Энэ мэдээ хуучирсан буюу 2021/07/28-нд нийтлэгдсэн мэдээ болно.

ХӨНДӨХ СЭДЭВ: АМЬ “өрсөж“ буй Баянзүрхийн товчооныхонд явган хүний ГАРЦ хэрэгтэй байна, хотын дарга аа

Ангилал
Нийгэм Сурвалжлага
Огноо
Унших
7 минут 8 секунд

Хаа газрыг зорьсон автомашинууд хурдтай өнгөрч нүд эрээлжлүүлсэн энэ зам бол Баянзүрх дүүргийн арваннэгдүгээр хороо, хуучин Баянзүрх зах, Шунхлай клонк орчмын зам юм. Голдоо 80 см гаран өндөртэй авто замын хашлага босгож дээр нь нэг метр ногоон төмөр зоосон энэ замыг засаж, засварлаж байгаа гэх. Үүгээр өнгөрч буй машинууд дор хаяж 70-80 км цагийн хурдтай ёстой л нөгөө хурдны замаар салхи татуулан давхиж буй мэт "сүнгэнэлдэн" өнгөрч байлаа. Шунхлай колонкийн яг урдхан талд автобусны буудал байх бөгөөд автобуснаас буусан иргэд замын нөгөө талд гарахын тулд нөгөө хурдтай давхиж буй машинуудыг өнгөрөөхийг нь өнгөрөөж, урдуур нь ам мөлтөс гүйж хашлагыг давсаар "амь мэнд" зам гарч буй дүр зургийг та харж болно.

Тухайн хэсэгт явган зорчигчдод зориулсан гарц тэмдэглэгээ огт байхгүй байлаа. Улаанбаатарт автобусны буудал болгоны ойролцоо гарц, цагаан зураас байдаг. Гэтэл энэ хэсэгт гарц байгаа ганц цагаан цэг ч алга байгааг харж болно. Монгол Улсад жилд зам тээврийн ослоор олон зуун хүн амь насаа алдаж байгаа аймшигтай тоо бидний сэтгэл зүрхэнд гуниг харууслын сүүдрийг буулгадаг. Ард иргэд бид эрүүл аюулгүй амьдрах эрхтэй байдаг. Харин энэ дүр зургийг харвал айдас төрж байлаа. Автобуснаас буугаад хэрвээ гарцаар гарна гэвэл нэг километр орчим ирж очихын хоёр км тойрч алхах болно гэдгийг тус газрын оршин суугчид хэлсэн юм. Тэгвэл тус газрын оршин суугчдад ямар асуудал тулгамдаад байгаа талаар тодрууллаа.

БЗД-ийн 11 хорооны иргэн Б.Хадбаатар “Замын засвар хийгдэж байгаа юм гэсэн. Гарц гаргалгаануудаа эртхэн хийгээд өгчихгүй нь л хэцүү байна. Яах вэ сүүлд нь нэгдсэн шугамаар хийж өгөх юм гэсэн. Одоогийн байдлаар энэ юмнуудыг нь даваад л цаад талд нь гарч байна. Өндрийн харайлтын тэмцээнд орж байгаа юм шиг болж байна” гэв.

Арваннэгдүгээр хорооны иргэн, “Гарц байхгүй байгаа нь бидний амь насанд аюул учирч байна гэж харж байна. Хүүхдүүд чинь энүүгээр гүйлдээд л гарч байгаа харагддаг. Эрх биш хүүхдийн сургууль цэцэрлэг эхэлхээс өмнө энэ зам засварууд нь дуусаасай даа. Ер нь бол их л асуудалтай байна даа. Би одоо зам гарахын тулд хүүхдээ өргөөд энэ хашлагануудыг давдаг шүү дээ”

Автобуснаас буусан болоод дэлгүүр хоршоо орж яваа хоёр гурван ч иргэнтэй уулзаж нөхцөл байдлыг асуусны дараа бид тус атобусны буудлын ойролцоо байх ТҮЦ ний худалдаа эрхлэгчтэй уулзсан юм.

Иргэн Б.Оюунчимэг, “Харж байхад хүмүүс даваад л гардаг, хүмүүс яаана аа энд чинь гарц байгаа юм уу? хаагуур гарц байгаа юм гэж дандаа асуудаг. Энэ ойр хавийн айлын хүмүүс автобуснаас буучихаад гарцгүй шууд гардаг. Автобусны буудал болгонд уул нь гарц байдаг шүү дээ. Бид нар ч гэсэн Налайхаас ирээд цаад талдаа зогссон автобуснаас буугаад хэцүү л байдаг. Дээр нь машинууд ширүүн явдаг болохоор хүндрэлтэй, хурдны зам болохоор тэр л дээ. Хурдтай явж байгаа машинууд осол аваар гаргаж байсан ч тохиолдол байгаа. Замын зохицуулалт байхгүйгээс болж орлого ч гэсэн дагаад буурч байна” гэв.

Харин бид мэдээллийг тэнцвэртэй байлгах үүднээс тус замын ажлыг хариуцан ажиллаж байгаа н.Түмэндэмбэрэлээс асуудлыг тодруулахад, "Өмнө нь түр гэрэл дохиотой уулзвар байсан, батлагдсан зураг төслийн дагуу бол Гачууртын уулзвараас 20.9 км хүртэлх авто замыг өргөтгөл шинэтгэлийн ажилтай уялдуулаад хуучин хоёр эгнээ байсан зам, дөрвөн эгнээ болж долоон метрийн өргөнтэй зорчих хэсэг хоёр талдаа 18 метрийн өргөн буюу нийт дөрвөн эгнээ хэсэг болж шинэ болж байгаа юм. Зураг төслийн хүрэээнд хоёр талаараа туузан хаалттай, голоороо тусгаарлалттай, зураг төсөл нь тийм байгаа юм. 2019 онд эхэлсэн ажил юм. Үндсэн зураг төсөл дээр бол таван байршилд явган хүний гүүрэн гарц хийнэ гэсэн тэмдэглэгээтэй гэтэл эцсийн байдлаар зураг төсөл байхгүй, гүүрэн гарцны зураг төсөл байхгүй, тоо хэмжээ нь байхгүй. энэ ажил дээр гүйцэтгэх компани урьдчилсан үнийн санал гээд 550 мянган доллар тавьчихсан байдаг байхгүй юу. Тэр 550 мянган доллараар бол таван гүүрэн гарц хийх болмжгүй болсон. Нийслэлийн удирдлагууд ярилцаад нийтдээ долоон газар нэг түвшний гэрэл дохио байрлуулаад явган хүний гарц хийе гээд ярьсан. Явган хүн түүн дээгүүр тэгж харайж яваад байх шаардлагагүй" гэлээ.

Хэдий зам засварлаж байгаа ч гэсэн иргэдийн эрүүл, аюулгүй аж төрөх орчин нөхцлийг нь бүрдүүлж ажиллах хэрэгтэй. Хэн нэг айлын томоогүй хүүхэд, айлын сайн аав, энэрэлт ээж дэлгүүр орох, унаанд суухдаа түүгээр зам гарч яваад аюулд өртвөл яах вэ? Хэн хариуцлага хүлээх вэ? Ажлыг чанартай, бас түргэн шуурхай хийж гүйцэтгэх нь чухал. Гэвч иргэдийн амь нас эрүүл мэнд гэдэг юу юунаас илүү байх хэрэгтэй. Бид бүтээн байгуулалт, өөрчлөлт шинэчлэлтийн ажлыг буруутгасангүй. Харин Улсдаа татвар төлж байгаагийн хувьд зам гарч болох гарц, гарам, ганц цагаан шугам л нэхлээ. Энэ мэт хотын захын бүтээн байгуулалтын ажлууд ч гэсэн иргэдээ боддог байх шаардлагатайг үүгээр харж болно.

Сэтгүүлч: Х.Умаахан

Зурагчин: Г.Цэнд-Аюуш

Өмгөөлөгч Б.Баасанцогтыг яллагдагчаар тооцлоо
Өмгөөлөгч Б.Баасанцогтыг яллагдагчаар тооцлоо
 
Э.Бат-Үүл: Б.Булган өөрийгөө орчин цагийн Янжмаа болчихсон мэт дэмийрч байгаа бол эндүүрэл шүү
Э.Бат-Үүл: Б.Булган өөрийгөө орчин цагийн Янжмаа болчихсон мэт дэмийрч байгаа бол эндүүрэл шүү
Энэ мэдээ хуучирсан буюу 2021/07/28-нд нийтлэгдсэн мэдээ болно.