Энэ мэдээ хуучирсан буюу 2021/07/30-нд нийтлэгдсэн мэдээ болно.

Монгол Улсын “шилдэг яам“-ны сайд Х.Нямбаатар танаа

Ангилал
Улс төр  Хууль эрх зүй
Огноо
Унших
7 минут 42 секунд

Хөлчүү залуусыг төрийн цагдаа хайр найргүй балбаж байгаа бичлэг өчигдөр орой \2021.07.29\ цахим орчинд тавигдсан нь шуугиан дагуулж, олон нийт цагдаагийн байгууллагаас тайлбар шаардаж эхэллээ. Энэ хэрэг явдлыг анхных биш, бас сүүлийнх нь ч биш. Монголын цагдаа хүний эрхийг зөрчсөн, бусдыг зодсон, эрүүдсэн баримтууд үргэлж биш юм гэхэд үе үе гардаг нь бараг ёс боллоо. Иргэн хүн цагдаагийн хууль ёсны шаардлагыг биелүүлэх ёстой. Гэлээ гээд хүний нийгэм хөрөөний шүд мэт жигд биш, уулын мод шиг урт богинотой учраас цагдаа хүн ямар ч зан харилцаа, нөхцөл байдалтай тулгарч болно. Бүх нийтийн амар тайван байдлыг хангаж, хууль сахиулна гэдэг амар ажил мэдээж биш. Ууртай, аюултай янз бүрийн хүнтэй янз бүрийн нөхцөлд тулна. Гэлээ гээд өөрсдөө ууртай, аюултай болж болохгүй. Өдсөн болгонтой зодолдож, сөрсөн болгонтой шалчигнаж хэрэлдээд байвал цагдаа байхын хэрэг юун?

Өсвөр насны хүүхэдтэй сагсан бөмбөгийн талбай дээр заамдалцаад зогсож байдаг. Хуулиа хангалттай тайлбарлахын оронд “чи намайг тэгж хэллээ” гээд хэрүүл хийж байдаг. Чаргууцалдаж байгаад тонгоруулж шийдүүлдэг. Ажлаа хийж яваа сэтгүүлчийг Сүхбаатарын талбайд нэвтрүүлэхгүй түлхэж унагадаг, яг ямар хуулиар сэтгүүлчийг талбайд нэвтрүүлэх вэ? гэсэн асуултад хариулж чаддаггүй. “Шаардлага биелүүл” гэсэн ойлгомжгүй богинохон үгээр бүхнийг түрнэ. Шаардлага нь хуулийн биш, даргын тушаалаар байх нь олонтаа. Бодит байдал ийм л байна. Ингэж бичлээ гээд доромжиллоо, гүтгэлээ гэж хэрэг үүсгэж ч мэднэ.

Иргэний эрхийг зөрчсөн алба хаагчдынхаа асуудалд хуулийн байгууллага хөнгөн хандсаар ирсэн. Шаардлага биелүүлээгүй, дайрч доромжилсон учраас гэх мэтээр иргэнийг буруутгаж, цагдаагаа өмөөрөх хандлага даваймгалдаг. Гэтэл энэ бүхний цаана хуулийн систем, цагдаагийн нэр хүнд унасаар байна гэдгээ ойлгох цаг болжээ.

Монголын цагдаа социалист арга барилаасаа салаагүй, хүчний байгууллага гэсэн тодотголдоо үнэнч байгаа цагт иргэний эрхийг зөрчсөн энэ мэт үйлдэл тасрахгүй. Тиймээс цагдаад тавигдах шаардлага, ёс зүй, мэргэжлийн ур чадвар, хүний эрхийн мэдрэмж, боловсролын асуудлыг сууриар өөрчлөх шаардлагатай байна.

Тээврийн цагдаагийн алба хаагчид энэ тал дээрээ арай дэвшилттэй. Замын хөдөлгөөний дүрэм, хууль, авах хэмжээгээ маш тодорхой тайлбарладаг нь эрүү, хэв журмын алба хаагчдаасаа арай л дээр.

Ардчилал, хуульт ёс өндөр хөгжсөн улс орнуудад цагдаагийн алба хаагчдад тавигдах мэргэжлийн код маш ойлгомжтой байдаг. Цагдаа хүн хувийн сэтгэл хөдлөлдөө автаж, дүрмийн бус харилцаа үүсгэж болохгүй, тодорхой хууль ёсны тайлбараа тавиад, болохгүй бол зөвшөөрөгдсөн мэх, тусгай хэрэгслээ ашиглана. Тэр нь тухайн нөхцөл байдлыг шууд бүрэн хяналтандаа авах, аюулыг бүрэн таслан зогсоохуйц хурдтай, шийдэмгий байдаг. Гэтэл манай цагдаа нар дундаа орж заамдалцаж, чирэлцсээр, одоо бүр нохой зодож байгаа юм шиг иргэнээ балбах боллоо.

Энэ хэрэг явдалд цагдаагийн байгууллага олон нийтээс уучлал хүсч, алба хаагчиддаа хариуцлага тооцоод зогсохгүй асуудлыг ул суурьтай харах хэрэгтэй. Төрийн нэрийн өмнөөс хууль сахиулдаг цагдаа нарынхаа боловсрол, ур чадвар, ажил үүргээ гүйцэтгэх мэргэжлийн кодыг тодорхой болгохгүй бол ийм бичлэг нэгээр дуусахгүй нь ойлгомжтой.

Жич: Монгол Улсын хууль тогтоомж, төрийн бодлого шийдвэр, Засгийн газрын үйл ажиллагааны хөтөлбөрийг амжилттай хэрэгжүүлэн төрийн захиргааны төв байгууллагуудаа манлайлсан 2020 оны “ШИЛДЭГ ЯАМ”-аар ХЗДХЯ шалгарсан. Тэгэхээр тус яамыг удирдаж буй сайд Х.Нямбаатар нэгийг бодож хоёр тунгааж буй гэдэгт итгэж байна.

Мөн энэ талаар олны танил эрхмүүд болон иргэд юу гэж жиргэснийг хүргэж байна.

Улаанбаатарт 23 хэм дулаан байна
Улаанбаатарт 23 хэм дулаан байна
 
Д.Амарбаясгалан: Малчдыг малжуулах ажилд 22 тэрбум төгрөг зарцуулахаар төлөвлөсөн байгаа
Д.Амарбаясгалан: Малчдыг малжуулах ажилд 22 тэрбум төгрөг зарцуулахаар төлөвлөсөн байгаа
Энэ мэдээ хуучирсан буюу 2021/07/30-нд нийтлэгдсэн мэдээ болно.