Энэ мэдээ хуучирсан буюу 2021/07/29-нд нийтлэгдсэн мэдээ болно.

Мөнгөөр үнэлэгдэхгүй хүмүүжлийг хүүхдэдээ “төсөвлөе“

Ангилал
Нийгэм
Огноо
Унших
4 минут 24 секунд

"Сайхан сэтгэлтэй хүүхэдтэй байх үнэхээр хэцүү юм. Дэндүү халамжтай, дэндүү уяхан зөөлөн хүү болохоор хүүхдүүд дээрэлхээд байх юм. Цэцэрлэгт орсон цагаасаа хойш дээрэлхүүлж байгаа. Өмдөө тайлаад уйлаад зогсож байхыг нь хараад айлын хүүхдийг анх удаа үзэн ядаж үзлээ" хэмээн нэгэн ээж өөрийн цахим хуудаснаа бичсэнийг хараад сэтгэл эмзэглэв. Техник дэвшлээс шалтгаалан бүх зүйл роботжиж байгаа энэ үед хүүхэд бүр ХҮН БАЙХ сэтгэлээ бүү алдаасай гэдгийг энд онцольё. Бидний хэлдгээр хамгийн гэгээлэг ч гэмээр өнөөгийн нийгэмд асуудал дагуулдаг, дагуулсаар ч ирсэн хөндөх сэдэв бол хүүхдийн хүмүүжил. Энэ асуудал эцэг, эхчүүдийн толгойг гашилгасан чухал сэдэв.

"Хүүхдээ сайн хүн болгох юмсан" гэхээсээ илүү "Хүүхдээ гадаад хэлтэй, мундаг боловсролтой хүн болгох юмсан" гэх бодолтой эцэг, эхчүүд цөөнгүй. Боловсролтой болохын хэрээр намба сууж, ухаан заадаг ч гэж хүмүүс хэлцдэг. Гэвч ямар ч нөхцөлд хүүхдийн бага насанд нь олж авсан суурь хүмүүжил хэзээ ч ул мөрөө гээдэггүй болохыг судлаачид хэлдэг.

Тэр тусмаа хэр мөнгөтэй, хэдэн гадаад хэлтэй, хаан суралцдагаас үл шалтгаалан хүүхдийн хүмүүжил, төлөвшилд хамгийн том нөлөөлөгч нь гэр бүлийн орчин. Үүнийг ямар ч том сэтгэл судлаач тайлбарлаад манайхан хүлээж авах нь цөөн. Эцэг, эхчүүд хүүхдийнхээ хүмүүжлийг номон дээр байгаа тоо, үсэг холилдсон хэдэн томъёоноос доогуур тавиад байна уу гэлтэй. Мэдээж эзэмшсэн мэдлэг боловсрол нь хэзээ ч хаягдахгүй. Гэхдээ хэчнээн эрдэм мэдлэгээрээ улсдаа толгой цохисон сурагч байгаад хүмүүжлийн хэлтэрхий байхгүй бол түүнийг ямар үнэ цэнэтэй байна вэ гэх вэ.

Тоглоомын талбайд хамт тоглож байсан охиныг олуулаа зодох жаахан хөвгүүд, зуслангийн найзуудынхаа хэн нэгнийгээ тоглоом шоглоом хийх, барьсан гар утас, өмссөн хувцсаар нь дүгнэж ялгаварлах тохиолдлууд өнөөдрийн нийгэмд ил ч далд ч оршсоор байна. Харин үүнийг монголчуудын онцлог гэх “бүдүүлэг” яриагаар халхлаад өнгөрөх нь ихсэв. “Хөвгүүд нэг нэгэнтэйгээ гар зөрүүлж, тоглоомоо булаацалдаж, шороо идэж өсдөг, юу тийм сүртэй юм” гэх яриагаар хүүхдээ зөвтгөх эцэг, эхчүүд бий. Энэ яриа зөв үйлдэл бус буруу үйлдлийг зөвтгөх хөнгөхөн аргуудын нэг болоод хувирчихаж хэмээн харах болов. Нэгэн эцэг, эхийн цахимд дэлгэсэн жишээ л энэ. Бага насны хүүхдүүд ч тоглоомоор ч, бодитоор ч нэг нэгнийхээ эрхэд халдаж буйгаа үл мэднэ. Харин үүнийг эцэг, эхчүүд ойлгуулж, зөвөөр тайлбарлах чухал.

Шинэ үеийн хүүхэд, залуусын суралцах чиг хандлага, мэдлэг боловсрол улам эх орондоо байтугай дэлхийд хүлээн зөвшөөрөгдөж хэмжээний болсонг амтай бүхэн шагшдаг. Тэр хэрээрээ аливаа зүйлийг хүлээж авах, ойлгох чадвар ч өндөр. Иймээс хүүхдийнхээ энэ чадвар дээр нь суурилж, аливаад хандах хандлага, бусдыг хүндлэх хайрлах зан чанарыг хамтад нь төлөвшүүлбэл бид тэдний ирээдүйг илүү бодитоор харахад дэм болох биз ээ.

Хүүхэд гэр бүлийн толь гэдэг. Та хүүхэддээ хэр сайхан нийгмийг үлдээхийг хүснэ төдий чинээгээр тэдний төлөө хийж буй үйлдэл бүрээ ЗӨВ байлгаарай. Хэлсэн үг, хийсэн үйлдэл, гаргасан хандлага бүрт хүүхдүүд суралцаж байдаг хойно. Хүүхдийн хөгжилд мөнгөө төсөвлөж, хүмүүжилд нь үйлдлээ төсөвлөөрэй эцэг, эхчүүд ээ.

ТОКИО 2020: Унгарын тамирчин дэлхийн рекорд эвдэж чадаагүйгээ шорттойгоо холбон тайлбарлалаа
ТОКИО 2020: Унгарын тамирчин дэлхийн рекорд эвдэж чадаагүйгээ шорттойгоо холбон тайлбарлалаа
 
Интерполын “Улаан булант” зараар эрэн сурвалжлагдаж байсан Б-г эх оронд нь авч ирлээ
Интерполын “Улаан булант” зараар эрэн сурвалжлагдаж байсан Б-г эх оронд нь авч ирлээ
Энэ мэдээ хуучирсан буюу 2021/07/29-нд нийтлэгдсэн мэдээ болно.