцаагаар ялагдал хүлээсэн юм. Хэдий тэд дөрөв дараалсан хожигдлыг амссан боловч олимпт сагсан бөмбөгийн төрлөөр оролцоно гэдэг өөрөө маш том амжилт болохыг онцолж, эмэгтэй шигшээ багаа иргэд сайшааж байна. Учир нь олимпын энэ төрөлд дэлхийн шилдэг найман баг оролцож байгаагийн нэг нь манай эмэгтэй баг юм. Гэхдээ эмэгтэй сагсан бөмбөгийн төрлийн найдвар одоо ч тасраагүй. Маргааш тэд Румин болон Франц улсын шигшээ багтай тоглох юм.

Шигшээ багийн дасгалжуулагч С.Тулга үзэгч, дэмжигчддээ хандаж олимпын наадамд оролцож буй баг тамирчдаа хэнд ч ямар өр байхгүй, сайхан сэтгэлтэй хүмүүсийн сэтгэл зүрхээр зүтгэж яваа гэх байр суурийг цахим хуудсаараа дамжуулан илэрхийлсэн. Дөрөв дараалсан хожигдлыг амссан ч тэд эх орныхоо нэрийг гаргахын төлөө эцсээ хүртэл зүтгэхээр суугаа гэдгийг бид мартах учиргүй билээ. Монголчууд эмэгтэй баг тамирчдынхаа маргаашийн тоглолтыг харах л үлдлээ.

Буудлагын залуу тамирчин Ц.Анударь финалд шалгарахад ГАНЦ ОНОО ДУТАВ

Олимпын наадмын буудлагын спортын төрөлд хийн гар бууны 10 метрийн урьдчилсан шатны тэмцээнд манай улсын хоёр эмэгтэй тамирчин онч мэргэнээ сорьсон. Анх удаа олимпт оролцож буй залуу тамирчин Ц.Анударь финалд шалгарахад ганцхан оноогоор дутаж, есдүгээр байрт шалгарсан. Гэвч түүний олимпын аялал энд хүрээд дуусаагүй. Түүний хувьд холимог багийн төрөлд дахин өрсөлдөх юм.

Сүүлийн 2-3 сумаа буудахдаа алдсан хэмээн бодож байгаа талаараа тэрбээр тэмцээний дараа хэлсэн. Хэдийгээр олимпт анх удаа оролцож туршлага дутсан гэх боловч түүний хувьд дэлхийн олон удаагийн буудлагын шилдгүүдтэй энэ тэнцүү өрсөлдөж, өөрийн хэр чансаатай тамирчин бэ гэдгээ харуулсан хэмээн хэлж болно.

Харин долоо дахь олимпдоо онч сорьж буй О.Гүндэгмаа энэ дасгалд 568 оноогоор 30-р байрт жагслаа. Түүний хувьд энэ сарын 30-ны ирэх Баасан гарагт өөрийн үндсэн дасгал болох спорт гар бууны 25 метрийн төрөлд онч сорих юм.

Л.Сосорбарам эхний тойрогт цэвэр ялсан ч дараагийн барилдаанд ялагдал хүлээв

“Токио-2020” олимпын наадмын хоёр дахь өдөр жүдо бөхийн эмэгтэйчүүдийн 52 кг-ын жинд барилдсан Л.Сосорбарам эхний тойргийн барилдаандаа Узбекистаны тамирчин Д.Келдиороваг өчих мэхээр цэвэр ялж, гараагаа сайхан эхлүүлсэн. Гэвч тэрбээр Швейцар улсын жүдоч Ф.Кохертой шилдэг наймд үлдэхийн төлөө барилдсан хэдий ч ялагдал хүлээлээ. Ингэснээр манай жүдоч Л.Сосорбарам энэ удаагийн олимпын наадмаа өндөрлүүлсэн юм.

Ё.Басхүү медалийн төлөөх өрсөлдөөнөөс “мултарч”, шагналт байранд шалгарав

Өнөөдрийн байдлаар Монгол улсын баг тамирчидаас гурван жүдоч барилдаанаа хийсэн байгаа юм. Ингэхдээ өчигдөр Хөдөлмөрийн баатар М.Уранцэцэг Токиогийн олимпын анхны медалийг жүдо бөхийн төрлөөр авч чадсан. Иймдээ ч ард түмэн дараагийн медалийг жүдочдоос авах байх гэсэн хүлээлттэйгээр өнөөдрийг эхлүүлсэн. Гэсэн хэдий ч жүдо бөхийн 52 кг жинд Л.Сосорбарам ялагдал хүлээж тэмцээнээ өндөрлүүлсэн. Гэхдээ эрэгтэйчүүдийн 66 кг-ын жинд барилдаж буй дэлхийн аваргын хүрэл медальт Ё.Басхүүд найдвар үлдсэн. Гэвч түүний хувьд эхний хэсэгтээ ялалт байгуулж, дараагийн хэсэгт ялагдсан ч дагах барилдаан хийх эрхтэй болсон юм.

Тэрбээр 2021 оны дэлхийн аваргын мөнгөн медальт Италийн залуу од Мануэль Ломбардотой барилдаж хөлөнд хүрсэн гэх дүрмийн дагуу харамсалтай ялагдал хүлээлээ. Тоглолтын явцад барьц булаалдан, даацтай мэх хийхгүй байсаар нэмэлт цагт орсон. Шүүгч манай бөхийг хоёр торгосноор идэвхтэй, урагш явж барилдахгүй бол болохгүй болсон юм. Голден скорт ороод хоёр минут өнгөрч байхад Ё.Басхүү давуулж үүрч, дагаж эргээд вазари авсан. Гэвч Ё.Басхүүг хөлд хүрсэн гэж үзэн, Ломбардо яллаа.

Ингэснээр манай жүдоч Ёндонпэрэнлэйн Басхүү анхныхаа олимпын наадамд оролцож шагналт байранд шалгарч байна. Ийнхүү манай жүдочдын өнөөдрийн барилдаан дууслаа.

Боксын төрөлд Б.Чинзopиг тэмцээнээ дуусгалаа

Өнөөдрийн Монголын багийн хамгийн сүүлийн тоглолтыг олимпын боксын төрөлд Армийн дэлхийн аварга, Aзийн AШT-ий алт, мөнгө, хүрэл, Aзийн наадмын мөнгөн медальт Баатарсүхийн Чинзopиг ДAШT-ий мeдaльт Э.Aбдураймoвтaй хийж, ялагдал хүлээлээ. Ингэснээр Б.Чинзориг олимпын наадмын тэмцээнээ өндөрлүүллээ.

Ийнхүү Монголын баг тамирчдын өнөөдрийн тэмцээн өндөрлөлөө.

Маргааш Монголын баг тамирчид 3х3 сагсан бөмбөг, жудо төрлүүдэд хүч сорино. Тодруулбал, Монголын сагсан бөмбөгийн шигшээ баг Румын болон Франц улсын тамирчидтай тоглоно. Харин жүдо бөхийн эмэгтэй 57 кг жинд ДАШТ-ий алт, мөнгө, хүрэл медальт, Олимпын мөнгөн медальт Хөдөлмөрийн баатар Д.Сумъяа, эрэгтэй 73 кг жинд ОУХМ Ц.Цогтбаатар нар барилдана.

ТОКИО-2020: Ё.Басхүү ялагдаж, олимпын наадмын шагналт байранд орлоо
ТОКИО-2020: Ё.Басхүү ялагдаж, олимпын наадмын шагналт байранд орлоо
 
2030 он гэхэд зам тээврийн ослоор хохирогчдын тоог хоёр дахин бууруулах зорилт дэвшүүллээ
2030 он гэхэд зам тээврийн ослоор хохирогчдын тоог хоёр дахин бууруулах зорилт дэвшүүллээ
Энэ мэдээ хуучирсан буюу 2021/07/25-нд нийтлэгдсэн мэдээ болно.