Энэ мэдээ хуучирсан буюу 2021/07/26-нд нийтлэгдсэн мэдээ болно.

Монголын дөрөвдэх, анхны ахлагч РЕЙНЖЕР Т.Мөнгөншагай: Хэцүү бэрхшээл бүрийг би Монгол цэрэг гэсэн бодлоор давсан

Ангилал
Ярилцлага
Огноо
Унших
9 минут 39 секунд

Цахим орчинд АНУ-д Рейнжерийн сургуулийг амжилттай дүүргэсэн ахлах ахлагч Т.Мөнгөншагайн талаарх мэдээлэл түгээгдсэнээс хойш олон иргэд энэ талаарх дэлгэрэнгүй мэдээллийг авахыг хүсэж байна. Тэрбээр манай улсаас энэхүү сургуулийг амжилттай төгссөн анхны ахлагч бөгөөд түүнээс өмнө өнөөгийн дэслэгч генерал Д.Ганзориг, хошууч генерал Л.Гансэлэм, хурандаа С.Түвшинбаяр нар уг сургуулийн бүхий л шалгуурыг амжилттай давж, өдгөө “Рейнжер” хэмээх эрхэм хүндэтгэлээр нь бахархаж яваа юм.

Ингээд Монгол Улсын Зэвсэгт хүчний дөрөвдэх, ахлагчийн хувьд, анхны хэмээх тодотголтой ахлах ахлагч Т.Мөнгөншагайтай цахимаар холбогдсон ярилцлагыг хүргэж байна.

-Танд Зэвсэгт хүчнийхээ бие бүрэлдэхүүний өмнөөс баяр хүргэе. Юуны өмнө өөрийгөө танилцуулна уу?

-Би бээр Дорноговь аймагт, офицеруудын “хээрийн академи” хэмээгддэг Зүүнбаянд төрсөн. Үндэсний Батлан Хамгаалахын Их Сургуулийн Ахлагчийн сургуулийг 2010 онд төгсөөд Зэвсэгт хүчний 330 дугаар ангид мэргэн буудагчаар ажилласан. Өдгөө Зэвсэгт хүчний 311 дүгээр ангид ахлах пулемётчины албан тушаалд 2017 оноос томилогдон ажиллаж байна.

-Өнөөдөр Зэвсэгт хүчний байнгын бүрэлдэхүүн энхийг дэмжих ажиллагаанд оролцох нь нэр төрийн хэрэг болсон хэмээн дүгнэж болно. Таны хувьд энхийг дэмжих ажиллагаанд оролцсон туршлагын хувьд?

-Бүгд Найрамдах Өмнөд Судан Улсад явагдаж буй НҮБ-ын мандаттай энхийг сахиулах ажиллагаанд мотобуудлагын баталионы нэгдүгээр ээлж, Исламын Бүгд Найрамдах Афганистан Улсад явагдсан “Тогтвортой эрх чөлөө” ажиллагаанд цэргийн багийн есдүгээр ээлж, “Шийдвэртэй дэмжлэг” ажиллагаанд гуравдугаар ээлжийн цэргийн багийн бүрэлдэхүүнд тус тус үүрэг гүйцэтгэсэн бөгөөд ажиллагааны ихээхэн туршлага хуримтлуулж чадсанаараа ихэд бахархдаг.

-Гадаад хэлний боловсролын түвшин, англи хэлийг хэрхэн сурч эзэмшсэн бэ? Үүнд нөлөөлсөн гол хүчин зүйл?

-Гадаад улсад томилогдон үүрэг гүйцэтгэх хугацаанд цэргийн алба хаагч бүхэн гадаад хэлний боловсролтой, нэн ялангуяа англи хэлийг эзэмшсэн байх нь чухал юм байна гэдгийг сайтар мэдэрснээр бие дааж англи хэлийг сурч эхэлсэн. Улмаар Зэвсэгт хүчний Жанжин штабын Гадаад хэлний сургалтын төвийн англи хэлний дамжаанд суралцаж, амжилттай төгссөн.

-Мэргэжил дээшлүүлсэн сургалт, дамжааны тухайд юуг илүүтэй онцлох вэ?

-Зэвсэгт хүчнээс зохион байгуулсан “Энхийн хавар” сургалтад хамрагдаж, жижиг бүлгийн тактикийн ажиллагаа, ууланд үүрэг гүйцэтгэх үеийн ажиллагаа, ус гатлах үеийн ажиллагааны чиглэлээр суралцсан. Мөн “Хааны эрэлд” олон улсын энхийг дэмжих ажиллагааны сургалт, дадлагад оролцож байлаа. Харин АНУ-д жижиг бүлгийн ажиллагааны сургалтад хамрагдсан бөгөөд энэ удаа АНУ-ын Жоржиа муж дахь Форт Беннинг цэргийн баазад армийн Рейнжерийн сургуульд суралцаж, амжилттай төгсөөд байна.

-Рейнжерийн сургуульд суралцсан тухайд юуг онцлох вэ?

-АНУ-ын Жоржиа муж дахь “Форт Беннинг” цэргийн бааз дахь Рейнжерийн сургууль нь 1950 онд байгуулагдсан. Сургуулийн өмнө 14 хоногийн бэлтгэл сургалт явагддаг. Үндсэн сургалт нь нийт 61 хоногийн хугацаанд үргэлжлэн жижиг бүлэг, уул болон ус, намгийн ажиллагаа гэсэн үндсэн гурван үе шаттайгаар явагддаг. Энэ хугацаанд суралцагсад нь бие бялдрын болон сэтгэл зүйн өндөр бэлтгэл, асар их тэсвэртэйгээр тасаг, салааг удирдан зохион байгуулах чадварыг цаг агаар, цагийн байдлын ямар ч нөхцөлд олж авдгаараа онцлогтой юм. Уг сургуулийг нийт суралцагчдын 45 хүрэхгүй хувь нь төгсдөг гэсэн статистик бий.

-Сургалтын явцад тохиолдсон бэрхшээл, сургамж юу байсан бэ?

-Сургалтын зарим өдрүүдэд цэргийн алба хаагч нь хоногт нэг удаагийн бэлэн хоолтой, нэг цагийн нойртойгоор ажиллах нь бие бялдрын хувьд ихээхэн хүндрэлтэй байсан ч тэдгээрийг тэсвэрлэх чадварыг эзэмшүүлж, сэтгэл зүйн өндөр хатуужлыг олгодог.

-Мэдээж, маш олон сорилтыг туулсан байж таарна. Таны амжилтад гол нөлөө үзүүлсэн хүчин зүйлийн тухайд?

-Ажиллагааны үе шат бүрийн онцлогоос шалтгаалан янз бүрийн хүндрэл, бэрхшээлүүд тулгарч байсан. Энэ бүхэнд надад ганцхан бодол орж ирдэг байсан. Тэр нь би бол монгол цэрэг, бид олон мянган жилийн түүхийн хугацаанд ямар ч саад бэрхшээлийг даван туулсаар ирсэн ард түмэн хэмээх бодол байнга уяатай байлаа.

-Таны өмнө манай улсаас 3 рейнжер тодорсон. Тэдний тухайд таны сэтгэгдлийг сонсохыг хүсэж байна.

-Монгол Улсын Зэвсэгт хүчний бие бүрэлдэхүүн төдийгүй, манай ард түмэн анхны 3 рейнжерээр ихээхэн бахархдаг нь мэдрэгддэг юм. Өнөөгийн ЗХЖШ-ын дарга, дэслэгч генерал Д.Ганзориг болон хошууч генерал Л.Гансэлэм, хурандаа С.Түвшинбаяр нар нь хэн бүхний хүндлэлийг хүлээсэн эрхэм хүндтэй “Рейнжер”-үүд гэж ихэд дээдэлдэг, бас тэдний үлгэр дуурайллаас суралцахыг хичээдэг байлаа. Энэ нь тус сургуулийг амжилттай төгсөхөд ихээхэн нөлөөлж, урам зориг болсон.

-Рейнжер гэх энэ хүндэтгэлийн цаана асар өндөр хариуцлага бий байх?

-Миний бие АНУ-ын Рейнжерийн сургуулийг төгссөнөөр цэргийн алба хаагч бүхэн цэргийн хэргийн өндөр ур чадвартай, бие бялдрын болон сэтгэл зүйн өндөр бэлтгэлтэй байж, тавигдсан үүргийг мадаггүй биелүүлдэг байх ёстой гэдгийг сайтар ухамсарласан. Иймээс өөрийн олж авсан дадлага, туршлагаа бусад мөрдэс нэгт алба хаагчидтайгаа байнга хуваалцаж, цэргийн шинэчлэлд бодит хувь нэмрээ оруулах нь миний үүрэг бас хариуцлага хэмээн ойлгож байна.

-Таны бахархал юу билээ?

-Би Монгол хүн болж төрснөөрөө, тэр дундаа цэргийн алба хаагч болсон нь миний бахархал юм.

-Одоо үргэлжлүүлэн суралцаж байгаа гэсэн. Энэ талаар тодруулахыг хүсэж байна.

-Одоогоор миний бие АНУ-ын Жоржиа муж дахь Форт Беннинг цэргийн баазад армийн Шүхрийн сургуульд суралцаж байна.

-Монгол цэрэг өнөөдөр дэлхийн цэрэг болсон гэх брэнд ойлголт бий болсон. Энэ талаарх таны сэтгэгдлийг сонсохыг хүсэж байна.

-Зэвсэгт хүчний гадаад харилцаа өргөжихийн хэрээр манай бие бүрэлдэхүүн гадаадын улс орнуудын цэргийн сургууль, дамжаанд суралцах төдийгүй дэлхийн халуун цэгүүдэд энхийг дэмжих ажиллагаанд үүргээ амжилттай гүйцэтгэж байгаа нь Монгол цэрэг-Дэлхийн цэрэг болсны нэг тод илрэл гэж би ойлгодог.

-Сүүлийн асуултыг танд үлдээе.

-Миний хувьд маш өндөр шаардлага, шалгуур тавигдаж, олон сорилтыг өөрийн эр зориг, тэсвэр хатуужлаар давж төгсдөг энэхүү нэр хүндтэй Рейнжерийн сургуулийг амжилттай дүүргэж чадсандаа туйлын их баяртай байна. Энэ мөчид миний хичээл зүтгэл, амжилтыг ямагт өндрөөр үнэлж ирсэн Зэвсэгт хүчний болон ангийн удирдлага, хамт олондоо мөн эхнэртээ маш их баярлалаа гэдгээ уламжлахыг хүсэж байна.

-Ярилцсанд баярлалаа.

Энд тодруулахад, бид рейнжерийг тусгай бэлтгэгдсэн цэргийн алба хаагч хэмээн ойлгож болох бөгөөд тэд 61 хоногийн сургалтыг гурван үед хуваагаад АНУ-ын Флорида мужид жунгли буюу ширэнгэн ойн мөн уулын, жижиг бүлгийн гэсэн гурван шатны сургуулилтад хамрагддаг. Сургалтын хамгийн гол онцлог нь олон тооны эрчүүдийг сонгож аваад хасах журмыг мөрдөж, аливаа хүнд байгалиас тогтоосон хэм хэмжээг нь хэтрүүлсэн хөтөлбөрөөр уг сургалтыг өндөр ачаалалтайгаар явуулдаг ажээ. Тухайлбал, бид ердийн нөхцөлд өдөрт 6-8 цаг унтдаг бол рейнжер болохын тулд 61 хоногийн хугацаанд хоногт ердөө 2,5 цаг, ингэхдээ 30, 30 минутын зайтай унтдаг. Хоол идэхэд өдөрт хүний идэх ёстой хүнсний 3/1-ийг нь хасдаг буюу өдөрт ганцхан хоол иднэ. Дээр нь асар их ачаалалтайгаар өгсөн үүргийг биелүүлэх зэрэг олон сорилт, шалгуурыг давдаг. Тэд байнгын 25-30 килограмм ачаатай явах ба өдөр бүр 15-20 километрийн маршийг үйлддэг. Энд хамгийн хүнд бэрхшээл нь өлсгөлөн, нойргүйдэл, дээр нь өгөгдсөн даалгаврыг биелүүлэхийн тулд асар их тэсвэр хатуужлыг шаарддагийг өмнөх рейнжерүүдийн ярианаас сайтар ойлгож билээ.

ВИДЕО: Ц.Цогтбаатар цэвэр ялж, хэсгийн аваргын төлөө барилдахаар боллоо
ВИДЕО: Ц.Цогтбаатар цэвэр ялж, хэсгийн аваргын төлөө барилдахаар боллоо
 
12 настай охиныг хөнөөсөн Г.Гантулгат холбогдох шүүх хурал өнөөдөр болно
12 настай охиныг хөнөөсөн Г.Гантулгат холбогдох шүүх хурал өнөөдөр болно
Энэ мэдээ хуучирсан буюу 2021/07/26-нд нийтлэгдсэн мэдээ болно.